Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/899

 

   

 

 

 

 

       2021          10            21                                       2021/ДШМ/899                                                        

 

Ц.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор У.Анхжаргал,

хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г, хохирогч  Т.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Гт холбогдох эрүүгийн 1908035391273 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Ц.Г, 1960 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 дүгээр орцны жижүүрийн ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 246 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УС60081533/;

Шүүгдэгч Ц.Г нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 дүгээр орцонд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Т.Бтой маргалдаж, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь баруун зулай, баруун чамархай, суурь, дагз ясны хугарал, зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, баруун духны дэлбэнд цусархаг няцрал, дагзны хуйханд зөөлийн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайран дүүргийн прокурорын газраас: Ц.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Ц.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны  7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт энэ тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасч, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.Гаас 2.985.920 /хоёр сая есөн зуун наян таван мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан Т.Бт олгож, тэрээр тус хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Гт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 62 настай, Т.Б нь 32 настай ийм залуу хүн надад зодуулах нь битгий хэл намайг өргөөд аваад шидчих бие бялдартай хүн. Гэрт нь удаа дараагийн архидалт болон болох болохгүй зүйл болж оршин суугчдын гомдлын дагуу би үүргээ биелүүлж цагдаад дуудлага өгдөг байсан. Үүнд надад өс хонзон санаж миний огт хийгээгүй зүйлийг эх Энхжаргал, Алдармаа нартайгаа нийлж гүтгэж ийм байдалд хүргэсэн. Манай орцны хүмүүс энэ байдлыг мэдсээр байтал тэднээс огт мэдүүлэг аваагүй надад ял оногдуулж байгаад гомдолтой байна. СӨХ-ын дарга, хэсгийн байцаагч нараас мэдүүлэг авах боломжтой байсан. Шоронд орсноор миний бие улам хүндэрч дээрдэх зүйлгүй хүнд байдалтай байна. Хөндлөнгийн гэрч Гантөмөр гэх хүн Т.Бын үгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Гантөмөртэй уулзаад “чи яагаад ийм зүйл хийгээд яваад байгаа юм бэ” гэхэд “би танд буруу санадаггүй, Т.Б надад хэлснийг би цагдаад мэдүүлсэн. Надад өөр тантай ярих зүйл байхгүй” гэж хэлсэн. Т.Б худал мэдүүлэг өгч намайг гүтгэж хэрэгт оруулж байна. ...” гэв.          

            Хохирогч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 11 дүгээр сарын 17-нд хоёр найзыгаа гаргаж өгөөд орж ирэхэд Г дунд дүүтэйгээ тамхи татаад зогсож байсан, би Батаа ахаа 1 тамхи өгөөч гэж гуйтал миний толгой руу хүчтэй цохиод би доошоо 4 хөллөж унахад барилгын төмөртэй гутлаар нүүр, нүдгүй өшиглөж дэвсэхэд нь зодохоо болиочээ өвдөж байна гэж хашгирахад 2 давхараас найз Батхүү гарч ирж наад хүн чинь өвдөж байна болиочээ гэж байгаа юм биш үү гэсэн чинь сая шатнаас уналаа гэж худлаа хэлсэн. Найз маань гэрт оруулж өгөхөд нүүр минь мэдэгдэхгүй нуль цус болсон хөдөлж чадахгүй байсан. Тэрнээс хойш гэрээсээ гарч чадахгүй өвдөж хэвтсэн. Ц.Г нь лифтний хажууд гэж бичжээ. 1 давхарын давцанд зодсон.

            2018 онд ээж нь гадагшаа гарсан гэж нэмж хүнээр 2 удаа шанааруу хүчтэй цохиж хурц үзүүртэй зүйлээр гүрээрүү дүрж зугтаасан.

            2018 оны 3 дугаар сарын 14-нд жижүүрийнхээ өрөөний хаалгыг түгжээд зодсон.

            2018 оны 3 дугаар сарын 19-нд жижүүрийнхээ өрөөний гадан талын хананд шахаж байгаад багалзуурдаж шахсан, хөл рүү минь шууд өшиглөсөн. 2 хүн байсан та яагаад байгаа юм гэсэн.

            2018 оны 6 дугаар сарын 27-нд гаднаас ороход 4 удаа цохиж жижүүрийнхээ өрөө рүү оруулах гэж чирсэн.

            2019 оны 6 дугаар сарын 26-нд найз Гантөмөр, Батсүрэн хоёртой орцны үүдэнд зогсч байхад Ц.Г хүрч ирж “чи яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж хэлээд эрүү рүү 2 удаа хүчтэй цохиход найз нар маань та яагаад байгаа юм бэ гэсэн.

            2019 оны 7 дугаар сарын 29-нд гэртээ орох гээд 3 давхарт очтол Гын бага дүү нь Буяа ахаа та гэртээ орох гэж байгаа юм уу гээд миний баруун бөөр лүү хурц үзүүртэй зүйлээр дүрж хатгасан.

            2019 оны 8 дугаар сарын 4-нд Гын эгч нь гэж бор авгай ирж битгий хүүхэд дээрэлхээд байгаарай гэж баахан загнаж байгаад явсан.

            2019 оны 8 дугаар сарын 27-нд Ц.Г цагдаад дуудлага өгсөн, эрүүлжүүлэхэд орсон.

            2019 оны 8 дугаар сарын 30-нд цонхоор харж байтал Г өдөөн хатгаж загнасан. Мөн өдрөө Алдармааг хүлээгээд подвол руу ордог давцан дээр сууж байтал Г татаж байсан тамхиар миний хүзүүг түлж, подвол руу унагах гэж байхад нь Алдармаа та чинь яаж байгаа юм, ойчлоо гэж болиулсан.

            2019 оны 9 дүгээр сарын 3-нд гэрээс гарахад “чамайг шоронд хийж байж миний санаа амарна”, “амьдралыг чинь сүйтгэж байж миний бах ханана” “чи надаас юу ч олж долоохгүй, би цагдаа байсан” гэх үгнүүдийг хэлээд миний мөр лүү гараараа чанга цохисон.

            2019 оны 9 дүгээр сарын 29-нд цагдаад дуудлага/худал/ өгч цагдаа нь эрүүлжүүлэхэд аваачсан чинь эрүүлжүүлэхийн эмч эрүүл хүн авахгүй, согтуугаа яая гэж байхад гээд буцаасан. Ер нь Гт би ямарч гар хүрч үзээгүй, аль болох тааралдахгүй байхыг хүсдэг ч энэ нь гарч ороход байнга өдөөн хатгаж, цагдаад байнга худал дуудлага өгч таньдаг цагдаа нар нь байнга дарамталж, зодон гавалж хорьж, өөрсдөө хүн зодож гэмтээчихээд Зөрчлийн хууль гэж дор хаяж 50.000-250.000 төгрөгөөр торгодог. Ц.Г нь цагдаа нарт мөнгө олж өгдөг болохоороо “чи намайг яаж ч чадахгүй, юу ч олж долоохгүй” “чамайг шоронд хийж миний бах ханана” “амьдралыг чинь сүйтгэж байж миний бах ханана, санаа амарна”, “би олон муу найз нартай, хянагч бий чамайг яаж ч чадна шүү, чи бол ээжтэйгээ хоёулаа” гэх занасан үгийг байнга хэлж дарамталдаг. Энэ хүнд би ямар ч гэм хийгээгүй. Та бүгдээс намайг биднийг хамгаалж өгөхийг хүсье. Ц.Гын энэ үйлдлийг хүмүүс хардаг болохоор чамайг хэрэгт хийх гэж хүмүүст намайг зодоод байна, хөөгөөд байна гарын үсэг зураад өгөөч гэж гуйж зуруулдаг шүү болгоомжтой байгаарай гэж хэлдэг. Одоо миний бие толгой маш их өвдөж унтаж чаддаггүй байнга эм ууж байдаг ч сүүлийн үед эмэндээ дарагдахгүй өвддөг болсон. Дахин хагалгаанд  орох шаардлагатай болсон. Даралт 180-200 хүрдэг, зүрх өвддөг, нүд хатгаж өвдөнө, хараа муудсан, чихээр хатгаж өвдөнө сонсгол муудсан. Хамраас цус гоожино, битүүрнэ үнэр мэдэхгүй хоолойн төвөнх гэмтэж сөөнгө болсон. Эмч хэлэхдээ хүнд гэмтлээс болж бүх нүд, чих, хамар, хоолой, төвөнхөд бүгд өөрчлөлт орсон байна яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн. Ямар ч гэмгүй байж Ц.Гт зодуулж бие болон сэтгэл санаа, эд материалаар их хохирсонд гомдолтой байна. Хойшид орон гэртээ эзэн, орж гарахдаа хэрүүл маргаангүй, цагдаа сэргийлэхийн дуудлага, дарамт шахалтгүй, янз бүрийн мөнгөн торгуульгүй тайван амьдарч байхыг хүсч байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралд хохирогч Т.Б болон түүний эхнэр Алдармаа 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зодуулаад маргааш нь буюу 6 дугаар сарын 27-ны өдөр толгой нь хавдсан байсан гэж мэдүүлдэг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан гэрч Алтанцэцэгийн  мэдүүлгээр “ямар нэг хавдар байхгүй. Биед нь ямар нэг шарх сорив байхгүй” гэж мэдүүлсэн. Мөн гэрч Алдармаа болон хохирогч Т.Б нарын мэдүүлгээр хүзүү хэсэгт нь маажсан, түлхэж унагаасан гэж ярьдаг. Гэрч Алтанцэцэгийн мэдүүлгээр “ямар ч шарх сорив байхгүй, толгой хавдаагүй, согтолтын зэрэг өндөртэй байсан” гэж хэлдэг. Гэрч Батцоож гэх цагдаагийн албан хаагч дуудлагаар ирсэн. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 15 цаг 30 минут, 22 цаг 40 минутад тус тус 2 удаа дуудлага өгсөн байсан. Эдгээр мэдүүлгээс үзэхэд хохирогч Т.Бт Ц.Г гэмтэл учруулаагүй гэдэг нь нотлогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Т.Бын биед шүүгдэгч Ц.Г гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд Т.Бын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Алдармаа, Энхжаргал нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлон тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд хохирлыг нөхөн төлсөн байхыг шаардана. Гэтэл Ц.Г хохирол нөхөн төлөөгүй, гэм буруу дээрээ маргадаг. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх хуулийг баримталж 2 жил хорих ялыг хассан нь хууль зүйн үндэслэл муутай. Үүнийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

  Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Г үнэхээр гэм буруугүй байсан бол яагаад 2 удаа дуудлага өгөх юм бэ. Хохирогчийн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тогтвортой байсан. Гэрч Гантөмөр “тухайн үед Г нь Т.Быг цохиж зодсон зүйл байгаа” гэж мэдүүлдэг. Хохирогч Т.Быг цохиж зодсон болох нь гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Т.Быг цагдаагийн газраас 15 цагт буцааж гаргасны дараа хүнсний зүйлээ аваад буцааж ирэхэд энэ хэрэг болсон. Гэхдээ толгойд нь гэмтэл учирсан тул маргааш нь эмнэлэгт үзүүлээд явж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдож байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жил хорих ялыг хасаж анхан шатны шүүх зөв шийдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 4 дүгээр орцонд иргэн Т.Бтой маргалдаж, улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь баруун зулай, баруун чамархай, суурь, дагз ясны хугарал, зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, баруун духны дэлбэнд цусархаг няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Бын “...Би гэрээсээ 20 цагийн үед гарч яваад бид хоёр дэлгүүр орж хоол хүнсний юм аваад орц руу ороход Г жижүүрийн өрөөнөөсөө гарч ирээд чи цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр очиж байцаалтаа өгөөч гэхээр нь цагдаа дуудаагүй байхад чи юу юм бэ гэж хэлээд хэрэлдэж маргасан. Тэр үед Алдармаа наадахтайгаа юундаа хэрүүл хийдэг юм бэ гээд лифт дуудах гээд явахад Г баруун гараараа миний цээж рүү хоёр удаа цохихоор нь би чи хүн цохидог хэн юм бэ гэж хэлээд өөдөөс нь яваад очиход миний цээж рүү хоёр гараараа түлхэх үед би хойшоогоо хөл алдаад газар унахдаа шатны ирмэг дээр дагзаараа мөргөөд унахад цус амтагдаж байсан. Би хоёр гараараа толгойгоо барихад Г дээр гарч намайг багалзуурдсан. Алдармаа лифт ирчихлээ чи яачих ваа гэж дуудахад Г орцноос гараад явсан. Би босоод Алдармаа дээр очиход чиний хүзүү яасан юм бэ гэхэд би Г цохичихлоо гэж хэлсэн. Би гэртээ ороод хэвтсэн. Дотор муухайраад бөөлжөөд тав хоног гэртээ хэвтсэн. Манай ээж Энхжаргал 6 дугаар сарын 29-ний өдөр Налайхаас ирээд 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэмтлийн эмнэлэг очиж үзүүлж гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлээд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хагалгаа хийсэн. ...” /1хх 7-18/,

            гэрч Ж.Энхжаргалын “...Би 6 дугаар сарын 24-ний өдөр Налайх руу айлд очих гээд явсан. 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд миний хүү босож чадахгүй, орондоо хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Гт 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зодуулсан гэж хэлсэн. Тэр өдрөө эмнэлэгт үзүүлэх гэтэл босож чадахгүй байсан. Тэгээд 7 дугаар сарын 1-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд эмнэлэгт хэвтсэн. ...” /1хх 28-32/,

            гэрч Д.Алдармаагийн “...Быг дуудаад бид хоёр “Миний дэлгүүр” орж хоолны зүйл аваад орц руугаа орж ирсэн. Г хаалганы хажууд зогсож байсан. Быг цагдаа дээр очиж мэдүүлгээ өг гэж хэлсэн. Б чи юу яриад байгаа юм бэ гээд уурласан. Би Быг хэрэггүй ээ хоёулаа гэртээ оръё гээд түрүүлж очоод лифт дарсан. Намайг лифт дараад зогсож байхад тас хийх шиг чимээ гарсан. Би юу болсон бэ гэж асуухад Б Г намайг цээж рүү цохчихлоо гэж хэлсэн. Хүзүү нь зулгарсан байсан. Гэртээ ороод бөөлжөөд босож чадахгүй унаад, толгойны ард нь том хавдсан байсан. Шөнө Б ёо ёо гээд унтахгүй болохоор нь босоод өвчин намдаах эм өгсөн. Маргааш нь түргэн дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд наад хүнийхээ толгойн зургийг яаралтай авахуул, цус харвана гэж хэлсэн. Тэрнээс хойш Б босохгүй бөөлжөөд юм идэж уухгүй хэвтээд байсан. Хадам ээж Энхжаргал 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Быг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлнэ гээд аваад явсан. Би ажил дээрээсээ хадам ээж рүүгээ утсаар залгаж асуухад Буян- Очирын тархинд цус хурсан, эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж хэлсэн. ...” /1хх 33-40/,

            гэрч Д.Гантөмөрийн “...наадмын өмнө Бын ээжтэй нь таарахад Бын гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа, бие нь муу байгаа гэж хэлэхээр нь маргааш нь Быг эргэж уулзахад “орцны жижүүр Гтай муудалцаад намайг түлхэж унагаахад би хөл алдаж толгойгоороо шат мөргөж унаад ийм юм болчихлоо гэж” хэлж байсан. ...” /1хх 41-42/,

            шинжээч М.Аригуунтөгсийн “...Дээрх гэмтлийг авсны дараа тархи, толгой өвдөх, дотор муухай оргих, тэнцвэр алдагдах, хоолны дуршил муудах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдэхийн хирээр өөр эмнэл зүйн өөр өөр шинж тэмдэг өгч, комын байдалд хүрэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах үед үүсгэгдэх боломжтой. ...” /1хх 64-65/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8297 дугаартай “...Т.Ббиед баруун зулай, баруун чамархай, суурь, дагз ясны хугарал, зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, баруун духны дэлбэнд цусархаг няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь өөрийнх нь гараар үүсгэгдэх боломжгүй. ...” /1хх 60-61/ гэсэн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 180-182/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх осол гэмтлийн хуудас, өвчний түүхийн хуулбар /1хх 165-177/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч Ц.Г “...Т.Б надад өс хонзон санаж миний огт хийгээгүй зүйлийг эх Энхжаргал, Алдармаа нартай нийлж гүтгэж ийм байдалд хүргэсэн. Манай орцны хүмүүс энэ байдлыг мэдсээр байтал огт мэдүүлэг аваагүй надад ял оногдуулж байгаад гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Б.Бын “...Г баруун гараараа миний цээж рүү хоёр удаа цохихоор нь би чи хүн цохидог хэн юм бэ гэж хэлээд өөдөөс нь яваад очиход миний цээж рүү хоёр гараараа түлхэх үед би хойшоогоо хөл алдаад газар унахдаа шатны ирмэг дээр дагзаараа мөргөөд унахад цус амтагдаж байсан. Би хоёр гараараа толгойгоо барихад Г дээр гарч намайг багалзуурдсан... 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэмтлийн эмнэлэг очиж үзүүлж гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлээд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хагалгаа хийсэн. ...”, гэрч Ж.Энхжаргалын “...Гт 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зодуулсан гэж хэлсэн. 7 дугаар сарын 1-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд эмнэлэгт хэвтсэн. ...”, гэрч Д.Алдармаагийн “...Б Г намайг цээж рүү цохчихлоо гэж хэлсэн. Хүзүү нь зулгарсан байсан. Гэртээ ороод бөөлжөөд босож чадахгүй унаад, толгойн ард нь том хавдсан байсан. ...Т.Б Гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт байнгын сахиуртай хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон. ...”, гэрч Д.Гантөмөрийн “...Т.Быг эргэж уулзахад орцны жижүүр Гтай муудалцаад намайг түлхэж унагаахад би хөл алдаж толгойгоороо шат мөргөж унаад ийм юм болчихлоо гэж надад хэлж байсан. ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8297 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Ц.Гын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудын няцаан үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Ц.Гаас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.          

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Гын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж уг хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд түүний үйлдсэн хэргийн хувьд хүнд биш ял оногдуулжээ.

            Харин хохирогч Т.Б нь “хохирсондоо гомдолтой, шахалт дарамтгүй тайван амьдармаар байна” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр тодруулж асуухад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Иймд шүүгдэгч Ц.Гын хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Г нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН

           

                               ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                    ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ