| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 101/2023/04593/И |
| Дугаар | 102/ШШ2024/00391 |
| Огноо | 2024-01-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/00391
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...... дугаар байр, регистр ......., Ц ХХК,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ...................тоотод байрлах, регистр ......., У ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний төлбөр 52 500 000 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн байранд үлдсэн 24 төрлийн эд зүйлсийг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц ХХК нь У ГХОХХК холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 52 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Манай компани У ХХК-тай 2022 оны 03 сарын 14-ний өдөр 22-5/250 дугаар Оффисын талбайн түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ................. дугаар байр, оффисын барилгын 5 давхарт 250 м.кв талбайг оффисын зориулалтаар 1 жилийн хугацаатай, 1 м.кв 33 000 төгрөг, сарын нийт 8 250 000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. У ХХК нь гэрээ байгуулахдаа түрээсийн гэрээний 2.4, 3.1-т заасны дагуу барьцаа болон урьдчилгаа төлбөр төлөх ёстой байсан ч төлөөгүй. У ХХК нь олон улсын нүүрс тээврийн компани, түрээсийн төлбөрөө 6 сараар тооцож төлнө гэж явсаар 2022 оны 06 сарын 15-ны өдөр барьцаа болон 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх 1 сарын түрээсийн төлбөрт нийт 16 500 000 төлсөн. Улмаар түрээсийн гэрээний 2.4-т сар бүр түрээсийн төлбөрөө төлөх гэснийг зөрчиж 2022.10.13-ны өдөр 16 500 000 төгрөгийг 2022.04.15-06.14 хоорондох түрээсийн төлбөрт, 2022.11.04-нд 16 480 000 төгрөгийг 2022.06.15-08.15 хугацааны түрээсийн төлбөрт тус тус төлсөн. 2022.08.15-наас хойш төлбөр төлөөгүй бөгөөд бид удаа дараа тус компанид гэрээний зөрчлөө арилгах, гэрээ цуцлах тухай мэдэгдсээр 2023 оны 02 сарын 20-ны өдөр тус компанийг оффист нэвтрүүлэхгүй эд зүйлсийг нь битүүмжилж түрээсийн төлбөрийн барьцаанд авсан. У ХХК нь гэрээ цуцлагдах хүртэл хугацааны төлөгдөөгүй 6 сарын түрээсийн төлбөр 44 250 000 төгрөг, нэг сарын барьцаа 8 250 000 төгрөг нийт 52 500 000 төгрөг төлөөгүй байна. Манай компани тавилга эд зүйлсийг нь худалдан борлуулж түрээсийн төлбөрт суутган тооцох санал тавьсан боловч тавилгаа заруулахгүй, төлбөрөө төлнө гэх тайлбарыг гаргасаар заруулаагүй. Иймд У ХХК-иас 52 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК нь У ХХК-тай 2022.03.14-ны өдөр 22-5/250 тоот Оффисын талбай түрээсийн гэрээ байгуулж, офиссийн талбайг сарын 8 250 000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн гэрээний дагуу төлбөрөө 2022.04.16-ны өдөр 16 500 000 төгрөг, 2022.10.13-ны өдөр 16 500 000 төгрөг, 2022.11.04-ны өдөр 16 480 000 төгрөг нийт 49 480 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч У ХХК төлбөрөө цаг тухайд төлөх боломж байсан ч ажил хийж гүйцэтгэнэ гэсэн хэсэг бүлэг хүмүүст залилуулан их хэмжээний мөнгөө алдсан нөхцөл байдал үүссэн. Ингээд 6 сарын төлбөрөө төлж чадаагүй. Ц ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч манай компанийн эд хөрөнгийг барьцаалан өгөөгүй. Гэрээг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цуцалж, түрээсийн байранд оруулаагүй. Нийт 11 сар түрээсэлсэн бөгөөд түрээсийн төлбөр нийт 90 750 000 төгрөг болно. Үүнээс 49 480 000 төгрөг төлсөн, үлдэх 41 270 000 төгрөг байна. Нэхэмжилж байгаа барьцааны 8 250 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь түрээслэгч түрээслүүлэгчид аливаа хохирол учруулбал барагдуулах зорилгоор барьцаа авна. Манайх ямар нэг хохирол учруулаагүй тул төлөх үндэслэлгүй гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц ХХК-тай Оффисын талбай түрээсийн гэрээ байгуулж, сар бүр 8 250 000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн төлбөрөө 2022.04.16-ны өдөр 16 500 000 төгрөг, 2022.10.13-ны өдөр 16 500 000 төгрөг, 2022.11.04-ны өдөр 16 480 000 төгрөг нийт 49 480 000 төгрөгийг төлсөн. У ХХК оффисын төлбөрөө цаг тухайд төлөх боломж байсан боловч ажил хийж гүйцэтгэнэ гэсэн хэсэг бүлэг хүмүүст залилуулан их хэмжээний мөнгөө алдсан нөхцөл байдал үүссэнээс болж 6 сарын төлбөрөө төлж чадаагүй. Ц ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч манай компанийн эд хөрөнгийг барьцаалан өгөөгүй болно. Манай компани нь оффисын эд хөрөнгийг 2022 онд хямдралтай үнээр авч байсан бөгөөд одоогийн зах зээлийн ханшаар 24 төрлийн 31 858 880 төгрөгийн эд хөрөнгө байгаа болно. Иймд хариуцагч Ц ХХК-иас 24 нэр төрлийн эд хөрөнгийг гаргуулах, оффисын эд хөрөнгийг өгөхгүй тохиолдолд 31 858 880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Ц ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: У ХХК-иас түрээсийн төлбөр 52 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч У ХХК нь байрнаас явахдаа эд зүйлээ орхиод гарсан тул тэдгээр эд зүйлсийг нь битүүмжлэн хураасан байгаа. Улмаар өөрсдөө тухайн эд зүйлсээ хүлээлгэн өгч төлбөрөө төлсөний дараа авч явахаар амаар ярьж тохиролцсон. Хариуцагч нь өөрөө бусдад залилуулан мөнгө төгрөгөө алдсан гэдэг шалтгаанаар нэхэмжлэгчийг хохироож байгааг зөвшөөрөх боломжгүй юм. Түрээсийн төлбөрөө төлөөд эд хөрөнгөө авахыг нь удаа дараа амаар хэлсэн боловч нэг ч удаа ирээгүй өдийг хүртэл төлбөрөө ч төлөхгүй байгаа. Тэдгээр эд хөрөнгөө төлбөрөө төлөөд авахад нь ямар ч хориглосон зүйл байхгүй. Иймд эд хөрөнгөө авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлөөд эд зүйлсээ авахад татгалзахгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс: Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3-4/, итгэмжлэл /хх 6, 26/, оффисын талбайн түрээсийн гэрээ /хх 7-9/, оффисын талбайн эд зүйлс хүлээлцсэн акт /хх 10-13/, оффисын талбайн түрээсийн гэрээний хавсралт /хх 14-15/, мэдэгдэл хүргүүлсэн баримт /хх 16-20, 23/, гэрээ цуцлах тухай албан бичиг /хх 21/, нэхэмжлэх /хх 22/,
Хариуцагчаас: У ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 36, 72/, Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /хх 37/, итгэмжлэл /хх 38,57-58/-60/, У компанийн оффисын тавилга материалын жагсаалт /хх 53/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ц ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 42 920 000 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Ц ХХК нь 2022 оны 03 сарын 14-ний өдөр У ХХК-тай 22-5/250 дугаар Оффисын талбайн түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ....................дугаар байр, оффисын барилгын 5 давхарт 250 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, сарын 8 250 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирчээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
2.1. У ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарсан, улмаар гэрээг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан, өмнөх хугацааны төлбөрт түрээслэгч 49 480 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.
2.2. Түрээслэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 20-ныг хүртэл нийт 10 сар 36 хоногийн түрээсийн төлбөрт нийт 92 400 000 төгрөг /нэг хоногийн төлбөр 275 000 төгрөг/ төлөхөөс 49 480 000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 42 920 000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2.3. Талууд түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа авахаар тохирсон байх ба 3.2 дахь хэсэгт зааснаар барьцаа төлбөр нь гэрээний хугацаанд болон гэрээ дуусгавар болоход түрээслүүлэгч, бусад түрээслэгчид хохирол учруулсан бол хохирлыг арилгах зорилготой байна.
Харин гэрээ байгуулснаар барьцааны мөнгийг түрээслүүлэгчид шилжүүлээгүй боловч гэрээ цуцалснаар түрээслүүлэгчид хохирол учраагүй байна. Энэ тохиолдолд хохирол арилгах зорилгоор барьцаа шаардсан нь үндэслэлгүй.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ц ХХК нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр У ХХК-тай гэрээ цуцлахдаа түрээслэгчийн ажлын байрны зориулалттай эд хогшлыг хүлээлгэж өгөөгүй байна.
Энэ үндэслэлээ ...төлбөрөө төлөөд эд хөрөнгөө авахаар амаар тохирсон, төлбөрөө төлөөд эд зүйлсээ авахад татгалзахгүй гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь байшин түрээслүүлэх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн байшинд байгаа түрээслүүлэгчийн эд хөрөнгийг саатуулан барьж болно.
Харин түрээслүүлэгч офиссийн зориулалтаар 250 м.кв талбай түрээслүүлсэн бөгөөд ажил хэргээ явуулахад ашиглаж байсан эд хөрөнгийг саатуулан барьж байгаа нь хуульд нийцэхгүй.
Иймд түрээслэгчийн эд зүйлсийг буцааж өгөхийг нэхэмжлэгч Ц ХХК-д даалгаж шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан жагсаалтын эд зүйлсийн үнэ 31 858 880 төгрөг болох нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна эд зүйлсийг устгасан, гэмтээсэн, энэ хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгч Ц ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 420 450 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа 315 880 төгрөг тус тус төлсөн байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У ХХК-иас 372 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Ц ХХК-иас 315 880 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан У ХХК-иас 42 920 000 /дөчин хоёр сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 580 000 /есөн сая таван зуун наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг баримтлан У ХХК-ийн ажил хэргээ явуулахад ашиглаж байсан эд зүйлсийг буцааж олгохыг Ц ХХК-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 450 төгрөг, У ХХК-иас төлсөн 315 880 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас 372 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д, Ц ХХК-иас 315 880 төгрөг гаргуулж хариуцагч У ХХК-д тус тус олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА