| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/06210/И |
| Дугаар | 102/ШШ2024/00473 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/00473
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 01 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ..........тоотод оршин суух, регистр ...., С овогтой Б Н,
Хариуцагч: Баянгол дүүргийн .................. тоотод оршин суух, регистр ....., Б овогтой Д Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 29 520 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н , хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н нь Д.Бт холбогдуулан 29 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Гурвалжин-2 барилгын материалын худалдааны 6,7-р лангуунд үйл ажиллагаа явуулдаг, нөхрийн үеэл дүү болох Д.Бийн хүсэлтээр 10 000 000 төгрөгийг 20 хоногийн хугацатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. 20 хоног болоод мөнгөө нэхэхэд арай мөнгө орж ирээгүй байна гэх шалтгаанаар хойшлуулсан. Б 8 дугаар сарын 03-нд 1 000 000 төгрөг өгсөн. 2023 оны 8 дугаар сарын 16-нд хүүхдүүдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна нэмж 14 600 000 төгрөг зээлсэн. Ингээд нийт 24 600 000 төгрөгийг өөрийн болон нөхрийн тэтгэврийн зээл, 2 дүүгээр зээл авхуулж өгсөн. Тэгээд мөнгөө өгөхгүй нэхүүлсээр байгаад 2023 оны 9 дүгээр сарын 1-нд 1 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 18-нд 1 500 000 төгрөг өгсөн. Би байнга утас руу нь залгадаг, мессеж бичихээр хариу өгдөггүй. Гэрт нь хэд хэдэн удаа очиход үүдээ нээхгүй, ажил дээрээ очихгүй болсон. Мөн 9 дүгээр сараас хойш хэд хэдэн удаа Казахстан явж машин зарж борлуулсан боловч мөнгө өгөөгүй байна. Үндсэн зээл 24 600 000 төгрөг, зээлийн хүү 4 920 000 төгрөг нийт 29 520 000 төгрөгийг Бээс гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Наас 2023 оны 07 дугаар сарын 03-нд 10 000 000 төгрөг, 14 600 000 төгрөг нийт 24 600 000 төгрөгийг зээлсэн. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 03-нд 1 000 000 төгрөг, 9 дүгээр сард 1 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 18-нд 1 500 000 төгрөгний хүү төлсөн. Тухайн үед зээлсэн 24 600 000 төгрөгийг хүүтэй авсан боловч дарамт шахалт, ажил дээр очиж элдвээр хэлснээс болоод ажилдаа очиж чадахгүй болсон. Иймд зээлсэн 24 600 000 төгрөгийг төлхөд хугацаа хэрэгтэй байна. Хүү төлөх боломжгүйг харгалзан үзнэ үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6/, дансны хуулга /хх 7-9/, эмчийн тодорхойлолт /хх 26-27/, өвчний түүх /хх 28/, дансны хуулга /хх 29-30,32 / зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Б.Н нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Д.Бт 10 000 000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 16-нд 14 600 000 төгрөг нийт 24 600 000 төгрөгийг зээлүүлсэн, мөнгийг дансаар шилжүүлжээ.
Талууд хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч хүү авах эрхгүй. Гэвч зээлдэгч Д.Б зээлийн хүүнд 3 500 000 төгрөг төлсөн байх ба энэ талаар талууд маргаагүй байна.
Хариуцагч шүүх хуралдааны шатанд үндсэн зээл 24 600 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн, харин зээлийн хүү тооцох үндэслэлгүй.
Иймд энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 305 550 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Д.Бээс 280 950 төгрөг гаргуулж Б.Н д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д Бээс 24 600 000 /хорин дөрвөн сая зургаан зуун мянга/ гаргуулж Б Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 4 920 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 280 950 төгрөг гаргуулж Б.Н д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА