| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/05465/И |
| Дугаар | 102/ШШ2024/00490 |
| Огноо | 2024-01-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/00490
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .......... тоотод оршин суух, регистр ЧО79060518, Б овогт Ч Э,
Хариуцагч: Баянгол дүүргийн .............. тоотод оршин суух, регистр .........., . ажилтай, Б овогт Б Г ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Э нь Б.Г од холбогдуулан 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие Б.Г ын хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13 000 000 төгрөгийг Хаан банкны ................ тоот дансанд шилжүүлж нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэвч Б.Г нь зээлсэн мөнгөө төлөлгүй худал ярьж өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Б.Г оос зээлийн үндсэн төлбөр болох 13 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, шилжүүлгийн баримт /хх 4-5/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч нь Б.Г оос зээлүүлсэн 13 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийг няцаасан, татгалзсан тайлбар гаргаагүй байна.
4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Ч.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Г ын .... банкны ................ тоот дансанд 7 300 000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.
5. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардаж авчээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.
Иймд 13 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бийн Г оос 13 000 000 /арван гурван сая/ төгрөг гаргуулж Чийн Эд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Г оос 222 950 төгрөг гаргуулж Ч.Эд олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА