| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2023/01061/И |
| Дугаар | 135/ШШ2024/00045 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2024/00045
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 135/2023/01061/и Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж, Э.т 9-р давхар хаягт байрлах “П.д” ХХК-ийн /РД:.../ нэхэмжлэлтэй, Хариуцагч:... аймаг, ... сум, ... баг, ... хороолол ... байр ... тоот хаягт оршин суух ... овгийн А-гийн Д-д /РД:.../ холбогдох “5,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Э, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Түвшинжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1.Нэхэмжлэгч “П.д” ХХК нь хариуцагч А.Дд холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “А.Д нь ... аймгийн салбарын захирлаар ажиллаж байх үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус компанитай ... дугаартай “... аймгийн салбарын захиралтай байгуулах харилцан тохиролцсон тусгай нөхцөлт гэрээ”-г 5 жилийн хугацаатайгаар байгуулан жил бүрийн салбарын үйл ажиллагаа, үр дүнгийн урамшуулалд 3,000,000 төгрөг, нийт 5 жилийн урамшуулалд 15,000,000 төгрөгийг тооцуулан урьдчилан авсан. А.Д нь “П.д” ХХК-ийн ... аймгийн салбарын захирлаар ажиллаж байгаад 2023.01.31-ний өдрийн ... тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх байсан бөгөөд А.Дгийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар гэрээний 4.4-д заасны дагуу гэрээ хугацаанаас өмнө цуцлагдах үндэслэл болж, энэ тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгээс урамшуулал тооцогдох хүртэл хугацааны дүнг хасаж үлдэгдлийг компанид буцаан төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу А.Д нь урьдчилан олгосон урамшууллын үлдэгдэл болох 6,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “П.д” ХХК-тай ... тоот авлага барагдуулах гэрээг байгуулсан. Дээрх авлага барагдуулах гэрээний дагуу А.Д нь урьдчилан олгосон урамшууллын үлдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 23 сарын хугацаанд хуваан төлөхөөр зөвшөөрсөн. Харин А.Д 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хуваарийн дагуу төлөхгүй байгаа бөгөөд бидний зүгээс удаа дараа шаардаж сануулсан боловч одоо болтол төлөхгүй байгаа тул А.Дгээс урьдчилан олгосон урамшууллын үлдэгдэл болох 5,500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ. 2.Хариуцагч А.Д хариу тайлбартаа: “Миний бие 2012 оны 10 дугаар сарын 01-нд “П.д” ХХК-ийн ... салбарын захирлаар томилогдоод 2023 оны 02 дугаар сарын 01-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Ажиллах хугацаанд тус компанид даатгалын хураамжийн төлөвлөгөөг тасралтгүй 10 жил давуулан биелүүлж ирсэн. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээр 15,000,000 төгрөг байрны урьдчилгаа гээд авч байсан. Гэтэл ажил өгөх үед гэнэт төлөх болж хуурамж гэрээ болох нь нотлогдсон. Уул нь 5 жил буюу мөнгө авсан захирлын тушаал, төлөх хуваарийг хараагүй бөгөөд жил бүр 3,000,000 гэсэн боловч өгч байгаагүй, ерөнхий няба Хишигбаяр баримтын шалтгалт ирсэн таныг эргэн төл гээгүй, шалгалтынханд үзүүлэх гэсэн юм гарын үсэг зурчих гэж хэлээд зуруулж байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 01-нээс тооцсон бол одоо 1 жил буюу 3,000,000 төгрөг төлөх ёстой байсан. Иймд энэ нэхэмжилж байгаа мөнгийг өгөхөд татгалзаж байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Б.Ад олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны ... дугаартай “... аймгийн салбарын захиралтай харилцан тохиролцсон нөхцөлт гэрээ”-ний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай авлага барагдуулах гэрээний хуулбар, түүний хавсралт буюу төлбөр төлөх хуваарь, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ... дугаартай “П.д” ХХК-ийн ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, Х банкны депозит дансны хуулга, кассын орлогын баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 2-20х/ 4.Хариуцагчаас 2019 оны 19/01 дугаартай “... аймгийн салбарын захиралтай харилцан тохиролцсон нөхцөлт гэрээ”-ний хуулбар, З.Эд олгосон итгэмжлэл, ажлын гүйцэтгэл, 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “П.д” ХХК-иас .. аймгийн Салбарыг шилдэг салбараар өргөмжилсөн өргөмжлөл, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “П.д” ХХК-иас А.Дг шилдэг ажилтнаар өргөмжилсөн өргөмжлөл, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “П.д” ХХК-иас ... аймгийн Салбарын хамт олонг шилдэг салбараар өргөмжилсөн өргөмжлөл, 2017 оны “П.д” ХХК-иас ... аймгийн салбарын хамт олонг төлөвлөгөө биелүүлсэн салбараар өргөмжилсөн өргөмжлөл, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... аймгийн ЗДТГ, зохион байгуулах комиссоос А.Дг даатгалын салбарын шилдэг санхүүчээр өргөмжилсөн өргөмжлөл, мөн “П.д” ХХК-иас ... аймгийн салбарын хамт олонг төлөвлөгөө биелүүлсэн салбараар өргөмжилсөн өргөмжлөл, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “П.д” ХХК-иас А.Дг 2021 оны хөдөлмөрийн аварга-захирлаар өргөмжилсөн өргөмжлөл, шагнал авч буй гэрэл зургууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 41х, 53-68х/ 5.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “П.д” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай журам батлах тухай тушаалын хуулбар, “П.д” ХХК-ийн Нийгмийн хөгжлийн санг байгуулах, зарцуулах журам, уг журмын хавсралт буюу ажилтанд үзүүлэх хөнгөлөлт, буцалтгүй тусламжийн жишиг хэмжээ, А.Дгийн 2019-2023.01 дүгээр сар хүртэлх борлуулалтын дүн мэдээлэл, Х банкны харилцагчийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 86-95х/
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “П.д” ХХК-ийн хариуцагч А.Дд холбогдуулан гаргасан 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. 1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... А.Д нь ... аймгийн салбарын захирлаар ажиллаж байх үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус компанитай ... дугаартай “... аймгийн салбарын захиралтай байгуулах харилцан тохиролцсон тусгай нөхцөлт гэрээ”-г 5 жилийн хугацаатайгаар байгуулан жил бүрийн салбарын үйл ажиллагаа, үр дүнгийн урамшуулалд 3,000,000 төгрөг, нийт 5 жилийн урамшуулалд 15,000,000 төгрөгийг тооцуулан урьдчилан авсан. А.Д нь “П.д” ХХК-ийн ... аймгийн салбарын захирлаар ажиллаж байгаад 2023.01.31-ний өдрийн ... тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаасаа чөлөөлөгдсөн. А.Д нь урьдчилан олгосон урамшууллын үлдэгдэл болох 6,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “П.д” ХХК-тай ... тоот авлага барагдуулах гэрээг байгуулсан ба үүнээс 500,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул А.Дгээс урьдчилан олгосон урамшууллын үлдэгдэл болох 5,500,000 төгрөг гаргуулна” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна. 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг “...хариуцагч А.Д нь “П.д” ХХК-ийн ... аймгийн салбарын захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “П.д” ХХК-тай ... аймгийн салбарын захиралтай байгуулах харилцан тохиролцсон тусгай нөхцөлт гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийн урамшууллыг хариуцагч авсан. Уг гэрээний хугацаа 5 жил бөгөөд талууд гэрээг 2019 онд байгуулсан бөгөөд 2024 онд гэрээний хэрэгжих хугацаа дуусах байсан боловч хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2023 онд хариуцагч ажиллаагүй учраас 1 жилийн урамшуулалын мөнгө 3,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Үүнээс 500,000 төгрөгийг суутгасан ба үлдэх 2,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэж үгүйсгэж байна. 3.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: -Хариуцагч А.Д нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “П.д” ХХК-ийн ... аймгийн салбарын захирлаар томилогдон ажиллаж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгджээ. /хх 16, 31-32, 60-68 хуудас/ -“П.д” ХХК-ний ... аймгийн салбарын захирлаар томилогдон ажиллаж байх хугацаандаа хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ... дугаартай “... аймгийн салбарын захиралтай харилцан тохиролцсон нөхцөлт гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу 15,000,000 төгрөгийн урамшууллыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр авчээ. /хх 7-12, 17-20, 54-58, 95 хуудас/ -Хариуцагчийг ажлаас чөлөөлөгдөх үед талууд урьдчилан олгосон урамшууллын үлдэгдэл болох 6,000,000 төгрөгийг хуваарь гарган төлөхөөр 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... дугаартай “Авлага барагдуулах гэрээ”-г байгуулж, уг мөнгөнөөс 500,000 төгрөгийг хариуцагч төлсөн байна. /хх13-15 хуудас/ 4.Дээрх үйл баримтад талууд маргаагүй, тодруулбал гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу урамшуулал олгогдсон эсэх, үлдэх урамшууллын дүнгээс 500,000 төгрөгийг төлсөн асуудалд маргаагүй, харин 2019 оны 02 дугаар сард байгуулагдсан ... дугаартай “... аймгийн салбарын захиралтай харилцан тохиролцсон нөхцөлт гэрээ”-ний хэрэгжих хугацааны талаар маргаж байна. 5.Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “... аймгийн салбарын захиралтай байгуулах харилцан тохиролцсон тусгай нөхцөлт гэрээ”-г байгуулсан нь ажил олгогчоос ажилтныг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулахын тулд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлөөс гадна урамшуулал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой байжээ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 48 дугаар зүйлийн 48.3-т “Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараахь журмыг баталж мөрдүүлнэ: 48.3.4.үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам” гэж зааснаар нэхэмжлэгч “П.д” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ... дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар “Нийгмийн хөгжлийн санг байгуулах, зарцуулах журам”-ыг баталж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна. /хх 86-93 хуудас/ Уг журмын “...3.3-т Нийгмийн хөгжлийн санг дараах зүйлд зарцуулна. Үүнд: ажилтнуудыг шагнах урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, 3.7-д ...орон нутгийн салбарын борлуулалтын орлогыг 100 сая төгрөгөөс давуулан биелүүлсэн тохиолдолд автомашин өгөх зэрэг гарах зардлыг нийгмийн хөгжлийн сангаас гаргаж болно, 3.7.1-д орон нутгийн салбар автомашин авснаас хойш дараагийн 5 жилийн борлуулалтыг 100 сая төгрөгөөс багагүй байлгах нөхцлөөр гэрээ байгуулан өгнө, 3.7.2-т 6 дахь жилд борлуулалтын орлогод тасралтгүй 100 сая төгрөгөөс давсан тохиолдолд шагналыг тухайн ажилтанд мөнгөн хэлбэрээр олгож болох бөгөөд тусгай гэрээний нөхцөлийг тохиролцоно” гэж тус тус заажээ. Дээрх “Нийгмийн хөгжлийн санг байгуулах, зарцуулах журам”-ын 3.7.2 дахь заалтыг үндэслэн талууд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 19/01 дугаартай “... аймгийн салбарын захиралтай харилцан тохиролцсон нөхцөлт гэрээ”-г байгуулж, гэрээгээр “...жил бүрийн салбарын үйл ажиллагаа, үр дүнд тулгуурлан урамшуулал нь 1 жилийн 3,000,000 төгрөг байхаар тооцон 5 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг урьдчилан олгоно. 5 жилийн хугацаанд салбарын даатгалын хураамжийн орлогын биелэлтийг жил бүр 200,000,000 төгрөгөөс бууруулахгүй, ашигт ажиллагаа 30%-аас буурахгүй байх нөхцөлийг хангаж ажиллана. Дээрх нөхцөлийн аль нэгийг хангаагүй тохиолдолд гэрээний хугацааг сунгаж тооцно. Гэрээт хугацаа сунгагдсанаас үүсэх хариуцлагыг салбарын захирал хариуцна” гэж тохиролцсон байна. 6.Нэгтгэн дүгнэвэл зохигчдын хооронд ажилтан, ажил олгогч хооронд хууль тогтоомжоор тогтоосон цалин хөлс, ажиллах цаг, захирах, захирагдах зэрэг хөдөлмөрийн гэрээний харилцаанаас гадна Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно”, 360 дугаар зүйлийн 360.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”, 360.2-т “Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно” гэж тус тус заасан. Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байдаг бөгөөд ажил гүйцэтгэсний хөлсийг хэрхэн төлөхийг талууд тохиролцож болохоор хуульд заасан, гэрээгээр хариуцагч ажлын үр дүнг тодорхой түвшинд хүргэх, нэхэмжлэгчээс урамшуулал буюу хөлс төлөх үүргийг хүлээсэн байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах эрхтэй байна. 7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж буй үндэслэлээ “...2019 оны 02 дугаар сард нөхцөлт гэрээг байгуулж, тухайн сард 15,000,000 төгрөгийг олгосон. Нөхцөлт гэрээний хугацаа 5 жил бөгөөд гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хэрэгжих ёстой. Гэрээ байгуулснаас хойш 2019-2023 он хүртэл 4 жил ажилласан, сүүлийн 1 жил буюу 2023-2024 онд ажиллаж чадаагүй нь үнэн тул сүүлийн нэг жилийн урамшуулал болох 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 500,000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарласан. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хариуцагч А.Дгийн өмнөх 5 жилийн ажлын үр дүнг үнэлж “Нийгмийн хөгжлийн санг байгуулах, зарцуулах журам”-д заасны дагуу 2019 онд автомашин өгсөн учир гэрээний хэрэгжих хугацааг 2020.01.01 гэж гэрээнд тусгасан. А.Д нь байрны урьдчилгаа хэрэгтэй байна гэж хүсэлт гаргасныг удирдлагууд ажилтнаа бодож урьдчилж урамшууллыг өгсөн” гэж мэтгэлцсэн. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ... дугаартай “... аймгийн салбарын захиралтай харилцан тохиролцсон нөхцөлт гэрээ”-ний 4.4-т “Энэхүү гэрээ хугацаанаас өмнө цуцлагдах тохиолдолд үлдсэн гэрээний нийт үнийн дүнгээс урамшуулалт тооцогдсон дүнг хасаж үлдэгдэл дүнг компанид буцаан төлнө”, 5.1.-д “Гэрээний нийт хугацаа: 2020.01.01-ний өдрөөс эхлэн 2024.12.31-ний өдрийг дуустал хуанлийн 1825 хоног буюу 5 жил” гэж заажээ. Зохигчид гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээ байгуулах эсэхээ өөрсдөө шийдвэрлэж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар талууд гэрээний хэрэгжиж эхлэх хугацааг 2020.01.01-ний өдрөөс тогтоосон, гэрээний хугацаа 2024.12.31-ний өдөр дуусах байсан, хариуцагч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар хөлсөөр ажиллах гэрээг талууд үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг дуусгавар болгож, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байна. 8.Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д “Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй”, Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т “Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ” гэж заасан. Хариуцагч А.Д нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авах эрхтэй ба харин хөлсийг бүхэлд нь урьдчилан авсан үед гүйцэтгээгүй ажлынхаа хөлсийг буцаан төлөх үүрэгтэй байна. Түүнчлэн талууд урьдчилан олгосон урамшууллын үлдэгдэл болох 6,000,000 төгрөгийг төлөхөөр 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ... тоот авлага барагдуулах гэрээг байгуулсан нь агуулгаараа өмнө хийсэн гэрээний асуудлаар дахин хэлцэл хийсэн байх ба үүнийг үүрэг солигдсон гэж үзэх боломжгүй юм. Иймд хариуцагчаас 2023, 2024 оны гүйцэтгээгүй ажлын хөлс буюу урьдчилан олгосон урамшуулал болох 5,500,000 /1 жилийн урамшуулал 3,000,000 төгрөг, нийт 2 жилийн урамшуулал 6,000,000 төгрөг, үүнээс 500,000 төгрөг төлөгдсөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 9.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-т тус тус зааснаар хариуцагч А.Дгээс 5,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П.д” ХХК-нд олгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН
|