Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/00493

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .............дугаар давхарт байрлах, регистр 6233619, Н ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ............. тоотод оршин суух, регистр ....., Бын Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу эзэмшил ашиглалтад шилжүүлсэн түрээсийн зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н ХХК нь Б.Бд холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Нэхэмжлэгч "Н " ХХК нь Б.Бтай 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр СТГ2302-51 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ"-г Иргэний хуулийн 312-318 дугаар зүйл, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэг, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт, 6-10 дугаар зүйл болон бусад холбогдох заалтыг тус тус үндэслэн байгуулсан. "Н " ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлж, санхүүгийн түрээсийн зүйл болох 1 ширхэг шинэ БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн SHAANXI SHACMAN F300 маркийн шар өнгийн . арлын дугаартай тээ.........врийн хэрэгслийг Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалт, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.6, 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтууд, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэг болон бусад холбогдох хууль тогтоомж, гэрээний заалтыг үндэслэн Б.Б эзэмшил, ашиглалтад шилжүүлж өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.4, 2.5 дахь хэсгүүд, 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.4 дэх заалтууд, 5.4 дэх хэсэг, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтыг тус тус удаа дараа зөрчиж талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алдангийн төлбөр, даатгалын хураамж, тээврийн хэрэгслийн татвар, түрээсийн зүйлийн техник үйлчилгээний төлбөрийг төлөх үүргээ 2023 оны 04 дүгээр сарын 10-ны едреес хойш одоог хүртэл санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, түүний хүүг биелүүлээгүй байна. Хариуцагч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, төлбөр төлөх үндсэн үүргээ гэрээ байгуулагдсанаас хойш хугацаа хэтрүүлэн биелүүлж байсан одоог хүртэл үүргийн зөрчлийг бүрэн арилгалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. "Н " ХХК нь Б.Б төлбөр төлөх хугацаа хойшлуулах хүсэлтийг хүлээн авч түрээсийн төлбөрийг хойшлуулж, боломжит хугацаа удаа дараа олгосон боловч хариуцагч нь одоог хүртэл төлбөрийн үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлж барагдуулаагуй, мөн "Н " ХХК-иас Авлага барагдуулах албаны албан бичиг хүргүүлж гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөрийн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч одоог хүртэл төлбөрийн зөрчлийг арилгаагүй төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор түрээсийн зүйлийг "Н ХХК-ийн төв агуулахад авчирч өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч өөрийн эзэмшил, ашиглалтад ашиглаж түрээсийн зүйлээр ажил гүйцэтгэж байна. Б.Б нь 380 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий хүнд даацын машин механизмыг эзэмшил, ашиглалтдаа 2023 оны 03 дугаар сард хүлээн авснаас хойш түрээсийн үндсэн төлбөрийг төлөлгүй, манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж байна. Иймд Санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2.8. 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтууд, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.9 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 15 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 15.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Б.Баас түрээсийн зүйл болох 1 ширхэг БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн SHAANXI, SHACMAN F3000 маркийн (улсын ..... УНР, арлын ...............), тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч "Н " ХХК-ний эзэмшил, ашиглалтад буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Н " ХХК-иас 2023 оны 3 дугаар 13-ны өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 1 ширхэг SHAANXI SHACMAN F300 маркийн тээврийн хэрэгсэлийг авсан. Тус тээврийн хэрэгслийг ашиглаж буй гол нөхцөл нь тээврийн хэрэгсэлээр нүүрс тээвэр хийж олсон орлогосоо төлбөрийг төлөх зарчмаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тооцсон байсан. Гэрээ байгуулснаас хойш "Н " ХХК-иас Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу авч ашиглаж буй тээврийн хэрэгсэлийн төлбөрт 2023 оны 03 дугаар сард 30 000 000 төгрөг төлж гэрээний үүргийг гүйцэтгэсэн. Миний бие энэхүү гэрээг байгуулахаас өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 17-нын өдөр Э ТТТ ХХК-тай Хамтран ажиллах гэрээ" байгуулж уг гэрээгээр Эрдэнэс таван толгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын талбай хүртэл тогтоосон маршрутаар нүүрсийг тогтоосон хугацаанд тээвэрлэхээр тохиролцсон байсан. Гэтэл "Э ТТТ" ХХК-ны тээвэрлэлтийн ажил Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагаатай шууд холбоотойгоор доголдож хуваарьт ачааг тогтоосон хугацаанд тээвэрлэх боломжгүй болсон юм. Мөн Тавантолгой ХК-иас ч тээвэрлэлтийн зөвшөөрөл олдоогүй тул нүүрс тээвэрт явж чадаагүй болно. Улмаар тээвэр хийх боломжгүй байгаа нөхцөл байдлыг "Н " ХХК-ийн манай гэрээг хариуцсан ажилтанд удаа дараа мэдэгдсэн бөгөөд 10 000 000 төгрөгийн төлбөр төлж, гэрээний хугацаа, болон нөхцлийг өөрчлөх талаар мөн тээврийн хэрэгслийг хэвийн ашиглах хугацааг сунгаж өгөх хүсэлтийг өгч байсан. Миний бие "Н " ХХК-тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын13-ны өдрийн "Санхүүгийн түрээсийн гэрээ-ний үүргийг биелүүлэх талаар хариуцлагатай хандаж ирсэн оролдлогын үр дүнд нүүрс тээвэрлэлтийн гэрээг цаашид үргэлжлүүлэн явуулах гарцыг олж үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болоод байна. Түүнчлэн гэрээний хугацаа болон нөхцөлд дахин тодотгол хийж, харилцан нэмэлт өөрчлөлт оруулснаар талуудын гэрээний зорилгыг хангах боломжтой гэж үзэж байгаа тул алдагдал, алдангийг тооцон гэрээг шинэчлэн байгуулж ажиллах хүсэлтэй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: итгэмжлэл /хх 5/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/, санхүүгийн түрээсийн гэрээ /хх 7-9/, зээл зээлийн хүү төлөх хуваарь /хх 10/, хүсэлт /хх 11/, дансны хуулга /хх 29-30,32 / зэрэг баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Н ХХК нь Б.Бтай 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр СТГ2302-51 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ" байгуулж, БНХАУ-д 2022 онд үйлдвэрлэгдсэн SHAANXI SHACMAN F300 маркийн шар өнгийн ................... арлын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь 2024 оны 3 дугаар 10-ны өдрийг хүртэл 309 000 000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр сар бүр 30 000 000 төгрөг төлөхөөр тус тус тохирчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ /лизинг/ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Н ХХК нь түрэсийн зүйлийг түрээслэгчид шилжүүлсэн, гэрээний хугацаанд түрээслэгч 187 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

2.1. Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйлийг түр буцаан авч болно.

Гэрээний 4.1.3 дахь хэсэгт зааснаар түрээслэгч сар бүр төлөх төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс Н ХХК түрээсийн зүйлийг буцаан авахыг шаарджээ.

 

2.2. Шүүх хуралдааны шатанд зохигчийн тайлбараас дүгнэвэл, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр төлүүлэх, эвлэрэх, хариуцагчийн хувьд гэрээгээ үргэлжлүүлэх зорилготой байх ба түрээсийн зүйлийг түр буцаан авах нь хууль болон гэрээнд зааснаас өөрөөр буцаах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүрэг болон гэрээ цуцлах, хохирол гаргуулахаар шаардаагүй байна.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэг, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SHAANXI SHACMAN F300 маркийн .......................... арлын дугаартай тээврийн хэрэгсэл түр гаргуулахыг хүссэн Н ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсгүэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                       

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА