| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01549/и |
| Дугаар | 135/ШШ2024/00184 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2024/00184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01549/и/
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... хотхон, ... байр, ... тоотод оршин суух хаягтай ... овогт Э-ийн М /РД:..., итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, өөрийн байр, ... аймаг дахь ШШГГ-445 дугаар НХА /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, утас: .../-д холбогдох,
“Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М /цахим/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг /цахим/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Мө нь хариуцагч ... дахь ШШГГ-445 НХАд холбогдуулан “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие Э.Мө нь эхнэр Ц.Б, бага насны 2 хүүхэд М.А, М.А нарын хамт 2016 оноос хойш одоог хүртэл ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... хотхон, ... байр, ... тоотод оршин сууж байна. Анх энэ байрыг эгч Э.М-гийн “Л.и” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг төлж улмаар миний бие энэхүү орон сууцанд амьдарч байгаа юм. Ласти таун хотхоны хувьд өмчлөх эрхийн гэрчилгээний хувьд одоог хүртэл маргаантай байгаа тул миний бие өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй боловч бодит байдал дээр өмчлөх эрх үүссэн гэж үзэж байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00098 тогтоолоор ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... хотхон, ... байр, ... тоот орон сууцыг Э.М-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр тогтоож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдлээ. Энэхүү ажиллагаатай холбоотой ... аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар нэгэн мэдэгдэл бичгээр өгөөгүй тул албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дугаар мэдэх боломжгүй байна.
... аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч утсаар Э.М-гийн гар утсанд залгаж, “орон сууцыг 2023 оны 09 сарын 17-ны өдрийн дотор суллахыг мэдэгдсэн” байна. ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... хотхон, ...байр, ... тоот орон сууц нь Э.М-гийн эзэмшилд бус Э.Мө болон миний гэр бүлийн эзэмшилд байдаг. ... аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... хотхон, ... байр, ... тоот орон сууцанд нэг ч удаа ирж байгаагүй, бодитоор хэний эзэмшилд байгааг нь тодорхойлоогүй, мэдэгдэл хүргүүлээгүй нь хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй” гэж заасан. ... аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2-т заасан ажиллагааг явуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 “төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заасан байдаг. Миний хувьд болон манай гэр бүл нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш бөгөөд гүйцэтгэх хуудасд заагаагүй этгээд дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь мөн хууль бус байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т “Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгнө” гэж заасны дагуу надад мэдэгдэл өгөөгүй болно. ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... хотхон, ... байр, ... тоот орон сууцыг Э.М-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээд миний өмчлөх эрх хөндөгдөж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-д зааснаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2, 100.4-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00098 тогтоолын дагуу явуулж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч ... аймаг дахь ШШГГ-445 НХА шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2023/01685 дугаартай шийдвэрээр Э-ийн М /РД:.../-гаас болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг чөлөөлж Д.Б-д олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэн 231 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Б шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Э.М-гийн ... дугаарын утас руу залгаж шүүхийн шийдвэрийг танилцуулж ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор сайн дураар чөлөөлөх талаар мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ... дугаарын утас руу залгаж орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор чөлөөлөх, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ... дугаарын утас руу залгаж орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор чөлөөлөх, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ... дугаарын утас руу залгаж орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор бүрэн чөлөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биечлэн ирж уулзахыг тус тус мэдэгдсэн боловч Э.М хүрэлцэн ирээгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.Т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн эсвэл баталгаат шуудангаар гардуулна" гэж заасны дагуу орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулахаар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хаягаар очиход хаалга нь цоожтой эзэнгүй байсан тул 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг гэхэд орон сууцыг чөлөөлөх тухай ... дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хаалган дээр нааж зургаар баталгаажуулж тэмдэглэл үйлдэн хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг гэхэд орон сууцыг чөлөөлөх тухай 01/1851 дугаартай албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдлийг хүлээн авахаас татгалзан буцаасан тухай тэмдэглэл үйлдэж шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн. Э.М нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт шийдвэр гүйцэтгэх газар биечлэн ирж уулзахдаа 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүлээн авсан талаар тайлбар өгсөн ба шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг гэхэд орон сууцыг бүрэн чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг гардуулж тэмдэглэлээр баталгаажуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д "нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга орон байранд байхгүй, эсхүл албадан чөлөөлөх барилга, орон байр бусдын ашиглалтад байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй" гэж заасан байх тул дээрх орон сууцанд Э.Мө болон гэр бүл нь амьдарч байгаа нь орон сууцыг чөлөөлөхөд саад болохгүй юм.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, Ц.Б-ын иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, М.А, М.Ав нарын төрсний бүртгэлийн цахим лавлагаа, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай ... аймгийн ... сумын ... багийн Засаг даргын албан бичиг, “Л-144” СӨХ-ны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 032 дугаартай тодорхойлолт, 2023 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 2-9, 15,16 хуудас/
4.Хариуцагчаас итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 586 дугаартай гүйцэтгэх хуудас, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4615 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дугаартай магадлал, 2023.08.28, 2023.09.01, 2023.09.14, 2023.09.18, 2023.09.20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэл, гар утасны мессеж гэрэл зураг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, хаалган дээр мэдэгдэх хуудас наасан дүрс бүхий гэрэл зураг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай ... аймаг дахь ШШГГ-445 НХА-н Э.М-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 29, 32-59 хуудас/
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын мэдүүлэг, тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Мө-ын ... аймаг дахь ШШГГ-445 НХАд холбогдуулан гаргасан “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Э.Мө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “....Миний бие Э.Мө нь эхнэр Ц.Б, бага насны 2 хүүхэд М.А, М.Ав нарын хамт 2016 оноос хойш одоог хүртэл ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... хотхон, ... байр, ... тоотод оршин сууж байна. Анх энэ байрыг эгч Э.М-гийн “Л.и” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг төлж улмаар миний бие энэхүү орон сууцанд амьдарч байгаа юм. ... хотхоны хувьд өмчлөх эрхийн гэрчилгээний хувьд одоог хүртэл маргаантай байгаа тул миний бие өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй боловч бодит байдал дээр өмчлөх эрх үүссэн гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00098 тогтоолоор дээрх орон сууцыг Э.М-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр тогтоож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгааг мэдсэн бөгөөд ямар нэгэн мэдэгдэл надад өгөөгүй. Хариуцагч байгууллагаас нэг ч удаа ирж байгаагүй, бодитоор хэний эзэмшилд байгааг тодорхойлоогүй, мэдэгдэл хүргүүлээгүй нь хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй, миний бие болон манай гэр бүл уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш, гүйцэтгэх хуудасд заагаагүй этгээд дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу явуулж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд дэмжин оролцсон.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй, эсхүл албадан чөлөөлөх барилга, орон байр бусдын ашиглалтад байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т “Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй”, 122.5-д “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Э.Мө нь дээрх хуульд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж гуравдагч этгээдийн хувьд тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцсэн болно.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 586 дугаартай гүйцэтгэх хуудас, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4615 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01685 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 209/МА2023/00021 дугаартай магадлал зэргээр,
-... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг Э.М болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гарч, түүний дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байх ба энэ үйл баримтад зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгчээс хариуцагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2, 32.3, 100.4-т заасныг зөрчсөн нь хууль бус гэж үзэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар маргаж байгаа болно.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд орон байр, барилгаас нүүлгэн гаргах, байр, агуулах сав, газар чөлөөлөх, барилга байгууламжийг нураах тухай шийдвэрийг гүйцэтгэх талаар хуульчилсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно” гэж, 100.4-д “Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгнө” гэж, 100.9-д “Энэ хуулийн 100.8-д заасан тохиолдолд нүүн гарах этгээдийн эд хөрөнгийг нь битүүмжлэн зохих этгээдэд хадгалуулахаар хүлээлгэн өгч, барилга, орон байрыг чөлөөлнө” гэж тус тус заажээ.
Энэ тохиолдолд хуульд тодорхойлсон нүүн гарвал зохих этгээд, нүүн гарах этгээд гэдэгт төлбөр төлөгч Э.М болон түүний гэр бүлийн гишүүнийг ойлгох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; 3.1.6.“садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгохоор заажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Мө нь төлбөр авагч Э.Мгийн дүү гэдгээ өөрийн нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд орон сууцнаас нүүн гарвал зохих этгээд буюу нүүн гарах этгээдэд хамаарч байна.
6.Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж зааснаар орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгчийн хаягаар очиход цоожтой, эзэнгүй байснаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хаалган дээр нааж зургаар баталгаажуулж тэмдэглэл үйлдэн хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, түүнчлэн 2023.08.28, 2023.09.01, 2023.09.14, 2023.09.18, 2023.09.20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1851 дугаартай ... аймаг дахь ШШГГ-445 НХА-н Э.М-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр төлбөр төлөгчид орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа утсаар болон бусад байдлаар хүргүүлж байсан, төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Төлбөр төлөгч Э.Мд орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлснийг орон сууцнаас нүүн гарвал зохих этгээд буюу нүүн гарах этгээдэд мэдэгдсэн гэж үзэх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д “Нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй, эсхүл албадан чөлөөлөх барилга, орон байр бусдын ашиглалтад байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй” гэж зааснаар тухайн орон сууцанд нэхэмжлэгч Э.Мө болон гэр бүл нь амьдарч байгаа нь орон сууцыг чөлөөлөхөд саад болохгүй юм.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн агуулга ёсоор хуулийн хүчин төгөлдөр болсон аливаа шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчимд нийцнэ.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 586 дугаартай гүйцэтгэх хуудас, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4615 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн дагуу үүсгэгдсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.8-д тус тус заасныг баримтлан Э.Мө-ын нэхэмжлэлтэй, ... аймаг дахь ШШГГ-445 НХА-д холбогдох “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН