Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00260

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн     Б-д холбогдох эрүүгийн 1738001710058 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Г.Баяраатай хүү Дэлгэрмөнхийг зодсон гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож бие махбодид баруун зүүн доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт бүхий  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Г.Баяраатай хүү Дэлгэрмөнхийг зодсон гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Баяраа намайг дээрээс дарж байгаад зүүн нүд рүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би босож ирээд нүүрлүү нь нэг удаа гараараа цохисон. Баярааг цохиж биед нь гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Эрдэнээд хандан чи яах гэж манай хүү Дэлгэрмөнхийг зодож занаж зүхээд байгаа юм бэ гэж хэлэхэд би танай хүүг зодоогүй гээд заамдаж аваад нүүрлүү нэг удаа цохисон. Дараа нь дахиад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баяраа, Б хоёр маргалдсан бололтой хонины хашааны хажууд байж байсан. Тэр хоёрын хоёулангийнх нь нүүр цус болсон байсан. Би Бат-Эрдэнийг салгаж голын зах руу аваачиж нүүрийг нь угаалгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Г.Бямбапүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баяраа ах манай нөхөр Бат-Эрдэнийг үгийн зөрүүгүй нүүрлүү нь цохиод хашааны хажуу руу унагаасан. Тэгээд Бямбацогт ах, Дүдэн гэх залуу хоёр ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Дэлгэрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрдэнээ ах манай аав ээж хоёрыг Одхүүгийн найранд очсон байхад аавыг цохиж зодоод манай аавын нүүр нүд хавдаж хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 514 тоот

1. Г.Баяраагийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Г.Баяраагийн биед баруун зүүн доод зовхи, баруун нүдний салстад цус хуралт бүхий  гэмтэл учирсан байна.

3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/,

Хохирогч Г.Баяраа нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738001710058 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Э.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 35 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Г.Баяраа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738001710058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1738001710058 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР