Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар Харах 128/ШШ2023/0551

 

 

    2023         06          21                                      128/ШЗ2023/0551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Т.Б*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж*******,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ж*******,

Маргааны төрөл: *******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот тогтоол хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б*******гээс “*******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот “Хариуцлага тооцох тухай” тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

2. ******* байгууллагаас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай “Допингийн шинжилгээний хариу мэдэгдэх тухай” албан бичгээр тамирчин Төрмөнхийн Б*******гийн 71*******834 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтын S1.1.Андрогены анаболик стериод болох Треболоны задралын бүтээгдэхүүн эпитренболоне болон S4 Даавар ба бодисын солилцооны модулятор болох мельдониум илэрсэн гэх дүгнэлт гаргажээ. /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

3. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дээрх шинжилгээний хариуг Т.Б*******д мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

4. Улмаар Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны 2022 оны ******* дүгээр сарын 05-ны өдөр “...Монгол Улсын харцага Т.Б*******д Дэлхийн допингийн эсрэг кодын 10.2.1 дэх заалтад “10.2.4 дэх заалтын дагуу эрх хасах хугацаа 4 жил байна” гэж засны дагуу 4 жилийн хугацаагаар Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхийг хасах саналыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлжээ. /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

5. *******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” ******* дүгээр тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн  Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэнсий их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдаж давсан давааг хүчингүйд тооцож, 2 дахь заалтаар Үндэсний их баяр наадамд барилдах эрхийг 2026 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан байна. /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

6. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “******* сумын харьяат Т.Б******* миний бие 2018 онд Ардын хувьсгалын ойн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Монгол Улсын Харцага" цолтой болж тасралтгүй барилдсаар ирлээ. 2022 онд зохион байгуулагдсан "Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам"-ын Үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж, тавын даваанд өвдөг шороодсон.

Үүний дараа баяр наадмыг зохион байгуулах хорооноос бөхийн барилдаанд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээг авна гэсний дагуу миний бие шинжилгээ өгсөн.

2022 оны 8 сарын сүүлээр надаас хориглосон бодис илэрсэн гэдгийг Монголын бүхий л телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн бөгөөд олон газраас надаас ярилцлага авахаар өдөр шөнөгүй залгах зэргээр намайг сэтгэл зүйн маш хүнд байдал оруулан заал танхимын барилдаануудад очих битгий хэл, олон нийтийн газраар явахгүй 8 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Монголын үндэсний бөхийн холбоо болон Наадам зохион байгуулах хорооноос надтай холбогдоогүй бөгөөд миний бие Монголын үндэсний бөхийн холбоо, Наадам зохион байгуулах хорооны холбогдох хүнтэй 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уулзахад *******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот "Хариуцлага тооцох тухай" тогтоол гаргаж, 1 дэх заалтаар миний наадамд 4 давсан давааг хүчингүйд тооцож, 2 дахь заалтаар дөрвөн жилийн хугацаагаар наадамд барилдах эрхийг хассан талаар мэдэгдсэн болно.Миний бие дээрх тогтоолын 2 дахь заалтаар миний наадамд барилдах эрхийг 4 жилийн хугацаагаар буюу 2026 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал кассаны ул зевшеерех боломжгүй, уг шийдвэр нь дараах байдлаар хууль зөрчсөн. Учир нь *******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот Хариуцлага тооцох тухай" тогтоолыг гаргахдаа "Үндэсний их баярын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.31 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.22, 18.43, 18.74 дахь хэсэг,  Дэлхийн допингийн эсрэг кодын 10.2.1, Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 9.3.65, ******* байгууллагаас ирүүлсэн БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн KDAR22M-0038 дугаартай сэргээшийн шинжилгээний дүгнэлт, Үндэсний их баярын наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны 2022 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн шийдвэрээ гаргасан.

Үндэсний их баярын наадмын тухай хуульд наадамд барилдах эрхийг хасах хугацааг тодорхой заасан заалтгүй байхад чухам аль дүрмийн заалтыг баримталсан нь тодорхойгүй. Надаас өмнө хэд хэдэн бөхчүүдээс допингийн төрлийн хориотой бодис удаа дараа илэрсэн байхад тэдгээр бөхчүүд одоог хүртэл барилдаад байгаа нь хэтэрхий шударга бус. Одоо миний бие 31 настай. Энэ нь тамирчин хүний хувьд спортод ид амжилт үзүүлэх боломжтой нас юм. Гэтэл 4 жил буюу 2026 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүрэхэд миний бие амжилт гаргах боломжтой нас аль хэдийн өнгөрсөн байна.

Дээрх нөхцөл байдлуудаар *******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот "Хариуцлага тооцох тухай" тогтоолын 2 дахь заалтаар Үндэсний их баяр наадамд барилдах эрхийг 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан нь Үндэсний их баярын наадмын тухай хуульдаа нийцээгүй байна.

Иймд *******ны 2022 оны ******* сарын 12-ны өдрийн ******* тоот "Хариуцлага тооцох тухай" тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б******* нь шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр *******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” ******* тоот тогтоолын 2 дах заалтыг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэл гаргасан. Шүүхэд ямар учраас нэхэмжлэл гаргасан бэ гэхээр анх Т.Б******* нь өөрөө ******* сумын харьяат 2018 онд ардын хувьсгалын баяр наадамд 6 дараалан давж Монгол улсын харцага цолтойгоор 2022 оныг хүртэл барилдаж байна. 2022 онд зохион байгуулагдсан Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадамд барилдаад 4 давж, 5 дах даваан дээр унасан байдаг. Үүний дараа Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооноос 4 давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэдэг асуудлыг яриад шинжилгээ авсан байдаг.

2022 оны 08 дугаар сард хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр допинг илэрсэн талаар шуугиад эхэлсэн бөгөөд зөвхөн Т.Б*******гийн нэр л гардаг. Тус асуудлын хувьд сэргээш хэрэглэсэн байна гэдэг мэдээллүүд гараад нэлээн асуудлууд үүссэн. Тухайн үед Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны салбар хороо байгуулах бөхийн хорооноос Т.Б*******г дуудаад танаас шинжилгээ авахад хориотой бодис илэрсэн байна гэж танилцуулахад та В сорьцын шинжилгээ өгөх үү гэж асуусан байдаг. Миний ойлгож байгаагаар давтан шинжилгээ өгөхгүй гэж хэлсэн. Хэрвээ та B сорьцын шинжилгээ өгөхөөр бол 5000 ам доллараас 10000 ам долларын төлбөртэй байдаг. Үүнийг төлөөд та үзүүлж B сорьцын шинжилгээ өгөх боломжтой гэж хэлсэн байдаг юм билээ. Тухайн үед нь Т.Б******* нь надад шинжилгээнд өгөх мөнгө байхгүй, өгөх боломжгүй учраас B сорьцын шинжилгээ өгч чадахгүй гэж мэдэгдсэн байдаг. Түүнээс хойш Бөхийн холбоо болон хариуцагч Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос ерөөсөө утасдаагүй, мэдээлэл болон ямар нэгэн хариу өгөөгүй байдаг.

Ингээд наадмын дараа буюу 08 дугаар сараас хойш Т.Б******* нь надаас нэг юм илэрсэн байна. Хэрэглэсэн байж магадгүй гэж бодоод өөрийнх нь зүгээс заал танхимын барилдаанд барилдаагүй. Мөн 11 дүгээр сарын 26-ны өдөр болсон Тулгарт төр байгуулагдсан өдрийн барилдаан, цагаан сарын барилдаанд ерөөсөө барилдаагүй байдаг. Тэгсэн 03 дугаар сард надад хариуцлага оногдуулсан юм болов уу юу болсон юм бол гээд бөхийн холбоонд очоод уулз тэнд шийдвэр нь гарсан байх гэж хэлсэн. Зохион байгуулах хорооны холбогдох хүнтэй уулзсан чинь 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот тогтоолыг танилцуулсан байдаг.

Тус тогтоолын 1 дэх заалтаар 2022 онд барилдсан үндэсний их баяр наадад 4 давсан давааг хүчингүй болгосон, 2 дахь заалтаар баяр наадмаар барилдах эрхийг нь 4 жилээр хассан байдаг. Нэгдэх заалтын тухайд Т.Б******* маргахгүй байгаа.

Т.Б******* хэлэхдээ “тус тогтоолын 1 дэх заалт болох 4 давсан давааг маань хүчингүй болгосон. Би өөрөө хориотой бодис хэрэглэсэн юм байна, тийм учраас би хүлээн зөвшөөрч байна. Харин тогтоолын 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэдэг.  Яагаад хүлээн зөвшөөрөх боломжгүй вэ гэхээр Т.Б******* наадам болохоос 1 сарын өмнө бэртэл авсан баруун хөлдөө шөрмөсний гэмтэл авсан байдаг. Тухайн үед эмчид үзүүлээд эмчийн зүгээс та хамгийн багадаа 2 сар гам барих ёстой. Ямар ч хөдөлгөөн хийж болохгүй гээд заавар өгч, эм бэлдмэл бичиж өгсөн байдаг. Т.Б******* “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гэдэг бол хүний амьдралд ганц тохиох баяр, магадгүй дараа жил 100, 101-н жилийн ой болох ямар ч боломжгүй тэгэхээр наадамд барилдъя” гэдэг. Тухайн үед допингийн бодис орсон эм хэрэглэж байгаа болохоос дангаар нь хэрэглэдэггүй.

Б*******гийн зүгээс “бэртлээ хурдан эдгээх гэж өөрийнх нь зүгээс тэр допинг орсон эм бэлдмэлийг хэрэглэсэн гэдэг юм билээ. Наадмын барилдаанд оролцохдоо ямар ч даваа авна гэж биш, 100, 101-н жилийн баяртаа оролцъё, баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гарч барилдаад үзье гэж орсон. Одоо миний биеэс допингийн нөлөө бүрэн гарсан. Хэрэглэснээс хойш 6 сарын дотор биед нь байдаг, түүнээс хойш биед нь ямар ч бодисын хор нөлөө байхгүй. Одоо бэртэл нь бүрэн эдгэсэн” гэдгийг шүүхэд дурдаад өгөөрэй гэж хэлсэн. 2022 оны ******* дүгээр тогтоолын 2 дахь заалтыг ямар учраас зөвшөөрөхгүй вэ гэхээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг харахаар ерөөсөө 2 жилийн хугацаагаар хасах зүйл заалт байхгүй.

Үндэсний их баяр наадамд барилдах эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ба уг хугацаа нь 2026 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дуусна. Т.Б******* нь энэ жил 31 настай, 4 жилийн дараа 35 настай болчихно. Магадгүй тамирчны залуу нас 25-35 насны хооронд амжилт үзүүлэх боломжтой. Тэр амжилт үзүүлэх нас нь хэдий өнгөрчих учраас хатуу шийтгэл байна гэж өөрөө нэхэмжлэл дээрээ дурдсан. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот тогтоолын 2 дах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ. 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улс 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцод Монгол улс нэгдэн орж, соёрхон баталсан байдаг. Конвенцын зорилгод хүрэх арга хэмжээнүүд гэж байгаа. Энэхүү конвенцод заасан үүргийг биелүүлэхтэй холбоотой асуудлаар оролцогч улс бүр холбогдох арга хэмжээ авах үүрэг хүлээнэ гэж байгаа. Эдгээр арга хэмжээ нь холбогдох хууль тогтоомж зохицуулах болон бодлого хэрэгжүүлэх захиргааны үйл ажиллагаа багтаж болно. 7 дугаар зүйл дээр оролцогч улсууд дотоодын зохицуулалтыг уялдуулах замаар энэхүү конвенцыг биелүүлэх үүрэгтэй, оролцогч улсууд нь энэхүү конвенцын үүднээс сэргээшний эсрэг байгууллагад холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж болно гээд заагаад өгсөн.Түүнчлэн 4 дүгээр зүйл дээр конвенц нь дүрэмтэй хэрхэн уялдах вэ гээд зааж байна. Оролцогч улсууд сэргээш хэрэглэхийн эсрэг тэмцлийн хэрэгжилтийг үндэсний болон олон улсын түвшинд зохицуулж байх зорилгоор энэхүү конвенцын 5 дугаар зүйлд тусгагдсан арга хэмжээг үндэслэн дүрмийн үндсэн зарчмуудыг удирдлага болгох үүрэг хүлээнэ гэж байгаа. Оролцогч улсууд дүрэмд нийцүүлэн нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд энэхүү конвенц ямар нэгэн байдлаар хүндрэл учруулахгүй. Дүрмийн үндсэн зарчмуудыг баримтална гэж байгаа. Дүрмийн тухай яригдаж байгаа дэлхийн допингийн эсрэг код гээд нотлох баримтаар ярьж байна. Үндэсний баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө, гэж заасны дагуу дэлхийн допингийн эсрэг дүрмийг баримтална гэж байгаа. Гэвч нотлох баримт болон 9 дүгээр тогтоолд Дэлхийн допингийн эсрэг кодыг баримтална утга агуулгын хувьд ч Кодын 12.1 дэх хэсгийг баримтлаад заасан байна. Энэ нь хариуцлага тооцож байгаа юм өөрөөр хэлбэл хүнд тодорхой хэмжээний эрүүгийн журмаар бол ял, шийтгэл мэт өөрийнх хийсэн үйлдэлд хариуцлага ногдуулж байгаа юм. Хариуцлага ногдуулахдаа юу гэж заагаад байна гэхээр Дэлхийн допингийн эсрэг дүрмийг баримтална, конвенцтой бас дүрмийг баримтална гэж заагаад байна. Хариуцагч талаас код гэж гаргаж ирээд дүрэм мөн үү гээд байна. Тэгвэл үүнээс юу харагдаж байгаа юм наад захын хамгийн энгийн жишээ дурдахад энэ дүрэм Монгол улсын хэмжээнд хэрэглэгдэхүйц хэмжээний орчуулга нь зөв, буруу нь эргэлзээтэй.

Жишээлбэл дүрмийн 10.2.4.2-т хэрэв тэмцээний үеэр залгисан, хэрэглэсэн, эзэмшсэн тохиолдолд гарсан бөгөөд гэж байгаа спорт тэмцээний гүйцэтгэлд нөлөөлөхгүй гэдгийг нотолсон тохиолдолд тухайн  залгисан, хэрэглэсэн, эзэмшсэн тохиолдлыг 10.2.1 дэх заалтад заасан санаатай нөхцөл болон, 10.4 дэх заалтаар хүндрүүлэх нөхцөлд тооцогдоно. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Тухайлбал допингийн эсрэг эмийг аваад эзэмшсэн гэхээр яаж эзэмших үү хүнээс аваад кармадаа хийхийг эзэмшсэн гэж үзэх үү тэгсэн тохиолдолд хариуцлага ногдуулах гээд байгаа юм уу. Тэгэхээр цаад үндсэн дүрэм дээрээ юу гэж заагаад байна гэхээр албан ёсны мөн гэдгийг үг, үсэг, зүй хэмжээнд нь хууль хэрэглээний хэмжээнд нь аваачиж байж Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дагаж мөрдөх боломжтой болно. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлдэг 2022 оны 10 дугаар сар хүртэл Үндэсний допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэл хугацаанд Дэлхийн допингийн эсрэг дүрмийг бол баримталдаггүй. Эцсийн орчуулга эргэлзээтэй эцсийн байдлаар баталсан зүйл олоогүй. Яагаад гэвэл конвенцод нэгдэн орсон учир конвенцын дагуу хууль тогтоох хэмжээнд батлаад дагаж мөрдөөд эцсийн хувилбар энэ гэж орж ирж байгаа тохиолдолд дагаж мөрдөхөд асуудал байхгүй. Нийт зарчмын хувьд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу энэ арга хэмжээг авна гэж байгаа. Зарчмын хувьд Дэлхийн допингийн эсрэг дүрмийг бол эцсийн байдлаар хууль хэрэглээний хэмжээнд хүргэх, гаргах ёстой. Дараагийн асуудал хариуцлага ногдуулах гэж ойлголт яваад байна. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.2 дах хэсэгт заасныг хэрэглэж байна хориглосон бодис буюу хориглосон арга хэрэглэсэн, хэрэглэхийг завдахад эрх хасах гэж байгаа. Дүрмийн 10.5, 10.6 дах зүйлд заасан ноцтой хуулсан буюу заалтын дагуу 2.1, 2.2, 2.6 дах заалтуудыг зөрчсөнөөс шалтгаалан эрхийн дараах хугацаагаар хасна гэж байгаа. 10.5, 10.6-д зааснаар ноцтой гэж бууруулсан, буюу 10.5, 10.6-д юу гэж заасныг харахаар алдаа гаргаагүй буюу санаандгүй үйлдэл байсан тохиолдолд эрх, хугацааг хүчингүй болгох гэж байна. Өөрөөр хэлбэл Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.2.4 дэх заалтыг 12.1 дэх заалтыг хэрэглэхдээ 10.5 дах заалтаа харгалзан үзэх гээд байгаа юм. Дүрмийн 10.5 дах заалтад тамирчин бусад этгээд алдаа гаргаагүй буюу гэсэн санаандгүй үйлдэл байсан гэсэн хувь хүний кейс үүсгэсэн тохиолдолд эрх хасах хугацааг хүчингүй болгоно гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл үүнийг ярьж байгаа бол тамирчин алдаа гаргаагүй санаандгүй үйлдэл байсан гэдэг хувь хүний кейс байсан нь эрх хасах үйлдлийг хүчингүй болгоно шүүх энэ дүрмийг баримтлах, мөн энэ кейсийг хэрэглэж байгаа. Бид нар үүнийг зориуд хэрэглээгүй өвчний улмаас хэрэглэж байгаа юм учир нь 10 дугаар сарын 06-нд орсон тэгвэл Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.5 дах хэсгийг хэрэглэх боломжтой юу шүүх хуулийг хэрэглэдэг тэр хуульд заасан зүйл заалтыг ойлгоод хэрэглэх тэгвэл энэ зохицуулалтаараа аваад үзвэл захиргааны хэрэг үүсгэсэн үеэс эхлээд үндэсний дүрмийг, үндэсний бөхийн холбоо, үндэсний маргаан бүхий захиргааны актын 2 дах заалтыг бүр түүнчлэн 1 дэх заалтыг хүртэл хүчингүй болгох боломжтой байгаа кодын 10.5 дах заалтыг тэгэхээр энэ нь хууль хэрэглээний тухай ойлголт байгаа юм. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны тогтоол нь өөрөө үндэсний хууль тогтоомжид заасан хуулийн зүйл заалтыг баримталж шийдвэрлэх ёстой байсан. Тийм учраас 9 дүгээр тогтоолын 2 дах заалт нь маргаантай болж байна Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар бол хэдэн жилээр гэсэн нь ойлголт байхгүй. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т зааснаар, “Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна”, гэсэн зохицуулалт байна. Үндэсний дүрэм нь энэ үйлдэл гарснаас хойш хүчин төгөлдөр. Дүрэмтэй холбоотой дараагийн ойлголт үнэхээр энэ дүрмийг Монгол улсын нутаг дэвсгэрт дурдсан нэр томьёогоор нь хэрэглэнэ гэвэл яагаад, Т.Б*******г нэг удаа асуудаг төрийн бус байгууллагаас гаргасан шинжилгээний хариуг үндэслэн асуусан үүнийг зөвшөөрч байна уу хэрвээ зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээнд оруулна Б сорьцын шинжилгээний үнэ 5000 доллар, та зөвшөөрөх, зөвшөөрөхгүй юу гэсэн Т.Б******* хэлсэн байлаа би өвчний улмаас үүнийг хэрэглэсэн би шинжилгээ өгөхгүй гэж. Эрүүгийн ойлголтоор аваад үзвэл энэ хүн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Тэмцээний өмнө өөрөөс нь асуусан бол хэлээд л өгөх байсан ийм эм хэрэглэсэн гэдгийг хэлэх боломжтой байсан. Тэгвэл төрийн захиргааны байгууллага шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25,26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа яагаад энэ хүнд хэлээгүй, хийгээгүй юм таны эрхийг 4 жилээр хасах гэж байна та зөвшөөрч байна уу үгүй юу гэдгийг, магадгүй тэр хүн тухайн үед эмнэлгийн акт, магадалгаагаа авчраад, эмчээ авчраад би ийм эм хэрэглэсэн юм “Эйс4” гээд эм нь даавар бодсын солилцоог сайжруулдаг эм байгаа юм гээд тэр хүний булчингийн гадна талын уут нь задарсан бодсын солилцоог сайжруулах боломжтой бөгөөд энэ нь өвчин намдаах эм өөр хориглосон бодис хэрэглээгүй. Яагаад энэ хүчтэй бодисуудыг хэрэглээд байгаа гэвэл 6 сард гэмтсэн үндэсний их баяр наадам нь 7 дугаар сард тэгэхээр энэ хугацаанд булчингийн массын уут нь дор хаяж 5-6 сард эдгэрдэг, уг хэрэглэсэн эм 6 сарын дараа хүний биеэс 100% гардаг эм байгаа юм. Тэр өвчнийг даван туулахын тулд хэрэглэсэн гэдгээ Т.Б******* илэрхийлж байгаа юм. Энэ бүх материалыг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйл 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллага гаргаж өгөөд магадгүй төрийн захиргааны байгууллага энэ эрхийг хангасны үндсэн дээр 4 жилээр биш гэхэд бусад заалтыг нь харгалзан үзэж  шийтгэлийн арга хэмжээг өөрөөр тогтоох  боломжтой байсан. Дүрэмдээ өөрөөр заагаад байна яг энэ байдлаар хэрэглэх гэсэн үг биш, үндэснийхээ уян хатан байхыг зөвшөөрнө гэж танилцуулга дээрээ өөрөө заагаад байна. Комиссын гишүүд нь хараад үзсэн бол үүнийг мэдэх боломж нь байсан захиргааны ерөнхий хуульд заасан арга хэмжээнүүдийг хэрэглэсэн бол Т.Б*******гийн эрх нь зөрчигдөхгүй боломжтой гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

           9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хадбаатар, Н.Ж******* нар шүүх ирүүлсэн хариу тайлбартаа: “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны 4 давсан нийт 64 бөхөөс авсан сорьцыг БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид хүргүүлж, шинжилгээ хийхэд KDAR22M-0038 дугаар шинжилгээний дүгнэлтэд Улсын харцага Төрмөнх овогтой Б*******гийн 71*******834 дугаартай сорьцод Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтад орсон $1.1 Андрогены анаболик стероид болох Тренболоны задралын бүтээгдэхүүн элитренболоне болон 54.3 даавар ба бодисын солилцооны модулятор болох мельдониум гэх хоёр төрлийн бүх цаг үед хориглох бодис илэрсэн. Дээрх бодис нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас 2022 онд гаргаж мөн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа Хориглосон жагсаалтын бүх цаг үед буюу тэмцээний болон бэлтгэл, сургуулилтын үед хэрэглэхийг хориглосон бодис болно. Иймд *******ны Үндэсний бөхийн салбар комиссоос Улсын харцага Төрмөнх овогтой Б*******д албан ёсоор шинжилгээний хариуг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр танилцуулан тайлбар авсан байдаг. Төрмөнх овогтой Б******* нь дээрх допингийн бодисыг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, эмчилгээний зорилгоор хэрэглэсэн, "В" сорьцын шинжилгээнд орохгүй талаар тайлбар өгсөн байдаг. Түүнчлэн Үндэсний бөхийн салбар комисс 2022 оны ******* дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны допинг илэрсэн бөхөд Дэлхийн допингийн эсрэг дүрэмд заасан хугацаагаар эрх хасах саналыг үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах салбар хороо *******нд гаргаж, шийдвэрлүүлэхээр заасны дагуу уг салбар хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Улсын харцага Төрмөнх овогтой Б*******гийн БНСУ-ын Допингийн хяналтын лабораторийн KDAR22M-0038 дугаар шинжилгээний дугнэлтийг үндэслэн Дэлхийн допингийн эсрэг кодын 10.2.1-д "10.2.4 дэх заалтын дагуу эрх хасах хугацаа 4 жил байна." гэж заасны дагуу тухайн бөхийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхийг 4 жилийн хугацаагаар хасах саналыг *******нд хүргүүлж, *******ны "Хариуцлага тооцох тухай" 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор Улсын харцага Төрмөнх овогтой Б*******гийн Үндэсний их баяр наадамд барилдах эрхийг 4 жилийн хугацаагаар хассан. Харин нэхэмжлэгч Төрмөнх овогтой Б*******гээс *******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот тогтоолыг гаргахдаа хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн, Үндэсний их баяр наадмын тухай хуульд наадамд барилдах эрхийг хасах хугацааг тодорхой заасан заалтгүй байхад чухам аль дүрмийн заалтыг баримталсан нь тодорхойгүй талаар нэхэмжлэлдээ дурдсан байна.

Дээрх тогтоолын тэмдэглэх хэсэгт Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 18 дугаар зүйлийн 18.2, 18.4, 18.7 дахь хэсэг, Дэлхийн допингийн эсрэг кодын 10.2.1, Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 9.3.6 дахь заалт зэргийг тус тус заасан бөгөөд уг тогтоолыг гаргах хууль зүйн үндэслэлээ болгосон. Дээрх тогтоолын хууль зүйн үндэслэлийг тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бур баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно." гэж, 18.2-т "Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө." гэж, 18.4-т "Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна." гэж, 18.7-д "Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг энэ хуулийн 18.4-т заасан хугацаагаар хасах саналыг салбар хороо зохион байгуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ." гэж тус тус заасан болно.Мөн Дэлхийн допингийн эсрэг кодын 10.2.1-д “10.2.4 дэх заалтын дагуу эрх хасах хугацаа 4 жил байна." гэж заасан.

Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн тамирчинд (бөх) Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т "Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө." гэж заасны дагуу Дэлхийн допингийн эсрэг кодыг мөрдөж хариуцлага тооцох бөгөөд уг кодын 10.2.1-д "10.2.4 дэх заалтын дагуу эрх хасах хугацаа 4 жил байна." гэж заасан болно. Харин тус дүрмийн 10.2.4 дэх заалтыг 10.2.2.1 (Тамирчин буюу бусад этгээд допингийн эсрэг дүрэм зөрчсөн үйлдэл нь зориудын үйлдэл байгаагүй гэдгийг баталж чадаагүй ба допингийн эсрэг дүрэм зөрчсөн үйлдэл нь тусгай бодисыг хамраагүй), эсхүл 10.2.1.2. (Допингийн эсрэг дүрэм зөрчсөн үйлдэл нь тусгай бодисыг хамарсан бөгөөд Допингийн эсрэг байгууллага нь допингийн эсрэг дүрэм зөрчсөн үйлдэл нь санаатай үйлдэл байсан гэдгийг тогтоож чадсан), 10.2.4-т 10.2-р заалтын бусад нөхцөлийг үл харгалзан допингийн эсрэг дүрмийн зөрчилд Бодисын зүй бус хэрэглээ багтсан бол: 10.2.4.1. Тамирчин нь тухайн хэрэглээг спорт тэмцээний гүйцэтгэлд хамаарахгүй. Тэмцээний бус үер хэрэглэсэн, эсхүл хүнсэнд хэрэглэсэн гэдгээ нотолсон тохиолдолд эрхийг 3 сарын хугацаатай хасна гэж заасан болно.

Иймд "Хариуцлага тооцох тухай" *******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Төрмөнх овогтой Б*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнгөрсөн 2022 оны Үндэсний их баяр наадам ардын хувьсгалын 100, 101-н жилийн ойн хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх 11.2-т заасан үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авна”, гэж заасны дагуу 4 болон түүнээс дээш даваа авсан 64 бөхөөс допинг шинжилгээ авах ийм хуулийн зохицуулалттай. Ингээд хуулийн зохицуулалтынхаа хүрээнд баяр наадам зохион байгуулах комисс үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах салбар комисс болон Допингийн эсрэг байгууллага, Монголын допингийн үндэсний төв хамтраад шинжилгээ авах 64 бөх болон 16 сурын харваач нараас допингийн шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тус зохион байгуулах ажиллагааг Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас гаргасан допингийн эсрэг дүрэм болон холбогдох дүрэм журмуудыг үндэслээд зохион байгуулдаг.

Тухайлбал Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага маань хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Шинжилгээ авсны дагуу Бүгд Найрамдах Солонгос улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж, 08 дугаар сарын 23-ны өдөр 64 бөх, 16 сурын харваач нарын шинжилгээний хариу ирсэн байдаг. Эхний ээлжид 10 шинжилгээний хариу, дараа нь 15 шинжилгээний хариу, түүний дараа 7 шинжилгээний хариу ирсэн бөгөөд ингэж явсаар байгаад сүүлийн 3-н шинжилгээний хариу ирэхэд Т.Б*******гийн шинжилгээний хариу 71*******834 дугаартай шинжилгээгээр 2 төрлийн допингийн бодис илэрсэн, хэрэглэсэн байна гэж шинжилгээний хариу ирсэн. Тухайн үед үндэсний бөхийн салбар комиссоос хуулиар олгогдсон үүргийн дагуу Т.Б*******г дуудаж уулзсан байдаг ба шинжилгээний хариуг танилцуулаад дараагаар нь Б сорьцын шинжилгээ хийлгэх үү гэсэн байдаг. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг дүрмээр зохицуулагдсан харилцаа, мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд тодорхой зохицуулалт нь орсон байдаг. 

Үүний дагуу Т.Б******* Б сорьцын шинжилгээ өгөхгүй миний булчингийн уут задарснаас болоод эмнэлгээр эмчилгээ хийлгэж, эм хэрэглэж байгаа гэсэн тайлбарыг үндэсний бөхийн салбар хороонд өгсөн байдаг. Ингээд Б сорьцын шинжилгээ өгөхгүй гэдэг хариугаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулаад Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу хариуцлага хүлээх асуудал яригдана гэдгийг тодорхой тайлбарлаж өгөөд гарын үсэг зуруулаад танилцуулсан. Энэ танилцуулсан баримт нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үндэсний их баяр наадам үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах салбар комисс ******* дүгээр сарын ихээр хуралдсан. Тус хурлаар шинжилгээний зохион байгуулалт болон шинжилгээний хариуны хувьд хариуцлагатай холбоотой заалтыг хэлэлцсэн байгаа. Хэлэлцсэн тэмдэглэлээ гаргаад үндэсний их баяр наадам зохион байгуулалтын хороонд хүргүүлсэн байдаг. Улмаар шадар сайдын үндэсний их баяр наадмын хорооноос 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот тогтоолыг гаргасан байдаг.

 2023 оны хавар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн гол шаардлага нь бол уг ******* дүгээр тогтоолын хоёрдох заалт буюу 4 жилийн хугацаагаар эрх хасахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа ирүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэлээ би эмчилгээний зориулалтаар допингийн төрлийн бодисыг агуулсан эмийг эмчилгээндээ хэрэглэсэн, үүнийг би хүлээн зөвшөөрнө, харин эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн учир 4 жилийн хугацаа гэдэг өндөр хэмжээтэй байна. Би 31 настай, эд барилдах нас нь дээрээ явж байгаа учраас 4 жил гэдэг хүнд шийдвэр байна гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлд хугацааг тодорхой зааж өгөөгүй байхад миний эрхийг 4 жилийн хугацаатай хассан байна гэсэн. Тэгэхээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно”, гэж заасан мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө,” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл тамирчны нэгэн адил шинжилгээгээ өгнө гэсэн үг.

Үүний дагуу шинжилгээг дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу хариуцлага хүлээх, дэлхийн допингийн эсрэг дүрмүүдийн үүргийг бас хүлээх юм.  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна, гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл 18.2-т нь бол дэлхийн допингийн эсрэг дүрмийг баримтална гээд энэхүү хэсгээр оруулаад өгсөн юм. Тухайн тогтоолын үндэслэл нь бол дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т зааснаар хориотой бодис хориотой арга хэрэглэхийг завдсан буюу эзэмшсэн, олдсоны төлөө эрх хасах гэсэн хэсэг байгаа. Энэхүү дүрмийн 10.2.1-т дараах тохиолдолд тамирчны эрхийг 4 жилээр хасна гэж заасан байгаа. Мөн энэ дүрмийн 18 дугаар зүйлийн 18.2.1.1-т тамирчин буюу бусад этгээд допингийн эсрэг хууль дүрэм зөрчсөн зориудын үйлдэл байгаагүй гэдгийг баталж чадаагүй ба хоёрдугаарт нь допингийн эсрэг хууль зөрчсөн үйлдэл нь бусад тусгай бодисыг хамаарахгүй гээд байгаа юм. Мөн 18.2.1.2-т Допингийн эсрэг хууль зөрчсөн үйлдэл нь бусад тусгай бодисыг хамарсан бөгөөд допингийн эсрэг байгууллага допингийн эсрэг хууль зөрчсөн үйлдэл нь санаатай үйлдэл байсан гэдгийг тогтоож чадсан ийм хоёр тохиолдолд 4 жилийн хугацаагаар хасна гээд заасан байгаа. Тэгэхээр Т.Б*******гийн сорьцын 71*******834 дугаартай сорьцод илэрсэн дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон С1 ангиллын андрогений, анафологи дестрокит болох задралын бүтээгдэхүүн дээр нь С4 ангиллын 3-т заасан даавар ба бодисын солилцооны медиториум мелатунием энэ хоёр бодис маань дэлхийн допингийн эсрэг хориглосон жагсаалтын 2021 оны жагсаалтад заасан тусгайлан заагаагүй гэсэн бодисууд буюу өөрөөр хэлбэл энэ 2 бодис нь бол бүх цаг үед хориглосон бодисууд байдаг. Тодруулбал зөвхөн тэмцээний үед биш бэлтгэл сургуулилтын үед ч хэрэглэхийг тамирчинд дэлхий допингийн эсрэг дүрмээрээ хатуу хориглосон байдаг. Нөгөө талаас энэ допингийн эсрэг агентлагийн энэ дүрмээр тамирчин тухайн бодсыг хэрэглэсэн нь эмчилгээний зориулалтаар тодорхой нөхцөл шаардлагуудыг Дэлхийн допингийн эсрэг газраас 2016 онд зохицуулалттай байдаг.” гэжээ.

 

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14.”"допинг" гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг;”, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.”Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.” гэж зааснаас үзвэл допингийн хориглосон жагсаалтад багтсан бодисыг аливаа тохиолдолд үндэсний бөх хэрэглэхийг хориглосон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис бүхий эмийг хэрэглэсэн болох нь тогтоогдож  байх бөгөөд нэхэмжлэгч гэмтлээ эдгээхийн тулд хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй ба харин түүнд оногдуулсан шийтгэлийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

2. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.”Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө.”, 18.4.”Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна.” гэж заажээ. 

Монгол Улсын Их Хурал 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий чуулганы ******* дугаар хуралдаанаар баталсан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан ба тус конвенцийн 2 дугаар зүйлийн 6-д зааснаар Дэлхийн допингийн эсрэг дүрмийг Монгол улсад дагаж мөрдөхөөр байна. 

Нэхэмжлэгч гэмтлээ эдгээхийн тулд хориглосон жагсаалтад орсон бодисыг мэдсээр байж хэрэглэсэн нь санаатай үйлдэл байх тул  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг үндэслэн Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.2.1-д “10.2.4-р заалтын дагуу эрх хасах хугацаа 4 жил байна” гэж зааснаар нэхэмжлэгчийн барилдах эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл *******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” ******* дүгээр тогтоолын 2 дахь заалт нь Үндэсний их баяр наадмын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.4-д заасныг баримтлан Т.Б*******гээс *******нд холбогдуулан гаргасан “*******ны 2022 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот “Хариуцлага тооцох тухай” тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН