| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0088/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/105 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/105
2026 02 25 2026/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0088/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгч Ч.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********* ******д холбогдох эрүүгийн 2639000000001 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.****** нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн үед Хэнтий аймгийн ****** 1 дүгээр баг Өгөөжийн 1-28 тоотод Д.******* тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнрүү аяга шидэх, үснээс нь зулгаах, толгой хэсэгрүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.****** нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн үед Хэнтий аймгийн ******* 1 дүгээр баг Өгөөжийн 1-28 тоотод Д.******* тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнрүү аяга шидэх, үснээс нь зулгаах, толгой хэсэгрүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2.Хохирогч Д.*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай хадмын гэр буюу ******** 15-15 тоотод ****** ганцаараа ирээд тэгээд тэр өдрөө манай гэрт хоноод маргааш өглөө нь буюу 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө бид хоёр гадагшаа гараад Бөртэ дэлгүүрийн урд талын айлд ирээд 1ш том пиво уугаад байж байхад ************ гэх хүн чиний гэдсэнд байгаа хүүхэд танай нөхрийн хүүхэд биш гэхээр нь би хэн тэгж байна гээд орхисон. Тэгээд ************ ****** 2 хоорондоо муудаад, тэгээд би ******г хоёр гарнаас нь болио эгчийн дүү гээд барьсан чинь ************ ******г цохисон. Тэгээд ****** над руу чи яах гэж намайг барьсан юм бэ чи намайг зодуулчихлаа гээд дайраад байхаар би гараад айлын гэрийн ард байхад миний үснээс зулгаагаад цасан дээгүүр чирээд байхаар нь би зугтаагаад байшингийн хажууд зогсож байгаад даараад, куртикээ авах гээд айл руу ороход ****** утсаараа оролдоод байж байсан. Тэгээд би чи намайг яах гэж зодож байгаа юм бэ гэхэд чи намайг яах гэж барьж зодуулсан юм, таны гэдсэнд байгаа хүүхэд манай ******* ахын хүүхэд биш гээд байсан. ************, ******, ****** нар дэлгүүр яваад хоёр ширхэг том пиво авчирсан. Тэгээд ****** ширээний хажууд утсаа үзээд сууж байхаар нь би чиний охиныг ************ын хүүхэд гэсэн шүү гээд уур хүрээд хэлсэн чинь ****** гэнэт босч ирээд миний гар, нүүр, гэдэсрүү өшиглөөд миний толгойг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
3.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.******** 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай “...Д.*********гийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,
6.Иргэний нэхэмжлэгч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Д.********* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 67,360 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан байна... Төрийн сангийн данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.****** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Ч.****** хохирогч Д.*********гийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Ч.******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.******г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ч.******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******д оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.******гээс 67,360 (жаран долоон мянга гурван зуун жар) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Д.********* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардал болон сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Дөрөв.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ч.****** нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** овгийн ******** ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******д 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.******д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.******гээс 67,360 (жаран долоон мянга гурван зуун жар) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Д.********* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардал болон сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.****** нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР