Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2024/00215

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2024/00215

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2023/00117/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** тоотод оршин суугаа, ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** тоотод оршин суугаа, ***-д холбогдох,

 

***, ***-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, *** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /цахим/,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан /цахим/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ***-тай байгуулсан орон сууц захиалах гэрээний дагуу захиалсан тус аймгийн *** тоот хаягт байх 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэрээний дагуу 100 хувь төлбөрийг төлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг 2022 оны 12-р сарын 05-ны өдөр авсан болно. Гэтэл уг эд хөрөнгийн лавлагааг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр автал *** гэгч хүний барьцаанд байгаа гэх тодорхойлолттой байсан. Гэрээгээр барилгын ажил гүйцэтгэгч *** нь иргэн ***тэй зээлийн барьцааны гэрээ хийж бүртгэгдсэн ***ийн барьцаанд байгаа тул ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй гэж улсын бүртгэгч мэдэгдэж 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар бүхий зээлийн барьцааны гэрээг танилцуулсан. Уг барьцааны гэрээг судалж үзтэл Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан шаардлагыг хангаагүй мөн хуулийн 156-р зүйлийн 156.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байсан. Тодруулбал 156.2-д ...барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. гэсэн гэтэл уг гэрээнд үүргийг хангах хугацаа, үнийг заагаагүйгээс ямар хугацаанд барьцаагаар хангагдах, ямар үнэтэй барьцаа байгаа үнийн хэдэн хувиар барьцаа хангагдах гэх мэт нь тодорхой биш байдлаас болоод захиалагч өмчлөгч миний өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэзээ ямар үнээр захиран зарцуулах нь тодорхойгүй байдал бий болсон. Хууль тогтоогч энэхүү нөхцөл байдал бий болно гэдгийг тооцоолж тус хуулийн 156.3-д ...156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж хуульчилжээ. Иймд хуулийн шаардлага хангаагүй, миний өмчөө захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж хохирол учруулсан, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Барьцаалагч ***д хандаж өөрийн өмчлөлийн байрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч тодорхой хариуг одоо болтол өгөөгүй болно. гэв.

 

2. Хариуцагч *** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч *** нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ***-тай *** дугаар зээлийн гэрээ, ***А дугаар бүхий барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** дугаар хороололд байрлах орон сууцны зориулалттай 8470 м.кв талбайтай барилгыг 1500 м.кв газрын хамт барьцаалан гэрээг холбогдох хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд *** нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ***-тай *** дугаар зээлийн гэрээ, ***А дугаар бүхий барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээнүүд тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч *** болон ***-тай байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан буюу Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг мөн авсан. *** нь ***тэй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн барьцааны гэрээ хийж Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ***т гаргаж өгсөн. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан үндэслэлийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ямар нэгэн бичиг баримт буюу мөнгө тушаасан баримтуудыг манай компанид гаргаж өгөөгүй гэжээ.

 

4. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа 1 хуудас, ***ийн хүсэлт, ***ээс ***т олгосон итгэмжлэл, ***ийн оршин суугаа газрын тодорхойлолт, шүүхийн баримтууд, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхийн баримтууд, ***ээс ***д олгосон итгэмжлэл, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ын хариу тайлбар, шүүгчийн захирамж, зээлийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ 3 хуудас, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шүүхийн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагчийн ***ын шүүхэд гаргасан хүсэлт, хариу тайлбар, зээлийн гэрээ 3 хуудас, зээлийн барьцааны гэрээ 2 хуудас, эвлэрлийн гэрээ 1 хуудас, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж, ***ээс ***д олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, шүүхийн баримтууд, шүүхийн тогтоол, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** ХХК-ийн итгэмжлэл, шүүхийн баримт, ***ын хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагч татах тухай ***ийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг тушаасан баримтын хуулбар, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, ***ээс ***д олгосон итгэмжлэл, ***гийн хүсэлт, шүүхийн баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ганболдын шүүхэд гаргасан хүсэлт, Б.Баатарсайхан өмгөөлөгчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдуулан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ... *** нь хариуцагч ***т холбогдуулан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, *** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх гэж тайлбар гаргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Нэхэмжлэгч *** нь ***-тай 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр *** тоот Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоот, 59.84 м.кв талбайтай, 2 өрөө, 59,840,000 төгрөгийн үнэ бүхий, орон сууцны зориулалттай барилгыг 2015 оны 1 дүгээр улиралд барьж захиалагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулжээ.

2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр *** тоот гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагч биелүүлж 59,840,000 төгрөгийг бүрэн төлсөн, гүйцэтгэгч *** гэрээний 1.2-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч *** Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ***дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх орон сууцыг нэхэмжлэгч ***ийг өмчлөгчөөр тогтоосон байна. /хэргийн 194-196 дугаар хуудас/,

 

4. Нэхэмжлэгч нь би Орон сууц захиалгын гэрээ байгуулаад төлбөр төлж байхдаа уг гэрээг улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэгээ хийлгээгүй нь миний хуулийн мэдлэггүйгээс болсон, дараа нь шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ авах үедээ уг орон сууц нь 2015 оны 6 сарын 10-ны өдрийн №***, №***А дугаартай *** ***-тай байгуулсан Зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан болохыг мэдсэн гэж тайлбарласан.

 

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болохоор зохицуулсан тул нэхэмжлэгч *** шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нь ... талын талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа / оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж зохицуулсан. Гэтэл барьцааны гэрээнд үүргийг хангах хугацаа, үнийг заагаагүй нь уг хуулийг зөрчсөн. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

 

7. Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ... Хариуцагч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа хариуцагч *** болон ***-тай байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байгаа. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангасан буюу Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрээ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг мөн авсан. *** нь ***тэй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн барьцааны гэрээ хийж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ***-ийг татан оролцуулсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч *** нь орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн. Өмнөх захирал компанийг шилжүүлж өгөхдөө бичиг баримт шилжүүлж өгөөгүй сүүлд гэрээ, баримт бичгүүдийг олж авсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэж тайлбар гаргасан.

 

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласан.

 

10. Гэтэл ***, ***-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангахтай холбоотой бөгөөд энэ талаар талууд Зээлийн барьцааны гэрээний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь зээлдүүлэгч болон зээлдэгчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан барьцаалах хөрөнгийг тогтоох, түүний үнэлгээ, чанарыг тодорхойлох, барьцаалуулсан хөрөнгийг хадгалж, хамгаалах барьцааны гэрээ хэрэгжих үндэслэл бүрдсэн нөхцөлд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга, талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлоход оршино гэж нийтлэг үндэслэлд дурдсан байна.

 

Мөн Зээлийн барьцааны гэрээний 1.3-д Барьцааны гэрээ нь Зээлийн гэрээний үүрэг биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно гэж, барьцаагаар хангагдах үнийг гэрээний 3.1-д 2 000 000 000 гэж тусгаснаар барьцааны гэрээний хугацаа, үнийг тодорхойлсон хуулийн шаардлагыг хангасан хэлцэл гэж үзнэ.

 

11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зохицуулсан. Үүнд 56.1.1-56.1.10 заасан хэлцлүүд нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох ба түүний үр дагаврыг арилгуулахаар сонирхогч этгээд шаардаж болно гэжээ.

***, ***-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчөөгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

12. Мөн шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг хуулиар зохицуулсан бөгөөд уг хэлцэл нь шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаахгүй тул ***, ***-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

13. Хэрэгт авагдсан нотлох баримтаар *** 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ***-тай зээлийн гэрээ байгуулж, барилгын материал авах зориулалтаар 1 500 000 000 төгрөгийг нэг сарын 4,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ***-д зээлдүүлэн зээлийн гэрээ байгуулж, төлбөрийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн. *** нь дээрх зээлийн гэрээний барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын *** хороололд байрлалтай өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай, 8470 м.кв талбайтай дуусаагүй барилгыг барьцаалж, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр *** А дугаар зээлийн барьцааны гэрээг байгуулсан. 2015 оны 10 сарын 03-ны өдөр *** нэмж 510 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд үүний дагуу 2015 оны 6 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт оруулсан. *** нь 3 193 251 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг татан авах, нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 193 251 000 төгрөгийн 1 793 251 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч *** нь үлдэх 1 4000 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн дотор ***т бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. / хх-ийн 41-48 дугаар тал/

 

14.Дээрх шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч нь үүргээ биелүүлээгүй үндэслэлээр албадан биелүүлэх хүсэлт гаргасныг 2023 оны 3 сарын 01-ний өдрийн *** дугаартай захирамжаар албадан гүйцэтгүүлэх, захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. / хх-ийн 49-51 дүгээр тал/

 

15. *** ***-тай байгуулсан Зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч *** Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь тогтоогдож, гэрээг улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийлгээгүй талаар гэрээний талууд маргаагүй бөгөөд хариуцагч *** энэ талаар мэдээгүйгээс гадна ***-ийн адил гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул буруутай гэж үзэхгүй. Мөн ***-ний буруутай үйлдэл *** ***-ийн байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч ***, ***-тай 2015 оны 6 сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед *** нь 8470 мкв талбайтай, орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэлтэй байсан байх ба өөрийн өмчлөлийн зүйлээ барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 12 сарын 05-ны өдөр бүртгүүлсэн ***ийн шаардлагаар барьцааны гэрээг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна.

 

16. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг ***-ийг барьцааны хөрөнгийн өмчлөгч гэж үзэх бөгөөд ***, ***-ийн байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №***А дугаартай барьцаат зээлийн гэрээ хүчин төгөлдөр хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

17. Иймд ***, ***-ийн байгуулсан зээлийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй тул үр дагаврыг арилгуулах буюу *** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Хэдийгээр хариуцагч талаас уг маргааныг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн талаар тайлбар гаргаж нотлох баримтаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол ирүүлсэн боловч ***гийн нэхэмжлэлтэй ***, *** нарт холбогдох 2015 оны 6 сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тус хэргийн шаардлага, үндэслэлтэй зөрүүтэй, өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байх тул уг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56.4, 56.1.1-д зааснаар ***, ***-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №***А дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, *** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА