| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0087/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/106 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/106
2026 02 25 2026/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0087/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Н.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т,
Шүүгдэгч Ц.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******** ******т холбогдох эрүүгийн 2539005290339 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.****** нь согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын ******** багийн нутаг дэвсгэрт **** ХЭҮ улсын дугаартай "Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг хэрэгжүүлэлгүй зөрчсөний улмаас Ц.********ыг мөргөж биед нь баруун шаант, тахилзуур ясны битүү хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.****** нь согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын ******** багийн нутаг дэвсгэрт **** ХЭҮ улсын дугаартай "Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... эсхүл согтууруулах ундаа, хэрэглэсэн, .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг хэрэгжүүлэлгүй зөрчсөний улмаас Ц.********ыг мөргөж биед нь баруун шаант, тахилзуур ясны битүү хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10-р хуудас/,
3.Осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-р хуудас/,
4.2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан ...1.29 хувийн согтолттой... гэх тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,
5.Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Цагаанхүүгийн ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн дүрмийн 3.7-д а-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг тус тус зөрчжээ гэх магадлагаа /хх-ийн 57-58-р хуудас/,
6.Хохирогч Ц.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05 сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын ******** багт орших гэрээсээ аптек орж толгойны эм авна гээд гараад аптек хаалттай байхаар нь буцаад гэр рүүгээ алхаж байтал шөнийн 22 цаг өнгөрч байсан байх миний хойноос машин ирж байхаар нь замын хажуу руу захлаад явсан чинь ирж байсан машин араас мөргөөд хөл дээгүүр гараад явсан. Машинаас 3 хүн бууж ирсэн. Жолооч нь эмэгтэй хүн, нөгөө 2 нь эрэгтэй байсан. Тэд нараас архи ү*******тэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/,
7.Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр 2025 оны 05 сарын 21-ний орой 23 цагийн үед би найз ******* хамт сумын төвийн дэлгүүрүүдийн урд ******* эгчийн дэлгүүрийн урд талд нь явж байхад ******* эгчийн охин ****** дэлгүүрээсээ гарч ирсэн тэгэхээр нь би баруун хотон руу мотоцикл руу маань хүргээд өгөөч гэж гуйхад за тэгье гэсэн тухайн үед ****** баруун хотон руу гэрүүгээ явах нь таарсан тэгээд сумын төвийн засмал зам дуусаад гэр хорооллын шороон замаар явж байхад тухайн үед би жолоочийн арын суудал дээр суугаад ******** ахын урд талд явж байхад зүүн гар талаас нэг хүн орж ирэх шиг болоод машины толиор нь шүргэх шиг болоод ****** нь баруун гар тал руугаа машины дараад замаас гараад зогсоод бид гурав буугаад хартал машинаас 3 метрийн зайд машины ар талд манай сумын ******** ах газарт уначихсан шороон зам дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би ******** ахаас яааваа ахаа хар шөнө юу хийж яваа юм бэ гэхэд ах нь эмийн сан явж байна гэж хариулсан. Тэгээд ах нь гэртэй харимаар байна гэхээр нь ******* бид хоёр өргөөд босгоход баруун хөл дээрээ гишгэж чадахгүй байсан тэгээд хөлийг нь харахад баруун хөл нь гулжганаад байх шиг байхаар нь хөл нь хугарсан байна гаж мэдээд ******ийн машинд суулгаад эрүүл мэндийн төвд авчирч их эмч ******* үзүүлэхэд баруун хөлийн шилбэний яс нь хугарсан байна гэж хэлсэн тэгээд цагдаагийн байгуулагд мэдэгдэж ******** ахын төрсөн эгч ******** эгч ирсэн Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,
8.Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 23 цагийн үед би ах ******* хамт сумын төвийн дэлгүүрүүдийн урд "...Тухайн өдөр нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний ****** эгчийн дэлгүүрийн урд талд нь явж байхад ********* эгчийн охин ****** дэлгүүрээсээ гарч ирсэн тэгэхэд ********* ах баруун хотон руу мотоцикл руу маань байгаа бид хоёрыг хүргээд өгөөч гэж гуйхад за тэгье гэсэн. ********* ахын урд талд явж байхад зүүн гар талын машины толиор нь хүн шүргэх шиг болоод ****** эгч баруун гар тал руугаа машины дараад замаас гараад зогсоод бид гурав буугаад хартал машинаас 3 метрийн зайд машины ар талд манай сумын ******** ах газарт уначихсан шороон зам дээр дээшээ хараад хэвтэж байсан. ******** ах бид хоёр ******** ахыг ****** эгчийн машинд суулгаад эрүүл мэндийн төвд авчирч их эмч Зундуйд үзүүлэхэд баруун хөлийн шилбэний яс нь хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед 30 гаран километр цагийн хурдтай явж байсан байхаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,
9.Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.********* 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаартай “...Ц.********ын биед баруун шаант, тахилзуур ясны битүү хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53-р хуудас/,
10.Иргэний нэхэмжлэгч С.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмт хэргийн улмаас... хохирогч Ц.******** нь 1,642,860 төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
11.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай "...Ц.********ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 120-121-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.****** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнийн 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын ******** багийн нутаг дэвсгэрт **** ХЭҮ улсын дугаартай "Toyota prius" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно.”, а-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчиж хохирогч Ц.********ын эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны битүү хугарал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг нь жолооч авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хор уршгийг хүсээгүй боловч бий болгосон буюу бусдын эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ц.****** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх зөрчлүүд гаргасны улмаас хохирогч Ц.********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Ц.******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.******ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.******ийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлэээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЕГО0826/30 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.********ын сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон.
Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч Ц.********ын сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэлийн 12.99 (арван хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,288,080 (арван сая хоёр зуун наян найман мянга ная) төгрөгөөр тогтоов.
Хохирогч Ц.********аас хэрэгт өгсөн баримтуудаас 1,291,871 (нэг сая хоёр зуун ерэн нэгэн мянга найман зуун далан нэг) төгрөгийн хохирлын баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Ц.******ээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.****** нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,642,860 (нэг сая зургаан зуун дөчин хоёр мянга найман зуун жар) төгрөг төлж барагдуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.******ээс 11,579,861 (арван нэгэн сая таван зуун далан есөн мянга найман зуун жаран нэг) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.********т олгуулж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
4.Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.****** цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ц.****** нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,642,860 (нэг сая зургаан зуун дөчин хоёр мянга найман зуун жар) төгрөг төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ********* ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.****** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Ц.******т оногдуулсан эрх хасах ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.******ээс 11,579,861 (арван нэгэн сая таван зуун далан есөн мянга найман зуун жаран нэг) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.********т олгуулсугай.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.****** цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ц.****** нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,642,860 (нэг сая зургаан зуун дөчин хоёр мянга найман зуун жар) төгрөг төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР