Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/00226

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/00226

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Ажлын хөлс 2 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч ***********

нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

/Хариуцагчийн төлөөлөгч*******д шүүх хуралдааны товыг 2024.01.04-ний мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй талаарх баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

  Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ********** хариуцагч ************** ХХК-д холбогдуулан ажлын хөлс 2 100 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие *************, *************** ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр ажиллах гэрээ хийж******* хаусны манаачаар ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай гэрээ хийж ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгах цаашид ажилласан энэ хугацаанд ажиллах цалин хөлсийг сар бүр 600 000 төгрөгөөр тооцон бодож олгохоор болсон. Дээрх гэрээт хугацаанд ажилласан цалинг сар бүр тооцон бодож олгодог байсан. Мөн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээг дахин сунгах сар бүр 600 000 төгрөгөөр тооцож олгоно гэсэн боловч 2023 оны 6, 8, 9, 10-р сарын цалинг өгөөгүй. Миний бие нь тухайн гэрээт хугацаанд байгууллагад хохирол учруулж байгаагүй, ажлаа хариуцлагатай хийж байсан. Миний бие нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр******* хаусны объектуудыг захирал **********-д хүлээлгэн өгч, олгогдоогүй цалинг 2 100 000 төгрөгөөр тогтоож, бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй хохироож байна. Иймд тухайн саруудын цалин 2 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.08.24-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээ, 2023.01.15-ны өдрийн х/01 дугаар хөлсөөр ажиллах гэрээ, цалин өгсөн талаарх баримт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-11/

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний гар утсанд үзлэг хийж, Хаан банкны******* тоот данс болон******* ХХК-ийн******* тоот дансны мэдээлэлд үзлэг хийж, тэмдэглэлийг хавсаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

1.      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Тус байгууллагад 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай гэрээ хийж ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан энэ хугацаанд ажиллах цалин хөлсийг сар бүр 600 000 төгрөгөөр тооцон бодож олгохоор болсон. Мөн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээг дахин сунгах сар бүр 600 000 төгрөгөөр тооцож олгоно гэсэн боловч 2023 оны 6, 8, 9, 10-р сарын цалинг өгөөгүй. Миний бие нь тухайн гэрээт хугацаанд байгууллагад хохирол учруулж байгаагүй, ажлаа хариуцлагатай хийж байсан. Иймд 2 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлав.

2. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр *******************таун хаусын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллаж, гэрээг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай байхаар, нэг сарын 500 000 төгрөгийг цалинтай байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 4-7/

Үүний дараа 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дугаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр, таун хаусын харуулаар ажиллаж, сар бүр 600 000 төгрөгийг цалинтай, гэрээ нь 2023 оны 02 дугар сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр харилцан тохиролцсон байна.

4. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж заажээ.

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны цалинг өгч байсан болох нь түүний Хаан банкны 5749489196 тоот дансанд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 11-р талд тус компанийн төлөөлөгч*******ын ...11.06 өдөр цалинг буулгахаар тохиров. ...2,1 сая төгрөг өгөхөөр тохиров. гэсэн баримт авагдсан байна.

5. Дээрхээс дүгнэхэд хийх ажил нь тодорхой байх, ажлын хөлс тохирсон байх шаардлагатай бөгөөд Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө, 360.2-т зааснаар шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болохоор заасан байх ба нэхэмжлэгч нь дутуу авсан ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

6. Иймд хариуцагч-иас ажлын хөлс 2 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************ ХХК-иас ажлын хөлс 2 100 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 48 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ