Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/916

 

 

 

 

 

 

    2021           10             27                                       2021/ДШМ/916

 

 

П.Ахолбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,  

шүүгдэгч П.А өмгөөлөгч Л.Цэндоо, М.Төмөрцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1855 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор М.Амарзаяагийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлээр П.Ахолбогдох эрүүгийн 2002003390535 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн П.А, 1982 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэст зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

П.А нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч албан тушаалын байдлаа ашиглан, Б.Батсүхийн гаргасан зөрчлийг шийдвэрлэж өгөх итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Од баараар үйлчлүүлэхдээ 52.800 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан 82.800 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ө.Содбаярын гаргасан зөрчлийг шалгаж шийдвэрлэх үедээ 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хорих 407 дугаар анги руу хүргэж өгөх үедээ “унааны мөнгө өгөх ёстой” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 10.000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “тэмдэгтийн хураамжийн мөнгө” гэж итгэл зөрүүлэн хуурч 10.000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориуд бий болгон залилан мэхэлж 20.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 19-20 цагийн үед иргэн Ц.Сүхбатаас “асуудлаа шийдүүлэх үү, надад 200.000 төгрөг аваад ир” гэж утсаар хэлж зөрчлийн хэргийг нь шийдэж өгөх итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тойрог дээр 150.000 төгрөгийг бэлнээр авч залилсан буюу 3 удаагийн үйлдлээр 252.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.А үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.              

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.А нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Од баараар үйлчлүүлэхдээ 52.800 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед 30.000 төгрөгийг шилжүүлэн хохирогч Б.Батсүхээс авсан үйлдлийн тухайд: хохирогч Б.Батсүх нь өөрийнх нь үйлдсэн зөрчлийн хэрэг ямар байдлаар хэрхэн шийдэгдэхийг ухамсарлан ойлгож байсан хирнээ П.А үйлчлүүлсэн баарны төлбөр, архины төлбөр зэргийг төлсөн тухайгаа мэдүүлсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан...өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй байх тул тухайн үйдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь тохирохгүй, зөв зүйлчилж ирүүлэх шаардлагатай.

            Шүүгдэгч П.А нь 2020 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдөр тус тус Ө.Содбаяраас 10.000 төгрөгийг “унааны мөнгө”, “улсын тэмдэгтийн хураамж” гэж хэлж нийт 20.000 төгрөг авсан гэх үйлдлийн тухайд: шүүгдэгч П.А нь зөрчилд холбогдогч нарыг баривчлах байранд албаны болон бусдын тээврийн хэрэгслээр хүргэж өгөхөд гардаг зардал гэж тайлбарлаж байгааг шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлд зааснаар зөрчилд холбогдогч зөрчил үйлдсэн нь тогтоогдвол хэрэг шалган шийдвэрлэхтэй шууд холбогдон гарсан зардлыг зөрчилд холбогдогчоос гаргуулах журамтай. Иймд бодит байдал дээр зөрчилд холбогдогчийг баривчлах байранд хүргэхэд зардал гардаг эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай.

            Хохирогч Ц.Сүхбат нь П.А150.000 төгрөг аваачиж өгч залилуулсан гэх үйлдлийн тухайд: Ц.Сүхбат нь өөрийн холбогдсон зөрчлийн хэргийг нааштай шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн ашиг сонирхолын үүднээс П.А150.000 төгрөгийг сайн дураараа аваачиж өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах”, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжтэй байх тул тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь тохирохгүй байна. Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн үйлдэлд нь хохирогч Ц.Сүхбатыг шалгах, П.Ахолбогдох үйлдлийг зөв зүйлчилж ирүүлэх шаардлагатай байна. Дээр дурьдсан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

  Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчилсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна”, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна” гэж хуульчилсан байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтан нь баривчлах шийтгэлийг оногдуулах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш байх тул П.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл, 22.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх талаар гаргасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд хохирогч Ц.Сүхбат нь өөрийн холбогдсон зөрчлийн хэргийг нааштай шийдвэрлүүлэхээр санал гаргаагүй, 150.000 төгрөгийг сайн дураараа аваачиж өгсөн буюу хахууль өгсөн үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, харин яллагдагч П.А нь баривчлах шийтгэл оногдуулах албан тушаалтан, түүнийг хэрэгжүүлэгдэг субъект биш атлаа “асуудлыг чинь шийдээд өгье” гэж хохирогч Ц.Сүхбатад итгэл төрүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэргийг прокурорт буцаасан гэж үзэж шүүгчийн 2021/ШЗ/1855 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.А өмгөөлөгч М.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурор, мөрдөгч нар хэт нэг талыг барьж П.Аыг яллагдагчаар татсан. ...” гэв.

Шүүгдэгч П.А өмгөөлөгч Л.Цэндоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтэд П.А үйлдлүүдийг бүхэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Уг захирамжид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт холбогдогч зөрчил үйлдсэн болохыг тогтоовол тогтоосон баримтыг үндэслэж холбогдох зардлыг зөрчил гаргагчаас гаргуулахаар хуульчилсан 10.000 төгрөг гаргуулсан асуудлыг П.А аваад идсэн мэтээр зүйлчилсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн “асуудлыг нь зохицуулж өгнө” гэсэн амлалт өгсөн зүйл П.А хувьд байхгүй. Гэтэл зөрчилд холбогдогчоос мөнгө төгрөг өгчих юм бол асуудлыг маань нааштай шийдвэрлэж өгөх юм байна гэж ойлгосон байдаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П.Ахолбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт буй баримтыг судлахад, П.Ахолбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос П.Аыг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглах, бусдад итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилан 252.800 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийн хувьд залилах гэмт хэрэг, эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан ...өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй үйлдэл,зөрчилд холбогдогч иргэн Ц.Сүхбат нь өөрийн холбогдсон зөрчлийн хэргийг нааштай шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн ашиг сонирхлын үүднээс П.А150.000 төгрөгийг сайн дураараа аваачиж өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “хахууль авах”, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “хахууль өгөх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй гэж үзсэн дүгнэлтийг  давж заалдах шатны шүүхээс  буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1855 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Амарзаяагийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Ц.ОЧ

           

                               ШҮҮГЧ                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                    ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ