Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах С.Шинэбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Н.Мөнхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хондогондаш овогт Номингэрэлийн Мөнхболдод холбогдох эрүүгийн 1719000000033 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 7-27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хондогондаш овогт Номингэрэлийн Мөнхболд /ЕЕ99081611/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Мөнхболд нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хатад толгой гэх газарт хохирогч Б.Ядамдоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Мөнхболд шүүхийн хэлэлцүүлэгт: Ядамдорж утсаа өгч бай гэхээр нь миний утас цэнэггүй байна гэтэл намайг Ядамдорж хараагаад, тэгээд намайг боогоод унагаасан. Ганхуяг ах орж ирээд биднийг салгасан. Тэгэхээр нь би босоод Ядамдоржийг өшиглөсөн гэв,

           Шүүгдэгч Н.Мөнхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: .... өвөөгийн гэрт би утсаа цэнэглээд байж байтал Ядамдорж архи уучихсан орж ирсэн ба утсаа өг бай, хүнтэй утсаар ярьна гэж хэлэхээр нь би утсаа цэнэглэж байна, дараа ярь гэж хэлсэн ба миний өөдөс хараагаад байсан. Тэгтэл Ядамдорж миний хоолойноос боогоод унагаасан. Тэгтэл манай хойд аав Ганхуяг гаднаас орж ирээд Ядамдоржийг хугарсан униар цохиод салгасан. Тэгээд Ядамдоржийг хэвтэж байхад нь би нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг / хх-ийн 25 дугаар хуудас / ,

           Хохирогч Б.Ядамдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ганаагийн хүүхэд болох Мөнхболдоос утсаа өгөөч, нэг яръя гэж хэлтэл Мөнхөө утас цэнэггүй байна гэсэн. Тэгэхээр нь би Номио эгчээ утсаа өгөөч гэхэд Мөнхөө битгий давраад байгаарай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би яаж даварсан юм бэ гэтэл Мөнхөө ална шүү гэсэн. Тэгээд бид 2 муудалцаад бие биенээ заамдалцаад байж байтал Ганаа гаднаас орж ирээд миний нурууруу гэрт уначихсан байсан униар нэг цохьсон. Тэгээд би газар унахад Мөнхболд миний нүүр лүү өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

             Гэрч С.Номингэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөнхболдоос утсаа өгөөч ээ гэхэд манай хүү Мөнхболд утсаа цэнэглэж байна, цэнэглэж дуусаад өгье гэтэл Ядамдорж чи утсаа өгөөч гөлөг минь гээд манай хүүд уурласан. Тэгээд утсаа өг гээд Мөнхболдыг Ядамдорж боотол манай нөхөр Ганхуяг орж ирээд гэрт байсан униар нуруун тус газар нь нэг удаа цохьсон. Мөнхболд босч ирээд нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

             Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 294 дугаартай: “... Б.Ядамдоржийн биед дээд баруун 4 шүдний булгарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Ядамдоржийн биед учирсан дээд баруун 4 шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний зөөлөн эдийн нягтрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ” гэсэн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33 / зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Н.Мөнхболд нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хатад толгой гэх газарт хохирогч Б.Ядамдоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай нотлох баримтууд болох Шүүгдэгч Н.Мөнхболдын өгсөн: Ядамдорж утсаа өгч бай гэхээр нь миний утас цэнэггүй байна гэтэл намайг Ядамдорж хараагаад, тэгээд намайг боогоод унагаасан. Ганхуяг ах орж ирээд биднийг салгасан. Тэгэхээр нь би босоод Ядамдоржийг өшиглөсөн гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Ядамдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгэхээр нь би яаж даварсан юм бэ гэтэл Мөнхөө ална шүү гэсэн. Тэгээд бид 2 муудалцаад бие биенээ заамдалцаад газар унахад Мөнхболд миний нүүр лүү өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Номингэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд утсаа өг гээд Мөнхболдыг Ядамдорж боотол манай нөхөр Ганхуяг орж ирээд гэрт байсан униар нуруун тус газар нь нэг удаа цохьсон. Мөнхболд босч ирээд нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 294 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Н.Мөнхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Ядамдорж нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Мөнхболд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хондогондаш овогт Номингэрэлийн Мөнхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Н.Мөнхболдыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхболд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Мөнхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Мөнхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД