| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 473 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 473
Ц.А, Ц.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалтай, Ц.А, Ц.О, Ц.Батдорж нарт холбогдох 1711004100125 дугаартай эрүүгийн хэрэгт үхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 06 болон 07 тоот дүгнэлтүүдийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт Ц.А нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийцүүлэн хасч 2 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосон, Боржигон овогт Ц.О нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хяналтын шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэн 1709015440413 дугаартай эрүүгийн хэрэгт бичсэн дүгнэлтдээ: “...Яллагдагч Ц.А нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 29-243 тоотод оршин суух Ч.Номингийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор 2017 оны 10 дугаар сарын 5-ны орой 21 цагийн үед хууль бусаар нэвтэрч “Acer” загварын 15 инчийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ц.А нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн байх ба Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 29-243 тоотод оршин суух Ч.Номингийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор 2017 оны 10 дугаар сарын 5-ны орой 21 цагийн үед хууль бусаар нэвтэрч “Acer” загварын 15 инчийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь шинээр илэрсэн.
Ц.А нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь шүүхээр шийтгэгдсэн гэмт хэргийн зүйчлэлээс хөнгөрөх, эсхүл хүндрэх ялтай зүйл, хэсэг, заалт биш боловч Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдол биш тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх тухай Эрүүгийн хуулийн заалтыг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалыг хүчингүй болгуулж хэргийг нэгтгэхгүйгээр ял оногдуулах боломжгүй гэж дүгнэж байна.
Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалын Ц.А-од холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэн 1709010760226 дугаартай эрүүгийн хэрэгт бичсэн дүгнэлтдээ: “Яллагдагч Ц.О нь хүч хэрэглэхгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустын задгайд оршин суух иргэн Э.Сайнбуянгийн зуслангийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч 125 грамтай мөнгөн аяга, 68 грамтай мөнгөн аяга, модны үндсээр хийсэн шүрэн толгойтой хөөрөг, дөрвөлжин чулуутай шаргал өнгийн эмэгтэй бөгж, хотон хээтэй шаргал өнгийн бөгж зэрэг эд зүйлс хулгайлж 2.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, дүүргийн прокурорын газраас Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ц.О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жил 3 сар 9 хоног хорих ял шийтгүүлсэн байх ба иргэн Э.Сайнбуянгийн зуслангийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг нь шинээр илэрсэн.
Ц.О нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь шүүхээр шийтгэгдсэн гэмт хэргийн зүйчлэлээс хөнгөрөх, эсхүл хүндрэх ялтай зүйл, хэсэг, заалт биш боловч Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдол биш тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх тухай Эрүүгийн хуулийн заалтыг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалыг хүчингүй болгуулж хэргийг нэгтгэхгүйгээр ял оногдуулах боломжгүй гэж дүгнэж байна.
Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Насанбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын дүгнэлтүүдийг үндэслэн хэргийн материалыг хянахад:
Ц.А нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн байх ба 2017 оны 10 дугаар сарын 5-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 29-243 тоотод оршин суух Ч.Номингийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Acer” загварын 15 инчийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.О нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жил 3 сар 9 хоног хорих ял шийтгүүлсэн байх ба 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн задгайд орин суух иргэн Э.Сайнбуянгийн зуслангийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлж, 2.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Яллагдагч Ц.А-ын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ч.Номингийн гэрээс зөөврийн компьютер хулгайлж 750.000 төгрөгийн, яллагдагч Ц.О-ын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Э.Сайнбуянгийн зуслангийн байшингаас эд зүйл хулгайлж 2.280.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч эдгээр гэмт хэргүүдийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгч нарт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.
Иймд прокурорын бичсэн дүгнэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 06, 07 тоот дүгнэлтүүдийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Ц.А, Ц.О нарт холбогдох эрүүгийн 1709010760226, 1709015440413, 1711004100125 дугаартай эрүүгийн хэргүүдийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН