Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/MA2017/0207

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Очирбал, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээд ОХУ-ын Буриад улсад төвтэй “Олон нийтийн сэргэлт сан” ТББ-ын төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Ц.Баттөмөр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 989 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30ы өдрийн 989 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ганбаатарын “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид байрлалтай 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон 5/6241 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ”....Иргэн Д.Ганбаатар нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид 70 га газрыг морин тойруулга барьж ашиглах зориулалтаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 115 тоот захирамжийг үндэслэн 53 тоот газар ашиглах гэрээ байгуулан дээрх газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд уг газар дээр дэлхийн жишигт нийцсэн морин уралдаан, спорт, морин цирк, аялал жуулчлалын томоохон цогцолбор байгууламж болгох чиглэлээр олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тойргоор морь уралдахад зориулсан хашаа буюу жүчээ, 100 хүн сууж морин уралдаан үзэх боломжтой суудал бүхий байгууламжийг бүтээн байгуулж, Монголын морин спортыг хөгжүүлэх чиглэлээр жил тутам тодорхой үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа билээ. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Т.Отгонбямба манай хуулийн зөвлөх Д.Сэвжидмаад 5/786 тоот мэдэгдлийг гардуулсан бөгөөд уг мэдэгдэлд “...Таны газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр 39.1.1 дэх заалтын дагуу 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2000 оны 53 дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрээний эрх зүйн харилцаа 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна. Иймд газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтын дагуу барьсан хашаагаа 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор буулгаж, газар чөлөөлөхийг мэдэгдэж байна” гэж дурдсанаас гадна миний ашиглаж байсан газрын зарим хэсгийг нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/595 тоот захирамжаар ОХУ-ын Буриад улсын төвтэй “Олон нийтийн сэргэлт сан” ТББ-д давхардуулан олгосон тул “Олон нийтийн сэргэлт сан” ТББ-ын төлөөлөгчдийг өөрийн газартаа нэн даруй нэвтрүүлэх, эсхүл хүч хэрэглэн хашааг буулгах тухай мэдэгдсэн нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсныг олж мэдсэн. Уг мэдэгдэлд дурдсан 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2000 оны 53 дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрээний эрх зүйн харилцаа 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон гэх үндэслэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маш тодорхой дурдсан. Учир нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1022 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн газрын албанаас 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан газрын төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй Д.Ганбаатарт холбогдох, Д.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцээд “Хан-Уул дүүргийн газрын алба, иргэн Д.Ганбаатар нарын хооронд 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 53 бүртгэлийн дугаартай “Аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”-ний эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгааг тогтоолгох тухай” Д.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаяр, Ц.Отгонбямба нар хүлээн зөвшөөрснийг баталсугай” хэмээн шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Хан-Уул дүүргийн газрын алба, иргэн Д.Ганбаатар нарын хооронд үүссэн газар ашиглах эрхийн харилцаа дуусгавар болоогүй, үргэлжилж байгаа болохыг тогтоосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн заасан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 989 тоот шийдвэрт ч дуусгавар болоогүй, үргэлжилж байсан болохыг тодорхой заасан байдаг. Харин захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 989 тоот шийдвэрийг үндэслэх хэсэгт “Хан-Уул дүүргийн Газрын алба болон Д.Ганбаатар нарын хооронд байгуулсан 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд байгуулсан 53 тоот гэрээний хугацаа 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байна” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх бөгөөд шийдвэрийн агуулга ойлгомжтой, тодорхой байх ёстой. Ямар үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан газар ашиглах гэрээг 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон гэж үзсэн тухайгаа хэргийг шийдвэрлэсэн шүүгч шийдвэртээ тайлбарлаагүй байна. Нийслэл, дүүргийн газрын алба, газрын харилцааг зохицуулж, зохион байгуулж байгаа нутгийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэр нь тодорхойгүй байдлаас үүдэн дээрх маргаан үүссэнийг онцлон хэлэх нь зүйтэй. Газрын төлбөр нэхэмжлэх болохоор газрын харилцаа үргэлжилж байгаа хэмээн үзэж, харин газрын төлбөр төлсний дараа газрын эрх дуусгавар болсон гэх утга ойлгомжгүй тайлбарыг хийснээс болж газраа зориулалтын дагуу ашиглах, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байсаар өнөөг хүрлээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд иргэн Д.Ганбаатар нь Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу, тус дүүргийн газрын албатай газар ашиглах гэрээ байгуулсны үндсэнд дээрх газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа байтал газар ашиглах эрх дуусгавар болсон тухай асуудлыг Нийслэлийн газрын алба хөндлөнгөөс шийдвэрлэж байгааг иргэний хувьд ойлгохгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татан “Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид байрлалтай 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох шаардлагын тухайд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлийг анхааралгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал,

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 115 дугаар захирамжаар иргэн Д.Ганбаатарт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид 70 га газрыг морин тойруулга барьж, ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосны үндсэн дээр Хан-Уул дүүргийн Газрын алба болон иргэн Д.Ганбаатар нарын хооронд 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 53 дугаартай газар ашиглах гэрээ байгуулагдсан, гэрээнд газар ашиглах хугацааг 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болохоор тодорхойлсон, уг хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй байна.

Ийнхүү газар ашиглах гэрээний хугацаа дууссан ч нэхэмжлэгч нь тухайн газрыг чөлөөлж өгөлгүй үргэлжлүүлэн ашигласаар байсан тул Хан-Уул дүүргийн Газрын алба шүүхэд хандаж газар ашигласан хугацааны төлбөрөө шаардсан, Д.Ганбаатар сөрөг нэхэмжлэл гаргаж 53 дугаартай газар ашиглах гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгааг тогтоолгохыг хүссэн, улмаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1022 дугаар шийдвэрээр Д.Ганбаатараас 2005 оны газрын төлбөрийн үлдэгдэл болон 2006-2008 онуудын газрын төлбөрт нийт 214.808.000 төгрөг гаргуулахаар, газар ашиглах гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байгааг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу газар ашиглах гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний харилцаа үргэлжилж байгаа гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон маргадаг ч энэхүү шүүхийн шийдвэр нь 2016 он хүртэл хугацаанд Д.Ганбаатарын газар ашиглах гэрээний хугацаа сунгагдсан гэх нотлох баримт болж чадахгүй, харин бичгийн хэлбэрээр байгуулагдсан гэрээний хугацааг нэг удаад сунгагдсанд тооцож газар ашиглах гэрээний харилцаа дуусгавар болоогүй, үргэлжилж байгааг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Учир нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д “…Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж заасан бөгөөд газар ашиглах гэрээний хугацаа 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дууссан ч шүүхийн шийдвэр гарсан 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч гэрээний хугацаа дуусгавар болоогүйг хүлээн зөвшөөрсөн байх тул дээрх хуулийн зүйл хэсэгт зааснаар нэг удаа 5 жилээр сунгагдсантай адилтган тооцох нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоогоос “Өдрийн сонины 2009 оны 11 дүгээр сарын 16-ны 276 дугаарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Д.Ганбаатарын газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай гаргасан мэдэгдлээ  хүчингүй болгохыг хүссэн” 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 168 дугаар албан бичгийг Нийслэлийн газрын албанд, мөн 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 192 тоот албан бичгээр Д.Ганбаатарын газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгож, газар эзэмших гэрээг байгуулах тухай хүсэлтээ Хан-Уул дүүргийн Газрын албанд тус тус хүргүүлсэн байх боловч Хан-Уул дүүргийн Газрын албаны 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09/521 дүгээр албан бичгээр “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3-т заасныг зөрчсөн тул газар ашиглах эрхийн хугацааг сунгах боломжгүй, зөрчлөө арилгаж дахин хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах” талаар мэдэгджээ.

Гэвч нэхэмжлэгч нь дахин газар ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтээ гаргаагүй байх ба Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж зааснаар Д.Ганбаатарын газар ашиглах гэрээний хугацаа 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ.

 Анхан шатны шүүх гэрээ дуусгавар болсон хугацааны талаар зөв дүгнэсэн ч “5 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон” гэж текник алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжаар Монгол Улсын Гадаад харилцааны яаманд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3300 м.кв газрыг Буриад улсын төлөөлөгчийн газар, соёлын төвийг барьж ашиглах зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон байх ба мөн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар дээрх газрыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Оросын Холбооны Улсын Буриад улсад төвтэй “Олон улсын сэргэлт сан” ТББ-д шилжүүлж, 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Ганбаатарын газар ашиглах эрх дуусгавар болсноор тэрээр 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс тухайн газрыг ашиглахтай холбоотой аливаа эрх, үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй болох тул дээрх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд 2187 м.кв газар давхцуулж олгосон үндэслэлээр маргах эрхгүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Харин нэхэмжлэгч нь “Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид байрлалтай 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах”-ыг хүсч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

          Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасан бөгөөд дээрх хуульд заасан хугацаагаар тооцон үзэхэд нэхэмжлэгч Д.Ганбаатарын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

         Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Газрын албаны 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09/521 дүгээр албан бичгээр газар ашиглах эрхийн хугацааг сунгах боломжгүй талаар мэдсэн атлаа гэрээ дуусгавар болсноос хойш даруй 6 жилийн дараа нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 989 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ганбаатарын “Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн дэнжид байрлалтай 70 га газрыг морин тойруулгын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг,  “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН  

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН  

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН