Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00731

 

Г.Цогнэмэхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00801 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 694 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Цогнэмэхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК-д холбогдох,

11.468.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Цогнэмэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 07 дугаар сараас эхлэн “Бишрэлт холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2013 оны 02 дугаар cap хүртэл ажилласан. Энэ хугацаанд миний бие өөрийн нөөц бололцоо, мэдлэг туршлагыг бүрэн дайчлан олон тооны ажлыг цаг харгалзалгүй гүйцэтгэн ажиллаж байсны зэрэгцээ үндсэн ажлаас гадна “Бишрэлт групп”-ийн харьяа “Бишрэлт” ХХК /зочид буудал, ресторан/, “Бишрэлт косметикс энд Фэйшн” ХХК /гоо сайхан болон брэнд хувцас, брэнд барааны дэлгүүрийн сүлжээ/ зэрэг компаниудын гүйцэтгэх удирдлагын үүргийг мөн давхар гүйцэтгэж байсан болно.Гэтэл “Бишрэлт холдинг” ХХК-ийн санхүүжилт байхгүйгээс цалин тасалдах, олгогдохгүй байх гэх мэт асуудал гардаг байсан тул өөрийн бүрдүүлсэн ажиллагсдыг алдахгүйн тулд би өөрийн хувийн хадгаламжаас 11 468 400 төгрөгийг авч үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд ажиллагсдынхаа цалинд тавьж олгосон. Үүнийг одоо болтол буцаан авч чадаагүй. Миний бие дээрх мөнгийг тухайн үед бэлнээр өөрийн туслахаар дамжуулан хүлээлгэн өгч байсан ба надад тухайн үед компанийн санхүүгийн программаас хэвлэн авч байсан, тамга, тэмдэггүй харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээний хуудаснаас өөр баримт үлдээгүй, одоо нөхөж авах боломжгүй болоод байгаа юм.Надад “Бишрэлт холдинг” ХХК-иас санхүүгийн баримттай холбогдох материалыг өгөхгүй байна.Мөн 2011 онд 9 500 000 төгрөгийг өөрөөсөө гарган 2011 оны байгууллагын шинэ жилд зарцуулсан. Энэ нь Худалдаа хөгжлийн банк дах 4060568815 тоот өөрийн эзэмшлийн данснаас 9 500 000 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авсаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн гэрч н.Наранцэцэг, н.Болорчимэг нарын мэдүүлгээр нотлогддог. Иймд “Бишрэлт холдинг” ХХК-иас шинэ жилд зориулсан 9 500 000 төгрөг, цалин 1 968 400 төгрөг, нийт 11 468 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Цогнэмэх нь нэхэмжлэлдээ “Бишрэлт холдинг” ХХК-ийн санхүүжилт байхгүйгээс цалин тасалдах, олгогдохгүй байх мэт асуудал гардаг байсан тул өөрийн бүрдүүлсэн ажиллагсдыг алдахгүйн тулд би өөрийн хувийн хадгаламжаас 11 468 400 төгрөг авч ажиллагсдынхаа цалинд тавьсан” гэх боловч Г.Цогнэмэхийн гаргаж өгсөн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээнд шинэ жилийн арга хэмжээнд зориулсан гэж байгаа нь нэхэмжлэл, баримт 2 агуулгын хувьд зөрчилдөөнтэй байна.Мөн тухайн өглөгийн дансыг үүсгэхдээ кассын орлогын баримтад тулгуурлаж үүсгэдэг бөгөөд ийм баримт байхгүйгээр өглөгийн данс үүсгэсэн нь баримтын шаардлага хангахгүй байна. Г.Цогнэмэх нь тус компанид гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гарган компанид онц их хэмжээний хохирол учруулсан тул компанийн зүгээс гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн үндэслэлийн дагуу иргэн Г.Цогнэмэхийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00801 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 491 дугаар зүйлийн 491.6-д зааснаар хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК-иас 9 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Цогнэмэхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 968 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 166 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 694 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/2016/00801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Иргэн Цогнэмэхийн нэхэмжлэлтэй, “Бишрэлт Холдинг” ХХК-нд холбогдох 11 468 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг нь анх 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ДИХАШ-ны 1 дүгээр шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байдаг бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 734 тоот магадлалаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн өглөгийн данс үүсгэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.Гэвч уг иргэний маргааныг анхан шатны шүүх дахин хянахдаа дээрх зөрчлийг арилгалгүй, хуулиар тогтоосон шаардлага хангаагүй нотлох баримт, нэг талын гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн ДИХАШ-ны 1-р шүүхийн 2285 тоот шийдвэрийг бүрэн эхээр нь хуулж шийдвэр гаргасан байна.Иргэн Цогнэмэхийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хавтаст хэрэгт шүүхийн шийдвэрийг үгүйсгэх хангалттай нотлох баримтууд байна. Үүнд анх цалинд тавьсан гэх утгатай нэхэмжлэл гаргасан байдаг боловч сүүлдээ шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан болж хувирсан, нэхэмжилж буй дүн, картаасаа авсан зарлагын дүн, гэрчүүдийн мэдүүлгүүдийн дүн бүгд хоорондоо зөрүүтэй байгаа, нэхэмжлэгч тал нь санхүүгийн баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч захирамж гаргасан боловч нэхэмжлэгч нь хүсэлтээсээ сайн дураараа татгалзсан, шүүхэд мэдүүлэг өгсөн гэрчүүд нь одоо “Бишрэлт Холдинг” ХХК-д ажилладаггүй, Цогнэмэхийн анхны нэхэмжлэлдээ дурдсанчлан өөрийнх нь тушаалаар ажилд орсон, өөрөөр хэлбэл иргэн Цогнэмэхийн багийн хүмүүс байгаа нь мэдүүлгүүдийн үнэн зөв байдалд эргэлзэх нөхцөл байдал үүсгэж байна.Гэрч Мөнхтуулын мэдүүлгэнд шүүх ач холбогдол өгөөгүй, дан ганц нэг талын гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн хэргийг хянан хэлэлцэхэд шийдвэрлэх чухал ач холбогдол бүхий, хуулийн шаардлага хангасан бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт нэг ширхэг ч байхгүй.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нь нотлох баримтаа бүрдүүлж чадахгүй байгаа тохиолдолд иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд хохирсон гэж үзэж байгаа бол эрүүгийн журмаар шалгуулах боломж нь нээлттэй байгаа гэж үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                       ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Цогнэмэх нь байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааны зардалд хувийн данснаас 9 500 000 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй болжээ.

Харин шүүх Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6.-д заасан зохицуулалтыг баримталж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай болжээ. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6.-д зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Цогнэмэхийн үйлдэлд хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК-ийн үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэх зарим шинж байгаа боловч хэний өмнө хүлээсэн хариуцагчийн ямар үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх нь тодорхой бус байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2.-т заасан зохицуулалт илүү тохирохоор байна. Иргэний хуулийн 496 дугаар 496.2.-т зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд  түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Г.Цогнэмэх нь хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээнд хувиасаа хөрөнгө гаргасан тул гаргасан зардлаа шаардах эрхтэй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 694 дүгээр магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00801 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6.-д” гэснийг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2.-т” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН