Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2024/00054

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2024/00054

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** дүгээр баг, *** *** тоотод оршин суух, *** овогтой ***-н ***-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч ***, гэрч ***, ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овогтой *** миний бие 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр анх ***-д дагалдан ***-аар орж, мөн 2011 онд *** мэргэжлээр төгсөж тус байгууллагад ***-ы мэргэжлээр ажиллаж амьдарч ирсэн. Энэ хугацаанд буюу өнөөдрийн байдлаар *** даргаас 4 удаа халагдах тушаалыг хүлээн авч байна. Тухайн өдөр би архи уугаагүй байсан. 1 дүгээр ангийн хүүхдийнхээ хичээлийг хийлгээд сууж байхад *** дарга орж ирээд чи ингэж хүүхдэд хичээл заамааргүй байна, би насаараа хүүхдэд хичээл заасан, ингэж хичээл заахгүй гэж уурлахаар нь би бухимдаж *** даргатай маргалдсан. Түүнээс *** даргатай маргалдаагүй, архи уугаагүй. *** дарга архи уусан гэх шалтгаанаар намайг ажлаас халсан, тухайн өдөр би ямар нэгэн байдлаар архи уугаагүй. Гэтэл ажил олгогч***-гын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг дахин давтан гаргасан, цахим орчинд бүдүүлэг үг хэллэг хэрэглэж бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл оруулан харилцааны ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж ажлын хариуцлага алдсан гэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Иймд ***гын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн б/96 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ***-ы ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсны хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

3. Хариуцагчийн тайлбар: *** нь 4 удаа удаа халагдсан гэж байна. 2 удаа халагдсан болов уу? 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаа хийж байхад ангийн багшаас зурвас ирсэн. Зурвасыг нотлох баримтаар хэвлэж өгсөн. ***-ыг хамт олон *** гэж дууддаг. Зурвасаар *** согтуу ирсэн байна. та ороод ирээч гэж хэлсэн. Зурвасын дагуу найрал дууны ангид очсон. Намайг ороход *** хэл ам нь ээдэрсэн, өндөр дуутай, илт согтуу байдалтай байсан. Намайг ороход *** сууж байсан, *** дарга гараад явсан байсан. Та согтуу байна явж амар гэсэн шаардлагыг тавьсан. Тухайн үед хүүхдээ дагуулаад явж байсан. Би ангиас нь дагуулж гаргаад явж амар гэхэд би эрүүл байна яахаараа явдаг юм гэж хэлсэн. Шатан дээр надтай маргалдсан. Би 2 давхраас 1 давхар руу буулгахад нохойн гөлөг гэж хэлээд бууж явсан. Нохойн гөлөг гэсэн яриа жижүүрийн камерт бичигдсэн байгаа. Жижүүрийн камер дуу дүрстэй нь бичдэг. Үүдэнд байдаг камер зөвхөн дүрс бичдэг. Тийм учраас нохойн гөлөг гэсэн яриаг бичиж баталгаажуулсан байгаа. Согтуу байсан гэдгийг ангийн багш болон жижүүр, би өөрөө батална. Мөн жижүүрийн дэвтэрт бичигдсэн байгаа. Ер нь байгууллагын дарга, байгууллагын уран сайхны зөвлөл эрүүл байхад нь ажлаас нь чөлөөлсөн гэсэн ойлголттой байгаад байна гэдэг харамсалтай байна. Миний тухайд бүр ч байхгүй. Ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байгаа хүнийг хөдөлмөрийн хууль болон дотоод журмыг буруу ашиглаад өөрөө буруу шийдвэр гаргаж байна гэсэн ойлголттой байгаа нь үнэхээр харамсалтай байна. Би 10 жил ***-ын ажлыг хийж байна. Ер нь байнгын архины асуудал яригддаг. 2020 оноос хойш 7 удаа сахилгын шийтгэл оногдуулсан 8 дахь удаад нь ажлаас нь чөлөөлсөн байгаа. Урьд 4 удаагийн амлалтыг бичиж өгч байсан. Амлалтаа биелүүлэхгүй бол ажлаасаа шууд чөлөөлөгдөнө гэж бичсэнийг хэрэгт хавсаргасан байгаа. Уран сайхны зөвлөлийн 100 хувийн саналаар 13-ны хурал дээр ярилцаж, санал нийлж ажлаас чөлөөлсөн. 2023 оны 10 дугаар сарын 03-ны бичлэг CD-д байгаа. Үүнд жижүүртэй түлхэлцээд согтуу гарсан бичлэг байгаа. Жижүүр дэвтэр дээр тэмдэглээд маргааш нь надад танилцуулж байсан. Би мэдэж байсан ч зүгээр өнгөрөөсөн. Мөн сарын дараа энэ асуудал гарсан учраас би ажлаас чөлөөлсөн. 10 дугаар сарын 03-ны асуудлыг яагаад зүгээр өнгөрөөсөн гэхээр энэ хүний бүх сахилгын шийтгэл нь тулчихсан. Сануулсан, цалингийн хувь авсан, дагалдан дуучин болсон. Дараагийн арга хэмжээ нь ажлаас чөлөөлөх л байсан. Эхний асуудал нь яригдаж дуусаагүй байхад 11 дүгээр сарын 09-нд дахин дээрх үйлдлийг гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-***-гын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/96 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын конандсан хуулбар,

-***-гын 2001 оны 11 дүгээр сарын 13-н өдрийн 84 дугаартай Ажилд авах тухай тушаалын конандсан хуулбар,

-***-ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

5. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:

-***-гын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтаар баталсан ***-гын хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-гын ***-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

-***-гын *** албан тушаалын тодорхойлолт,

-***-гын даргын 2020 ны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай ***-дийн сахилгын шийтгэлийг цуцлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-гын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/11 дугаартай ***-дэд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-гын даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/57 дугаартай ***-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-гын даргын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаартай Ажилтнуудад сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-гын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/94 дугаартай ***-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-гын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/136 дугаартай ***-дэд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-гын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/57 дугаартай ***-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-гын даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/19 дугаартай ***-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-гын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/96 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-***-ы ***-нд бичсэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гар бичмэл,

-***-ы *** танаа амлалт бичих нь гэх 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гар бичмэл,

-***-ы *** танаа амлалт бичих нь гэх 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гар бичмэл,

-***-ы *** танаа гэх 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гар бичмэл,

-***-гын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаартай уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл,

-Цагийн бүртгэл, хурлын тэмдэглэл, жижүүрийн тэмдэглэл гэх дэвтрүүд, 2 ширхэг CD бичлэг,

6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч тал ...***-гын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг дахин давтан гаргасан, цахим орчинд бүдүүлэг үг хэллэг хэрэглэж бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл оруулан харилцааны ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж ажлын хариуцлага алдсан гэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Иймд ***-гын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн б/96 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, найрал дуу, дуучны ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсны хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

4. Хариуцагч ***-гын дарга *** ...*** нь ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг давтан гаргасан. Цахим орчинд бүдүүлэг үг хэллэг хэрэглэж бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл оруулан харилцааны ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж ажлын хариуцлага алдсан тул ажлаас нь чөлөөлсөн байгаа, энэ талаар удаа дараа гаргаж ажлын хариуцлага алдсан тул ажлаас нь чөлөөлсөн байгаа. Энэ талаар удаа дараа өөрт нь болон хамт олны дунд нь сануулж, *** нь дахиж алдаа дутагдал гаргахгүй талаараа амлалт бичиж, амлалтаа зөрчсөн тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдөхөд гомдол байхгүй гэсэн боловч өөрөө амлалтандааа хүрч чадахгүй байсан тул ажлаас чөлөөлсөн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлаж татгалзжээ.

5.Үйл баримтын талаар:

Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч *** нь ***-д ***-аар ажиллаж байсан болох нь тушаалууд ***-гын ***-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

6. Улмаар ***-гын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/96 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 пдэх заалт, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.8.1 дэх хэсэг, 11.2.9 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 8.2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дуучин *** нь 2023 оны 11 сарын 09-ний өдөр ажлын цагаар, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг дахин давтан гаргасан, цахим орчинд бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл оруулан харилцааны ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж, ажлын хариуцлага алдсан тул 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Талуудын маргааны зүйл нь *** нь 2023 оны 11 сарын 09-ний өдөр дээрх хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан эсэх талаар маргаж байна.

7. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч *** нь 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс ***-гад ***-наар томилогдон ажиллаж эхэлснээр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж заажээ. Тус аймагт хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс байгуулагдаагүй байна.

Иймд ***-ы ажлаас үндэслэлгүй халагдсан гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргана гэж заажээ.

Энэхүү ажлаас чөлөөлсөн ***-гын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/96 дугаартай тушаалыг нэхэмжлэгч *** нь эс зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

10. Нотолгооны хувьд:

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монголын улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан.

Ажилтны энэ эрхэд ажил олгогч халдахдаа буюу хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр, хуулийг зөв хэрэгжүүлэн цуцлах юм. Өөрөөр хэлбэл үндэслэлийг бодитой тогтоож, гэрээ цуцлах үйл явцаа зөв хэрэгжүүлэх явдал юм.

Талууд хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд мэтгэлцэхдээ нотолгооны хуваарийн хувьд хариуцагч буюу ажил олгогч өөрийн гаргасан шийдвэр тушаалын хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн байдлыг тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй.

Шүүх хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ талуудын гаргасан нотолгооны хэрэгслүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх шалгуураар авч үзнэ. Энэхүү шаардлагыг хангаж байгаа нотлох баримтыг Иргэний хуулийн 40.1-д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт буюу ажилтанг ажлаас чөлөөлсөн үйл явц, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/96 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.8.1 дэх хэсэг, 11.2.9 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 8.2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дуучин Сандуйн Батсайхан нь ажлын цагаар, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг дахин давтан гаргасан, цахим орчинд бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл оруулан харилцааны ёс зүйн зөрчил удаа дараа гаргаж, ажлын хариуцлага алдсан тул 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно, 78 дугаар зүйлийн 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; Байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.8.1 дэх хэсэг байнгын болон явуулын ажлын байранд, мөн ажлын цагаар, согтууруулах ундаа, мансууруулах бодис үнэртүүлсэн, хэрэглэсэн, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажилд ирсэн, байгууллагын удирдлага (дарга, уран сайхны зөвлөлийн гишүүд)-ээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, үндэслэлгүй гүтгэх, хэн нэгэнтэй үл ойлголцол үүсгэн нэр хүндийг нь хэл амаар доромжлон, хэрэлдэж муудалцсан гэх бүх талуудыг хамтад нь хариуцлага хүлээлгэх бөгөөд харилцааны ёс зүйн зөрчил гаргасан, хүч хэрэглэх болон бусад байдлаар хамт олныг хууль бус, буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татсан, өдөөн турхирсан, мөрийтэй болон хориотой тоглоом, наадгай тоглосон хууль зөрчсөн бусад үйл ажиллагаа явуулсан, 11.2.9 байгууллага дээр ажлын цагаар, ажил үүрэг гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртүүлсэн уран бүтээлч, ажилчдыг нотолгоо баримтад тулгуурлан Уран сайхны зөвлөлийн хурлаар хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар батлагдвал дотоод журам болон бусад хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага хүлээлгэнэ гэж, Хөдөлмөрийн гэрээний 8.2.8 дахь хэсэгт байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.8 дугаар заалтыг зөрчсөн тохиолдолд /9.8.1-9.8.10-р заалтууд бүгд хамаарна/ гэж заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Талуудын маргааны зүйл болж байгаа тухайн өдөр ажилтан *** ажлын байран дээр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх байдал нь нотлох баримтаар хэрхэн тогтоогдож, үгүйсгэгдэж байгаа талаар авч үзэхэд тэргүүн ээлжийн нотолгоог хэрэгжүүлж байгаа ажил олгогч нь нотлох баримтаар уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл, ***-тай хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэл, гэрчүүд, байгууллагын дотоод камерын бичлэг, ... зэргийг шинжлэн судлахад гэрчүүд тухайн өдөр нэхэмжлэгч ***-ыг архи уусан байдалтай хүнтэй маргаж байсан, чанга дуугараад хүнтэй маргаад байсан болохоор архи уусан гэж бодсон гэх зэргээр мэдүүлж байгаа, *** нь тайлбарлахдаа хүнтэй маргалдаж дуу чангарсан гэж няцааж байна.

Гэрчийн мэдүүлэг бол илэрхийгээс бусад тохиолдолд өөр өөрийн өнцгөөс харсан өөр өөрийн дүгнэлт байдалтай харьцангуй субъектив шинжтэй байдаг тул бусад нотлох баримттай харьцуулан судлахад шууд нотлох баримтын чанартай дотоод камерын бичлэгт *** нь илэрхий гуйвсан дайвсан, үг хэл ээдэрсэн зэргээр архи уусан байгаа байдал харагдахгүй байна.

Хөдөлмөрийн хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ажиллагааг хэрэгжүүлсэн байдлын талаар үзвэл байгууллагын бичиг хэргийн ажилтны гар бичмэл тэмдэглэлийн дэвтэрт уран сайхны зөвлөлийн болон бусад хурлын явцыг гараар бичиж тэмдэглэсэн байх ба харин энэ маргааны баримт болох уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл нь уг дэвтэрт гар бичмэлээр эх нь байхгүй, харин хэвлэмэл байдлаар шүүхэд гаргасан нь нотлох баримт эргэлзээгүй байх шаардлагыг хангахгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана гэж заажээ.

Хэрэгт хариуцагч талаас гаргасан хөдөлмөрийн дотоод журам байх ба журмын 9 дүгээрт хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх үндэслэлүүд болон ноцтой зөрчилд тооцох зөрчлийг заасан байгаа боловч шүүх хуралдаанд хариуцагч тайлбарлахдаа дотоод журмыг уран сайхны зөвлөл дээр танилцуулсан, ангиудын багш нар ерөнхийдөө тэнд байдаг гэж тайлбарлаж байгааг нийт ажилтанд танилцуулсан гэж үзэхээргүй байх тул дээрх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр *** овогтой ***-н ***-ыг урьд эрхэлж байсан ажил болох ***-гын дуучны үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

13. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч ***-ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин 2023 оны 08, 09, 10 сарын цалин 1,479,450+1,449,821+1,624,870=4,554,141 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 66 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 4,554,141:66=69,002 төгрөг байна.

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал ажлын 58 өдрөөр тооцож үзвэл ***-д олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 69,002*58= 4,002,116 (дөрвөн сая хоёр мянга нэг зуун арван зургаа) төгрөг байх тул үүнийг ***-аас гаргуулан нэхэмжлэгч ***-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч ***-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ***-д даалгах үндэслэлтэй байна.

14. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 4,002,116 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 78,984 төгрөг, нийт 149,184 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч *** овогтой ***-н ***-ыг урьд эрхэлж байсан ажил буюу ***-гын дуучны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ***-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,002,116 (дөрвөн сая хоёр мянга нэг зуун арван зургаа) төгрөгийг гаргуулан *** овогтой ***-н ***-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч ***-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөхийг ***-д даалгасугай.

4. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 4,002,116 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 78,984 төгрөг, нийт 149,184 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН