Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 140/ШШ2024/00071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын *******т холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын нь манай компанитай 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 015 дугаартай 25,000,000 төгрөгийн тус сумын Хогийн цэг засварлах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш ажлын хөлс болох 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 17,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Гэрээний дагуу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хогийн цэг цэвэрлэх шууж, булах, шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэн дагалдах бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Нийт 25,000,000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч одоо хүртэл үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Тухайн гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл төлөөгүй байна.

Иймд ******* сумын газраас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сум нь 2021 оны 8 дугаар сард сумын хогийн цэгийг шууж эмхлэх ажил гүйцэтгэх гэрээг ******* ХХК-тай 25,000,000 төгрөгөөр хийж тухайн ажлыг хийлгэсэн болно.

Хог шууж эмхлэх ажлыг хийж гүйцэтгэсний 20,000,000 төгрөгийг Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс шийдвэрлэж 5,000,000 төгрөг дутсан билээ.

Үлдсэн 5,000,000/таван сая/ төгрөгийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж батлуулах гэсэн боловч ажлын гүйцэтгэл хангалтгүй, иргэдээс авсан саналгүй тул холбогдох журам зөрчиж хөрөнгө батлах боломжгүй гэсэн хариуг авснаар орон нутгаас шийдвэрлэж олгох боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбарыг ирүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр хийж, уг гэрээгээр ******* сумын төвийн хогийн цэгийг засварлах ажлыг 1 сарын хугацаатай, ажлын хөлсийг гэрээ байгуулж урьдчилгаа 70% буюу 17,000,000 төгрөг, ажил гүйцэтгэсний дараа 30% буюу 8,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийн хөлстэйгөөр 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцжээ.

Иймд дээрх гэрээгээр талууд 750м3 бүхий Завхан аймгийн ******* сумын нутаг багт байрлах хогийн цэгийг засварлах ажлыг хийж гүйцэтгэх, уг ажлыг хүлээлгэж өгөх хугацаа, ажлын хөлс, түүнийг төлөх журмыг тохирсон байгаагаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу захиалагч байгууллагад Завхан аймгийн ******* сумын багт байрлах хогийн цэгийг засварлах ажлыг хийж гүйцэтгэж, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн болох нь ******* ХХК, Завхан аймгийн ******* сумын ******* нарын ажил хүлээлцсэн актаар тогтоогдож байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 20,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл ажлын хөлс 5,000,000 төгрөгийг захиалагчаас гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгч ******* ХХК-тай 25,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргаагүй ба уг ажлыг хийж гүйцэтгэсний 20,000,000 төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс шийдвэрлэж 5,000,000 төгрөг дутсан талаар тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.

Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч Б. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 94950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн ******* сумын газраас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 94950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ