2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/379

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****д холбогдох эрүүгийн 2310031871266 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ***** аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, уулын тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, ***** ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ***** сумын ***** тоотод оршин суух хаягтай, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *****  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ***** овогт ***** ***** (*****),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ***** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ***** нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2310031871266 дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч ***** өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-55 дах тал), гэрч ***** өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар тал), гэрч ***** өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр тал), *****гийн Хаан банк дахь ***** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал), Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29/5613 дугаар албан бичгээр ирүүлсэн *****гийн ***** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /*****гээс15,000,000 төгрөгийн орлого орсон/ (1 дүгээр хавтаст хэргийн 183-204 дэх тал), хохирогч ***** Хаан банк дахь ***** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /***** ***** тоот данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн/ (хавтаст хэргийн 205-206 дахь тал), хохирогч ***** Худалдаа хөгжлийн банк дахь ***** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /***** ***** тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн/ (хавтаст хэргийн 207-208 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн банкны хуулга 2 хуудас баримтыг шинээр өгч,  “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2310031871266 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

шүүгдэгч ***** нь  2023 оны 04 дүгээр сард хохирогч *****д хямдхан автомашин худалдаж авч өгнө гэж итгүүлэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Тоёота ланд крузер 105 маркийн автомашин дуудлага худалдаанд орох гэж байна гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон *****гээр дамжуулан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ***** хотхоноос шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ***** тоот дансаар 15,000,000 төгрөгийг, Голомт банк дахь ***** тоот дансаар 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан хохирогч *****д 25,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

            Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***** “...2023 оны 06 дугаар сарын эхээр манай баз хүргэн болох ***** надад хандан хамаатны дүү Засгийн газрын авто баазаас актлагдаж байгаа авто машинуудыг хямдхан дуудлага худалдаагаар оруулж авч байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод ямар машинууд гарч байгаа юм гэж асуухад Сонота маркийн машин, Ланд-105 гэх мэт машинууд гарч байгаа гэсэн гэхээр нь би Ланд-105 хэд гэж байна гэж асуухад 25,000,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би *****ээс танай дүү чинь яаж ингэж Засгийн газрын авто баазаас хямдхан машин авч байгаа юм ямар ажил хийдэг юм гэж асуухад ***** манай дүүгийн найзын ээж нь Засгийн газрын авто баазад ажилладаг гэсэн тэгээд хямдхан машин авч байгаа гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ***** над руу залгаад маргааш нөгөө машин чинь дуудлага худалдаанд гарах гээд байна өнөөдөр мөнгөө шилжүүлэхгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь би *****д хандан би чам руу шилжүүлье, чи цаашаагаа ***** руу шилжүүлээрэй гэж хэлээд тэр өдрөө буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр *****ий Хаан банкны ***** дугаарын данс руу нийт 25,000,000 төгрөгийг ***** ажлын байран дээрээ байхдаа шилжүүлсэн. Тэрнээс хойш одоог хүртэл худлаа яриад миний мөнгийг болон машин өгөхгүй яваад байгаа... Тухайн өдрөөс 2-3 өдрийн өмнө намайг гэртээ байхад ***** нь манай гэрт *****гийн хүүхдийг авахаар ирсэн. Тэгэхэд нь ***** бид хоёрын хооронд автомашин дуудлага худалдааны талаар яриа өрнөсөн. ***** нь манай нэг найзын ээж нь билүү ах нь Засгийн газрын ордны авто баазад ажилладаг, тэгээд авто баазын актлагдсан автомашинуудыг хаалттай дуудлага худалдаанд оруулах гэж байгаа, хямдхан автомашин худалдан авах боломжтой юм байна гэж итгэж, *****гийн Хаан банкны ***** дугаартай данс руу 25,000,000 төгрөгийг ***** руу шилжүүлээрэй гэж хэлээд шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47, 49-51 дэх тал),

гэрч ***** “...***** гэж миний төрсөн эгч ***** том хүүхэд нь байгаа юм. ***** ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажилладаг. 2023 оны 05 дугаар сарын эхээр ***** нь ***** гэх найзынхаа хамт манай гэрт ирсэн ба найзыгаа Засгийн газрын ордны авто баазаас актлагдаж байгаа тээврийн хэрэгслүүдийг хямдхан худалдаалах гэж байгаа гэж танилцуулсан ба тухайн машинууд нь Соната, Старекс Ланд-105 гэх мэт машинууд байгаа гэж хэлсэн. Манай баз хүргэн ах болох ***** нь хөдөө гадаа явахад өндөрхөн машин хэрэгтэй байгаа гэж ярьж байсан ба тухайн үед ***** ахтай гэрт нь уулзахдаа манай дүүгийн найз нь Засгийн газрын авто баазаас актлагдаж байгаа тээврийн хэрэгслүүдийг хямдхан худалдаалдаг гэж хэлж байсан. ***** ажлаасаа бууж ирээд манай гэрт байдаг байсан юм. Тэгээд Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэл 25,000,000 төгрөгөөр маргааш дуудлага худалдаанд орох гэж байна гэж хэлэхээр нь би ***** ах руу залгаад “Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэл 25,000,000 төгрөгөөр гарч байгаа юм байна маргааш дуудлага худалдаанд орох гэж байна, та мөнгөө шилжүүлээрэй” гэж хэлэхэд ***** ах ахад нь данс бичиж авах зав байхгүй байна би чиний данс руу шилжүүлье чи цаашаагаа *****ы данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний Хаан банкны ***** дугаарын данс руу 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөг ***** ахаас орж ирсэн. Тэгэхээр нь би тэр даруй *****ы Хаан банкны ***** дугаарын данс руу 15,000,000 төгрөгийг “8916 Stalin” гэх утгаар, голомт банкны ***** дугаарын данс руу 5,000,000 төгрөгийг “Бараа захиалга” гэх утгаар, Голомт банкны ***** дугаарын данс руу 5,000,000 төгрөгийг “TSALIN89” гэх утгаар нийт 25,000,000 төгрөгийг ***** руу шилжүүлсэн. ***** нь надад утсаар ярихдаа ийм утгатай хийгээрэй гэж хэлсний дагуу утга дээр нь *****ы хэлснээр нь бичиж гүйлгээг хийсэн. Тэрнээс хойш ***** нь машин болон мөнгийг ***** ахад өгөөгүй... *****ы Хаан банкны ***** тоот данс руу 15,000,000 төгрөгийг гэртээ буюу Хан-Уул дүүргийн ***** дугаар хороо ***** хотхоны ***** байрны ***** тоотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. *****ы Голомт банкны ***** тоот данс руу 5,000,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлэг хийхдээ Хан-Уул дүүргийн ***** хороо ***** хороололд байрлах Хаан банкны Киоск машинаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр тал),

гэрч ***** “...миний мэдэх нэг ч хүн засгийн газрын авто баазад ажилладаггүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал),

гэрч ***** “...Би Засгийн газрын авто баазын захиргаа төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилладаг. 2023 онд акталсан автомашиныг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гарч байгаагүй. Актлах тохиолдолд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргасны үндсэн дээр дуудлага худалдааг зохион байгуулдаг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр тал),

Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 29/5613 дугаар албан бичгээр ирүүлсэн “*****гийн ***** тоот дансанд *****гээс 15,000,000 төгрөгийн орлого орсон талаар дансны хуулга” (1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал),

хохирогч ***** Хаан банк дахь ***** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /***** ***** тоот данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн/ (1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дахь тал),

хохирогч ***** Худалдаа хөгжлийн банк дахь ***** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /***** ***** тоот данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн/ (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал),

хохирогч ***** Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогдоно.

 

Шүүгдэгч ***** нь хохирогч *****д хямдхан автомашин худалдаж авч өгнө гэж итгүүлэн Тоёота ланд крузер 105 маркийн автомашин дуудлага худалдаанд орох гэж байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, *****гээр дамжуулан 25,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авч, өөрийн  өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн объектив шинжийг бүрэн хангаж байна.

  

Харин энэ гэмт хэргийн субьектив шинж нь зөвхөн шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлж авах, захиран зарцуулах идэвхтэй үйлдлүүдийг ухамсартайгаар хийсэн нь түүний өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдсэн атлаа үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч *****д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.

 

Эрүүгийн 2310031871266 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон *****д 25,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн хохирогч ***** Хаан банкны ***** тоот дансанд 25,000,000 төгрөг шилжүүлсэн 2 хуудас баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *****гийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах...”, шүүгдэгчээс “торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэргийг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч  *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох  ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                         

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт ***** *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *****д 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХЦЭЦЭГ