Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2023/05140/И |
Дугаар | 183/ШШ2024/00765 |
Огноо | 2024-02-16 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, Зуучлал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2024/00765
2024 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2024/00765 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр болон нэмэлт зардалд нийт 103 505 204.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,*******,
хариуцагчийн төлөөлөгч*******,
гэрч *****,
нарийн бичгийн дарга Э.Ш нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч **** ХХК хариуцагч ХХК-д холбогдуулан Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр болон нэмэлт зардалд нийт 103 505 204.68 төгрөг гаргуулахаар шаарджээ.
1.1 Нэхэмжлэгч **** ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан *** дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээг байгуулж БНСУ-аас Хятадын Тяньжин боомтоор дамжуулан Улаанбаатарт*******,*******,*******,*******,*******,, дугаар чингэлэг бүхий ачааг Хонгконгоос Монгол Улс, Улаанбаатар чиглэлд тээвэрлэх үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Тээвэр зуучлалын үндсэн үйл ажиллагаа бол зуучлуулагчийн ачаа, барааг тээвэрлэх үүргийг хүлээдэггүй харин гадаад улсын тээвэрлэгч нартай захиалагчийн өмнөөс харилцаж тээвэрлэлтийг зохион байгуулах үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл зуучлуулагчийн өмнөөс тээвэрлэлтийг компанитай харилцан тохиролцож, гэрээ байгуулж, захиалга өгч ачаа барааг захиалгын дагуу хүргэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагааны хүрээнд ачаа, бараагаа шуурхай тээвэрлүүлэхийн тулд зуучлуулагч нь тээвэрлэгчийн шаардаж буй хөлсийг түргэн хугацаанд төлөх зайлшгүй шаардлагатай байдаг юм. Гэтэл хариуцагчийн хувьд тээвэрлэгчийн шаардсан төлбөр хөлсийг цаг тухай бүрт нь төлөөгүй улмаас ачаа бараа саатах шалтгаан бий болсон бөгөөд манай компанийн зүгээс тээврийн хөлс болон бусад зардлыг өөрсдийн зүгээс санхүүжүүлж, өөр тээвэрлэлтийн компанитай хамтран захиалгыг бүрэн биежүүлж ачааг хүргэн өгсөн юм. Гэтэл ХХК нь тээвэр зуучлалын хөлсийг төлөөгүй түүнчлэн ачааг Монгол улсад авчирсны дараа агуулах дүүрсэн шалтгаанаар хүлээж авахгүй удааж нэмэлт чингэлгийн түрээс буюу ашиглалтын зардал нэмэгдэж бодогдон манай компанид хохирол учруулсан билээ. Талуудын байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 4.4-т үйлчлүүлэгч хавсралт үнийн санал эсвэл цахилгаан шуудангийн дагуу тохиролцсон үнийн дүнг энэхүү гэрээний 4.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн үнэ төлөгдөөгүй тохиолдолд үйлчлүүлэгч хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар зуучид алданги төлнө гэж заасан. Үйлчлүүлэгчийн төлөөгүй нийт төлбөр 103 505 204 төгрөг бөгөөд үүний өдрийн алданги 0.5 хувь буюу 51 776 төгрөг байна. Тус алданги төлбөрийг төлж барагдуулаагүй өдрөөр буюу 2022 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 51 752 602 төгрөгийн алданги тооцсон. Иймд хариуцагчаас тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний дагуу 155 257 806 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан тээвэрлэлтийн төлбөр 17 910 ам доллар болон гаалийн талбайн ажил, үйлчилгээ, талбайн зардалд 41 347 833 төгрөг, алданги 51 752 602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. *****ХХК нь нэхэмжлэлд дурдсан тээврийн төлбөр болох 17.910 ам долларыг төлбөр төлөх өдрийн ханшаар тооцон 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нийт 58 456 628 төгрөгийг **** ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлэн төлж барагдуулсан. **** ХХК нь анх гэрээ байгуулах урьдчилсан тохиролцооны үед манай компанийн ачааг нэмэлт төлбөртэйгөөр 40 хоногт багтаан тээвэрлэлтийн хугацаа саатах давагдашгүй хүчин зүйл байхгүйгээр тээвэрлэн хүлээлгэж өгөх амлалтыг өгсөн ба гэрээ байгуулах үед 55-65 хоногт ачааг хүлээлгэн өгөхөөр тохирч гэрээг баталгаажуулсан. Гэвч 2022.02.23-ны өдөр гарсан ачаа тохиролцсоны дагуу 2022.04.29-ний өдөр ирэх сүүлийн өдөр байсан ч 2022.09.06-ны өдөр хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Манай компанийн хувьд тээврийн хөлсийг гэрээний 4.2-т заасны дагуу ачаа ирсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор нэхэмжлэхийг үндэслэн төлөхөөр тохирсны дагуу төлбөрийг шилжүүлсэн тул нэхэмжлэлд дурдсанаар тээвэрлэгчийн шаардсан тээврийн хөлсийг цаг тухайд нь төлөөгүйн улмаас ачаа саатсан нөхцөл байдал байхгүй юм. Гэрээний хавсралт дахь тээврийн үнийн саналд тусгаснаар гаалийн талбайн зардал, түрээс зэрэг зардлууд нь тээврийн үнийн дүнд багтсан зардал тул манайхаас төлөх үндэслэлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт итгэмжлэл, 2022.01.17-ны өдрийн дугаар тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ, төлбөрийн нэхэмжлэлийн баримтууд, төлбөр төлөх хуваарь, ХХК-ийн 2022.08.23-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, **** ХХК-ийн 2022.06.29-ний өдрийндугаар ачааны тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, импортын орлогын тайлан зэргийг ирүүлсэн. /хх-ийн 6-29,75-82/
4. Хариуцагчаас хавтаст хэрэгт мөнгөн шилжүүлгийн баримт, банкаар төлбөр гүйцэтгэх хүсэлт, вайбэр чатны зураг, и-мэйл хаягаар харьцаж байсан баримт, тооцооны дэлгэрэнгүй баримт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 43-44, 58-74/
5. Шүүх талуудын хүсэлтээр***ХХК-аас **** ХХК руу илгээсэн нэхэмжлэлүүд, **, t цахим хуудас болон *****ХХК болон **** ХХК-ийн эрх бүхий ажилтнуудын харилцаж байсан **нэртэй вайбэр групп чатад үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр ***шүүх хуралдаанд оролцуулсан. /хх-ийн 94-96/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан *** дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээг байгуулж Хонгконгоос Монгол Улс, Улаанбаатар чиглэлд тээвэрлэх үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэсэн. Зуучлуулагч нь тээвэрлэгчийн шаардаж буй хөлсийг түргэн хугацаанд төлөх зайлшгүй шаардлагатай байдаг юм. Гэтэл хариуцагчийн хувьд тээвэрлэгчийн шаардсан төлбөр хөлсийг цаг тухай бүрт нь төлөөгүй улмаас ачаа бараа саатах шалтгаан бий болсон бөгөөд манай компанийн зүгээс тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг өөрсдийн зүгээс санхүүжүүлж, өөр тээвэрлэлтийн компанитай хамтран захиалгыг бүрэн биелүүлж ачааг хүргэн өгсөн юм. Үйлчлүүлэгчийн төлөөгүй нийт төлбөр 103 505 204 төгрөг бөгөөд 2022 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 51 752 602 төгрөгийн алданги тооцсон. Иймд хариуцагчаас тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний дагуу 155 257 806 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...*****ХХК нь нэхэмжлэлд дурдсан тээврийн төлбөр болох 17.910 ам долларыг төлбөр төлөх өдрийн ханшаар тооцон 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нийт 58 456 628 төгрөгийг **** ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлэн төлж барагдуулсан. **** ХХК нь анх гэрээ байгуулахдаа ачааг нэмэлт төлбөртэйгөөр 40 хоногт батгаан хүлээлгэж өгөх амлалтыг өгсөн ба гэрээ байгуулах үед 55-65 хоногт ачааг хүлээлгэн өгөхөөр тохирч гэрээг баталгаажуулсан. Гэвч 2022.02.23-ны өдөр гарсан ачаа тохиролцсоны дагуу 2022.04.29-ний өдөр ирэх сүүлийн өдөр байсан ч 2022.09.06-ны өдөр хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан. Манай компанийн хувьд тээврийн хөлсийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн тул нэхэмжлэлд дурдсанаар тээвэрлэгчийн шаардсан тээврийн хөлсийг цаг тухайд нь төлөөгүйн улмаас ачаа саатсан нөхцөл байдал байхгүй юм. Гэрээний хавсралт дахь тээврийн үнийн саналд тусгаснаар гаалийн талбайн зардал, түрээс зэрэг зардлууд нь тээврийн үнийн дүнд багтсан зардал тул манайхаас төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж, маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, үзлэг хийсэн цахим захидал, гэрч *** мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. **** ХХК, ХХК нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дугаар тээвэр зуучлалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр үйлчлүүлэгчийн захиалгын дагуу үнийн саналд заасан тээврийн замналаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж гарах импорт, экспорт агаарын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгчийн нэр дээрх ачаа Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсэд ирсэн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор нэмэлт зардал, тээврийн хөлсний хамт төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-9/
5.1 Дээрх гэрээний дагуу **** ХХК нь БНСУ-аас Хятадын Тяньжин боомтоор дамжуулан Улаанбаатар чиглэлд ** ширхэг, ** фунтын ачааг тээвэрлэх ажиллагаанд зуучилж, ачааг Улаанбаатарт тээвэрлэсэн ирүүлсэн асуудлаар талууд маргаагүй боловч хариуцагч ХХК нь тээвэр зуучлалын хөлсийг төлөөгүйгээс маргаан үүссэн байна.
6. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч **** ХХК нь худалдааны зуучлалын үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тээвэр зуучлалын гэрээг байгуулсан байна.
6.1 Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байна.
6.2 Нэхэмжлэгч *** ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлэх, хариуцагч *****ХХК нь хөлс төлөх үүргийг хүлээж оролцсон ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талуудын хооронд тээвэр гэрээний зуучийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
6.3 Нэхэмжлэгч **** ХХК нь тээвэр зуучлалын гэрээнд зааснаар үйлчлүүлэгчийн захиалгад заасан ачааг тээвэрлэх, тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг үзүүлж, гэрээнд зааснаар үйлчлүүлэгчид ачааг шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-т заасны дагуу зуучлагчийн эрх эдэлж, хариуцагчаас гэрээгээр тохирсон төлбөрийг шаардах эрхтэй.
7. Хариуцагч нь алданги шаардах эрхгүй, гаалийн талбайн зардал, түрээс зэрэг зардлуудыг төлөх үндэслэлгүй гэж маргаж байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөхгүй үндэслэлээ Манай компанийн хувьд тээврийн хөлсийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн. Гэрээнд зааснаар гэнэтийн давагдашгүй ямар ч нөхцөлд ачааг тээвэрлэлтийн хугацаанд хүлээлгэн өгөхөөр тохирсон. Гэвч гэрээний хугацаанд ачааг хүлээлгэн өгөөгүй, үндэслэлгүйгээр хугацаа хэтрүүлсэн. Хятадын Тяньжин боомтод ачаа удааширсан шалтгаан нь тээвэрлэгч **** ХХК төлбөрөө төлөөгүйтэй холбоотой бөгөөд энэ нь манай илгээгч компани буюу ****компаниас 2022.04.19-ний өдөр манайд ирүүлсэн э-майлаар тогтоогдож байгаа. Мөн гэрээний хавсралт дахь тээврийн үнийн саналд тусгаснаар гаалийн талбайн зардал, түрээс зэрэг зардлууд нь тээврийн үнийн дүнд багтсан зардал тул манайхаас төлөх үндэслэлгүй. гэж маргаж, тус захидлуудад үзлэг хийлгэж, энэ талаар гэрч *****г асуулгасан байна.
7.1 Хэргийн баримтаас, Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас хол хориогийн нөхцөл байдал үүссэн, улмаар улс хоорондын ачаа тээвэрлэлт зогсонги байдалд орж удааширсан, энэ нь БНХАУ-ын Тяньжин боомтод үүссэн нөхцөл байдалд нөлөөлж, ачаа тээвэрлэлт удааширсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.
7.2 Дээрх 6 ширхэг 40 футын чингэлэгт ачаа Улаанбаатарт 2022 оны 07 сарын 30-ны өдөр ирсэн талаарх баримт хэрэгт авагдсан, түүнчлэн уг ачааг 2022 оны 09 сарын 6-ны өдөр хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй хэдий ч ачааг хүлээлгэж өгөх явцад хугацаа алдаж, удаашруулсанд талууд хэн аль нь буруутай гэж маргаж байна.
7.3 хариуцагчийн хүсэлтээр шүүх харилцан бичсэн э-майлууд болон ***, * нэртэй вайбер чатад үзлэг хийж, баталгаажуулсан баримтуудаар дээрх ачааг хүлээлгэн өгөх бичиг баримтыг нэхэмжлэгч тал удаашруулж, улмаар хариуцагч нь гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг удаашруулсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байхаас гадна, талуудын хооронд байгуулагдсан Тээврийн зуучлалын үйлчилгээний, дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар харилцан дүгнээгүйгээс дээрх маргаанууд үүссэн байна.
Тодруулбал, талууд гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн талаар болон хугацаа хэтрүүлсэн, түүнчлэн алданги тооцох үндэслэл байгаа эсэхийг талууд харилцан тооцоо нийлж, баталгаажуулалгүйгээр нэхэмжлэгч нь хугацаа хэтэрсэн үндэслэлээр алданги тооцож, төлөх төлбөрөөс хасаж, 2023.09.20-ны өдөр 58 456 628 төгрөгийг /17 910 ам.доллар/ шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.
7.4 Иймд хариуцагч *****ХХК нь гэрээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул 17 910 ам.доллар буюу 62 157 371 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шүүх үзлээ.
8. Нөгөөтэйгүүр, 2022.07.30-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн ** ширхэг ** футын чингэлэгт ачааг авчирсны дараа хүлээлгэж өгөх хүртэл буюу 2022.09.06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь***ХХК-ийн талбайг ашиглаж, ***** ХХК-ийн чингэлгийг түрээсэлж байсан болох нь тогтоогдож байх ба уг зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шаардсан нь талуудын байгуулсан гэрээний 2.6-т Үйлчлүүлэгч ачааны гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаанд гарсан хадгаламж, тээврийн хэрэгслийн түрээс болон бусад холбогдох зардлыг хариуцан төлөх гэж заасантай нийцсэн байна.
8.1 Гэвч дээр дурдснаар ачааг хүлээлгэн өгөх, хүлээн авах үед талууд хэн аль нь хугацаа хэтрүүлсэн буруутай үндэслэл тогтоогдсон тул дээрх нэмэлт зардалд нэхэмжилсэн 41 347 833 төгрөгийн шаардлагаас 50 хувь буюу 20 673 165 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т үйлчлүүлэгч хавсралт үнийн санал эсвэл цахилгаан шуудангийн дагуу тохиролцсон үнийн дүнг энэхүү гэрээний 4.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн үнэ төлөгдөөгүй тохиолдолд үйлчлүүлэгч хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар зуучид алданги төлнө гэж заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан байна.
9.1 Гэвч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ цуцлагдсан, мөн гэрээнд заасан тээвэрлэлтийн хугацаа болон тээвэрлэлтийн зардал, үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлж гэрээг дүгнэсэн баримтгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх гэрээ цуцлагдсанаас хойш бүтэн 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа дээрх нэхэмжлэлийг гаргаж, алданги гаргуулахаар шаардсаныг хуульд заасан үндэслэлгүй гэж дүгнэв.
10. Нэхэмжлэгч нь төлбөрийн тооцоог нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн ам.доллартой харьцах ханшийг 3470.54 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
10.1 Иймд хариуцагч *************** ХХК-иас тээвэр зуучийн гэрээний дагуу тээвэрлэлтийн төлбөрт 62 157 371.4 төгрөг, нэмэлт зардал 20 673 916.5 төгрөг, нийт 82 831 288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 72 426 518 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
12. Нэхэмжлэгч **** ХХК нь 2023.11.17-ны өдрийн шүүх хуралдаанд***ХХК-аас **** ХХК руу илгээсэн нэхэмжлэхүүдэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, шийдвэрлэсэн ба үзлэгийг 2024 оны 01 сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны өмнө үзлэгийг хийхээр товлосон хэдий ч нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байх нэхэмжлэгч талыг төлөөлж ирсэн******* нь үзлэг хийлгэхээр авчирсан нөүтэбүүк болохгүй байна. гэсэн тайлбарыг гаргаснаар үзлэгийг хийх боломжгүй байдал үүссэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь 2024 оны 02 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 82 831 288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 72 426 518 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 092 480 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 572 106 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ