Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 137/ШШ2024/00044

 

 

 

 

 

     2024        03         01                             ...   

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: .... тоот хаягт байрлах, ... ХХК /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ... онд төрсөн,...настай, ..., Дорноговь аймгийн Замын-Үүд сум, .... тоотод оршин суух, Б овогт Ө-ын И /РД:..., утас: .../,

Хариуцагч: ... онд төрсөн, ... настай, ..., Дорноговь аймгийн Замын-Үүд сум, .... тоотод оршин суух, Х овогт Д-ийн Б /РД:..., утас:.../ нарт холбогдох 

Тээвэрлэлтийн гэрээнээс эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол  100,677,152 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөг гаргуулах, мөн хариуцагч Д.Б-аас цонхны 1500*2000*4 мм хэмжээтэй 10 хайрцаг, цонхны 1650*2200*4 мм хэмжээтэй 16 хайрцаг шилийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /цахим/, хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Д.Б, хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгч О.Ү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагын БНХАУлс дахь нийлүүлэгчээс ирүүлж байсан ... болон .... дугаартай чингэлэгт ачигдсан цонхны шил нийт 26 авдар барааг иргэн Ө.И нь Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбай хүрэх хооронд автомашин дээрээс унагаж осол гаргасан. Үүссэн хохирлын асуудлаар Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн болон Цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай тухай бүр нь мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас үүссэн хохирлын асуудлаар шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр нийт 100,677,152 төгрөгийн хохирол учраад байгаа талаарх дүгнэлтийг гаргасан. Ослын улмаас үүссэн хохирол 100,677,152 төгрөг, 2 ш чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөгийг хариуцагч Д.Б, Ө.И нараас гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ковид-19 өвчин гарсантай холбоотойгоор Улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүс, Замын-Үүд сумын нутгийн захиргааны байгууллага болон Замын-Үүд боомтын хилийн хяналт, шалгалтын байгууллагыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тусгай горим тогтоосонтой холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн... дугаар захирамжаар "Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам"-ыг баталж, уг захирамжийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжаар хүчингүй болгож, Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан шинэчлэн баталж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Замын-Үүд сумын Засаг дарга Б.А-т чиглэл болгосны дагуу Замын- Үүд сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар "Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам"-ыг баталсан байна. Уг түр журмаар Эрээн-Замын-Үүд боомтоор чингэлэг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байсан бөгөөд Хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайгаас чингэлгийг тээврийн хэрэгсэлд ачих, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлэх ажлыг "...” ТӨХК-ийн ажилчид, чингэлэг ачигдсан тээврийн хэрэгслийг Хил хамгаалах байгууллагын жолооч жолоодож хилийн бүсээс гаргаж импортын тээврийн хэрэгсэл татах жолоочид шилжүүлэх, уг жолооч нь Гаалийн хяналтын бүс /ложистикийн талбай/ хүртэл жолоодох үүргийг гүйцэтгүүлж байсан юм. Дээрх журам хэрэгжиж байсантай холбоотойгоор импортын тээврийн хэрэгсэл татах жолооч нар нь тээврийн хэрэгсэлд хэдэн тонны ямар бараа ачсан чингэлэг ачсаныг мэдэх боломжгүй байдаг юм. Тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлэхгүй чингэлэг ачих, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлэх үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилчид хариуцан гүйцэтгэж, тээврийн хэрэгслийн жинг стандартаар тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх үүргийг Хил хамгаалах байгууллагын жолооч хүлээдэг учир нэгэнт ачигдаад ирсэн чингэлгийг Гаалийн хяналтын бүс рүү хүргэхээс өөр аргагүй юм. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ө.И нь Замын-Үүд сумын иргэн Туулын хүсэлтийн дагуу иргэн Б-ийн эзэмшлийн Beiben North benz маркийн ... улсын дугаартай,... улсын дугаартай чиргүүлийн хамт жолоодон хилийн бүсэд чингэлэг ачих тээврийн хэрэгсэл байрлуулах талбайд байрлуулчхаад, чингэлэг ачигдаж ирэх хүртэл хүлээх хүлээлгийн байранд хүлээж байтал 10 цаг 30 минутын үед Хил хамгаалах байгууллагын жолооч 20 тонны /open top/ 2 чингэлэг ачуулаад тээврийн хэрэгслийг жолоодож ирээд жолоог шилжүүлэхдээ нэлээн хүнд ачаа шүү гэж хэлсэн байна. Тэгээд тээврийн хэрэгслийг жолоодоод 500 метр орчим яваад шороон зам руу салах үед чиргүүл дээр ачсан чингэлэг өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийн чиргүүл дээр унасан үйл явдал болсон байна. Ө.И-ын жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь зургаан тэнхлэгтэй 44 тонны даацтай тээврийн хэрэгсэл юм. Чингэлэг унасны дараа чингэлэгт ачигдсан барааг шалгахад овор ихтэй, нурмаг ачаа ачих зориулалттай задгай чингэлэгт цонхны шилнүүдийг ямар ч бэхэлгээ, хамгаалалтгүй ачсан, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлээгүй, даац хэтрүүлсэн зэрэг нь осол гарахад бүрэн нөлөөлсөн. Замын-Үүд сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн... дугаар захирамжаар баталсан “Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам”-ын 2.1-т "Хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайд чингэлэг шилжүүлэн ачигч техникийн оператор, чингэлгийг автомашинд ачих, автомашинаас буулгахад түгжээг тайлах түгжих 1-2 ажилтан, Хил хамгаалах байгууллагын 1 алба хаагч нар ажиллах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд хил хамгаалах байгууллагаас хяналт тавьж ажиллана”, 4.2.1-т “Чингэлгийн тээвэрлэлтийг "авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий стандарт" MNS 4598- 2020 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр "Ачааны чингэлэг, ашиглалт, аюулгүй ажиллагаа" MNS ISO 3874:2020 стандартын дагуу гүйцэтгүүлнэ" гэж заасан үүргээ хэрэгжүүлж ажилласан бол чингэлэг нурахгүй байх бүрэн боломжтой байсан бөгөөд дараах байгууллагуудын ажилчид ажлын байрны тодорхойлолт, мөрдөж ажиллах дүрэм, журам, стандартуудыг мөрдөөгүй учир гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн чингэлэг шилжүүлэн ачигч техникийн оператор, чингэлгийг автомашинд ачих, автомашинаас буулгахад түгжээг тайлах түгжих ажилтнууд нь: Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартын:

       4.4-т "авто тээврийн хэрэгслийн бүх жин: тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүлийн бүх жингийн нийлбэрээр тооцно”,

       4.6-т "тэнхлэг дээрх ачаалал: нэг буюу хэд хэдэн тэнхлэгээс дугуйгаар дамжин замын гадаргууд үзүүлэх бодит ачаалал"

       -4.12-т "хагас чиргүүл: зүтгүүрт холбон ашиглах зориулалттай нийт массынх нь үлэмж хэсэг нь холбоосоор дамжин зүтгүүрт дээр ирэх чиргүүл",

       -5.8.1.1-т "авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй хагас чиргүүлтэй тээврийн хэрэгсэл хамгийн их жин тонн 44тн",

       -5.8.2-т "Нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11,5 тн, хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тн-оос тус тус ихгүй байна",

       -5.8.4-т "Зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарах тохиолдолд холбогдох байгууллагаас зохих зөвшөөрөл авна.",

       -12.2-т "Чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд жин болон хагас чиргүүлийн тэнхлэгт ноогдох ачааны зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх нийт жингээс 1,5 дахин ихгүй байна" гэж заасныг,

       Мөн MNS ISO 3874:2020 "Ачааны чингэлэг ашиглалт, аюулгүй ажиллагаа" стандартуудыг мөрдөж ажиллаагүй, Хил хамгаалах байгууллагын жолооч нь: Тээврийн хэрэгсэлд ачигдаж байгаа чингэлэг нь тухайн тээврийн хэрэгслийн даацаас хэтрүүлэхгүй ачуулах, чингэлгийг стандартын дагуу тээврийн хэрэгслийн чиргүүлд бэхэлсэн эсэхэд хяналт тавьж замын хөдөлгөөнийг эхлэх бүрэн боломжтой байсан. Учир нь хил хамгаалах байгууллагын жолооч нь хилийн 0 цэг рүү нэвтэрч тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд анх оролцуулж байгаа юм. Дээрх жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн: 24 дүгээр зүйлийн 24.1-т "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.",24.2-т "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.", 24.3-т Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна:

а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй; B/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчиж хөдөлгөөний эхлүүлсэн. Мөн чингэлэг шилжүүлэн ачих ажиллагаанд хяналт тавих Хил хамгаалах байгууллагын ажилтан хяналт тавьж, мөрдөх дүрэм, журам, стандартыг мөрдүүлээгүй ажилдаа хайнга хандсанаас дээрх осол гарсан. Ө.И-т жолоог шилжүүлсэн Хил хамгаалах байгууллагын жолооч нь жолоог шилжүүлэхдээ ямар ачаа бараа ачсан, ачигдсан бараа нь шаардлагын дагуу ачигдсан, жин тонны талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.6-т “Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед түүний илэрхий доголдлын талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг болзол тавиагүйгээс бусад тохиолдолд ачааны сав, баглаа, боодлын улмаас бусдад учирсан хохирлыг ачаа илгээгч хариуцна.", 388.9-т "Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна." Мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.”, 393.4-т Дараах нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө: 393.4.1-т талууд шууд тохиролцон, дагалдах бичигт тэмдэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан; 393.4.2-т ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан; 393.4.4-т тодорхой төрлийн ачааны онцлогоос хамаарч эвдрэх, зэврэх, хатах, элэгдэх, хэвийн алдагдал гарах, асгарах болон мэрэгч амьтдын нөлөөлөл зэргээр хэсэгчлэн буюу бүрэн гэмтэх аюул Ө.И-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлд ачигдсан ачаа бараанд байсан болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.З-ийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтны магадалгаа", 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс тодорхой харагдаж байгаа юм. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.6-д "Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан байх тул Ө.И-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....”гэжээ.

 

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Замын-Үүд боомтоор 2022 оны 11 сарын 25-ны өдөр манай байгууллагын Хятад ард улсын нийлүүлэгч рүүгээ захисан 26 авдар цонхны шил оруулж ирэх  захиалгатай орж ирсэн. Энэ өдөр жолоочоор иргэн Ө.И  гэж хүн Замын-Үүдийн 0 цэгээс ложистик талбай хүртэл тухайн шил ачиж явсан тээврийн хэрэгслийг жолоодсон байдаг. Ингэж тээвэрлэх үедээ Замын хөдөлгөөний холбогдох заалт, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримтлаагүйгээс болж манай компанид хохирол учирсан. Үүссэн хохирлын асуудлаа Замын-Үүд сумын холбогдох албан тушаалтнууд руу мэдэгдээд цагдаагийн байгууллагаас үзлэг шинжилгээ хийгээд хэрэг бүртгэлтийн хэрэг явагдсан байгаа. Нийтдээ хохирлын үнэлгээгээр 100,677,152 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлтийг гаргасан. Энэ нь 2 чингэлгийн бодит хохирол гэж тооцсон. 2 удаагийн шинжээч томилуулсан. Эхнийх дээр нь 100,677,152 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан. Дараагийнх дээр 3,500,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Ингээд хохирол үүссэний дараа Замын-Үүдийн 0 цэг дээр удаан хугацаагаар байсан. Гаалийн хашаанд байсан. Айлын хашаанд аваачиж тавихаар төлбөртэй байсан. Мөн Хятад улсын нийлүүлэгчээс контейнероо авах асуудал гээд үүсэж эхэлсэн. Ингээд контейнерыг чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрч явуулсан. Шилнүүдийг хаях ажлын зардалд 5,500,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл бодит баримтаар 3,000,000 төгрөг байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаасаа хассан байдаг. Анх нэхэмжлэлийг 116,000,000 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 107,117,152 төгрөгийг хариуцагч нараас гаргаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна....Б гуайг яагаад хариуцагчаар татаад байгаа вэ гэх асуудал яригдаад байгаа. Хуульд энэ талаар заасан байдаг. Та энэ тээврийн хэрэгслийг өмчлөгч учир хариуцагчаар татагдсан. Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Сая Б гуай тайлбар хэлэхдээ надад хэлээгүй Туул аваад явсан гэж байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.3-т хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан байгаа. Үнэхээр ийм асуудал байсан бол 2 жил өнгөрч байхад хэлж яриад учраа олох боломж байсан. Одоо ярих асуудал биш гэж ойлгож байна. Хуулийн зохицуулалт ийм байгаа учир Б гуайг хариуцагчаар татсан байгаа. Мөн И-ын төлөөлөгч ярьж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрэм байгаа. Дүрмийн 24.2-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн байгаа. Би хөдөлгөөн үргэлжлүүлэхгүй, ийм байна гэдгээ бүрэн дүүрэн холбогдох албан тушаалтанд илэрхийлээд тээвэрлэхээс татгалзах эрхтэй байсан. Нэгэнт нийтээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөд хөдөлгөөнийг эхлүүлчихсэн байхгүй юу. Үүнээс үүдэлтэй хохирол учирсан. Янз бүрийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй. 100 сая төгрөгийн хохирол гэдэг чинь бага хэмжээний хохирол биш шүү дээ. Адилхан л хохирчхоод явж байгаа. Нэгэнт хохирол учирсан байгаа учир гаргуулна гэж байгаа... Манай компани Бүгд Найрамдах Хятад ард улсаас шил оруулж ирдэг компани байгаа юм. Хохирлын асуудлын хувьд бүгд баримттай, 1-т шинжээчийн дүгнэлт байгаа. 2-т мөрдөгч болон цагдаагийн байгууллагын гаргасан дүгнэлт байгаа. Хохирол учруулсан гэдэг нь тодорхой байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч ээ гэж хүсэж байгаа. Хууль зүйн тайлбарын хувьд Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Энэ чинь өөрөө процессын хуульд тодорхой ойлгомжтой байгаа шүү дээ. Машиныг санаатай болон санамсаргүй эзэмшигч шилжүүлсэн тохиолдолд хохирлын асуудлыг эзэмшигч бүрэн хариуцна гэж заасан. Иймд бусдад тээврийн хэрэгслээ ашиглах боломж олгосон учир тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хувьд төлнө. Мөн жолооч И энэ хохирлыг хариуцах ёстой. Мөн боломжгүй байсан гэсэн асуудлыг ярьдаг. Энэ асуудлыг тухайн үед цагдаагийн байгууллага болон захиргааны шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Одоо бол хугацаа нь дууссан. Энэ бол хариуцагчийн эрхийн асуудал. Гомдол гаргасан бол тухайн үедээ шийдвэрлэгдэх боломжтой байсан. Ийм бодит байдлууд байж байгаа. Жолооч жолоодох боломжгүй гэж үзэх эрх нь өөрт нь байсан. Мэдээж гадны улсаас шил авч бизнес хийж байгаа хүмүүс хайхрамжгүй ачиж өөрсдөдөө хохирол учруулъя гэж хэн ч бодохгүй шүү дээ. Хариуцагч нараас гаргуулах бүрэн үндэслэлтэй байгаа учир хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж хүсэж байна юм гэжээ.

 

Хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Тухайн үед цар тахалтай холбоотойгоор гарсан түр журамд жолооч ямар үүрэгтэй оролцож байсан хаана байрлаж байсан гэдгийг тайлбарлаад өгье. Тухайн үед Хятад ард улсаас орж ирж байгаа чингэлгийг Монгол Улсаас хоосон чиргүүлтэй машин орж авдаг байсан. Энэ нь дээр гэрч Б, Б, Б нар гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн байдаг. Тухайн өдөр хэдэн чингэлэг машин орж ирэх вэ гэдгийг Хятад талаас асуухаар манай Монгол талаас тэдэн машин авна гэж хэлээд гаалиар татаж оруулдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан түр журмаар хилийн 0 цэгээс 2-н хаалт хүртэл буюу И-ын чингэлгээ хүлээж авах байрлаж байсан газар хүртэл хилийн цэргийн жолооч тэр үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн чингэлэг ачигдаад чингэлгийг чиргүүлтэй бэхлэх ажиллагааг төмөр замын ажилчид хийнэ гээд бас түр журам дээр заасан. Хилийн цэргийн жолооч чингэлэгт бэхэлгээ хийгдээгүй учир тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах боломжгүй гэдгийг мэдэгдээгүй шууд И-т аваачаад өгсөн. И-ын зүгээс Замын хөдөлгөөний дүрэмд заасан эрхээ эдлэх боломжтой байсан гэж байна. Гэтэл тухайн жолооч энэ тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэсэн тохиолдолд тухайн чингэлэг хилийн бүсээс гарах боломжгүй. Өөр жолооч очоод машиныг аваад тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах боломжгүй нөхцөл байдал тухайн үед байсан. Мөн түр журам дээр бараа илгээгч нь Замын хөдөлгөөний дүрэм болон стандартад заасны дагуу тээврийн хэрэгсэл дээр ачигдах жин тонныг хэтрүүлэхгүй байна гээд заачихсан. Гэтэл тухайн байгууллагын худалдаж аваад байгаа 26 авдар шил нь өөрөө 40 гаран тонны жинтэй ачаа байгаа. Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан стандартад заасан жин тонноор хилээр нэвтрүүлнэ гэж заасан байхад тэр журмаа өөрсдөө хэрэгжүүлээгүй байна гэж хараад байгаа. Тухайн үед гэрч нар мэдүүлэхдээ бид нар нэг машин дээр хэчнээн чингэлэг байсан нэг л машин дээр ачдаг. 2 чингэлэг ороод ирэхэд бид нар 1 машины чиргүүл дээр салгаж тавих боломж байдаггүй. Ачааг бид нар  багтсан ч багтаагүй ч нэг машин дээр ачаад явуулах ёстой гээд мэдүүлчихсэн байгаа. Тэгэхээр тухайн үед мөрдөгдөж байсан журам, мэдүүлгүүдээр жолооч И замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх боломж байгаагүй. И-ын зүгээс хохирол учруулаагүй гэж үзэж байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байдал, битүүмжлэлийг сайтар шалгана гэж байгаа. Гэтэл тухайн журмаар хилийн цэргийн жолооч машиныг авчраад тавьсан тохиолдолд И үг дуугүй хүнтэй харилцахгүй шууд машиныг унаад явах үүрэгтэй байсан. Тэгэхээр тэр хүн тээврийн хэрэгсэлд ямар ачаа ачигдсан. Ачаа нь бэхэлгээтэй байна уу гэдгийг энэ журмаас шалтгаалаад шалгах боломж байгаагүй. Тэгэхээр Замын хөдөлгөөний дүрмийг шалгах боломж И-т хязгаарлагдсан байсан учир хариуцлагаас чөлөөлж өгнө үү...Гэрч У-ын мэдүүлэг дээр тээврийн хөлсийг тухайн үед компанийн санахгүй байна. Ямар ч байсан 750,000 төгрөг төлсөн гэдэг. Тухайн үед мөрдөгдөж байсан журмын 6.1.4-т боомтын 3-н хаалтаас ачаатай чингэлэг очсон тээврийн хэрэгслүүдийг хүлээн авч гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн хяналтын бүсэд хүргэх үүргийг төрийн байгууллага үүрэг хүлээгээд хариуцлага хүлээнэ гээд заачихсан. Тэгэхээр төрийн бус байгууллага нь хилээс ложистик төв хүртэл аюулгүй хүргэнэ гээд журамдаа заагаад төлбөр мөнгөө аваад байгаа нь хэрэгт нотлогдож байна. Тэгэхээр Б, И нарын хооронд иргэний харилцаа үүсээгүй болохыг шүүх харгалзан үзээсэй. Үнэхээр тээвэрлэлттэй холбоотойгоор гэм хор учирсан гэж үзэх юм бол Иргэний хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан учир И-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэж хүсэж байна” гэжээ.

 

            Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “...Миний бие нь ... ХХК-ний нэхэмжлэлтэй 116,177,152 төгрөг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбараа гаргаж байна. Учир нь тухайн цаг үед ... ХХК-тай ачаа тээвэрлэлтийн талаар тохиролцоогүй, харин Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр, тус ажлын хэсэгтэй тохирсноор тэдний өмнөөс, хүлээн авсан ачааг тээвэрлэсэн тул ... ХХК-ний өмнө хариуцлага үүрэхгүй, бидний хооронд ямар нэгэн тохиролцсон зүйл гэрээний эрх, үүрэг байхгүй. Бид ачаа тээвэрлэлтийг зохих журмаар хүлээн авсан бол тухайн ачааг стандарт бус ачсан байгааг буюу ямар нэгэн бэхэлгээ тоноглолоор бэхлээгүй, уялт чангалалт хийгээгүйгээс үүдэх эрсдэлийг тооцож тавигдах шаардлагын түвшинд бэхлүүлэх улмаар ачааны буюу машины жин тонноор тохируулж ачна. Өмнө нь мөн энэ маягаар шил хагалсан шалтгаанаар улсаас хохирол авч байсан нь санаатай сул бэхэлгээ хийхгүйгээр ачиж осол гаргах нөхцөлийг бүрдүүлж үлдсэн шилийг /хагараагүй байсан/ ямар нэгэн татваргүй үнэгүйгээр ашиглаж буй залилангийн үйлдэл байна. Учир нь ачааг анхнаасаа осол гарах, нөхцөл боломжтой ачих замаар төрд хүлээлгэн өгч, түүний балгаас үүссэн асуудлаас устгал нэрээр эвдрэлгүй шилийг нь ашиглаж байгаа нь хууль бус үйлдэлд миний бие өртсөнд гомдолтой байна. 1. Улс хоорондын тээврийн буюу Хилийн  тэг цэгээс Гаалийн хяналтын талбай хүрэх хүртэл тээврийн гэрээг бид хоорондоо хийгээгүй тул миний бие хариуцагч биш, 2. Хагараагүй шилийг хэрхэн үнэлсэн талаар тодорхойгүй тул гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хариу тайлбар гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Би ... гэх улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч байгаа юм. Тухайн болсон үйл явдлыг би сайн мэдэхгүй байна. Тэр үед 3, 4 эгнээгээр оочирлоод дараалаад зогсдог байсан. Тэр өдөр Т миний машиныг аваад явсан байсан. Надад машиныг чинь аваад явъя гэж яриагүй. Гэтэл жолооч нар таны машин хил дотор чингэлэгтэйгээ унасан байна гэж чатаар хэлсэн. Юу вэ хэн аваад явсан юм бол яагаад хил дээр оччихдог байна гэсэн чинь Т эгч энд явж байна гэж хэлсэн. Тэр үед жолооч нар машинаасаа буудаггүй байсан. Хажуугаар нь зөрсөн жолооч тэгж хэлсэн. Тэгээд Т руу залгаад чи яагаад хүний машин аваад явчхаж байгаа юм гэж хэлэхэд за яах вэ хөгшөөн дараа нь 2-уулаа учраа олж болно шүү дээ тэгж байгаад ярья гэсэн. Ийм учир Т-ыг гэрчээр оролцуулъя гэсэн хүсэлт өгөөд байгаа. Эзэмшигч зөвшөөрөөгүй байхад машиныг маань байсан газраас нь очоод дураараа аваад явсан гэдгийг одоогоор би тайлбарлаж чадахгүй байна. Тийм учраас энэ тайлбарыг Э гэж хүн хийх ёстой. Би сөрөг нэхэмжлэл гаргасан. Э-ын яриагаар бол 1 чингэлэг нь бараг хагараагүй байсан. Нөгөөдхөөс нь авах боломжтой шилнүүд байсан. Тэгээд би хашаандаа авчраад буулгаад байж байхад гаалийнхан хашаандаа буулгаж болохгүй гаалийн хашаанд буулгах ёстой гээд буулгасан гэж байсан. 2023 онд гаалийн байгууллагаас ярьж байна 2 чингэлэгтэй шил хаачсан бэ та энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу гэхэд надад мэдэх зүйл байхгүй наадахаа Э-аас асуу гээд дугаарыг нь өгсөн. Миний зөвшөөрөлгүй миний машиныг аваад явсан. Энд болсон бүх зүйлийг Э мэдэж байгаа учир гэрчээр оролцуулъя гэсэн саналыг гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгч О.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Бид нар хариу татгалзлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж гаргасан. Яагаад гэхээр бид нарын баримталж байгаа хуулийн хувьд эзэмшигч хариуцахаар заасан боловч тухайн үед хийгдэж байгаа процесс ажиллагаа нь цар тахлын үед болсон. Тэр үед эзэмшигч өөрөө тээврийн хэрэгслээ хянах боломж байгаагүй. Энэ тээврийн хэрэгслийг шууд санаатай өгөөд явуулчихсан юм шиг ажиглагдаад байгаа. Гэтэл тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт нэгдсэн зогсоолд байршуулсан байсан. Энэ зогсоолоос зөвхөн жолооч тээврийн хэрэгслийг авч яваад хил дээр ачаа ачигдаад ирсэн тохиолдолд, дундын бүсийн жолооч хүргээд ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг явуулдаг зарчим хэрэгжээд явж байсан. Нэхэмжлэгч компанийн ачаа унасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд Б гэж хүнийг огт мэдээгүй буюу хамааралгүй гэдгийг тодорхойлоогүй байсан.  Т гэж хүн өөрөө авч яваад асуудал гаргасан байна гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн Т гэж хүн би тээврийн хэрэгсэл авч яваад асуудал гаргасан гэдгээ тодорхойлсон. Дараагийн нотолж үзээд байгаа зүйл юу вэ гэхээр нэхэмжлэлийг гаргахдаа Т гэж хүнд тодорхойлж гаргасан. 2-т холбогдогч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б гэж хүнийг танихгүй, Т гэж хүнийг танина гэсэн байдаг. Зөрчлийн хуулийн 4.3-т хохирол нөхөн төлбөрийг гаргуулах талаар энэ асуудал үүсдэг. Шинжээчийн дүгнэлт дээр бид нар маргаагүй, шинжээчийн дүгнэлтээр тээврийн зардлыг гаргаж ирсэн. Өнөөдөр нэхэмжлэгч талаас Хятад талаас авсан гэдэг. Шинжээч тайлбарлахдаа дотоодын зах зээлийн үнийн судалгаагаар үнэлгээгээр гаргаж ирсэн гэдэг. Тэгэхээр энэ үнэлгээн дотор шил шилний үнийг тодорхойлж өгсөн. Гэтэл энэ бараа материал нь өөрөө Бүгд Найрамдах Хятад Ард улсаас импортлогдсон бараа материал байсан учир хилээр гарсны дараа үнэ төлбөр гарсны дараа хохирол төлөх асуудал яригдаад зөрчлийн хэрэг шийдвэрлэгдээд явсан байна гэж хэргийн материалаас харж байгаа. Яагаад хохирол төлбөр төлөгдөх асуудлыг нэхэмжлэл гаргах хүртлээ яриад яваагүй юм бэ. Энэ нь өөрөө хилийн гаалийн хяналтын бүсэд байсан. Хилээр гарах асуудал. Энэ нь дээр У мэдүүлэг өгсөн. Энэ нь дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд тээвэрлэгчид шилжүүлсэн гэж хэлдэг. Тэгэхээр гааль дээр бүрдүүлэлт хийсэн материал байна гэдэг нь ашиглах боломж байсан гэж үзэж байгаа. 2-т хавтаст хэрэгт судалсан. Ачаа барааг ачиж явах үед нэг чингэлэг нь машин дээр унасан. Нэг нь газар дээр унасан. Энэ шилнээс ашиглах боломжтой гэж үнэлгээчин хэлсэн байдаг. Юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр шилнээс ашиглах боломжтойг нь ялга гэж хэлсэн. ... компанийн хувьд өөрсдөө шил борлуулдаг, зардгийн хувьд бүтэн шил борлуулдаг. Гэтэл бид нар хагарч бутрах гэдэгтэй нэг ойлголттой байгаа. Дундуураа цуураад 4 цонх болоод цаашдаа ашиглагдах боломж гээд 2 зүйл байгаад байгаа. Энэ 2-н хооронд ялгаатай. Хэрвээ хилийн 2-н хаалтын дунд унаад бутарч унаад юу ч ашиглах боломжгүй байсан бол хавтаст хэргийн 62-р хуудсанд байгаа ложистик талбай дээр очиж тавиад гаалийн бүрдүүлэлт хийгээд хилээр гаргах шаардлага байхгүй. Тийм учраас өнөөдөр хавтаст хэргийн материалд зөвхөн зөрчлийн хэрэг шийдвэрлэгдэж байх явцад авагдсан шинжээчийн дүгнэлтийг бариад байгаа. Гэтэл өнөөдөр устгасан юм бол өнөөдөр М-ийн авчирсан нотлох баримтыг харлаа. Зүгээр л нотариатаар 3,000,000 төгрөг авсан гэсэн байсан. Гүйлгээний утга дээр нь тээвэрлэх зардал гэсэн байна лээ шүү дээ. Устгаж байгаа асуудал ерөөсөө байхгүй байгаа байхгүй юу. Устгасан юм бол яг хаана устгаад байгаа юм. Устгахдаа хэдэн төгрөгийн хохирол гаргаад устгасан юм. Иргэний журмаар нэхэмжилж байгаа нэхэмжлэл дээр бид нар хэдэн төгрөг гарсан юм, хэдэн төгрөг шилжүүлээд хэдэн төгрөг нь авсан гэдэг нь гарах ёстой. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж хүмүүсээс нэхээд байгааг хариуцагч талаас зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага өөрөөр шийдвэрлэгдэх бол 26 авдар шил бүгд бутарч унаад хаягдсан зүйл байхгүй. Т-ын хашаанд аваачаад буулгасан. Гааль шууд аваад явж болохгүй бүрдүүлэлт хийх ётой гээд буцаагаад аваад явсан байдаг. Үүнийг сая нэхэмжлэгч бас ярьдаг. 1-т Б-ийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон бусад ажиллагаанд нэхэмжлэгч талаас оролцуулаагүй. Энэ хүн энэ тээврийн хэрэгслийг ашиглуулаад ийм асуудал үүссэн байна гэдгийг нэхэмжлэгч тал 100 хувь ойлгосон байсан. Үүнийгээ ч одоо хэлээд байдаг. Хуульд эзэмшигч байдаг гэдгээр тодорхойлсон гэж тайлбарладаг. 2-т жил гаруй хугацаанд холбогдсон гэдэг. Гэхдээ Б-тай биш Т-тай холбогдсон байдаг. Тийм учраас Иргэний хуулийн 492.2-т зааснаар хариуцагчийн буруутай үйлдлээс гэм хор учирсан юм. Энэ тээврийн хэрэгслийг аваад явах нөхцөл боломжийг өөрөө бүрдүүлсэн гэдгийг яриад байсан. Түрүүн тээврийн хэрэгслийн түлхүүрийг ярьж байсан. Цар тахлын үед бүх тээврийн хэрэгсэл дотроо түлхүүрээ үлдээгээд явдаг байсан. Тухайн цаг үедээ ийм байсан. Сумын Засаг даргын журамтай холбоотой хэлье. Журмаар бол гурвалжин зам байгаа юм. Хүргэж өглөө голд хүлээж байгаа жолооч бэхэлгээ саадыг хийгээд өгсний дараа зөвхөн тээврийн хэрэгслийг бариад гарах үүрэгтэй байгаа. Энэ журмаараа энэ хүн явсан байдаг. Ийм мэдүүлэг хэрэгт байдаг. Т-ыг машин аваад явсан талаар тал бүрээсээ нотлогддог. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч ээ гэж хүсэж байна” гэжээ.

 

       Хариуцагч Д.Б-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие нь хэдийгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч боловч нэхэмжлэлийн шаардлага, асуудал үүссэн цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хувьд өөрийн эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байсан бөгөөд уг асуудал нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байгаа. ... ХХК-ийн эд хөрөнгийг ачих, тээвэрлэх талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй, .... ХХК-тай бол огт холбогдож байгаагүй, улмаар энэхүү осол болсон, ослын талаарх зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн болоод нэхэмжлээд буй эд хөрөнгө эвдсэн сүйдсэн, байдлыг биечлэн хараагүй, намайг огт оролцуулаагүй атал эд хөрөнгийн үнийг нэхэмжилж буйг эс зөвшөөрч хариу тайлбарыг өгсөн бөгөөд нэхэмжлэлтэй хамтатган үнэ цэнэ үгүйд тооцогдсон шил бүхий хайрцагтай бараа, сав баглаа боодлыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие нь цонхны 1500*2000*4 мм хэмжээтэй 10 хайрцаг, цонхны 1650*2200*4 мм хэмжээтэй 16 хайрцаг шилийг өөрийн аж ахуй, үйл ажиллагаандаа хагарч гэмтсэн хэсгээс ангилж ялгаад тэрхүү шил, баглаа боодлыг ашиглаад явах боломжтой тул нэхэмжлэгч ... ХХК- иас 2022 оны 11 дүгээр 25-ны өдөр тээвэрлүүлсэн ачаа барааг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийг хариуцах ... ХХК-иас цонхны 1500*2000*4 мм хэмжээтэй 10 хайрцаг, цонхны 1650*2200*4 мм хэмжээтэй 16 хайрцаг нийт 26 хайрцаг шилийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хамтатган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нь эд зүйлийг үнэгүйгээр тооцож, нийт үнийн дүнг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийг гаргасан тул 0 төгрөгөөр үнэлсэн хаягдал зүйлс хэмээн тооцож улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно... Сөрөг нэхэмжлэлийн хувьд энэ компаниас 100 гаран сая төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг нь төлөхгүй гээгүй, төлөхдөө энэ шил нь дотроос ашиглаж болохыг нь авъя гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Чингэлэгт байсан шилнээс ашиглаж болох маш их хэмжээний шил байсан гэдгийг Э өөрөө надад хэлж байсан. Ашиглаж болох шил байгаа учир шилээ аваад төлбөрийг чинь төлье гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ осолтой холбоотой компанитай холбогдож байсан хүн нь Э байсан учир Э-ыг гэрчээр оролцуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг дахин гаргаж байна гэжээ.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл 73.1 дэх хэсэгт заасан Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлүүлэх боломжгүй буюу харилцан тооцогдох боломжгүй шаардлага, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл 73.1-т заасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй буюу УТХ дутуу төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй тул хуулийн 65.1.11 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү....сөрөг нэхэмжлэл өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-т заасан бүрдүүлбэрийг хангана гэж заасан. Улсын тэмдэгтийн хураамж сөрөг нэхэмжлэлд төлдөг. Гэтэл сөрөг нэхэмжлэл нь үнэлэх боломжгүй байдаг. Гэтэл тэр төгрөгөө өөрөө тодорхойлоод тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байдаг. Эдгээр үндэслэлээр сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа. 3-т ер нь заавал ярих албагүй ээ. Э гэж хүнтэй удаа дараа ярихад хохирлоо төлнө, хотод ирж уулзана гэж хэлчхээд л алга болсон. Хохирлоо төлнө гэж байсан. Аргаа бараад шүүхэд хандсан. Шүүхээс наана аль шил нь төлөх боломжтой боломжгүйг хараад ялгая гээд өөрсдөө санаачилга гаргасан бол манайхаас боломжтой шүү дээ ингэе тэгье гээд хэлэх байсан. Гэтэл 2 жилийн хугацаа өнгөрсний дараа шүүх дээр ирээд ийм асуудал яриад байгаа нь зохимжтой биш гэж ойлгож байгаа. Иймд гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна...” гэжээ.                                       

            Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

... ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн.... дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал,

 2009 онд үйлдвэрлэсэн ... улсын дугаартай Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

2010 онд үйлдвэрлэсэн .... улсын дугаартай .... маркийн чиргүүлийн гэрчилгээний хуулбар,

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн холбогдогч Ө.И-аас мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол,

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хохирогч Б.У-аас мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа,

  2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .... ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт,

             2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №... дугаартай хариуцагч Ө.И нь Н.Б-д олгосон итгэмжлэл,

            2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

            2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн... дугаартай Дорноговь аймаг Замын-Үүд сумын Засаг даргын “түр журам батлах тухай” захирамж болон түр журмын хуулбар,

             2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын даргын “түр журам батлах тухай” тушаал болон журмын хуулбар,

            2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын “Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам батлах тухай” захирамж болон Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журмын хуулбар,

            Гаалийн ерөнхий газар Замын-Үүд Гаалийн газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №... дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг,

            Монголын Төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №... дугаартай албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №... дугаартай хөлсөөр ажиллах гэрээний хуулбар,

             Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд салбарын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №... дугаартай албан бичиг,

            Гэрч Ч.Ж, Г.Б, Ц.Б, Ч.Б, Б.У нарын мэдүүлэг зэрэг болно.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:          

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Д.Б, Ө.И нарт холбогдуулан тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол болох ослын улмаас учирсан хохирол 100,677,152 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч О.Ү нараас шүүх хуралдаанд гэрчээр О.Э гэгчийг оролцуулах санал гаргажээ. Энэ хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах хугацаа бүрэн боломжтой байхад шүүх хуралдаанд гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн О.Э гэгч нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж шүүх үзсэн тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд хариуцагч Ө.И нь Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2022 оны 11 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын БНХАУ дахь нийлүүлэгчээс ... болон ... дугаартай чингэлэгт ачигдсан цонхны шил нийт 26 авдар барааг Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбай хүрэх замд автомашинаар тээвэрлэх явцдаа автомашин дээрээс унагаж осол гаргаж, нэхэмжлэгчид 90,316,152 /ерэн сая гурван арван зургаан мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 сарын 29-ний өдрийн “тухайн ..., ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Ө.И /РД:.../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.2-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. 24.3-т Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй гэснийг тус тус зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх магадалгаа, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Хариуцагч Ө.И, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Д.Б болон түүний өмгөөлөгч О.Ү нар  нь нэхэмжлэлийн шаардлага болох 26 авдар шилний үнэ болон бусад зардал 116,177,152 төгрөгийг төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Хариуцагч Д.Б нь “Тэр өдөр Туул миний машиныг аваад явсан байсан. Надад машиныг чинь аваад явъя гэж яриагүй. Гэтэл жолооч нар таны машин хил дотор чингэлэгтэйгээ унасан байна гэж чатаар хэлсэн. Эзэмшигч зөвшөөрөөгүй байхад машиныг маань байсан газраас нь очоод дураараа аваад явсан гэдгийг одоогоор би тайлбарлаж чадахгүй байна. Тийм учраас энэ тайлбарыг Э гэж хүн хийх ёстой” гэж мэтгэлцсэн болно.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан. Уг тээврийн хэрэгслийн түлхүүрийг кабинд нь орхиж явж  бусдад ашиглуулах боломж олгосон нь тээврийн хэрэгслийн  өмчлөгч Д.Б-ийн буруутай үйлдэл байна. Мөн Д.Б нь энэ үйлдэлд  буруугүй гэдгээ нотолж чадаагүй болно.

1-р хавтаст хэргийн 18-р хуудсанд авагдсан ... улсын дугаартай Норд бенз маркийн зүтгүүр, . ... улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар хариуцагч Д.Б нь эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөгч нь мөн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь Д.Б-г энэ хэрэгт хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.

Хэрэв Энхтуул гэгч нь машиныг нь хууль бус аргаар авч явж осол гаргасан бол хариуцагч Д.Б нь тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн хохирлыг төлж барагдуулсны дараа Э гэгчээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй байна.

Хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь “И нь нэхэмжлэгч компанитай болон хариуцагч Д.Б-тай ямар нэгэн тээвэрлэлтийн гэрээ хийгдээгүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй” гэх боловч Иргэний хуульд “тээвэрлэлтийн гэрээний хэлбэрийг заавал бичгээр байгуулна” гэж заагаагүй бөгөөд талууд хэлцлийн үндсэн шинжийг хүлээн зөвшөөрсөн бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ө.Инь “БНХАУ дахь нийлүүлэгчээс .... болон ... дугаартай чингэлэгт ачигдсан 26 авдар цонхны шилийг ..., ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбай хүргэх явдлыг” тээвэрлэлтийн гэрээний гол шинж нь гэж үзсэн бөгөөд уг ачаатай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тэдний хооронд тээвэрлэлтийн гэрээ хийгдсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх ...үүргийг хүлээнэ”  гэж заасан тул хариуцагч Ө.И нь “БНХАУ дахь нийлүүлэгчээс ... болон ... дугаартай чингэлэгт ачигдсан 26 авдар цонхны шилийг Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбай хүртэл тээвэрлэх үүргийг хүлээсэн байна.

Жолооч ачаа барааг тээвэрлэх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.2-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч Ө.И нь Замын хөдөлгөөний дээрх дүрмийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байна. Хариуцагч Ө.И нь ачааны татлага, бэхэлгээ даруулгыг бэхлээгүй, шаардлага хангаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүйгээр холбогдох ажил хариуцсан албан тушаалтанд мэдэгдэж зөрчлийг арилгуулсны дараа замын хөдөлгөөнд оролцох  бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас осол гаргасан байна.

Хариуцагч Ө.И-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б “Тухайн үед мөрдөгдөж байсан түр журмаар хилийн 0 цэгээс 2-н хаалт хүртэл буюу И-ын чингэлгээ хүлээж авах байрлаж байсан газар хүртэл хилийн цэргийн жолооч тэр үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн чингэлэг ачигдаад чингэлгийг чиргүүлтэй бэхлэх ажиллагааг төмөр замын ажилчид хийнэ гээд бас түр журам дээр заасан. Хилийн цэргийн жолооч чингэлэгт бэхэлгээ хийгдээгүй учир тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах боломжгүй гэдгийг мэдэгдээгүй шууд И-т аваачаад өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэж маргадаг. Энэ нь гэрч Г.Б-ын “Хятад тал хоосон чингэлгээ хашааны цаанаас өргөөд авчихна. Тэгэхээр манайх зөрүүлээд ачаатай чингэлгээ зөрүүлж аваад хоосон машин дээр тавьж оруулна. Түүний дараа манайх цоожлоод явуулдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203/, гэрч Ч.Б-ын “...чингэлгийг жолооч нар 0 цэгээс Монголын гаалийн пост дээр ирж өөрсдөө бэхэлдэг байсан. Манай зүгээс чингэлгийн фитенк буюу түгжээг манай оосорлогч нар 0 цэг  дээр түгжиж гаргадаг байсан” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл Төмөр замын ажилчид Хятадын талаас чингэлгийг хүлээн авч, Монголын талын машин дээр чингэлгийг ачиж түгжээг нь оосорлогч нар 0 цэг дээр түгжиж гаргадаг байсан нь нотлогдож байна.

Дэлхий нийтээр тархсан цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох үүднээс Дорноговь аймгийн Замын-үүд сумын Засаг даргын захирамжаар түр журам гаргаж хил хооронд ачаа, тээврийн үйлчилгээг зохицуулдаг байсан бөгөөд энэ нь Замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй гэсэн зохицуулалт биш юм.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн хохирол 116,177,152 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д ”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч нар нь энэ хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болно.

Хариуцагч Ө.И, Д.Б нар нь ачаа барааг тээвэрлэлтийн гэрээний гол нөхцөл болох тогтоосон газар буюу Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбайд хүргэх, .... ХХК нь хөлс төлөхөөр амаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний хооронд ачаа тээвэрлэлтийн гэрээ буюу Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ... ХХК нь тээвэрлэлтийн гэрээний улмаас үүссэн хохирлоо хариуцагч Ө.И, Д.Б нараас Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б, Ө.И нараас ослын улмаас учирсан хохирол 100,677,152 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөг нэхэмжилсэн боловч ... ХХК-ны хохирлын үнэлгээнд 10 хайрцаг, 820 ширхэг буюу 2460 м2 шилийг 34,385,880 төгрөгөөр 16 хайрцаг, 1088 ширхэг буюу 3949,44 м2 шилийг 55,205,272 төгрөгөөр, цонхны шилнүүдийг тээвэрлэх зардалд 11,086,000 төгрөгөөр тус үнэлсэн байна.

Гэрч Б.У-ын “... ХХК-ны БНХАУ-аас худалдан авсан шилийг Замын-Үүдэд орж ирэхэд нь гаалийн бүрдүүлэлт хийсэн. Тухайн үед ковидийн үе байсан учраас Монголын хилээс бүрдүүлэлт хийх талбай хүртэл машинуудыг зөөдөг байсан. Тухайн үед цаанаасаа тусдаа 725,000 төгрөгөөр нэгдсэн журмаар зөөлгөдөг байсан. Энэ нь Монголын хилээс Ложистикийн талбай хүртэлх тээврийн хөлс юм” гэх мэдүүлгээр /2-р хх-ийн 8-9/ БНХАУ-аас Замын-Үүдийн Ложистикийн талбай хүртэлх тээврийн зардлыг нэгдсэн журмаар жолоочдын холбооноос 725,000 төгрөгөөр тогтоосон болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн тээврийн зардал 11,086,000 төгрөг нэхэмжилснээс  10,361,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, тээврийн зардлыг 725,000 төгрөгөөр тогтоох  нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж чингэлэг засварын зардалд 3,500,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах ажлын зардалд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл чингэлэг засварт хэдэн төгрөг зарцуулсан, хагарсан шил гаргаж хаяхад хэдэн төгрөг зарцуулсан нь нотлогдохгүй байна. .... ХХК-ны чингэлэг дахин  засварлахад ажлын хөлс 3,500,000 төгрөг гарна гэсэн тооцоо байгаа болохоос биш чингэлэг засварын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, хагарсан шил гаргаж хаяхад зарцуулсан ажлын хөлсний тооцоо байхгүй байна.

Иймд  нэхэмжлэгч ... ХХК-нд учирсан хохирлыг 26 авдар шилний үнийг  90,316,152 /ерэн сая гурван арван зургаан мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас чингэлэг дахин засварлахад ажлын хөлс 3,500,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах ажлын зардалд 3,000,000 төгрөг тээврийн зардал 10,361,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан 9,000,000 төгрөг нийт 25,868,000 /хорин таван сая найман зуун жаран найман/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иймд хариуцагч Ө.И, Д.Б нараас тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн гэм хорын төлбөрт 90,316,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,868,000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл 73.1-т заасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй буюу УТХ дутуу төлсөн байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг үнэгүйгээр тооцсон атлаа Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан боловч улсын тэмдэгтийн хураамжаа өөрийн нэрээр төлөөгүй, О-ын Э гэдэг хүний нэрээр төлсөн нь нотлогдож байна. Мөн гэрч Ч.Ж-ийн “.... ХХК-нд гүйцэтгэх захирал мэргэшсэн үнэлгээчин хийдэг. Уг дүгнэлтийг гаргахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.З-ийн 2022 оны 11 сарын 29-ний өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу зам тээврийн ослын улмаас цонхны шилэнд учирсан хохирлын үнэлгээг гаргасан. ... Уг хохирлын үзлэг хийхэд дахин ашиглах боломжтой шил бараг байхгүй байсан бөгөөд хэрэв цөөн тоогоор байгаа бол ялгаж өгнө үү гэхэд хариуцагч талын төлөөлөгч ялгах боломжгүй гэсэн” гэх мэдүүлгээр / 1-р хх-ийн 153-154/ дахин ашиглах шил гараагүй, хариуцагч тал татгалзсан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 90,316,152 төгрөгийн шаардлагыг хангаж, 25,868,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,835.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.И, Д.Б нараас 90,316,152 /ерэн сая гурван арван зургаан мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 609,531 /зургаан зуун есөн мянга таван зуун гучин нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцагч Ө.И, Д.Б нараас тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн гэм хорын төлбөрт 90,316,152 /ерэн сая,гурван зуун арван зургаан мянга, нэг зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,868,000 /хорин таван сая, найман зуун жаран найман мянга/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,835.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.И, Д.Б нараас 609,531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.Ц