Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн –Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Пагамсүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр,

Шүүгдэгч Г.Цэрэн-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ачит овогт Ганхуягийн Цэрэн-Очирт холбогдох эрүүгийн 201710000179 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулалтын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Данзанваанчигийн 7-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ачит овогт Ганхуягийн Цэрэн-Очир / ЖЯ95061131 /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Цэрэн-Очир нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мон лаа” ХХК-н хашаанд хохирогч Г.Мажаасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн ус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Цэрэн-Очир шүүхийн хэлэлцүүлэгт: Би Мажаасүрэн гуайг цаашаа эргээд харахад нь цамцнаас нь татаад дээрээс нь унасан. Тэгээд босч ирээд Энх-Амгалан, Амгаланбаатар нар салгасан. Тэгээд цааш явж байсан чинь Мажаасүрэн гуай бандиа нааш ир, үзье гээд дуудаад байсан. Тэгээд би цементний булан аваад шидсэн. Дарга ч гараад ирсэн болохоор би яваад өгсөн. Өөр зүйл болоогүй гэв,

 

Шүүгдэгч Г.Цэрэн-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: ... миний хойноос татаад байхаар нь би эргэж хараад толгойн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд тэр харуул цаашаа болоод  надтай явж байсан 2 хүн салгаад бид 3 явсан. Тэгтэл нөгөө харуул чи муу банди амжих уу, хүрээд ир гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цементний хэлтэрхий газар байхаар нь шидсэн. Гэхдээ тэр чулуу Мажаасүрэнг оноогүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 80 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Мажаасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би эргээд харах хооронд цагаан подволктой, шар царайтай залуу /Цэрэн-Очир/ миний зүүн нүдний доод хэсэг, шанаа руу баруун гараараа атгаж байгаад 1 удаа цохьсон. Намайг нүүр лүү цохихоор нь би зайгаа аваад арагш ухран алхаж байгаад ойччихсон. Тэгэхэд намайг барьж аваад миний дээр гарч 2-3 удаа гараараа дух руу болон зүүн шанаа руу цохихоор нь би доошоо хараад хэвтсэн. Тэр үед Цэрэн-Очир гэх залуу намайг цементийн бетонон чулуугаар миний толгойн ар дагз руу 1 удаа цохисон. Тэр үед хажууд байсан 2 залуу нь намайг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас

Гэрч Н.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...ингээд хамгаалагч Цэрэн-Очирын араас цамцнаас нь татахад Цэрэн-Очир заамдаж авсан. Заамдаад авахаар нь дундуур нь Амгаланбаатар бид 2 салгах гээд 2 талаас нь очих үед Цэрэн-Очир баруун гараараа нүүр лүү нь 1 удаа атгаж байгаад цохьсон. Хамгаалагч ах нааш, цааш болж байхдаа бүдэрч ойчиход Цэрэн-Очир дээрээс нь дарж унасан. Цэрэн-Очир дээр нь гараад хэд хэдэн удаа гараа хүчтэй савлан хамгаалагчийн толгой хэсэг рүү цохьсон. Гэхдээ хий цохиод байсан байх. Онож цохьсон гэдгийг мэдэхгүй. Амгаланбаатар бид 2 хоёр талаас нь Цэрэн-Очирын гарнаас татаж босгосон... Цэрэн-Очир газраас бетон цементэн чулуу аваад араас нь шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/

Гэрч Д.Амгаланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Цэрэн-очир хамгаалагч ахын толгой руу гараараа 2 удаа цохих үед нь Энх-Амгалан бид 2 Цэрэн-Очирыг салгаж аваад кемп рүү дагуулж явах гэж байтал араас нь нөгөө хамгаалагч ах хэрүүл өдөөд хол гарч зодолдоё, хүрээд ир гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/

 Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 215 дугаартай дүгнэлтэнд: 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Дорноговь аймгийн Айраг сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтоос үзэхэд Г.Мажаасүрэнгийн биед тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-ийн 23 дугаар хуудас /,

      

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67 / зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         

 Шүүгдэгч Г.Цэрэн-Очир нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мон лаа” ХХК-н хашаанд хохирогч Г.Мажаасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай нотлох баримтууд болох Шүүгдэгч Г.Цэрэн-Очирын өгсөн:... миний хойноос татаад байхаар нь би эргэж хараад толгойн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. би цементний хэлтэрхий газар байхаар нь шидсэн. Гэхдээ тэр чулуу Мажаасүрэнг оноогүй гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Мажаасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би эргээд харах хооронд цагаан подволктой, шар царайтай залуу /Цэрэн-Очир/ миний зүүн нүдний доод хэсэг, шанаа руу баруун гараараа атгаж байгаад 1 удаа цохьсон. Тэр үед хажууд байсан 2 залуу нь намайг салгасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...ингээд хамгаалагч Цэрэн-Очирын араас цамцнаас нь татахад Цэрэн-Очир заамдаж авсан. Заамдаад авахаар нь дундуур нь Амгаланбаатар бид 2 салгах гээд 2 талаас нь очих үед Цэрэн-Очир баруун гараараа нүүр лүү нь 1 удаа атгаж байгаад цохьсон. Цэрэн-Очир газраас бетон цементэн чулуу аваад араас нь шидсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Амгаланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Цэрэн-очир хамгаалагч ахын толгой руу гараараа 2 удаа цохих үед нь Энх-Амгалан бид 2 Цэрэн-Очирыг салгаж аваад кемп рүү дагуулж явах гэж байтал араас нь нөгөө хамгаалагч ах хэрүүл өдөөд хол гарч зодолдоё, хүрээд ир гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг,  Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 215 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ачит овогт Ганхуягийн Цэрэн-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Г.Мажаасүрэн нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “ 100 000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан” гэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын баримтаа шүүхэд  ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Цаашид хохирогч Г.Мажаасүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага болох 100000 төгрөгийн  нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Цэрэн-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ачит овогт Ганхуягийн Цэрэн-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.Цэрэн-Очирыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэн-Очир нь 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэн-Очир нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Цэрэн-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Мажаасүрэн нь 100000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г.Цэрэн-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД