Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/917

 

 

 

 

 

 

      2021           10            27                                       2021/ДШМ/917                                                        

 

Г.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц

хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Б,

            шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Ундармаа, Г.Учрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.БатБ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/1438 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2010007850467 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Авид овгийн Г.Б, 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Оросын холбооны улсад төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шижиржин” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа харилцагч байгууллагаас шилжүүлсэн борлуулалтын орлогыг авлагаар бүртгэн 37.220.118 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5027597566 дансаар, 15.434.540 бэлнээр тус тус авч өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшин, “Шижиржин” ХХК-д 52.654.658 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” бүрэн тогтоогдоогүй, тухайлбал яллах дүгнэлтэд “Шижиржин ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа харилцагч байгууллагаас шилжүүлсэн борлуулалтын орлогыг авлагаар бүртгэн 37.220.118 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5027597566 дансаар, 15.434.540 төгрөгийг бэлнээр тус тус авч өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшин, Шижиржин ХХК-д 52.654.658 төгрөгийн хохирол учруулсан” гэжээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Шижирмаа  “...байгууллагад учруулсан хохирлоос 48.000.000 төгрөг төлөгдсөн. Г.Бын цалингаас суутгасан 4.000.000 төгрөгийг 104.000.000 төгрөгөөс хассан байгаа. 52.000.000 төгрөгийг хэн гаргаж ирснийг мэдэхгүй байна. Шинжээчийн  дүгнэлт эргэлзээтэй. ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч нар дүгнэлт гаргахдаа дутуу баримтаар гаргасан. Намайг ээлжийн амралттай байх хооронд дутуу материалаар гаргасан байна. Мөрдөгч дүгнэлт гаргахад таныг дуудна гэж хэлсэн боловч дуудаагүй. Дүгнэлттэй танилцуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны аудитын баримт дутаж, зарим нь илүү гарсан ба сүүлд дутуу аудитын баримтыг шинээр дахин гаргаж өгсөн. Гэтэл хэрэгт авагдаагүй, тэр баримтуудыг үндэслэлгүй дүгнэлт гаргасан учраас дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж, Хохирогч Ц.Бадарч шүүхийн хэлэлцүүлэгт “...52.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...дүгнэлттэй танилцаагүй, Б 20.000.000, 28.000.000 төгрөг, нийт 48.000.000 төгрөгийг манай компанид тушаасан гэж тус тус мэдүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжээч тайлангуудыг шалгаж үзээд дутуу тайлагнасан 79.404.618.84 төгрөгийн дебет талын зөрүү, 4.754.818 төгрөгийн кредит талын зөрүүг тогтоосон. ...Аудит тооцооллын алдаа гаргасан, зарим ажил гүйлгээний утга байхгүйгээс буруу ойлгосон, тухайн үед үзсэн падаанууд байхгүй байсан зэргээс шинжээчийн дүн өөр гарч байна. Зөрүү гарсан харилцагч бүртэй тооцоо нийлэх шаардлагатай байна. ...Аудитын шалгалтын тайлангийн дебет талын зөрүүг 104.946.275 төгрөгийг шууд өр гэж үзэх боломжгүй. Учир нь харилцагч нартай эхний үлдэгдэл, борлуулалт,төлөлт, эцсийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж байж авлага, өглөгийг тогтооно. ...Борлуулалтын орлогын 3.538.267 төгрөгийг Б компанид өгөх өр юм” гэж, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...А.Бын Хаан банкны 5027597566, 2715109067 дансуудаас болон Б бэлнээр 11.996.000 төгрөг шилжүүлсэн байна. ...дээрх данснуудын гүйлгээний утга нь тодорхойгүй байгаа тул хохирлыг тогтоох боломжгүй байна” гэж тус тус тусгагдсан, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч талаас санхүүгийн анхан шатны 1 хавтас бүхий баримтыг хэрхэн үнэлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй зэрэг хохирогч байгууллагад учирсан хохирлын тооцоо зөрүүтэй байхад яллах дүгнэлтэд 52.654.658 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж, яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь үндэлэлгүй бөгөөд ямар учраас хохирлын хэмжээ багассан, юуг үндэслэж, хэрхэн тооцоо хийж хохирлын хэмжээг гаргасан болох нь тодорхойгүй байх тул хуульд заасан холбогдох ажиллагааг хийж хохирлын хэмжээг нэг мөр, эргэлзээгүй нотлон тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нөгөөтэйгүүр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдоогүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэхэд эргэлзээ бий болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана.” гэж заасны дагуу 172 дугаартай дүгнэлт гаргасан шинжээчийг нэмэлтээр томилж шинжилгээ хийлгэсэн хэдий ч 230 дугаартай дүгнэлтээр дансны хуулгаар хохирлыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт гаргасан бөгөөд нэгэнт хохирогч тал дээрх шинжээчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, эргэлзээтэй байна гэж үзэж байгаа тул дээрх хоёр дүгнэлтийг гаргасан шинжээчээс өөр шинжээч томилон дүгнэлт гаргуулах нь зохимжтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хууль дээдлэх зарчмыг зөрчиж гагцхүү “шүүх” чиг үүргээ биелүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг яллагдагч Г.Бын хүсэлтээр шүүх хуралдаан болсон. Шүүх “Прокуророос шүүгдэгч Г.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаах үндэстэй гэж дүгнэсэн”. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр  хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлэн Г.Бт холбогдох хэргийг шалгаж хэргийг шүүхрүү шилжүүлсэн. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй, хохирогчийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан шинээр гэмт хэргийн нөхцөл байдал үүссэн гэх аман яриаг үндэслэж хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчиж, шүүх гагцхүү хэргийг “шүүх” үүргээ биелүүлэхгүй асуудалд бодит бус хандсан гэж үзэж байна. Шүүх гэдэг нь Үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэлнэ. Шүүгч нь “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үүрэгтэй. Гэтэл хэргийн бодит байдлыг тогтоохгүй, хохирогч “Шижиржин” ХХК-иас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шинэ гомдол өгсөн гэх шүүх хуралдаан дээр ярьсан үгийг бодит байдалтай холбохгүй ургуулан бодож дахин гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн хэргийг буцаасан нь “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг зөрчиж байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаартай, 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 230 дугаартай дүгнэлтийг үндэслээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Тус хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд  заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт” гэнэ. 2-т “шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт мөн гэж заасан. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. “Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 172 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Борлуулатын орлогын 3.538.267 төгрөг нь Б компанид өгөх өр юм” гэж дүгнэсэн. Бодит байдал дээр Г.Б 52.000.000 төгрөгийг “Шижиржин” ХХК-д төлсөн байгаа. Ийнхүү  хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрч хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээсэн үйлдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байхад шүүх нь “шүүх” чиг үүргээ хэрэгжүүлэхтэй “яллах” чиг үүргийн субьект мэт “хэргийг прокурорт буцааж” буй нь хууль дээдлэх, хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Ж.Ундармаагаас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Баас “бид Бт холбогдуулж дахин гомдол гаргасан. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний дараа магадгүй эрх зүйн байдлыг нь хүндрүүлэх нөхцөл байдал бий болж болзошгүй” гээд гомдол үзүүлээд шүүх хуралдаанаар хэлэлцээд, дахин гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг хэлэлцсэн. Гэтэл уг хоёр дахь гомдлыг нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн прокуророос хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол гарсан байдаг. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хангалттай нотлох баримт байхад шүүх дээр хэрэг ирсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулдаг. Шүүхийг үл хүндэтгэсэн байдал гаргадаг. Иймд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/1438 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Г.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын хэмжээг Шүүхийн шинжилгээний байгууллагын тогтоосон хэмжээгээр төлж, хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх шийдвэр гаргасан прокурорын тогтоол үндэслэлтэй. Г.Б үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн төлсөн. “Шижиржин” ХХК нь бүх алдагдал хохирлыг Г.Б дангаараа хариуцна гэх хандлага гаргадаг. Буруу хандлагатай байгаа нь тодорхой харагддаг. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Б: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн хүрээнд үндэслэлтэй гарсан. Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэсэгт эргэлзээ бий болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дугаар хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаав” гэж шийдвэрлэсэн. Гэтэл Г.Бын гаргасан давж заалдах гомлыг харахад захирамжаа ойлгоогүй харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцаасан гэж үзсэн байна. Гэм буруутай эсэх дээр дүгнэлт хийгээгүй. Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлоо тодорхой хэмжээгээр төлөөд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх гээд шүүх дээр хэрэг нь ирсэн. Гэтэл шүүгдэгчийн гэм буруутай эсэх тогтоогдоогүй гэж гомдол гаргасан байна. Мөн Г.Бт холбоотой дахиад гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч ирсэн. Энэ асуудлаар “цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн” гэх амаар гаргасан хүсэлтийг үндэслэж анхан шатны шүүх шийдвэр гаргасан гэж буруу ойлгоод байдаг. Энэ талаар захирамжид дурдагдаагүй. Гомдол гаргасан нь үнэн. Гомдлыг хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Татгалзсан гол шалгаан нь гэрч Шижирмаагийн “анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна” гэх мэдүүлэг байдаг. Мөн 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 368 дугаартай яллах дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Г.Б нь “Шижиржин” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хөрөнгө завшсан гэх асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж 2010007850467 дугаартай хэрэгт Г.Б нь яллагдагчаар татагдсан, яллах дүгнэлт үйлдэгдсэн байх бөгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй байна гэж үзсэн. Хэрэг нээхээс татгалзсандаа биш гол нь дахиад хэрэг нь прокурорт буцаж ирэх юм байна. Хэрэг нээсэн юм байна. Тэгэхээр дахин хэргийн дугаар авах шаардлагагүй гэдэг үүднээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. 172, 230 тоот шинжээчийн хоёр дүгнэлт гарсан байдаг. 172 дугаартай дүгнэлтийг гаргахдаа 3.560.000 төгрөгийн төлбөр төлөх ёстой. Хохирлыг гүйцэт тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Үүн дээр хохирогч нарын зүгээс “дахин шинжээч томилуулъя, нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулъя. Баримтуудыг дутуу үнэлсэн. Баримтууд гарсан байна одоо энэ баримтуудыг үзээд эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг гаргахад Бадамсүрэн шинжээч “би ээлжийн амралтаа авсан. Наад баримтуудыг чинь харж байгаад нэг мөр дүгнэлт гаргаж өгнө” гэсэн. Тэгээд хоёр дахь 230 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа мөн л “бодит байдлыг тогтоох боломжгүй байна” гээд гаргасан байдаг. Уг шинжээчийн дүгнэлттэй танилцаад хохирогч нараас мөн “бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулъя” гэж гомдол гаргасан. Энэ хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуулийн хүрээнд бүх л арга хэмжээг хэрэглэх ёстой гэх заалтыг хэрэгжүүлээгүй. Хохирлыг яагаад 52 сая төгрөг гэж тогтоосон нь ойлгомжгүй. Г.Б өөрөө “би үүнийг хүлээнэ, үүнийг хүлээхгүй” гэх байдлаар тогтоосон 52 сая төгрөгийг төлүүлчихээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байгаа юм. Хохирлын хувьд гомдолтой байна. Хохирлын асуудлыг дахин шийдвэрлүүлэх, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах, мөн дансны аргаар идсэн мөнгүүд гарч ирсэн үүнтэй нь энэ хэрэгтэй хамт нэгтгэж шалгуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан тул шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бт холбогдох хэрэгт прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Прокуророос хэргийг хянах үед яллагдагчаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Прокуророос хүсэлтийг хүлээн авч хянаад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн, яллагдагчийн зүгээс өөрт холбогдох хэргийг хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзсэн. Ингээд Г.Бын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэн холбогдох хэрэгт хариуцлага хүлээлгэх саналыг танилцуулсан. Уг саналыг Г.Б хүлээн зөвшөөрч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан дээрх гомдлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Хохиролтой холбоотой асуудал яригдсан. 2 шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж хэлэхэд хохирогчийн зүгээс гэрч Шижирмаа болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бадарч нараас холбогдох баримтыг авчирч шинжээчтэй хамтран холбогдох баримтуудыг тусгуулан дүгнэлтийг гаргуулсан. Гэтэл шүүх дээр ирээд хохирол төлбөр нэмэгдсэн гэх асуудал яригдсан нь үндэслэлгүй юм. Шүүхийн шинжилгээг танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж байна. Шинжээчийн дүгнэлттэй бүгд танилцсан. Танилцаад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Тухай бүрд дүгнэлтүүдтэй танилцаад явсан. Нэмэлт шинжилгээ буюу дахин шинжээч томилох хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Өөрсдөө энэ эрхээ эдлээгүй байж одоо хүсэлтийг хангаагүй гэж ярьж байна. Хэрэгт дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаад түүнийг прокуророос хүлээн аваад шийдвэрлээгүй, татгалзсан тохиолдол байхгүй. Шүүх дээр л энэ асуудал яригдсан. Санхүүгийн анхан шатны баримтуудыг мөрдөх байгууллага хохирогчоос шаардаж аваад Шүүх шинжилгээний хүрээнлэнд хүргүүлсэн. Нэмэлт шинжилгээ болон анхны дүгнэлтийг гаргахдаа хохирогч талыг оролцуулж дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг гэм буруутай эсэх гэм буруугүй болохыг нотлох шууд нотлох баримт гэж үзэхгүй. Хийх ёстой ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгчөөс хохирогч болон яллагдагч  нарыг оролцуулан “Шижиржин” ХХК-ийн дансны хуулга, мөн Г.Бын дансны хуулга бусад дансны хуулгыг бүгдийг нь харьцуулан мөрдөгчөөс үзлэг хийгээд энэ нь “Шижиржин” ХХК-нд орох ёстой байсан орлого байсан байна, энэ нь Г.Бын хувийн орлого байсан байна гэх мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтийг үндэслээд прокурорын зүгээс “Шижиржин” ХХК-нд 52.654.658 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт хийж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ хохирол Г.Бын 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 19-ний хооронд ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж завшсанаас “Шижиржин” ХХК-нд учирсан хохирлыг бүрэн тогтоосон нөхцөл байдал. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Бын учруулсан хохирлын хэмжээг 52.654.658 төгрөг гэж хэрхэн, ямар баримтыг харьцуулан гаргасан нь ойлгомжгүй байна.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Л.Шижирмаа “байгууллагад учирсан хохирлоос 48.000.000 төгрөг төлөгдсөн. Г.Бын цалингаас суутгасан 4.000.000 төгрөгийг 104.000.000 төгрөгөөс хассан байгаа. 52.000.000 төгрөгийг хэн гаргаж ирснийг мэдэхгүй. /1хх ..../, хохирогч Ц.Бадарч “...52.000.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүгнэлттэй танилцаагүй, Г.Б 20.000.000, 28.000.000 төгрөг, нийт 48.000.000 төгрөгийг манай компанид тушаасан. ...”/1хх 25-31/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №172 дугаартай “...Аудитын шалгалтын тайлангйн дебет талын зөрүүг 104.946.275 төгрөгийг шууд өр гэж үзэх боломжгүй. Учир нь харилцагч нартай эхний үлдэгдэл, борлуулалт, төлөлт, эцсийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж байж авлага, өглөгийг тогтооно. ...” /1хх 68-71/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №230 дугаартай “..Г.Бын данснуудын гүйлгээний утга нь тодорхойгүй байгаа тул “Шижиржин” ХХК-ийн хохирлыг тогтоох боломжгүй байна. ...” /1хх 84-86/, мөн дансны хуулгаар хохирлыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт гарсан бөгөөд дээрх баримтуудаас үзэхэд  “Шижиржин” ХХК-нд хэдэн төгрөгний хохирол учирсан нь ойлгомжгүй байна. “Шижиржин” ХХК-ны зүгээс хохирлын үнийн дүнг зөвшөөрөхгүй, хохирол төлөгдсөн талаар гомдолтой байхад хэргийг  хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т “...Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана...” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Г.Бын үйлдсэн хэрэг, хохирлын тооцоог нарийвчлан тодруулах, мөн хохирогч тал 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дутуу санхүүгийн баримтыг үндэслэсэн талаар тайлбар гаргаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана.” гэж заасны дагуу дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүн тодорхой байх ёстой бөгөөд уг хохирлыг шүүгдэгч төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх хуулийн шаардлагыг хангаж байж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана...” гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1438 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1438 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                     Ц.ОЧ

           

                                 ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                      ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ