| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2023/00308/и |
| Дугаар | 133/ШШ2024//00036 |
| Огноо | 2024-01-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 133/ШШ2024//00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 хороо, *** байр *** тоотод оршин суух Х овгийн Т-ийн Э-ийннэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум *** баг *** тоотод оршин суух О-ийн Э-д холбогдох,
5,235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 5,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр /цахимаар/, хариуцагч О.Э /цахимаар/, гэрч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
Нэхэмжлэгч Т.Э-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э-гийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн төлбөрт 4,000,000 төгрөг, хүүний төлбөрт 880,000 төгрөг, Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу ирж очих бензиний зардалд 310,000 төгрөг, буудлын төлбөрт 45,000 төгрөг, нийт 5,235,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Т.Э, О.Э нарын хувьд хамтдаа явж байгаад Т.Э болон одоо гэрчээр оролцож байгаа Д.Ц нарыг Ховд аймагт буудалд үлдээгээд О.Э нь Т.Э-гийн хайгчийг аваад явсан. Өөрөөр хэлбэл зугтаасан байдаг. Т.Э нь О.Эийн хойноос нь сураглаж явсаар Говь-Алтай аймагт ирээд гэрээс нь олж авсан. Тэгээд хайгчаа авъя гэхэд ломбардад тавьчихсан байсан. Ломбардад тавиад авсан мөнгөөрөө цагаан сараа тэмдэглэх гээд захаас юм цуглуулаад явж байсан нөхцөл байдалтай байдаг. Удахгүй зохицуулж өгнө гэдэг тайлбарыг хэлсээр байгаад сүүлдээ би авч чадахгүй. Чи өөрөө ав гэдэг зүйл ярьсан. Т.Э бид хоёрын хувьд 2023 оны 05 дугаар сарын 05-нд ломбардад очиж мөнгийг нь төлж хайгчаа авсан. Энэ хайгчийн зах зээлийн үнэлгээ нь хамгийн багадаа 17 сая төгрөг байдаг. Үүнийг 4,000,000 төгрөгт алдахгүйн тулд бид хоёр эндээс машин аваад бензинээ хийж очоод ломбардынх нь хүүг, үндсэн зээлтэй нь төлөөд авсан байгаа. Өөрөөр хэлбэл О.Э гэж хүний хулгайлж аваад явсан үйлдлийг нь цагдаагийн байгууллагад хандаагүй. Уг нь хулгайн асуудал юм. Бид нар цагдаагийн байгууллагад хандаад яршиг, иргэний шүүхээр яваад асуудлаа шийдвэрлүүлье гэсэн. Энэ хүний хууль бус үйлдлээс болоод Т.Э-гийн хувьд 5,235,000 төгрөгөөр хохирч байгаа юм. Яагаад 5,235,000 төгрөг болсон бэ гэхээр үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 880,000 төгрөг, ирж очих бензиний үнэ 250,000 орчим төгрөг, мөн буудлын зардал 45,000 төгрөг гээд нийт 5,409,000 төгрөг болсон. Тэгээд яах вэ бид нар ирж, очих бензиний зардлаа буруу тооцсон учраас нэхэмжлэлийн үнэ дээр 5,235,000 төгрөгөөрөө бичигдсэн. Иймд хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдын эд хөрөнгийг тавьсан үүнээс гарсан хохирол төлбөр болох нийт 5,235,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гарсан. Энэ шаардлагаа дэмжиж байна гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: Т.Э-гийн 2023 оны 05 дугаар сарын 08-нд гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 08 дугаар сараас хойш Т.Э-тэй хувиараа алт олборлохоор хамтран ажиллаж эхэлсэн. Алтанд явахад мөнгөний хэрэгцээ их гардаг урчаас аль их үнэд хүрдэг зүйлүүдээ барьцаалан зээл авч санхүүгээ босгодог байсан. 2022 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшлийн малыг зарж 3,000,000 төгрөг болгоод Завхан аймгийн Ургамал сум руу явсан. Ингэж явах үед гарсан бүх зардал надаас гарсан ба Т.Э нэг ч төгрөгийн зардал гаргаагүй бүх зүйлээ надаар даалгасан. Тэгээд надад хэлэхдээ манай ээжийнд нэг алтан бурхан байгаа. 3 жилийн өмнө 80 сая хүрч байсан. Одоо нэлээд үнэ хүрэх байх, чи мөнгө төгрөгийн тооцоог хийж бай. Санаа зоволтгүй, алт олсон олоогүй хамаагүй би чамд мөнгө олж өгнө гэдэг байсан. 2023 оны 01 дүгээр сарын 20-нд миний өөрийн эзэмшил дээр байдаг prius 20 маркийн машиныг барьцаалдан зээлдүүлэх газар барьцаанд тавьж, 3,500,000 төгрөг зээлж хамтдаа Ховд аймаг руу явсан. Тэгэхдээ машиндаа засвар хийх шаардлагатай гээд 2023 оны 01 дүгээр сарын 20-нд ******** тоот дансанд 500.000 төгрөг, мөн 250.000 төгрөг тус шилжүүлж авсан. 2023 оны 01 дүгээр сарын 21-нд мөн 300.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан. Мөн Улаанбаатар хотоос ирэх бензиний зардал гэж 700,000 төгрөгийг мөн авсан. Машин барьцаалснаас хойш нэг ч удаа энэ мөнгийг төлөлцөөгүй би өөрөө хувиараа одоог хүртэл төлж байгаа. Машин барьцаанд тавиулахдаа мөнгөн дээр санаа зоволтгүй би нэг машин унагаачихсан байгаа юм. Тэрний төлбөрт даатгалаас 28,000,000 төгрөг орж ирнэ гэж хэлдэг. Энэ бүгдэд нь би итгээд байнга тооцоог хийж байсан. Тэр байтугай байнга мөрийтэй тоглоод тэрнийхээ мөнгийг хийлгэсэн баримтууд нь ч байгаа. Энэ бүгдийг бодоход намайг байнга хууран мэхэлж, залилан хийж байсан нь батлагдаж байгаа. Тэгээд Э байнга архи уугаад огт эрүүлжихгүй байсан хэрнээ мөнгө олоод өгөөдөх гэр рүүгээ буцмаар байна, цагаан сар болох гээд байна гэсээр байгаад 2023 оны 02 дугаар сарын 14-нд Эгийн металл хайгчийг барьцаалан зээлдүүлэх газар А бид 3 хамт явж 4,000,000 төгрөгт тавьсан. Хамт явж байсан хоёрт маань бичиг баримт байхгүй байсан учраас яах аргагүй миний нэр дээр барьцаалсан. Ломбардаас гарч ирээд А бэлнээр 1,000,000 төгрөгийг, Э 800000 төгрөгийг бэлнээр авсан. Хот явах замдаа машин эвдэрсэн гээд 2023 оны 02 дугаар сарын 17-нд хамт явж байсан Д.Ц гэдэг хүний *****тоот дансаар 700,000 төгрөг шилжүүлж авсан. 2023 оны 04 дүгээр сарын металл хайгчийн сарын төлбөр 500,000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж төлсөн. 2023 оны 04 дүгээр сарын 03-нд Э-гийн төрсөн дүү Т.Б-ийн ***** тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ бүгдийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 5,120,000 төгрөг гаргуулах тухай.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2022 оны 08 дугаар сараас хойш Т.Э-тэй хувиараа алт олборлохоор хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд 2022 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшлийн малыг зарж 3,000,000 төгрөг болгоод Завхан аймгийн Ургамал сум руу Т.Э-гийн хамт алтанд явсан. Тухайн үед гарсан бүх зардлыг би өөрийн зүгээс гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 20-нд миний өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай prius 20 маркийн автомашиныг Нэткапитал Финанс банк бус санхүүгийн байгууллагад 3,500,000 төгрөгийн барьцаанд тавьж тухайн мөнгийг аваад Ховд аймаг руу алтанд явсан. Т.Э автомашиндаа засвар хийх шаардлагатай гээд 2023 оны 01 дүгээр сарын 20-нд ***** тоот дансанд 500.000 төгрөг, мөн 250.000 төгрөг тус шилжүүлж авсан. 2023 оны 01 дүгээр сарын 21-нд мөн 300.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан. Т.Э надад хэлэхдээ манай ээжийнд нэг алтан бурхан байгаа. 3 жилийн өмнө 80 сая хүрч байсан. Одоо нэлээд үнэ хүрэх байх, чи мөнгө төгрөгний тооцоог хийж бай. Санаа зоволтгүй, алт олсон олоогүй хамаагүй би чамд мөнгө олж өгнө гэж төлбөр тооцоог надаар хийлгүүлдэг байсан. Мөн миний машиныг барьцаалан зээлдүүлэх газарт тавихдаа мөнгөнд санаа зоволтгүй. Би нэг машин унагаачихсан байгаа. Тэрний даатгалын нөхөн төлбөрт 28 сая төгрөг орж ирнэ гэж хэлдэг. Энэ бугдэд нь би итгэж Завхан аймаг, Ховд аймагт явахдаа байнга төлбөр тооцоог хийж байсан. Тэр байтугай байнга онлайнаар мөрийтэй тоглоод түүнийхээ мөнгийг хийлгэж байсан дансны баримтууд байна. Энэ бүгдийг бодож байхад намайг байнга хууран мэхэлж ашиглаж залилж байсан. Т.Э цагаан сарын өмнө буцах гээд мөнгөгүй, байнга архи уугаад мөнгө олж өг гэсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эгийн металл хайгчийг барьцаалан зээлдүүлэх газар А бид 3 хамт явж 4,000,000 төгрөгт тавьсан. Тухайн үед А, Э 2-т бичиг баримт байхгүй байсан учраас миний бичиг баримтаар барьцаалан зээлдүүлэх газарт тавьж мөнгийг авсан. Тухайн мөнгөнөөс Ат 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Э 800,000 төгрөгийг бэлнээр авсан. Хот явах замдаа машин эвдэрсэн засварын мөнгө хэрэгтэй байна гээд 2023 оны 02 дугаар сарын 17-нд хамт явж байсан Д.Ц гэдэг хүний *****тоот дансаар 700,000 төгрөг шилжүүлж авсан. Д.Ц-д шилжүүлсэн мөнгө дээр мөн 300.000 төгрөг нэмж аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Т.Э нь хүнээс бэлнээр болон дансаар их багаар байнга мөнгө авдаг боловч буцааж өгдөггүй. Түүний энэ үйлдэлүүд нь хүнийг ашиглаад сурчихсан, залилангийн шинжтэй байдаг. Металл илрүүлэгчийг барьцаалсан мөнгөнөөс гэхэд бэлнээр болон дансаар өөрөө 1,500,000 төгрөгийг нь авсан. А-т өөрөө тоолж байгаад 1,000,000 төгрөг өгсөн. Тэр 2 хоорондоо тооцоотой байсан байх. Би дараа нь Э-г үрчих байх гээд дүүд нь 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тухайн мөнгийг би бүхэлд нь авчихсан мэтээр бүгдийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Харин би өөрөө хүртэл машинаа барьцаалан зээлдүүлэх газарт тавьж авсан мөнгийг хамт үрэлцсэн. Мөнгийг нь одоо хүртэл төлж байгаа. Нэг ч удаа Э тэр зээлээс төлөлцөөгүй. 2023 оны 04 дүгээр сарын металл хайгчийн сарын төлбөр 500,000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж төлсөн. 2023 оны 04 дүгээр сарын 03-нд Э-гийн төрсөн дүү Т.Б-ийн ***** тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Т.Э өөрийн дансаар 3 удаагийн гүйлгээгээр 1.050.000 төгрөг, бэлнээр хоёр удаа нийт 1,500,000 төгрөг, бусдын дансаар 2 удаа 1,700,000 төгрөг нийт 4,250,000 төгрөг авсан байдаг. Мөн онлайн покер тоглохдоо eegiigood, joker гэх нэрээр тоглодог байсан бөгөөд 10 удаагийн гүйлгээгээр 370.000 төгрөгийн шилжүүлгийг хийлгүүлсэн байдаг. Металл хайгчийн 04 сарын төлбөр 500,000 төгрөгийг мөн би төлсөн. Өөрийн автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан зээлийг одоог хүртэл би төлж байгаа. Энэ хугацаанд Т.Э надад мөнгө төгрөг өгч байгаагүй, хоол унд, байр сав, бензин тосны зардлыг надаас гаргуулдаг байсан. Миний тооцож байгаагаар Т.Э-д 4,620,000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн байна. Барьцаалан зээлдүүлэх газарт 500,000 төгрөг төлсөн. Одоог хүртэл автомашиныхаа барьцаалан зээлдүүлэх төлбөрийг төлж байна. Иймд Т.Э-гээс 5,120,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн үнэ 5,120,000 төгрөг бүхэлдээ нотлогддоггүй. Т.Э өөрийнхөө дансаар мөнгө авсан гэж ярьдаг нь нотлогддоггүй. Покер тоглосон мөнгө гэдэг нь нотлогддоггүй. Ер нь сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ нотлогдохгүй байгаа. Б рүү мөнгө шилжүүлсэн гэдэг нь Баатарсүрэнд л өгсөн болохоос биш Т.Э-д өгөөгүй шүү дээ. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-05/ 12:47:11, АИ92-тоо-12.14-үнэ-2470=30000 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
-Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-05/ 15:21:56, АИ92-тоо-23.78-үнэ-2525=60045 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
-Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-05/ 07:20:11 АИ92-тоо-26.99-үнэ-2390=64506 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
- Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-06/ 19:04:10, АИ92-тоо-11.88-үнэ-2525=30000 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
- Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-06/ 14:24:50, АИ92-тоо-14:31-үнэ-2795=40000 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
- Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-06/ 22:31:42, АИ92-тоо-32.38-үнэ-2470=80000 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
-Түмэн наст аригун ломбард гэх тэмдэг дарагдсан гар бичмэл,
-2023.05.06, өрөөний дугаар 206, хоногийн тоо 1, нийт төлбөр 45,000 төгрөг “Оргил-Алтай” зочид буудал гээд Хантайшир Тайгам ХХК гэх тамга дарсан баримт,
-“Бум” ломбард гэх баримтын хуулбар,
-Төмөрсүхийн Э-гийн **** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга.
8. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-дансны хуулбар,
-**** гэх facebook мессенжер хаягаас ирсэн чатын зураг,
-2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 712120206 дугаартай зээлийн гэрээний хуулбар,
-зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар,
-2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-ний хуулбар,
- О-ийн Э-ийн **** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-гэрэл зураг.
9. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт:
-“Түмэн наст аригун ломбардад хийсэн үзлэгийн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Т.Э нь О.Э-д холбогдуулан барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн төлбөрт 4,000,000 төгрөг, хүүний төлбөрт 880,000 төгрөг, Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу ирж очих бензиний зардалд 310,000 төгрөг, буудлын төлбөрт 45,000 төгрөг, нийт 5,235,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч О.Э нь нэхэмжлэгч Т.Э-д холбогдуулан бэлнээр болон дансаар шилжүүлсэн 4,620,000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн 500,000 төгрөг нийт 5,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
4. Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн төлбөрт 4,000,000 төгрөг, хүүний төлбөрт 880,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч тал нь “... Т.Э-г Ховд аймагт буудалд үлдээгээд О.Э нь Т.Э-гийн хайгчийг аваад зугтаасан байдаг. Т.Э нь сураглаж явсаар Говь-Алтай аймагт ирээд гэрээс нь О.Э-ийг олж авсан. Тэгээд хайгчаа авъя гэхэд ломбардад тавьчихсан гэдэг. Ломбардад тавиад авсан мөнгөөрөө цагаан сараа тэмдэглэх гээд захаас юм аваад явж байсан нөхцөл байдалтай байдаг. Удахгүй зохицуулж өгнө гэдэг тайлбарыг хэлсээр байгаад сүүлдээ би авч чадахгүй. Чи өөрөө ав гэдэг зүйл ярьсан. Т.Э бид хоёрын хувьд 2023 оны 05 дугаар сарын 05-нд ломбардад очиж мөнгийг нь төлж хайгчаа авсан. Энэ хайгчийн зах зээлийн үнэлгээ нь хамгийн багадаа 17,000,000 төгрөг байдаг. Үүнийг 4,000,000 төгрөгт алдахгүйн тулд бид хоёр эндээс машин аваад бензинээ хийж очоод ломбардынх нь хүүг, үндсэн зээлтэй нь төлөөд авсан байгаа. Энэ хүний хууль бус үйлдлээс болоод Т.Эгийн хувьд 5,235,000 төгрөгөөр хохирч байгаа юм. Яагаад 5,235,000 төгрөг болсон бэ гэхээр үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 880,000 төгрөг, ирж очих бензиний үнэ 250,000 орчим төгрөг, мөн буудлын зардал 45,000 төгрөг гээд нийт 5,409,000 төгрөг болж байгаа юм. Тэгээд яах вэ бид нар ирж, очих бензиний зардлаа буруу тооцсон учраас нэхэмжлэлийн үнэ дээр 5,235,000 төгрөгөөрөө бичигдсэн. Иймд хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдын эд хөрөнгийг тавьсан үүнээс гарсан хохирол төлбөр болох нийт 5,235,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.....” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.
4.3. Хариуцагч тал нь “...2023 оны 01 дүгээр сарын 20-нд миний өөрийн эзэмшил дээр байдаг prius 20 маркийн машиныг барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж 3,500,000 төгрөг зээлж хамтдаа Ховд аймаг руу явсан.
Тэгэхэд машиндаа засвар хийх шаардлагатай гээд 2023 оны 01 дүгээр сарын 20-нд 564150167 гэсэн данс руу 500,000 төгрөг,
мөн 2023 оны 01 дүгээр сарын 20-нд 250,000 төгрөг,
2023 оны 01 дүгээр сарын 21-нд 300,000 төгрөгийг өөрийн нэр дээрх дансанд шилжүүлж авсан.
Мөн Улаанбаатар хотоос ирэх бензиний зардал гэж 700,000 төгрөгийг мөн авсан.
Машин барьцаалснаас хойш нэг ч удаа энэ мөнгийг төлөлцөөгүй би өөрөө хувиараа одоог хүртэл төлж байгаа.
Э буцах гээд бүгд мөнгөгүй болоод Э байнга архи уугаад огт эрүүлжихгүй байсан хэрнээ мөнгө олоод өгөөдөх гэр рүүгээ буцмаар байна. Цагаан сар болох гээд байна гэсээр байгаад 2023 оны 02 дугаар сарын 14-нд Эгийн металл хайгчийг барьцаалан зээлдүүлэх газар А бид гурав хамт явж 4,000,000 төгрөгт тавьсан. Хамт явж байсан хоёр маань бичиг баримт байхгүй байсан учраас миний нэр дээр барьцаалсан.
Ломбардаас гарч ирээд А бэлнээр 1,000,000 төгрөг,
Э 800,000 төгрөгийг бэлнээр авсан.
Хот руу явж байх замдаа машин эвдэрчихлээ гээд 2023 оны 02 дугаар сарын 17-нд хамт явж байгаа хүн болох Д.Ц гэдэг хүний *****тоот данс руу 700,000 төгрөг шилжүүлж авсан.
2023 оны 04 дүгээр сард хайгчийн сарын төлбөр болох 500,000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж төлсөн.
2023 оны 04 дүгээр сарын 03-нд Эгийн төрсөн дүү Т.Б-ийн ***** тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ бүгдийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргажээ.
5. Үйл баримтын хувьд: Т.Э-ийн өмчлөлийн minilab брэндийн металл хайгчийг “Бум” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт О.Э 4,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Т.Э нь үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 880,000 төгрөг, нийт 4,880,000 төгрөг төлж авсан талаар талууд харилцан зөрүүгүй тайлбарлаж, уг үйл баримттай маргаагүй болно.
Нэхэмжлэгч Т.Э нь minilab брэндийн металл хайгчийг барьцаанаас чөлөөлж авсан болох нь 2023 оны 05 дугаар сарын 06-нд О.Э-ийн барьцаанд 4,000,000 төгрөгийн 7000 мэдрэгчид 880,000 төгрөгийн хүү үндсэн зээл 4,000,000, нийт 4,880,000 төгрөг авсан. Эд зүйлийг хүлээн авсан Э, хүлээлгэн өгсөн “Түмэн наст аригун” ломбард гэх тэмдэг дарсан гар бичмэлээр тогтоогдож байна.
Талууд minilab брэндийн металл хайгчийг “Бум” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 4,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гэж харилцан зөрүүгүй тайлбарлаж байх боловч барьцааны зүйлийг чөлөөлж “Түмэн наст аригун” ломбардаас авсан талаарх баримт хэрэгт авагджээ.
Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШЗ2023/02091 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу “Түмэн наст аригун” ломбардад үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан “...Түмэн наст Аригун ломбард, Бум ломбард нь нэг эзэнтэй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Бум нэртэй ломбардаар үйл ажиллагаа явуулж байгаад 4 сард хугацаа нь дуусаж “Бум” ломбардаа ажиллуулахаа больсон тул “Түмэн наст Аригун” ломбард дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс Бум ломбардад барьцаанд тавьсан 7000 мэдрэгчийг Түмэн наст Аригун ломбардын тэмдгийг дарж хүлээлгэж өгсөн...” гэх тайлбараар “Бум”, “Түмэн наст аригун” барьцаалан зээлдүүлэх газрууд нь нэг эзэнтэй бөгөөд “Бум” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьсан металл хайгчийг “Түмэн наст аригун” барьцаалан зээлдүүлэх газраас авсан болох нь тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна.
Тодруулбал Т.Э-гийн өмчлөлийн minilab брэндийн металл хайгчийг “Бум” барьцаалан зээлдүүлэх газарт О.Э 4,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсны улмаас 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Т.Э нь үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 880,000 төгрөг, нийт 4,880,000 төгрөг төлж minilab брэндийн металл хайгчийг барьцаанаас чөлөөлж авсан үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний болон үүргийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь minilab брэндийн металл хайгчийг барьцаанаас чөлөөлөхөд төлсөн үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 880,000 төгрөг, нийт 4,880,000 төгрөгийг О.Э-ээс шаардсан нь хуульд нийцжээ.
7. Нэхэмжлэгч Т.Э-гийн Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу ирж очих бензиний зардалд 310,000 төгрөг, буудлын төлбөрт 45,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
7.1 Нэхэмжлэгч тал “...Т.Э бид хоёрын хувьд 2023 оны 05 дугаар сарын 05-нд ломбардад очиж мөнгийг нь төлж хайгчаа авсан. Энэ хайгчийн зах зээлийн үнэлгээ нь хамгийн багадаа 17,000,000 төгрөг байдаг. Үүнийг 4,000,000 төгрөгт алдахгүйн тулд бид хоёр эндээс машин аваад бензинээ хийж очоод ломбардынх нь хүүг, үндсэн зээлтэй нь төлөөд авсан байгаа...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.
8. Нэхэмжлэгч нь уг шаардлагыг нотлохоор
-Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-05/ 12:47:11, АИ92-тоо-12.14-үнэ-2470=30000 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
-Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-05/ 15:21:56, АИ92-тоо-23.78-үнэ-2525=60045 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
-Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-05/ 07:20:11 АИ92-тоо-26.99-үнэ-2390=64506 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
- Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-06/ 19:04:10, АИ92-тоо-11.88-үнэ-2525=30000 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
- Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-06/ 14:24:50, АИ92-тоо-14:31-үнэ-2795=40000 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь,
- Нэр: Шунхлай трейдинг, огноо: 2023-05-06/ 22:31:42, АИ92-тоо-32.38-үнэ-2470=80000 төгрөг гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын эх хувь буюу нийт 304,551 төгрөгийн шатахууны баримт, мөн 2023.05.06, өрөөний дугаар 206, хоногийн тоо 1, нийт төлбөр 45,000 төгрөг “Оргил-Алтай” зочид буудал гээд Хантайшир Тайгам ХХК гэх тамга дарсан баримт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
9. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Т.Э нь О.Э-ээс нэхэмжлэгч нь minilab брэндийн металл хайгчийг барьцаанаас чөлөөлөхөд гарсан зардал буюу Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирж, очиж зардал болон буудлын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.
10. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг үндэслэн барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн төлбөрт 4,000,000 төгрөг, хүүний төлбөрт 880,000 төгрөг, Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу ирж очих бензиний зардалд 304,551 төгрөг, буудлын төлбөрт 45,000 төгрөг, нийт 5,229,551 төгрөгийг хариуцагч Л овгийн О-ийн Э-ээс гаргуулж, Х овгийн Т-ийн Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,449 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
11. Т.Эд бэлнээр болон дансаар шилжүүлсэн 4,620,000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн 500,000 төгрөг нийт 5,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
11.1. Хариуцагч дээрх шаардлагыг “...2023 оны 01 дүгээр сарын 20-нд миний өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай prius 20 маркийн автомашиныг Нэткапитал Финанс банк бус санхүүгийн байгууллагад 3,500,000 төгрөгийн барьцаанд тавьж тухайн мөнгийг аваад Ховд аймаг руу алтанд явсан. Т.Э автомашиндаа засвар хийх шаардлагатай гээд 2023 оны 01 дүгээр сарын 20-нд ****** тоот дансанд 500.000 төгрөг, мөн 250.000 төгрөг тус шилжүүлж авсан. 2023 оны 01 дүгээр сарын 21-нд мөн 300.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан. Т.Э цагаан сарын өмнө буцах гээд мөнгөгүй, байнга архи уугаад мөнгө олж өг гэсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эгийн металл хайгчийг барьцаалан зээлдүүлэх газар А бид 3 хамт явж 4,000,000 төгрөгт тавьсан. Тухайн мөнгөнөөс Ат 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Э 800,000 төгрөгийг бэлнээр авсан. Хот явах замдаа машин эвдэрсэн засварын мөнгө хэрэгтэй байна гээд 2023 оны 02 дугаар сарын 17-нд хамт явж байсан Д.Ц гэдэг хүний *****тоот дансаар 700,000 төгрөг шилжүүлж авсан. Д.Ц-д шилжүүлсэн мөнгө дээр мөн 300.000 төгрөг нэмж аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Т.Э нь хүнээс бэлнээр болон дансаар их багаар байнга мөнгө авдаг боловч буцааж өгдөггүй. Металл илрүүлэгчийг барьцаалсан мөнгөнөөс гэхэд бэлнээр болон дансаар өөрөө 1,500,000 төгрөгийг нь авсан. А-т өөрөө тоолж байгаад 1,000,000 төгрөг өгсөн. Тэр 2 хоорондоо тооцоотой байсан байх. 2023 оны 04 дүгээр сарын металл хайгчийн сарын төлбөр 500,000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж төлсөн. 2023 оны 04 дүгээр сарын 03-нд Э-гийн төрсөн дүү Т.Б-ийн ***** тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Т.Э өөрийн дансаар 3 удаагийн гүйлгээгээр 1.050.000 төгрөг, бэлнээр хоёр удаа нийт 1,500,000 төгрөг, бусдын дансаар 2 удаа 1,700,000 төгрөг нийт 4,250,000 төгрөг авсан байдаг. Мөн онлайн покер тоглохдоо eegiigood, joker гэх нэрээр тоглодог байсан бөгөөд 10 удаагийн гүйлгээгээр 370.000 төгрөгийн шилжүүлгийг хийлгүүлсэн байдаг. Өөрийн автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан зээлийг одоог хүртэл би төлж байгаа. Энэ хугацаанд Т.Э надад мөнгө төгрөг өгч байгаагүй, хоол унд, байр сав, бензин тосны зардлыг надаас гаргуулдаг байсан. Миний тооцож байгаагаар Т.Эд 4,620,000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн байна. Барьцаалан зээлдүүлэх газарт 500,000 төгрөг төлсөн. Иймд Т.Э-гээс 5,120,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэж тайлбарлажээ.
11.2. Нэхэмжлэгч тал “...Сөрөг нэхэмжлэлийн үнэ 5,120,000 төгрөг бүхэлдээ нотлогддоггүй. Т.Э өөрийнхөө дансаар мөнгө авсан гэж ярьдаг нь нотлогддоггүй. Покер тоглосон мөнгө гэдэг нь нотлогддоггүй. Баатарсүрэн рүү мөнгө шилжүүлсэн гэдэг нь Баатарсүрэнд л өгсөн болохоос биш Т.Эд өгөөгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлаж, гэрч Д.Ц “...Т.Э нь дугуй авна гээд Өвөрхангайн гуанзанд байж байхад яриад миний данс руу О.Э-ээр 750,000 төгрөг хийлгэж авсан...” гэж мэдүүлжээ.
12. Хэрэгт авагдсан О-ийн Э-ийн 5***** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгат 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр **** тоот Т.Э-ийн данснаас “е” гэсэн утгатай 400,000 төгрөгийн орлого орсон. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр **** тоот Т.Э-гийн данснаас “е” гэсэн утгатай 100,000 төгрөгийн орлого орсон. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ****** тоот Т.Эгийн данс руу 500,000 төгрөг “mend” гэсэн утгатай шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* тоот Т.Э-гийн данс руу 250,000 төгрөг “6” гэсэн утгатай шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ****** тоот Т.Э-гийн данс руу 300,000 төгрөг “6” гэсэн утгатай шилжүүлсэн, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *****тоот Д.Ц гэсэн данс руу 700,000 төгрөг “mend” гэсэн утгатай шилжүүлсэн байна (хх-62-76-р тал).
Хаан банкны ****** тоот данс нь Т.Э-гийн эзэмшлийн данс болох нь хэрэгт авагдсан (хх-100-101-р тал) түүний депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
13. Дээрх үйл баримтыг авч үзэхэд нэхэмжлэгч Т.Э нь О.Эийн данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөг шилжүүлж, О.Э нь Т.Эгийн данс руу 3 удаагийн гүйлгээгээр 1,050,000 төгрөг, Д.Ц-ийн дансаар 700,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал Т.Э-гийн хоёр удаагийн гүйлгээгээр О.Ээд шилжүүлсэн 500,000 төгрөгийг О.Э-ээс Т.Эд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 1,050,000 төгрөгөөс хасаж тооцоход 550,000 төгрөгийг Т.Э-д дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн Т.Э нь О.Э-ээс Д.Ц-ийн дансаар дамжуулж 700,000 төгрөг авсан гэх хариуцагчийн тайлбар нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
14. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байна.
Тодруулбал О.Э нь ****** тоот депозит данснаас Т.Эд 550,000 төгрөг, Д.Ц-ийн дансаар дамжуулж 700,000 төгрөг, нийт 1,250,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний болон үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч О.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,250,000 төгрөгийг Т.Э-гээс гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,870,000 төгрөгийг Т.Эд өгсөн үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд О.Эийн бэлнээр болон дансаар шилжүүлсэн 4,620,000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн 500,000 төгрөг нийт 5,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,250,000 төгрөгийг хангаж, үлдэх 3,870,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
Хариуцагч О.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Т.Эгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохоор байх тул Т.Эгийн нэхэмжлэлийн хангасан 5,229,551 төгрөгөөс О.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн хангасан 1,250,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагч О.Э-ээс 3,979,551 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Э-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
16. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг үндэслэн барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн төлбөрт 4,000,000 төгрөг, хүүний төлбөрт 880,000 төгрөг, Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу ирж очих бензиний зардалд 304,551 төгрөг, буудлын төлбөрт 45,000 төгрөг, нийт 5,229,551 төгрөгийг хариуцагч Л овгийн О-ийн Э-ээс гаргуулж Х овгийн Т-ийн Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,449 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Х овгийн Т-ийн Э-гээс 1,250,000 төгрөгийг гаргуулж Л овгийн О-ийн Э-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,870,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Э-гийн нэхэмжлэлийн хангасан 5,229,551 төгрөгөөс хариуцагч О.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн хангасан 1,250,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагч Л овгийн О-ийн Э-ээс 3,979,551 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х овгийн Т-ийн Э олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,710 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 96,870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 5,229,551 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 98,623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-д олгож, нэхэмжлэгч Т.Э-гээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 1,250,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,550 төгрөгийг гаргуулан хариуцагч О.Э-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, нэхэмжлэгч Т.Эгийн нэхэмжлэлийн хангасан 5,229,551 төгрөгөөс хариуцагч О.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн хангасан 1,250,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагч Л овгийн О-ийн Э-ээс 3,979,551 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х овгийн Т-ийн Э-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,710 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 96,870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 5,229,551 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 98,623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-д олгож, нэхэмжлэгч Т.Э-ээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 1,250,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,550 төгрөгийг гаргуулан хариуцагч О.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ