Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 133ШШ/2024/00062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М”ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З-ийн *** ангид холбогдох,

Гэм хорын хохиролд 9,819,895 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.Гэрэлсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 9,819,895 (есөн сая найман зуун арван есөн мянга найман зуун ерөн таван) төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Авто Тээврийн Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газар нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20060621313 дугаартай "Тээврийн хэрэгслийн Төгс даатгалын гэрээ"-г М ХХК-тай байгуулж **** улсын дугаартай Toyota Land Cruiser70 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан юм. Хариуцагч З-ийн *** ангийн жолооч /ахлагч Д.Н нь/ 7782 дугаар ангийн улсын дугааргүй өөрөө ачигч ковш машиныг жолоодон явах үедээ 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Дорноговь аймгийн Мандах сумын нутагт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж явсан Монгол Улсын шадар сайд Ц.Энхтүвшингийн ажлын хэсгийн цуваанд явсан **** улсын дугаартай Toyota Land Cruiser 70 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тус осолд буруутай жолооч Д.Н нь жолооны үнэмлэхгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй байсан ба осол болох ойр орчимд нь замын тэмдэг тэмдэглэгээ байгаагүй, тэрээр урдаа байсан дохиочны дохиог хараагүй бөгөөд ард нь байсан тээврийн хэрэгслийн удаа дараа өгсөн дуут дохиог сонсоогүй ухрах үйлдэл хийж даатгалын зүйлд хохирол учруулсан байх тул нэхэмжлэгч нь даатгуулагч "Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу 9,819,895 төгрөгийг даатгуулагчид олгосон. Нэхэмжлэгч нь ослын улмаас даатгуулагчид учирсан дээрх хохирлыг барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар буруутай этгээд буюу хариуцагчаас шаардах эрх үүссэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "Эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", 498.1-д "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ." гэж заасны дагуу З-ийн *** ангийн жолооч, ахлагч Д.Нгийн буруутай үйлдлийн улмаас хохирогч, даатгуулагчид учирсан хохирол 9,819,895 төгрөгийг даатгалын гэрээний дагуу барагдуулсан тул тус төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

3. Хариуцагчийн тайлбар: Тус анги нь Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байсан. Тухайн үед 7782 дугаар анги гэж түр анги байсан. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Монгол Улсын шадар сайд Ц.Энхтүвшиний ажлын хэсгийн цуваа явж өнгөрсөн. Түүний дараа буюу 16 цаг 30 минутын үед цуваанаасаа хоцроод явж байсан ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 км тутамд 40 км/ц дээш хурд хэтрүүлэхийг хориглосон тэмдгийг зөрчиж ажил үүргээ гүйцэтгэж байсан шанагат ачигчийн ард очиж зогссон байдаг. Тухайн үед тоосжилттой их учраас харагдах орчин маш муу байсан. Улмаар шанагат ачигч замын ажлыг гүйцэтгэж дуусаад хойшоо ухрахад тухайн тээврийн хэрэгсэл илтэд болгоомжгүй хандан хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс болж мөргүүлсэн. Бүтээн байгуулалтын талбайд ажиллаж буй техник 50 метр дотор ажил үүргээ саадгүйгээр гүйцэтгэх эрхтэй гэж Хөдөлмөрийн аюулгүй байдлын журамд тусгасан байдаг. Мөн тээврийн хэрэгсэл нь техникийг бүрэн зогссоны дараа яван өнгөрөх үүрэгтэй. Харин цуваанаасаа хоцорч явж байсан тээврийн хэрэгсэл эдгээр дүрэм журмыг баримтлалгүй осол гаргасан. Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил явагдаж байх үед хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр өглөө бүр зөвлөгөө өгч, бүтээн байгуулалтын талбай дээр тэмдэг, тэмдэглэгээ байрлуулсан байгаа. Хууль дүрмийнхээ дагуу бүх тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан. Мөн Д овогтой Н нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 09 дүгээр сард зохион байгуулсан мэргэшсэн операторын сургалтад хамрагдаж мэргэжлийн гэрчилгээ авсан. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч" гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг ойлгоно гэж заасан. Манайх зэвсэгт хүчний анги тул байлдааны дугаартай байдаг. Бүтээн байгуулалтын ажил хийж байх хугацаанд манай байлдааны дугаар машин дотроо байсан юм билээ. Мөн нэхэмжлэгч М ХХК-тай ямар ч иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэдгийг хэлмээр байна. Тухайн үеийн цагдаагийн газрын тодорхойлолт нь ослын хар зураг байхгүй, ямар нэгэн хэмжилт хийлгүйгээр гарсан. Манай анги нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар Автотээврийн Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын М ХХК-тай байгуулсан 2006061213 дугаартай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг манай байгууллага өгөх боломжгүй гэв.

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга нь: М ХХК-ийн гаргасан даатгалын нөхөн төлбөрт Автотээврийн үндэсний төвд гаргаж өгсөн мөнгөн төлбөрийг 0341 дүгээр ангиас гаргуулах нь М ХХК-ийн үйл ажиллагаа тодорхой бус байсан.

5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1033 дугаартай албан бичиг,

-Автотээврийн үндэсний төвийн албан бичиг,

-М ХХК-ийн депозит дансны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулга,

-Тээврийн хэрэгслийн “Төгс” даатгалын гэрээ, баталгааны дугаар №20060621313,

-Автотээврийн үндэсний төвийн М ХХК-д гаргасан хүсэлт,

-Дорноговь аймаг дахь Цагдаагийн замын цагдаагийн тасгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас, Дорноговь аймаг дахь цагдаагийн газар 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт,

-2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт,

-Мастер үнэлгээ ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, үнэлгээний төлбөрийн баримт,

-Гэрэл зураг,

-Таван богд ХХК-ийн нэхэмжлэх,

-М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

6. Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримт:

-З х ******* ангийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/768 дугаартай “Эрх, үүрэг шилжүүлэх тухай” тушаалын хуулбар, гэрэл зураг,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/254 дугаартай албан бичиг,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. “М”ХК нь З-ийн *** ангид холбогдуулан гэм хорын хохиролд 9,819,895 (есөн сая найман зуун арван есөн мянга найман зуун ерөн таван) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Хариуцагч З-ийн *** анги нь ...Тухайн үеийн цагдаагийн газрын тодорхойлолт нь ослын хар зураг байхгүй, ямар нэгэн хэмжилт хийлгүйгээр гарсан. Манай анги нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар Автотээврийн Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын М ХХК-тай байгуулсан 2006061213 дугаартай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг манай байгууллага өгөх боломжгүй... гэж татгалзжээ.

4. Даатгалын гэрээний харилцааны хувьд:

“М”ХК, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар хоёрын хооронд “**** улсын дугаартай Toyota Land Cruiser70 маркын тээврийн хэрэгслийг даатгуулж 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай даатгалын гэрээ байгуулагдаж даатгалын эрх зүйн харилцаа үүссэн болох нь Тээврийн хэрэгслийн “Төгс” даатгалын гэрээгээр тогтоогдож байна. 

Тээврийн хэрэгслийн “Төгс” даатгалын гэрээнд даатгуулагч гарын үсэг зураагүй байгаа хэдий ч даатгагч тал эрсдлийг хүлээж гарын үсэг зурж тамга дарсан байгаа тул хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэх нь зүйтэй байна.

Уг гэрээний дагуу З-ийн *** ангийн жолооч /ахлагч Д.Н нь/ 7782 дугаар ангийн улсын дугааргүй өөрөө ачигч ковш машиныг жолоодон явах үедээ 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Дорноговь аймгийн Мандах сумын нутагт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж явсан Монгол Улсын шадар сайд Ц.Энхтүвшингийн ажлын хэсгийн цуваанд явсан **** улсын дугаартай Toyota Land Cruiser 70 маркын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан үндэслэлээр даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон хохиролд 9,819,895 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

5. Гэм хорыг арилгах буюу зөрчлийн улмаас үүсэх үүргийн хувьд:

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасан бөгөөд Тээврийн хэрэгслийн “Төгс” даатгалын гэрээний 8.7-д Хэрэв даатгалын зүйлд гуравдагч этгээд хохирол учруулсан ба гарсан хохирлыг буруутай этгээдийн жолоочийн хариуцлагын даатгалаар барагдуулж болохуйц тохиолдолд даатгагч нь даатгуулагчийнхаа эрхийг хамгаалах үүднээс нөхөн төлбөрийг гэрээний журмын дагуу даатгуулагчид олгож, олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс (түүний даатгуулсан компаниас) нэхэмжилнэ гэж заасан байх тул Даатгалын тухай хуульд заасан гуравдагч этгээдэд шаардлага гаргах урьдчилсан нөхцөл хангагдсан байна.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “...Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заажээ.  

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

5.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “..Автотээврийн Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газар нь М ХХК-тай гэрээ байгуулж **** улсын дугаартай Toyota Land Cruiser70 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан. 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж явсан Монгол Улсын шадар сайд Ц.Энхтүвшиний ажлын хэсгийн цуваанд явсан **** улсын дугаартай Toyota Land Cruiser 70 маркийн тээврийн хэрэгслийг З-ийн *** ангийн жолооч, ахлагч Д.Н нь 7782 дугаар ангийн улсын дугааргүй өөрөө ачигч ковш машиныг жолоодон явах үедээ мөргөж зам тээврийн осол гаргасан. Даатгуулагч "Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-тэй байгуулсан даатгалын гэрээний дагуу 9,819,895 төгрөгийг даатгуулагчид олгосон. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу З-ийн *** анги төлөх үүргийг хүлээж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нь дэмжиж, З-ийн *** ангиас 9,819,895 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үүгэж тайлбарлаж байна.

 

Харин хариуцагч тал нь ...Тухайн үеийн цагдаагийн газрын тодорхойлолт нь ослын хар зураг байхгүй, ямар нэгэн хэмжилт хийлгүйгээр гарсан. Манай анги нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар Автотээврийн Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын М ХХК-тай байгуулсан 2006061213 дугаартай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг манай байгууллага өгөх боломжгүй... гэж тайлбарлаж маргажээ.

Талуудын маргааны зүйл нь гэм буруугийн асуудал байна.

5.2 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч З-ийн *** ангийн жолооч Д.Нн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч З-ийн *** ангийн жолооч Д.Нн хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч “М”ХК-д гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.3 Нэхэмжлэгч тал нотлох баримтаар “Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Т.Ууганбатын ...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэр Зүүнбаян Тавантолгой чиглэлийн төмөр замын ажилтай танилцаж явсан шадар сайдын цуваанд явж байсан **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Зэвсэгт хүчний 7782-р ангийн Longgong /ковш/ маркын механизм нь хөдөлгөөнд оролцож явах үед ухрах хөдөлгөөн хийж урд талаас мөргөсөн зам тээврийн осол гаргасан нь үнэн болно” гэх тодорхойлолтоор З-ийн *** ангийн жолооч Д.Нг гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч тал нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн замын цагдаагийн тасгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас, Дорноговь аймаг дахь цагдаагийн газар 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлснийг шинжлэн судлахад эдгээр нь даатгалын тохиолдол бий болсон болохыг тодорхойлсон агуулга, шинжтэй байх бөгөөд ослын акт үйлдээгүй, хуульд заасан журмыг баримтлан хэрэг болон зөрчил шалгаж, шийдвэрлэх байдлаар З-ийн *** ангийн жолооч, ахлагч Д.Н-н буруутай үйлдлийн улмаас **** улсын дугаартай Toyota Land Cruiser70 маркийн тээврийн хэрэгсэлд 9,819,895 төгрөгийн хохирол учирсан гэдгийг шууд нотлохгүй юм.

Нөгөө талаар зам тээврийн осол нь нийтийн эзэмшлийн зам талбайд замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас үйлдэгддэг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараар тухайн үйл баримт болсон орчин нь нийтээр зорчих зориулалт бүхий зам, түүний орчин биш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж байсан бүс болох нь тогтоогдож байна.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “М”ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

7. М ХХК-ийн гаргасан даатгалын нөхөн төлбөрт Автотээврийн үндэсний төвд гаргаж өгсөн мөнгөн төлбөрийг 0341 дүгээр ангиас гаргуулах нь М ХХК-ийн үйл ажиллагаа тодорхой бус байсан гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгч Д.Гэрэлсүрэнгийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М”ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,069 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З-ийн *** ангид холбогдох гэм хорын хохирол 9,819,895 (есөн сая найман зуун арван есөн мянга найман зуун ерөн таван) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М”ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М”ХК-ийн хариуцагч З-ийн *** ангид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ

 

   ШҮҮГЧ                          Ц.ҮЙТҮМЭН

 

    ШҮҮГЧ                           Б.МӨНХБАТ