| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/03974/И |
| Дугаар | 102/ШШ2023/03932 |
| Огноо | 2023-11-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2023/03932
| 2023 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2023/03932 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ********** тоот хаягт оршин суух, М овогт Ж Ч,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвийн хажууд байрлах, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Авах ёстой байсан тэтгэвэр 4,675,000 /дөрвөн сая зургаан зуун далан таван мянган/ төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Ч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын хэлтэст өөрийн биеэр очиж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо хариуцсан байцаагч нартай уулзаж холбогдох материал, архивын баримтууд, ажилд томилогдсон болон халагдсан тушаалын хуулбар зэргээ үзүүлсэн. Мөн НДЕГ-ын холбогдох хүмүүст материалаа шалгуулсан. Дээрх ажил хариуцсан хүмүүс “таны материал шаардлага хангахгүй, үндэслэл болохгүй байх тул заавал иргэний хэргийн шүүхээр нотлуулж ир” гэдэг. Энд Намын төв хорооны тогтоолоор БХЯ-ны захиалгаар ахлагч цолтойгоор МУИС-д цэргийн барилга инженерийн мэргэжлээр суралцсан хугацааг цэргийн байгууллагад ажилласан гэж тооцох боломжгүй гэх шалтгаан хэлдэг. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч МУИС-ийн Политехникийн дээд сургуульд сонсогчоор суралцаж байсан нь үнэн гэсэн захирамж гаргасан. Мөн Барилгын үйлдвэрлэл Эрдэм шинжилгээний институтэд 1989 оны 1 дүгээр сарын 19-нөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байсныг шүүхээр нотлуулсан. Монгол улсын иргэн миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоох нас ажилласан жил болсон тул харьяалах дүүрэгт хандан хүсэлт өргөдөл гаргаад асар их чирэгдэл амссан. Холбогдох материалууд, архивын лавлагаа зэргээ шүүхэд нотлох баримт болгож гаргаж өгсөн. Энэ олон сар чирэгдэл учруулж нотлох баримт архивын лавлагааг шүүхээр давхар нотлуулж явсаар 8,5 сар нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврээ авч чадаагүй хохирол амссан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Би 29 жил 8 сар улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Нийгмийн даатгалд өгсөн баримтуудаа л би шүүхэд өгсөн. Нэг ч баримт шүүхэд илүү өгөөгүй. Энэ байгууллагын ажилтнууд харилцаа маш муу, хүнийг маш их чирэгдүүлдэг. Яагаад анх очиход хэлж болдоггүй юм бэ? Анх очиход ойлгомжтой тодорхой хэлээгүйгээс болоод хоёр удаа шүүхийн шийдвэр гаргуулж ажилласан байдлаа тогтоолгосон. 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тухайн тогтоосон тэтгэврийн хэмжээг нь хүчээр авахаас өөр аргагүй болсон. Хүнлэг бус хандсанд нь гомдолтой байна. Би шүүхэд илүү нууц материал өгөөгүй. Хуулинд баримтууд шаардлага хангахгүй бол шүүхээр тогтоолгоно гэсэн байдаг юм байна. Гэхдээ өөрсдөө тогтоох боломжтой байсан. Надад энэ байгууллага бичгээр хариу өгч байгаагүй. Байцаагч нь байнга солигдчихдог, хүлээж авлаа гэсэн хуудас ч өгч байгаагүй. Надад бичгээр өгсөн бол би хурдан бэлдээд өгөх боломжтой байсан...гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэврээ хугацаандаа тогтоолгох шаардлагыг хангаагүй нөхцөлд тэтгэвэр тогтоох боломжгүй. Нэхэмжлэгчийн 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Политехникийн дээд сургуулийн Цэргийн барилгын ангид сонсогчоор суралцсан гэх хугацааны баримт нь Зэвсэгт хүчний жанжин штабын лавлагаагаар нотлогдоогүй байсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00922 дугаар шүүхийн шийдвэрээр, мөн 1989 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институтын Төсвийн норм үнэ бүрдлийн секторын инженерийн албан тушаалд ажилласан гэх хугацааны тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй байсан ба үүнийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/04040 дугаар шүүхийн шийдвэрээр тус тус тогтоосон байна. Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол, нөхцөлийг хангасан даатгуулагчид тэтгэвэр тогтоож олгодог тул нэхэмжлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тэтгэвэр тогтоолгох хүсэлт, дээрх хугацааны шүүхийн шийдвэр болон бусад баримтыг үндэслэн тэтгэврийг нь тогтоон олгосон.
Тус байгууллагад хандсан гэх 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нь бүх нийтийн амралтын буюу баярын өдөр байгаа. Нэхэмжлэгчийн ажилласан жил нь ямар ч шаардлага хангахгүй байсан гэдэг нь шүүхийн шийдвэрт өгсөн түүний тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн ажилласан жилийн шаардлага хангахгүйгээс ийм асуудал үүссэн байна. Ямар ажилтан дээр очсоныг бид мэдэхгүй байна. Манай байгууллагад анх өргөдөл гаргаж ирэхэд нь цаасан хуудас өгдөг. Улсын байцаагчийн үйл ажиллагаатай холбоотой бичгээр аливаа гомдол гаргаагүй. Хэрвээ ирсэн тохиолдолд ажилтан дэвтэр дээр бүртгээд, зөвлөгөө өгсөн гээд хуудас өгч, бүртгэлийг хаадаг. Харин 2023 оны 3 дугаар сард бичгээр гаргасан өргөдөл, хүсэлтийг нь үндэслэж шалгаад тэтгэвэр тогтоосон. Тэтгэврийн хэмжээний тухайд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 550,000 төгрөг болсон. Үүнээс өмнө 500,000 төгрөг байсан. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, өөрийн Хаан банк дахь депозит дансны хуулга /хх-5/, Монгол улсын Батлан хамгаалах яамны 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /хх-6/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Өргөдлийн хариу” албан бичгийн хуулбар /хх-7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04040 дугаар шийдвэрийн хуулбар /хх-8-9/, мөн шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 00922 дугаар шийдвэрийн хуулбар /хх-10-12/, Ж.Ч ын ажил байдлын тодорхойлолтын хуулбар /хх-13/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн эх хувь /хх-14/, Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас эх хувь /хх-15/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал хариу тайлбараа нотлохоор: Ж.Ч ын Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийн хуулбар /хх-23/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 00922 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04040 дугаар шийдвэрүүдийн хуулбар /хх-24-29/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх Ж.Ч ын Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч байгууллагын буруугаас өндөр насны тэтгэвэр олгох хугацааг 8,5 сараар хэтрүүлсэн учир тэтгэвэр тогтоолгохоор анх хандсан 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс тэтгэвэр олгож эхэлсэн 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэвэр 4,675,000 төгрөгийг шаардана гэх агуулгаар тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн баримт хуульд заасан шаардлага хангаагүйн улмаас хоёр удаагийн шүүхийн шийдвэр гарснаар Ж.Ч нь ажилласан байдлаа тогтоолгосон. Анх 2022 оны 7 дугаар сард өргөдөл гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн.
4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Ж.Ч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04040 дугаар шийдвэрээр 1989 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Барилгын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтын Төсвийн норм, үнэ бүрдэлтийн секторт инженерээр ажиллаж байсан болохоо, мөн шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 00922 дугаар шийдвэрээр 1980 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Монгол улсын их сургуулийн Политехникийн дээд сургуулийн Цэргийн барилгын инженерийн ангид сонсогчоор суралцаж байысан болохоо тус тус тогтоолгосон, шүүхийн дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.
4.2. Монгол улсын Батлан хамгаалах яамнаас 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 04/3129 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Жадамба овогтой Чинбатын ажилласан байдлын талаар тодорхойлжээ.
4.3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 04/09 тоот албан бичгээр Ж.Ч ын гаргасан “Политехникийн дээд сургуульд оюутнаар суралцсан хугацааг цэргийн сургуулийн сонсогчоор суралцсанаар тооцохыг хүссэн” өргөдөлд хүсэлтийг хангах боломжгүй тухай хариу өгсөн байна.
4.4. Нэхэмжлэгч Ж.Ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл өгч, тус байгууллагаас 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 228 тоот албан бичгээр хариу өгсөн байна. Уг албан бичгээр Ж.Ч ын ажиллаж байсан барилгын инженер, техникчийн ажлын байр нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Хөдөлмөрийн хүнд нөхцлийн 11-т “Барилгын болон бетон, төмөр хийцийн нийгэм ахуйн барилгын үйлдвэрлэл ... талбайн инженер” гэсэн ажил мэргэжилтэй адилтган үзнэ...” гэжээ.
4.5. Ж.Ч ын бичгээр гаргасан 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтийг үндэслэн, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүнийг 29 жил 7 өдөр, цэргийн албаны 3 сар 2 өдрийн шимтгэл төлсөн нийт хугацааг тооцож 500,000 төгрөгийн тэтгэвэр тогтоолт хийсэн байх бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн газрын нэмэгдэл 50,000 төгрөг, нийт 550,000 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон байна.
4.6. Ийнхүү нэхэмжлэгч Ж.Ч ад 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 01-ний өдрөөс 550,000 төгрөгийг тэтгэвэр түүний Хаан банк дахь харилцах дансаар олгогдож байна.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заажээ.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бичгээр өргөдөл гаргаж, 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 550,000 төгрөгийн өндөр насны тэтгэвэр олгогдсон болох нь хэрэгт цугларсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд бүрдүүлэх баримт бичгийн талаар хуульчилсан. Үүнд: нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тодорхойлолт гэх зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байхыг шаардахаар заажээ. Нэхэмжлэгч Ж.Ч хуульд заасан баримтуудыг бүрдүүлэн 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч байгууллагад хандаж хүсэлт гаргасан гэж тайлбарлах боловч түүний тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
8. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд тэтгэвэрл, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацааг нарийвчлан зохицуулсан байна. Хуулийн 24.3 дахь хэсэгт “өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч өргөдлөө 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, хариуцагч байгууллага энэ хугацаанаас хойш түүний өргөдлийг хянаад 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олгож эхэлсэн нь хуульд заасан өндөр насны тэтгэвэр олгох хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 89,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 4,675,000 төгрөг гаргуулах тухай Ж.Ч ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 89,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА