| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04264/И |
| Дугаар | 102/ШШ2023/03997 |
| Огноо | 2023-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2023/03997
2023 оны 11 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2023/03997 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн *********** хаягт оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Т Б,
Хариуцагч: Баянгол дүүргийн *********** хаягт оршин суух, эрэгтэй, Ш овогт Н Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 900,000 /есөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Б ,
Хариуцагч Н.Т ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Н.Т ын хүсэлтээр 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 250,000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 350,000 төгрөг, мөн сард олон удаагийн давтамжтай мөнгө зээлдүүлсэн, хуулга нь байна. Иймд Н.Т аас зээлдүүлсэн мөнгөө авах хүсэлтэй байна. Олон удаагийн зээлдүүлсэн мөнгө нь 80,000 төгрөг, 50,000 төгрөг, 60,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Нийтдээ 1,040,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна. 2023 оны 2 дугаар сард надад 360,000 төгрөг буцааж төлсөн. Үүнийг хасаад үлдэгдэл 900,000 төгрөгийг шаардаж байгаа. Эхлээд сарын хуагцаатай зээлдэг. Хариуцагч надаар хүнээс мөнгө зээлүүлээд зээлийн хүүг нь төлдөг байсан. Ажил дээрээ надад мөнгө бэлнээр өгч байгаагүй...гэв.
2. Хариуцагч Н.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Т.Б гэдэг эмэгтэй байнга худал ярьж гэр бүл үймүүлээд байна. Мөнгө төгрөгийн хувьд өөрөөс нь авсан мөнгийг данс руу нь хийе гэхээр “миний данс болохгүй байна, би очоод авъя” гээд манай ажил дээр ирж мөнгөө бэлнээр авсан. 2022 оны 10 сар, мөн оны 11 сард тус тус бэлнээр 250,000 төгрөг төлсөн. 2023 оны 2 сард данс руу нь мөнгө шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь манай албан газар, даргын өрөөнд өөрөө “Н.Т аас өр авлага байхгүй, цаашдаа энэ хүнтэй ямар ч хамаагүй” гэж тодорхойлолт бичиж өгсөн. Т.Б аас мөнгө авсан нь үнэн. Бас мөнгийг нь өгч л байсан байх. Яг 1,000,000 орчим төгрөг зээлж авсан гэж бодохгүй байна. Бүгдийг нь буцааж төлсөн. 2022 оны 11 дүгээр сард миний ажил дээр ирж бэлнээр авсан. Тэр үед хажууд хүн байгаагүй. 250,000 төгрөгөөр хоёр удаа төлсөн...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор өөрийн Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх-4-10/-ыг нотлох баримтаар гаргасан боловч уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
4. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцсэн баримт болох өөрийн Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх-17/-ыг нотлох баримтаар гаргасан. Харин Т.Б бичсэн гэх гар бичмэл баримтын хуулбар нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Т.Б ын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай аман хэлбэрээр харилцан тохиролцож, дансаар шилжүүлэн зээлдүүлсэн 1,040,000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 900,000 төгрөгийг гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “нэхэмжлэгчээс 1,040,000 төгрөг зээлж аваагүй, өөрийн авсан мөнгөө бүгдийг буцаан төлсөн. 250,000 төгрөгөөр 2 удаа бэлнээр төлсөн, 350,000 төгрөгийг дансаар төлсөн учир төлбөрийн үлдэгдэл байхгүй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Талууд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн талаар болон хариуцагч 2023 оны 2 дугаар сард нэхэмжлэгчид дансаар мөнгө шилжүүлсэн талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчээс нийт 1,040,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн эсэх болон хариуцагч 500,000 төгрөгийг 2 удаагийн төлөлтөөр бэлнээр төлсөн эсэх талаар маргасан.
5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.
6. Хариуцагч Н.Т 850,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа учир тэдний хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж нэхэмжлэгч Т.Б 850,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
7. Учир нь нэхэмжлэгч хариуцагчид 1,040,000 төгрөг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.
8. Талууд зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй учир Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцааж төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчийн шаардсанаар буцаан төлөх үүрэг хүлээх бөгөөд зээлж авсан 850,000 төгрөгөөс 361,000 төгрөгийг нэхэмжлэгчид 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3 удаагийн шилжүүлгээр нийт 361,000 төгрөгийг төлсөн болох нь Н.Т ын Хаан банк дахь 5434269906 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.
9. Хариуцагч нь нэхэмжлэгчид 500,000 төгрөгийг 2 удаа, тус бүр 250,000 төгрөгөөр бэлнээр төлсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
10. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчээс зээлдүүлсэн нийт 850,000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 361,000 төгрөгийг хасаж, үлдэх 489,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Н.Т аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж дүгнэв.
11. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн дүн 489,000 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 15,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т аас 489,000 /дөрвөн зуун наян есөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 411,000 /дөрвөн зуун арван нэгэн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т аас 15,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА