| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04184/И |
| Дугаар | 102/ШШ2023/03999 |
| Огноо | 2023-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2023/03999
2023 оны 11 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2023/03999 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******** хаягт оршин суух, А овогт Нн М /РД: /,
Хариуцагч: Баянгол дүүргийн ****** тоот хаягт оршин суух, Боржигин овогт Б О /РД: /,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Н.М би Б.Этэй 2023 оны 6 дугаар сарын 30-нд надаас 1,000,000 төгрөг, тухайн өдрийн орой нь 2,250,000 төгрөгийг “маргааш нийтэд нь 3,500,000 төгрөг болгож өгнө” гэж аваад одоо хүртэл өгөөгүй байна. “Энержи кастель” ХХК-д инженер хийдэг байсан. Ажлаасаа гараад явсан. Би тус компанид гэрээт бригадаар ажиллаж байсан. Б.Эээс 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч өөрөө надад 3,500,000 төгрөг болгож өгье гэж хэлсэн. Бодитоор 3,250,000 төгрөгийг зээлдүүлсэн...гэв.
2. Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдлаар өөрийн Хаан банк дахь 5020457717 тоот харилцах дансны 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргасан байна. /хх-5-10/
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Н.М ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчид 3,250,000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлдүүлсэн, хариуцагч мөнгийг нэг хоногийн дараа 3,500,000 төгрөг болгож буцаан төлөхөөр тохирсон боловч энэ үүргээ биелүүлээгүй учир 3,500,000 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Б.Э 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Н.М ийн Хаан банк дахь харилцах дансны хуулгаар тэрээр 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 3,250,000 төгрөгийг хариуцагч Б.О-нийн 33 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.
6. Нэхэмжлэгчээс хариуцагчид 3,250,000 төгрөгийг дансаар шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдүүлэгчийн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт цугларсан Н.М ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
7. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээлийн төлбөр 3,250,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч Н.М Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөр 3,250,000 төгрөгийг хариуцагч Б.Ээс шаардах эрхтэй.
8. Харин нэхэмжлэгч хариуцагчийг түүнд зээлийн гэрээний дагуу зээлж авсан 3,250,000 төгрөг дээр 250,000 төгрөгийг нэмж, нийт 3,500,000 төгрөг буцааж төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн уг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлээс энэ хэмжээгээр буюу 250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
9. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл 3,250,000 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 66,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ээс 3,250,000 /гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ээс 66,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.М д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА