Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

2026           01           27                                      2026/ШЦТ/58

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ****

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****д холбогдох эрүүгийн 2539004590443 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч **** 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 09 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах "****" хүнсний дэлгүүрийн гадаа ****ыг "ажлаа хаяж явлаа" гэх шалтгааны улмаас түүнийг цохиж биед нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч ****: “...Гар утсыг нь бол би сайн мэдэхгүй байна. Би цохисныхоо дараа ажлын байрных нь түлхүүрийг олж өг гээд цуг явсан хүмүүсээс халааснаас нь үзээд өг гэсэн. Би өөрөө бол халаасанд нь гар хүрээгүй. Хажууд нь байсан залуу ажлын газрынх нь түлхүүрийг авч өгөөд тэгээд л би явсан. Тэрнээс гар утас аваагүй...” гэж,

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2539004590443 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 09 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах "****" хүнсний дэлгүүрийн гадаа ****ыг "ажлаа хаяж явлаа" гэх шалтгааны улмаас түүнийг цохиж биед нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтуудыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8)

****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 9)

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа (хх-ийн 130)

Мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 131)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 55)

Худалдан авалтын и-баримтууд (хх-ийн 56)

 

Хохирогч ****ын "... Би 2025 оны 04 дүгээр сарын 25-ны 07 цаг 40 минутаас 09 цагийн хооронд **** сумын 3 дугаар багт байрлах **** хүнсний дэлгүүрийн гадаа согтуу явж байгаад үл таних 4 хүнтэй таарч нэг хүн нь миний биед халдаж нэг удаа цохиж унагаагаад миний өмдний кармад байсан өөрийн эзэмшлийн А15 маркийн гар утсыг маань аваад явсан байх гэж бодож байна. Би өглөө 07 цаг өнгөрч байхад эхнэр Бямбасүрэнтэй утсаар ярьсан байсан тэрнээс хойш 08 цаг 40 минутад гэртээ очиход гар утас маань байхгүй байсан. Би бол тухайн хүмүүсийг хараад танихгүй байгаа юмаа. Хэн гэдэг хүмүүстэй таарснаа ч санахгүй байна..." гэх мэдүүлэг. (хх-ийн 15-16)

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****гийн "... Би Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг Баянмөнхийн 10-05 тоотод 4 хүүхдийн хамт амьдардаг. Би талийгаач нөхөр ****тай 2000 оноос хойш хамт амьдарч байсан. Манай нөхөр талийгаач **** нь 04 дүгээр сарын 29-ний өдөр миний гар утас алга болчихсон би гар утсаа хаана хаячихсан юм бол гээд надаас асуусан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад Баянмөнхийн “****” дэлгүүрийн камерыг очиж шүүхэд манай хүн бусдад цохиулж унаж байгаа бичлэг байсан. Тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тухайн үед манай нөхөр 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр архи уугаад гадуур танихгүй хүмүүстэй явж байгаад гар утсаа хаяж үрэгдүүлээд **** дэлгүүрийн гадаа бусдад зодуулсан юм байна лээ. Тэрийгээ өөрөө ч мэдэхгүй архи уугаад тасарчихсан байсан болохоороо юу ч санахгүй байна гэж тухайн үед надад хэлсэн. Манай нөхөр талийгаач **** нь 2000 онд сүрьеэ өвчнөөр өвчилж байсан. Гэхдээ тухайн үедээ эмчлүүлсэн. Өөр ямар нэгэн өвчингүй байсан. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох шаардлагагүй. Талийгаач тухайн үед гомдолтой гэж байсан. Би тэр үгийг нь үргэлжлүүлнэ..." гэх мэдүүлэг. (хх-ийн 20-21, 24-25)

 

Шүүгдэгч ****ы сэжигтнээр өгсөн “...Би хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна 04 сарын сүүлээр гэж санаж байна. Манай эхнэр **** нь **** сумын 11 дүгээр цэцэрлэгт ажилладаг юм. Өглөө 08 цагийн үед манай эхнэр рүү цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд утсаар яриад “Хүүхдүүд цэцэрлэг рүүгээ орох гэсэн юм. Манаач нь байхгүй цэцэрлэг цоожтой байна. Та ирж онгойлгож өг” гэж ярьсан юм. Тэгээд манай эхнэр жижүүр **** луу залгатал түүний утас нь холбогдохгүй байсан юм. Тэгээд би ****гаас цэцэрлэгийн түлхүүр аваад цэцэрлэг онгойлгох гээд явсан. Тэгээд цэцэрлэг дээр ирээд цэцэрлэгээ онгойлгох гэтэл 1 дүгээр цэцэрлэгийн манаач онгойлгосон байхаар нь би буцаад гэр лүүгээ явсан юм. Тэгээд гэртээ харьж байх замд жижүүр **** үл таних 3 залуугийн хамт **** сумын 3 дугаар багт байх “****” хүнсний дэлгүүрийн гадна явж байхаар нь би очоод “Албаны ажил хийж байж байгууллагаа онгойлгож хүүхдүүдээ оруулсангүй. Энд согтуу байж байх юм” гэж хэлтэл “Би өөрөө мэдэж байна. Би ажлаа мэдэж байна” гэхээр нь би “Чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл “Чи битгий миний ажилд оролц” гээд намайг “Зайл чамд хамаагүй” гэхээр нь би мөр хэсэг рүү нь 1 удаа түлхтэл арагшаа суугаад өгсөн ба суучихаад арагшаа хэвтээд өгөхөөр нь би “Чи бос л доо” гээд мөр нь дээрээс нь татаж босгоод суулгасан ба би хамт байсан залуучуудаас нь “Наадахаасаа түлхүүр авч өг” гэж хэлтэл цуг зогсож байсан залуучуудын 1 нь баруун талын өмдний халаасыг нь ухаад манай эхнэрийн ажлын байрны түлхүүр гаргаж өгсөн. Тэгээд би түлхүүрээ аваад л явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34)

 

Шүүгдэгч ****ы яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 69-70)

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШД-225 дугаартай “...Samsung A-15 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 450,000.0 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 39-42)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 302 дугаартай “...1. 2. ****ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 48-49), шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн өргөдөл, цалин хөлсний тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий сиди болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.               

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “Шүүгдэгч **** 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж  байгаа. Ингээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд энэ хэргийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч тухайн үед эмчилгээний зардалд 256.000 төгрөг зарцуулсан байдаг. Үүнд Бриллант эмнэлэгт үзүүлсэн мөн эмнэлэгт үзүүлэх зорилгоор Улаанбаатар хот явсан үйл баримт байгаа. Энэ 256.000 төгрөгийн баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан байна. Энэ хэргийн хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон. Энэ хэрэгт хамааралгүй шалтгаан байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэрийг тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан байдаг. Үүнээс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж энэ хэрэгт явж байгаа. Ингээд Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчийн ажил эрхэлдэг. Энэ талаар ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолтыг өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн байдаг. 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс санаачилсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Энэ гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учраагүй байсан бол өнөөдрийн шүүх хуралдаан явагдахгүй байх байлаа. Хохирогч шүүх танхимд ирэх ямар нэгэн шаардлага байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас 2 удаагийн шүүх хуралдаанд оролцож байгаа учраас зайлшгүй түүний цалингүй чөлөө авсан 1 өдөр мөн шүүх хуралдаанд оролцох зорилгоор ажлаасаа чөлөө авсан нь тогтоогдсон байгаа учраас түүний 2 өдрийн цалинг шүүгдэгчээс гаргуулж түүнд олгох нь зүйтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хэрэгт гар утсыг 450.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн эсэх, энэ гэмт хэрэгт гэм буруутай эсэх талаар шүүх хуралдаан явагдаж байгаа. Тухайн үед хохирогч гар утастай байсан эсэх, тэрийг нь хэн авсан эсэх, ямар учир шалтгааны улмаас алга болсон талаар өнөөдөр хэлэлцээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эд хөрөнгөтэй холбоотой гомдол саналтай байгаа тул мөрдөх байгууллагад тусгайлан хүсэлтээ гаргаад бүрэн шийдвэрлүүлэх эрх нь байгаа учраас утастай холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэл байхгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Ийм учраас шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 248.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж мөн 2 өдрийн цалинг түүнээс гаргуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ****: “...Өнөөдөр шүүгдэгч нь хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай гэж үзэж байна. Энэ гэм бурууг учруулах явцдаа түүний биед байсан гар утас байхгүй байгаа буюу хохирогчид байхгүй байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч өөрөө амьд сэрүүн байхдаа хамгийн анх 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлэг өгөхдөө ямар ч байсан утастай холбоотой гомдол гаргасан. Яагаад өнөөдрийн шүүх хуралдаанд гар утасны асуудал яриад байна вэ гэхээр зүгээр нэг олсон юм уу зүгээр байж байгаад унасан утсыг аваад цуг явсан хүнд өгсөн үү гэдэг асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл утас алга болсон буюу хохирогч ****ыг цохисон 2-ын хооронд шалтгаант холбоо байна гэж үзэж байна. ****ын биед хөнгөн гэмтэл учруулах явцдаа тэр гар утас нь алга болсон ийм л асуудал өнөөдөр яригдаад байгаа. Цагдаагийн байгууллага  шалгаад гар утсан дээр нь ямар нэгэн байдлаар хэрэг үүсгээгүй. Энэнтэй миний хувьд маргах юм байхгүй. Яагаад гэвэл бичлэгээс харах юм бол гар утсыг яг яалт ч үгүй цохилтын улмаас гар утас ойгоод унасан. Унасныг нь хараад өөрөө аваад авчирсан. Авчрахдаа хохирогчид өгөөгүй асуудал яригдаж байгаа. Хохирогчид өгчихсөн байсан бол бид нар өнөөдөр ийм асуудал ярихгүй. Даа ялангуяа улсын яллагч сая хэлж байна. Өөр хүнд өгсөн учраас тэр хүнээсээ нэхэмжлэх эрх нь байгаа гэж ярьж байна. Үгүй ээ тэр хүмүүс нь ямар нэгэн байдлаар буюу **** тэр гар утсыг хохирогчид өгөөд хохирогч согтуу ч юм уу эсвэл цуг явж байгаа хүн нь ямар нэгэн байдлаар хулгайлдаг барьдаг асуудал байсан бол тусдаа энэ асуудал болох байсан. Гэтэл үгүй. Тэр хүн хохирогчид өгөхгүйгээр өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчийн гараас унасан байхгүй юу. Тэгсэн байхад хохирогчид өгөлгүй танихгүй тэр хүмүүст өгчихсөн. Үнэхээр энэ хэрэгтээ гэмшээд өөрөө тэр утсыг нь олоод өгөхгүй яасан юм бэ. Хохирогч анхнаасаа л би утсаа олмоор байна гэдгээ илэрхийлсэн байгаа шүү дээ. Ийм учраас шалтгаан холбоо байна гэж миний зүгээс үзэж байна. Энэ хүнд заавал хэрэг үүсгэх ёстой гэж хэлээгүй. Энэ хүн мэдээж залилаагүй, авч үрэгдүүлээгүй, тэрийг хадгалах хамгаалах үүрэг хүлээгээгүй ч гэдэг юм уу эрүүгийн хэрэг үүсгэх ямар нэгэн гэм буруу энэ утсан дээр байхгүй ч гэсэн. Энэ хүний цохилтын улмаас үүссэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар хуульчилсан байгаа. 2 дох хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж байгаа. Би өнөөдөр гар утсыг хор уршиг гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ хүн хохирогчийг цохисон, цохих үед гар утас мултраад өөр хүнд өгчихсөн. Хэрэв цохиогүй байсан бол цохисон байсан ч хохирогчид өгчихсөн байсан өнөөдөр хор уршгийн хэмжээнд яригдахгүй байсан гэж үзэж байна. Дээрээс нь хуулийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэргийг чинь хурдлуулах гээд байна гар утсыг чинь нэхэх юм уу үгүй юм уу гэдэг байдлаар хандаж энийг бүрхэг орхисон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан. Хэргийг тал бүрээс бодитойгоор хянаж үзэх ёстой байсан. Хохирогчид гар утсыг хохирол барагдуулах энэ зүйлийг бас энэ хүнд байцаагч ойлгуулж ухуулах ёстой байсан байх л даа. Энэ зүйлийг огт хийгээгүй байна. Ийм байлаа гээд энэ хүн гар утсыг нь төлөхгүй явах нь шударга бус байна. Шударга ёсонд бол гар утсыг нь төлөх нь зохистой байна гэж үзэж гар утасны 450.000 төгрөг нэхэмжилж байгааг дэмжиж байна. Мөн гар утастайгаа холбоотойгоор хэргийн материалд гар утсанд үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээний төлбөр нь 23.000 төгрөг болсон. Энэ мөнгийг хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогчоос гарсан мөнгө байна гээд нэхэмжилж байна гэдгээ хохирогч бол дурдсан. Мөн 2 өдрийн цалинг нэхэмжилж байгаа...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Энэхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхийн өмнө  миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа зөвшөөрч оролцож байгаа гэдгээ хэлсэн учраас улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэдэг яллах дүгнэлттэй санал нэг байгаа. Энэ дээр ямар нэг маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн тухайд нэлээд зүйл яригдаж байна. Гар утастай холбоотой СД-г шинжлэн судаллаа. Өнөөдрийн энэ бичлэгийг хэн гэдэг эрх бүхий албан тушаалтан, мөрдөн байцаагч хураан аваад зохих журмын дагуу бэхжүүлэн хавтаст хэргийн материалд бичүүлсэн юм байна уу. 2 дугаарт энэ дэлгүүрээс бичлэгийг нь хурааж авах прокурорын зөвшөөрөл нь байна уу. Зүгээр нэг хувь хүний гар утсаар бичсэн бичлэгийг хэрэгт гаргаж өгчхөөд байгаад байгаа. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд чинь журам бий шүү. Дээрээс нь тухайн бичлэг дээрээс миний үйлчлүүлэгч ингэж тайлбар хийж байна. Цохисноо бол зөвшөөрч байна. Харин хойшоо очоод юу өгснөө санахгүй байна. Тэр нь утас ч байсан юм уу, асаагуур ч байсан юм уу тодорхойгүй. Түрүүн нотлох баримт шинжлэн судлахад хавтаст хэргийн 54 дүгээр хуудаст авагдсан мөрдөгч Ёндонжамцын шийдвэр гарчихсан байна шүү дээ. Тухайн шийдвэрээр хүсэлтийг нь бүрэн хангачихсан байна шүү дээ. Энэ шийдвэр дээр гар утасны ямар нэгэн гомдол мэдүүлэх зүйл байхгүй гээд шийдчихсэн асуудал шүү дээ. Үнэлгээ гаргуулсан бол прокурорын яллах дүгнэлт дээр яагаад гар утасны 450.000 төгрөг, үнэлгээ гаргуулсан мөнгө 23.000 төгрөгийг дурдаагүй юм бэ. Тэгэхээр үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр миний үйлчлүүлэгч хохирогчийг цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэдэг буруугаа хүлээж байгаа болохоос биш тэр гар утсыг нь авснаа ч мэдэхгүй, аваад хэнд өгснөө ч мэдэхгүй, өөрөө авч ашиглаагүй учраас энэ дээр заавал дахин нэмэлт ажиллагаа хийх хэрэгтэй байгаа учраас энэ удаа гар утасны үнэлгээний дүгнэлтээр гарсан 450.000 төгрөг болон үнэлгээний төлбөр болох 23.000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Манайх төлөхгүй ээ. Прокурор ч хэллээ, өмгөөлөгч ч хэллээ. 2 өдрийн чөлөө авсан бичигтэй, нийгмийн даатгалын лавлагаатай, 1 сарын цалингийн тодорхойлолттой, гэхдээ энэ дээр аваад үзэх юм бол нийгмийн даатгалын лавлагаа бол нотлох баримтын шаардлага хангаж байгаа. Нөгөө байгууллагын тодорхойлолт тамга тэмдэгтэй шаардлага хангаж байгаа. Харин өргөдөл бол хуулбар байна шүү. Өргөдөл дээр 150.323 төгрөг гэсэн юм алга байна шүү. 1 өдрийн чөлөө л байна. Гэхдээ бол дээрээс нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 9.5 дугаар зүйл дээр хуульчлаад өгчихсөн байгаа. Энэ дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол хохирогчийн эрх, үүргийг хүлээнэ гэж байгаа. Тэгэхээр хохирогчийн эрх, үүргийг хүлээж байгаа бол хохирогчийн эрх буюу 8.2.3.1 дээр шүүх хуралдаанд дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй гээд хуульчилсан заалтын дагуу л ирж байгаа шүү дээ. Гэхдээ манай үйлчлүүлэгч бол хохирогчийн хүнд хэцүү байдлыг нь үзээд 2 өдрийн цалин болох 346.000 төгрөгийн төлбөрийг нь төлж барагдуулъя гэж шийдвэр гаргаад төлье гэж байна. Харин гар утасны 450.000 төгрөг болон үнэлгээний 23.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс ийм санал гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****: “...Хохирол төлбөр дээр утасны мөнгийг л гаргуулмаар байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч **** нь маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч **** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч ****ы холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч **** нь хохирогч ****ыг цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч ****ы гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ****ын биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нь эмчилгээний зардалтай холбоотойгоор 255,235 төгрөг, шүүх хуралдаанд оролцохоор ажлаасаа чөлөө авсан 1 өдрийн цалин 300,646 төгрөгийг тус тус баримтаар нэхэмжилсэн. Дээрх хохирлыг шүүгдэгч **** нь төлсөн.

 

Мөн хохирогч **** нь биедээ хөнгөн гэмтэл авч улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 164,430 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч **** нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч **** нараас гар утасны үнэ 450.000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг хохирол нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш байх тул Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч **** нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүгдэгч ****д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон учраас түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаас учирсан хохирол, хор уршгийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа учраас энэ шийтгэх тогтоолоор түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдуулах, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 164.430 төгрөгийг төлснөөр тусгуулах мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ****: “...Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Ингээд улсын яллагч бол 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Үүнийг бол миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр энэ хүн шүүхээс тогтоосон хохирлыг төлж байгаа боловч миний үйлчлүүлэгч гомдолтой хэвээрээ байгаа. Дээрээс нь ерөнхийдөө шүүхийн хэлэлцүүлгийг явцад шүүгдэгчээс хохирол төлбөрийн талаар асуухад мэдэхгүй, би энийг төлмөөргүй байна гэдэг байдалтай хандсан. Яагаад энийг онцолж байна вэ гэхээр хохирол төлөх буюу тухайн хүний гэмшиж байгаа байдал нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд маш чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл өнөөдөр энэ хүн маань өөрийнх нь улмаас учирсан хохирлыг төлөхгүй тухай асуудлыг ярьдаг. Тийм учраас хэрвээ шүүхээс тогтоочих юм бол гаргая гэдэг байр суурьтай хандсан. Хохирол төлбөр төлсөн дээр нь бол ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ энэ хохирол төлбөртэй холбоотой янз бүрийн асуултад хариулахад би бол тэтгэврийн хүн, тэтгэврийн зээлтэй тийм учраас төлж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Өнөөдөр торгуулийн арга хэмжээ авахдаа энэ хүн энэ мөнгийг төлж чадах юм уу үгүй юм уу, торгуулийн арга хэмжээний хариуцлагыг хүлээж чадах юм уу үгүй юм уу гэдгийг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. Тийм учраас энэ хүнд торгуулийн арга хэмжээ авах ял оногдуулах нь зохимжгүй байна. Харин энэ хүн яг үндсэндээ хохирогчийг яаж цохиж унагаад хохирогч арагшаа тэрийн хадаж унаж байна вэ гэдгээс харахад ямар ч хүнлэг зүйл байхгүй, цохисондоо гэмшиж байгаа юм байхгүй татаж авчраад гулбилзуулсан байгаа нь хэргийн байдлаас харахад харагдаж байгаа. Тэр хүн тархиндаа хүнд авсан бол яах байсан юм, тэр хүн тэр үйлдлээс нь болоод нас барсан бол яах байсан юм. Энэ дээр дүгнэлт хийж байна уу гэхээр ямар дүгнэлт хийсэн зүйлгүй, ярихгүй байна. Энэ хүн хохирогчийг гэр оронд нь хүргэж өгсөн үү өгөөгүй, тэр хүн согтуу байсан байж болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж үзүүлсэн үү үзүүлээгүй шүү дээ. Өнөөдөр шүүх хуралд 256.000 төгрөгийг төлчхөөд болоо гэдэг байдлаар хандаж байгаа нь энэ хүн хэдийгээр амаараа гэмшиж байгаа гэж хэлж байгаа боловч чин сэтгэлээсээ гэмших гэдэг хуулийн заалтыг хангахгүй байна гэж миний зүгээс үзэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “Миний үйлчлүүлэгч бол шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч яриад байна л даа. Энэ хүн ерөөсөө хохирол төлөх талаар бодоогүй, хохирлоо төлөөгүй гэж байна. Юу гэсэн үг юм бэ цагдаагийн байгууллага дээр хэрэг бүртгэлийн гадаа 2 удаа, прокурор дээр 2 удаа хохирол мөнгийг чинь төлье, хохиролгүй гээд бичиг хийгээд өгөөч гээд Бямбасүрэнтэй уулзсан, ярилцсан, гуйсан. Ингээд 4 удаа шүү дээ. Дараа нь хажуу талын нотариатаар хүрч ирээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлж байна. Би хохирсон байхад чи хохирсон юм шиг уурлаад гээд маргалдаад яваад өгсөн гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч хохирлоо төлөхийг эрмэлзсэн, хичээсэн. Сая бас шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна ямар ч гэмшсэн шинжгүй гулбилзуулаад гээд. Миний аман дээр гарч ирээд болохгүй юм. Миний үйлчлүүлэгч эрүүл хүнтэй харьцаагүй шүү дээ. Тэр үед шалтгаан байсан л байх тэрийг хэлчихвэл аман дээр гарч ирээд болдоггүй. Тэгээд 200 хан мянган төгрөг төлчхөөд гэж байна. Энэ хүн өөрөө гэм буруугаа хүлээж байгаа гэдгээ удаа дараа л хэллээ. Миний үйлчлүүлэгч анх удаа буюу  Монгол улсын 21 аймгийн аль шүүхээр шийтгүүлж байгаагүй. Насаараа онцгой байдлын албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэдгээ хэллээ. Эрүүл мэндийн даатгалын санд 164.430 төгрөгийн хэрэг бүртгэлийн шатанд төлсөн. Өмнөх шүүх хуралдаанд ийм мөнгө төлөөч гэхээр нь тэрийг бас төлсөн. Тэтгэвэр нь зээлдээ явчихдаг учраас энэ хүн маань хувиараа ажил төрөл хийгээд мөнгө олсон юм. Олсон мөнгөө 2 хуваагаад шүүхээс тогтоосон хохирлыг төллөө л дөө. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугийн хувьд ямар ч маргаангүй, бусдад төлөх төлбөргүй, учруулсан хохирлоо бүгдийг нь төлсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөд байгаа асуудлыг  зөвшөөрөхгүй байна 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай санал нийлэхгүй байна. Мөн улсын яллагчийн гаргасан 1200 нэгжээр торгох саналтай бас санал нийлэхгүй байна. Хохирлоо төлөөгүй байсан бол өөр хэрэг. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжээр торгох эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сарын хугацаанд зорчих эрхийг хасах ял шийтгэнэ гээд 3 төрлийн ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна. Тэгэнгүүт 3 төрлийн ял шийтгэл нь 450 нэгжээс 1350 нэгжээр торгох гэж байгаа шүү дээ. Миний үйлчлүүлэгч торгуулиа төлчихлөө, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тэгэхээр миний үйлчлүүлэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****: “...Би хууль нарийн мэдэхгүй ч гэсэн. Энэ хүн энэ хэрэгтэй гэмшсэн гэж би үнэхээрийн бодохгүй байна. Амьд ахуйд нь очоод уучлалт гуйгаагүй. Бичлэгээс харахад цохичихоод гулжиганаад байж байхад нь өөрөө таньдаг хүн шүү дээ согтуу явж байна. Гэрт нь хүргээд өгөх сэтгэл гаргаагүй. Надаас уучлалт гуйсан гэж яриад байгаа юм. Надад ингэсэн байна шүү гээд үнэхээр уучлаарай гэж хэлээгүй. 3, 4 удаа уулзсан гэж худлаа яриад байх юм. Өмгөөлөгч нь ингэж худлаа өмгөөлж болдог юм уу. Хууль, зүйлчлэл ангиар би яах гээд байна надад гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгчих одоо уучлалт гуйчихъя гэж л уулзсан. Тэгснээ 3,4 удаа уулзаж уучлалт гуйсан гэж яриад байх юм үгүй шүү дээ. Нэг л удаа тэгж уулзсан шүү дээ. Прокурор дээр уулзаад надаас уучлалт гуйгаагүй худлаа яриад байна...” гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх шүүгдэгч ****д хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч ****д 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д 3Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан боловч Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” заасан байна. Ингэхдээ торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааны доод хэмжээг заагаагүй байх тул шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хөрөнгө орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн ****д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд ****аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч **** нарын гар утасны үнэ 450,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА