Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/04005

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 08 өдөр                 Дугаар 102/ШШ2023/04005                             Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ********* хаягт оршин суух, * регистртэй, Т овогт Г О,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ****  хаягт оршин суух, *регистртэй, З овогт Б М,

Хариуцагч: Баянгол дүүргийн ******** хаягт оршин суух, *** регистртэй, Боржигон овогт Д Г,

Нэхэмжлэлийн шаардлага: 57,750,000 /тавин долоон сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.О , Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.М гаргасан тайлбартаа:

Бид 2019 оноос Сонгинохайрхан дүүрэгт байрлах Өгөөж захад гурил будааны лангуу ажиллуулж байсан. Тухайн үед хариуцагч Д.Г 21 худалдааны шөнийн захад гурил будааны бөөний төв ажиллуулдаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.Г нөхөр бид хоёртой холбогдон “ах нь лангуугаа ажиллуулах боломжгүй болж байна, та хоёр ажиллуулах уу?” гэсэн. Бид хоёр лангууны талаар сонсоход маш их барааны өртэй, мөн өдрийн зээлтэй байсныг мэдээд авах сонирхолгүй байсан. Гэтэл хүргэн Д.Г нь “ахынхаа өр төлбөрийг барагдуулаад миний дүү лангууг авчих. Харин дараа нь би та хоёрт мөнгө хэрэг болвол олж өгье” гэж хэлээд бид хоёр итгэсний үндсэн дээр лангууг нь ажиллуулахаар болсон. Тухайн лангууг хүлээж авахад 57,000,000 төгрөгийн барааны өртэй шилжүүлсэн. Үүнд 15,000,000 төгрөг нь өдрийн зээлтэй гэдгээ бид хоёр мэдэгдсэн ба 15,000,000 төгрөгийн хүү нь 5 хувь, өдөр бүр 606,000 төгрөг төлөхөөр байсан ба бид хоёрт яаралтай төлөхгүй бол болохгүй гэж ятгаж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгасан. Мөн бид хоёрт маш их барааны өр үлдээсэн ба үүнийг барагдуулахын тулд Д.Гтай холбогдон “таны барааны үлдэгдэл байгаа тул бид хоёр төлж чадахгүй нь” гэхэд “ах нь мөнгө олж өгье” гээд 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө болохыг асуухад “ах нь мөнгө авч байсан өдрийн зээлдүүлэгчээс авсан мөнгө, санаа зоволтгүй, ах нь төлнө” гэж хэлсэн. Үүнээс 20,000,000 төгрөг Д.Грын эхнэр болох Б.Оийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Д.Гын өрийг барагдуулахаар 6 компанид барааны үлдэгдэл төлбөрийг төлсөн. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 08-нд Д.Г утсаар холбогдон “ах нь өөрөө лангуугаа ажиллуулахаар боллоо” гэж ярихад бид хоёр 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн. Гэтэл үүний дараа н.Тамир гэх зээлдүүлэгч залгаж “мөнгөө төл” гэж удаа дараа шаарддаг. Үүний талаар Д.Гаас асуухад “ах нь төлнөө, миний хоёр дүү санаа зоволтгүй” гэж хэлээд хоёр тийш болсон. Үүнээс хойш Тамир дахин холбогдож 21,015,000 төгрөгийг удаа дараа шаардсан. Д.Гтай холбогдож энэ талаар асуухад “чадахгүй та хоёрын данс руу орсон болохоор та хоёр зээл авсан гэсэн үг, тийм болохоор та хоёр төл” гэх болсон. Иймд бид хүний өр төлбөрийг барагдуулахын тулд ажил, мөнгө санхүү, байнга сэтгэл санааны дарамтанд орж маш их хохиролтой байгаа тул Д.Г аас түүний өмнөөс зээл төлж барагдуулсан 15,750,000 төгрөг, бидний Өгөөж захын үлдээсэн барааны мөнгө 8,485,000 төгрөг, лангууны өр төлбөр болон Д.Гын эхнэрээс зээлсэн өр төлбөрт төлсөн зээлийн мөнгө 33,525,000 төгрөг, нийт 57,750,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна...гэв.

2. Хариуцагч Д.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 33,000,000 төгрөгийн барааны үлдэгдэлтэй лангуугаа эхнэрийн дүү болох Б.Мд тоолж хүлээлгэн өгсөн бөгөөд би 10 жилийн турш тус лангуун дээр зогсож байсан хүний хувьд өөрийн хичнээн төгрөгийн өртэй байсныг барагцаалж мэддэг болсон учир тухайн үед 57,000,000 төгрөгийн өр төлбөр үлдээгээгүй. Харин 25,000,000 орчим падааны өр байсан байж болно. Мэдээж эргэлтийн бараа байсан учир тодорхой хэмжээний падааны үлдэгдэл байсан. Тухайн лангууны өдрийн орлого нь 2,500,000 төгрөг байдаг бөгөөд миний 15,000,000 төгрөгийн өдрийн зээлийг барагдуулсан тухайд манай эхнэрээс дүү Б.М нь 20,000,000 төгрөг авч миний өдрийн зээлийг барагдуулж буцаагаад өөрсдөө 30,000,000 төгрөгийг өдрийн зээлдүүлэгчээс авсан байсан нь надтай ямар нэг холбоогүй юм. Энэ нэхэмжлэлд дурдсан байгаа 57,750,000 төгрөг ямар тооцоон дээрээс гарч ирснийг бүрэн гүйцэт ойлгохгүй байгаа бөгөөд миний бие харин 33,000,000 төгрөгийн бараатай, 25,000,000 орчим төлөгдөөгүй төлбөртэй лангуугаа Б.М, Г.О  нарт хүлээлгэн өгч, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 3 сарын дараа буцааж лангуугаа авах үед нэг ч падааны төлбөр барагдуулаагүй байсныг өөрийн амьдардаг байрыг зарж 20 гаруй сая төгрөгийн падааны өрийг би өөрөө төлж барагдуулсан. Иймд дээрх шаардлага нь өөрсдийн хувь хүнээс авсан зээлийн төлбөрөө надаар төлүүлэх гэсэн явцгүй арга гэж миний бие харж байгаа бөгөөд нэхэмжилж байгаа үнийг төлөх үндэслэл надад байхгүй юм...гэжээ.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдлаар хариуцагчийн эхнэр гэх иргэн Б.Оийн гарын үсгийг нотариатаар гэрчлүүлсэн гар бичмэл бүхий баталгаа /хх-16-20/, Б.Мын Хаан банк дахь  тоот харилцах дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-31-45/, Г.О ын Хаан банк дахь  тоот харилцах дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-46-80/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. /хх-5-10/

4. Хариуцагч тал тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдлаар өөрийн Хаан банк дахь  тоот харилцах дансны 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-9-11/, “Өег импекс” ХХК-ийн санхүүгийн баримт, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-110-113/, Г.Г ын дээрх дансны 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-114-161, 182-205/, “Эм жэй партнерс” ХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт /хх-163/, Ням Далайтогоо гэх иргэний Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх-164/, “Грийн трейд” ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-165/, “Өег импекс” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт /хх-166-167/ зэрэг баримтуудыг гаргасан байна.

5. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20340 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн С.Тамирыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /хх-23/, гэрчийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр асууж тэмдэглэл үйлдсэн. /хх-85-87/

5.1. Гэрч С.Т шүүхэд мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээл авсан. Хэдэн төгрөгийг зээлж авсныг санахгүй байна. Ямар ч байсан зээл авсан. Г  авсан байх. Энэ зээлийг М  төлж байсан. Утга дээрээ М  гэж бичсэн байсан. 30,000,000 төгрөгийн зээлээс 9,985,000 төгрөг төлөгдсөн. Г  3,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 6,985,000 төгрөгийг М  төлсөн. Тухайн үед Г  надтай утсаар ярьсан. Би Солонгос явах гэж байгаа. Манай эхнэрийн оронд 2 дүү байгаа. Лангуугаа үлдээж байгаа. Ерөнхийдөө 30,000,000 төгрөгөөр бараг зарж байгаа. Энэ хоёр амьдрал ахуйгаа дээшлүүлээд явна гэх зүйл ярьсан. Түүний үндсэн дээр энэ хоёрт 30,000,000 төгрөг зээлсэн. Дараа нь найраа буцаагдсан юм байлгүй. Буцаагдахдаа Г  авсан байсан. Тэгээд энэ хоёр өөрөө авсан зээлээ төлж чадаагүй. Би өөрөө 9,985,000 төгрөгийг аваад үлдэх мөнгөө авч чадаагүй. Бараг 10 сар болж байна. Энэ хоёр маань лангуунд өөрсдөөсөө хөрөнгө оруулж гурил будаа, баахан юм аваад, тэрийгээ ч авч чадахгүй байгаа шиг байна. Би ч хохироод, энэ хоёр ч хохироод хэцүү байдалд орчихоод байна. 30,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ дансаар шилжүүлсэн. Б.М ын данс руу шилжүүлсэн. Бичгээр гэрээ байгуулсан. Гэрээг Г.О , Б.М хоёртой байгуулсан. Г  3,000,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сард наадмын дараахан 1,000,000 төгрөгийг 3 удаа явуулсан. Би Г т мөнгө зээлдүүлж байсан. Тэр зээл нь дууссан гэж ойлгосон...” гэжээ.

5.2. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15094 дүгээр захирамжаар Хаан банк ХК, Төрийн банк ХК-иас тус тус нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-170-171/, захирамжаар шаардсан баримтуудыг 2023 оны 9 дүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд шүүхэд ирүүлсэн байна. /хх-174-176/

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Г.О , Б.М нарын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч Г.О , хариуцагч Д.Г нар хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Б.М нь Г.О ыг хөдөө явсан учир түүнийг болон хариуцагч Д.Г ыг оролцуулахгүйгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19173 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсгүүдэд зааснаар Г.О , Д.Г нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч нар шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр лангууг нь хүлээн авахад өдрийн зээл олгодог хүнээс зээлсэн 15,000,000 төгрөгийн зээл, 57,000,000 төгрөгийн барааны төлбөр, үүний 30,000,000 төгрөгийн бараа байсан. Өдрийн зээлд нь 15,750,000 төгрөг төлж зээлийг нь хаасан. Улмаар барааны төлбөр, зээлийн төлбөрийг төлснөөр цэвэр ашиг олж чадахгүй байсан учир 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл авч лангууны өр төлбөр болон Д.Г ын эхнэрээс зээлсэн төлбөрт төлсөн учраас уг зээлийн төлбөрт 33,525,000 төгрөгийг шаардана. Мөн анх уг лангуун дээр ирэх үедээ авчирсан барааны үнэ 8,485,000 төгрөг, нийт 57,750,000 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.

4. Хариуцагч Д.Г нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч нарт төлөх өр төлбөргүй, бусдаас зээлсэн мөнгөө тэд өөрсдөө төлөх ёстой, лангууны өр дарагдаагүй байсан” гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна.

5. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шаардаж байна гэж тодорхойлов.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заажээ.

7. Зохигчдын тайлбараар болон гэрч С.Т-ын мэдүүлгээр хариуцагч Д.Г нь С.Т-с 2021 оны 11 дүгээр сард 15,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр зээлж, түүний зээлийн төлбөрийг өдөр бүр 606,000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.М , Г.О  нар төлж барагдуулсан болох нь тогтоогдохын зэрэгцээ нэхэмжлэгч нарын дансны хуулгаар давхар нотлогдож байна.

8. Тодруулбал: Б.М аас С.Тамирт 2021 оны 12 дугаар сарын 30-нд 1,206,000 төгрөгийг “ganbaa 21 zeel haav” гэх утгаар, Г.О аас С.Тамирт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 175,000 төгрөгөөр 25 удаа, 606,000 төгрөгөөр 24 удаа, нийт 18,919,000 төгрөг, нийлүүлээд бүгд 20,125,000 төгрөг төлсөн байна.

9. Нэхэмжлэгч нарын дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн хариуцагч Д.Г нь зээлдүүлэгч С.Т-аас 2021 оны 11 дүгээр сард зээлж авсан 15,000,000 төгрөгийн зээл, түүний хүүний төлбөрөөс чөлөөлөгдсөн байх бөгөөд түүний өмнөөс Г.О , Б.М нар нь 20,125,000 төгрөг төлж барагдуулсан байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 20,125,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

10. Харин нэхэмжлэлийн үлдсэн шаардлагууд болох 37,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ Г.О , Б.М нар нь баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй учир нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 446,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл 20,125,000 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 258,575 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г аас 20,125,000 /хорин сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О , Б.М нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37,625,000 /гучин долоон сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 446,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г аас 258,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О , Б.М нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА