Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 126/ШШ2023/0174

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг

           баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдох Боржигон Дэндэвийн Бямбацогтын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга Д.Ц, Түнэл сумын газрын даамал Ё.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан хийгээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Д.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгаж байсан ба 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тодорхойлсноор:

1.1.Хөвсгөл аймгийн Түнэл сумын газрын даамал Ё.О нь Газрын тухай хуулийн 23.4, 34.1-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй буюу Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаартай “Газар эзэмшүүлэх” тухай захирамжаар төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл тарих зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлсэн 25 га газар нь хоёр тусдаа нэгж талбарын дугаар бүхий 101769,1 м2, 158012,2 м2 газруудад хуваагдаж олгогдсон байтал нэгж талбар бүрт эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын дугаар бүхий газар тус бүрт гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах,

1.2. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 дугаартай “Газар эзэмших талбайн хэмжээг өөрчлөх тухай” захирамжийн хавсралт “Газар эзэмшүүлэх иргэдийн жагсаалт”-аас Д.Бод холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох,

1.3.Д.Бын нэгж талбарын 211401069 дугаар бүхий, давуу эрхээр эзэмшүүлсэн 158012 м2 газарт иргэн В.Бд 1 га газар эзэмшүүлэх эрхийг давхардуулж олгосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/11 дугаартай “Эзэмшиж буй газрын хаяг өөрчлөх тухай” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох,

1.4.Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/53 дугаартай “Газар эзэмших, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжид үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон 000570157 дугаартай иргэн В.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргийг тус тус хүчингүй болгох,

1.5.Д.Бын нэгж талбарын 211401069 дугаар бүхий, давуу эрхээр эзэмшүүлсэн 158012 м2 газарт иргэн С.Д /талийгаач/-д 1 га газар эзэмшүүлэх эрхийг давхардуулж олгосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/140 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох,

1.6.Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/140 дугаартай захирамжид үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон 000079525 дугаартай иргэн С.Д /талийгаач/-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хүлээн авч, шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч Д.Бод Ногоон буланд 25 га буюу 250000 м2 газрыг давуу эрхээр эзэмшүүлж, 2011 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэгж талбарын 211401069 дугаар бүхий 25 га газрыг 15 жилийн хугацаагаар, ногоон тэжээл, чацаргана тарих зориулалтаар эзэмшүүлэх тухай 0397635 дугаартай нэг гэрчилгээ олгожээ.

2.2.Ногоон буланд орших тус 250000 м2 газар нь бодит байдал дээр хоёр хэсэгт хуваагдан олгогдсон учир нэгж талбар тус бүртээ газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч Түнэл сумын Засаг даргад гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 дугаар “Газар эзэмших талбайн хэмжээгч өөрчлөх тухай” захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт зааснаар түүнд 120697 м2 хэмжээтэй нэг нэгж талбар газарт нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, үлдсэн газарт нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй бөгөөд урьд нь 250000 м2 газар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

2.3.Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/53 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Бд Түнэл сумын 3 дугаар баг, Чимидийн толгойд 1 га газар олгож, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 000570157 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо газрын нэрийг Төрийн булан гэж бичсэн. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар газрын хаягийг “Чимэдийн толгой” гэж андуурч бичсэнийг “Төрийн булан” гэж залруулж өөрчилсөн.

2.4.Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/140 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар С.Д Түнэл сумын 3 дугаар баг, Ногоон буланд жимс, жимсгэний зориулалтаад 10001 м2 газрыг эзэмшүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.Эрдэнэтогтох нь уг газрын эзэмших эрхийг өвлөж авсан.

2.5.Нэхэмжлэгч Д.Бын 6709007391 нэгж талбарын дугаартай газар нь газрын мэдээллийн санд бүртгэлтэй С.Д агсны болон, В.Бгийн газартай тус тус давхцалгүй болох нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4/367 тоот албан бичгээр, Дэлгэрмөрөн голын онцгой хамгаалалтын бүс болон эрүүл ахуйн бүсэд давхцалгүй болох нь Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/42 тоот албан бичгээр нотлогдсон.

            3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч Д.Б 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрх зөрчигдөж байгаа талаар Хөвсгөл аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан боловч хариу өгөөгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хандсан.

4.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, дараах эвлэрлийн гэрээг байгуулсан.

4.1.Нэг талаас нэхэмжлэгч Д.Б, нөгөө талаас хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга Д.Ц, тус сумын газрын даамал Ё.О бид маргаан бүхий захиргааны хэрэгт дараах нөхцлөөр буулт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлэх арга замаа тодорхойлон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон, маргааныг дуусгавар болгож байгаа болно. Үүнд:

4.2.Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаартай “... 25 га газрыг давуу эрхээр эзэмшүүлсэн ...” захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч,

4.3.Нэхэмжлэгч нь дээрх эзэмшүүлсэн 25 га газрын зарим хэсгээс татгалзаж, нэгж талбарын 6709007391 дугаартай 120697 м2 талбай бүхий газрыг Засаг даргын захирамжаар баталгаажуулсныг хүлээн зөвшөөрч,

4.4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Ногоон булан гэх газарт 60787,5 м2 /2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн кадастрын зураг бүхий/ газрыг газар тариалангийн зориулалтаар нэмж эзэмшүүлэхийг хүлээн зөвшөөрч,

4.5.Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 2-т газрын зориулалтыг “гэр, орон сууцны хашааны газар” гэж бичсэнийг өөрчилж, “ногоон тэжээл тариалах” зориулалтаар гэж өөрчлөхөөр тус тус тохиролцов.

4.6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр талууд тохиролцов.

4.7.Энэхүү эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно” гэжээ.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Б эвлэрлийн гэрээг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга, Түнэл сумын газрын даамал нарын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ... хариуцагтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1. ... нэхэмжлэгчтэй эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж ... шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болно” гэж тус тус заасан.

8.Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд байгуулсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаартай “... 25 га газрыг давуу эрхээр эзэмшүүлсэн ...” захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь дээрх эзэмшүүлсэн 25 га газрын зарим хэсгээс татгалзаж, нэгж талбарын 6709007391 дугаартай 120697 м2 талбай бүхий газрыг Засаг даргын захирамжаар баталгаажуулсныг хүлээн зөвшөөрч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Ногоон булан гэх газарт 60787,5 м2 /2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн кадастрын зураг бүхий/ газрыг газар тариалангийн зориулалтаар нэмж эзэмшүүлэхийг хүлээн зөвшөөрч, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 2-т газрын зориулалтыг “гэр, орон сууцны хашааны газар” гэж бичсэнийг өөрчилж, “ногоон тэжээл тариалах” зориулалтаар гэж өөрчлөх, Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсон эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндөөгүй байна.

9.Тодруулбал нэхэмжлэгч Д.Бын 6709007391 нэгж талбарын дугаартай газар нь газрын мэдээллийн санд бүртгэлтэй С.Д агсны болон В.Бгийн газартай тус тус давхцалгүй болох нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4/367 тоот албан бичгээр, Дэлгэрмөрөн голын онцгой хамгаалалтын бүс болон эрүүл ахуйн бүсэд давхцалгүй болох нь Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/42 тоот албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогдсон.

10.Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Б, Д.Эрдэнэтогтох нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зөрчөөгүй байна гэж үзлээ.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг дараах байдлаар тодорхойллоо.

12.Нэхэмжлэгч Д.Б Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн 25 га газраас Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтаар олгосон 120697 м2 олгосноос гадна нэмж 60787,5 м2 газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

13.Иймд нэхэмжлэгч Д.Бод 120697 м2 болон 60787,5 м2 хоёр нэгж талбар бүхий газрыг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаартай захирамжид заасан хугацааг дуустал хугацаагаар эзэмшүүлж, захирамж гарган, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, улмаар Д.Бод 25 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаартай өмнөх захирамж болон Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын Д.Бод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохийг хариуцагчид даалгав.

14.Газар эзэмших эрхийн хугацаа дуусахад газар эзэмшигч нь уг эрхээ сунгуулах тухай хүсэлт гаргах эрх нээлттэй.

15.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Б эвлэрлийн гэрээг зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Эрдэнэтогтох шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ дурдсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга, Түнэл сумын газрын даамал нарын хооронд байгуулсан “Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаартай “... 25 га газрыг давуу эрхээр эзэмшүүлсэн ...” захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь дээрх эзэмшүүлсэн 25 га газрын зарим хэсгээс татгалзаж, нэгж талбарын 6709007391 дугаартай 120697 м2 талбай бүхий газрыг Засаг даргын захирамжаар баталгаажуулсныг хүлээн зөвшөөрч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн Ногоон булан гэх газарт 60787,5 м2 /2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн кадастрын зураг бүхий/ газрыг газар тариалангийн зориулалтаар нэмж эзэмшүүлэхийг хүлээн зөвшөөрч, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 2-т газрын зориулалтыг “гэр, орон сууцны хашааны газар” гэж бичсэнийг өөрчилж, “ногоон тэжээл тариалах” зориулалтаар гэж өөрчлөх, Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсон” эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бод Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг, Эрээний өвөр буюу Ногоон булан гэх газарт 120697 м2, болон 60787,5 м2 хэмжээтэй хоёр нэгж талбар бүхий газрыг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаартай захирамжид заасан хугацааг дуустал хугацаагаар эзэмшүүлж, захирамж гарган, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, улмаар Д.Бод 25 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн өмнөх Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/13 дугаартай захирамж болон Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын Д.Бод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохийг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ