| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/02708/И |
| Дугаар | 102/ШШ2023/04038 |
| Огноо | 2023-11-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/04038
2023 оны 11 сарын 09 өдөр Дугаар 102/ШШ2023/04038 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ***** тоот хаягт оршин суух, эрэгтэй, М овогт П Н,
Хариуцагч: Баянгол дүүргийн ******** тоот хаягт оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Д Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 9,921,359 /есөн сая есөн зуун хорин нэгэн мянга гурван зуун тавин есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие “С” хамтлагт хувийн зүгээс зээлж байсан мөнгийг баримттайгаар эргүүлэн төлөхийг шаардсан боловч “чамд би өргүй, С чамд өргүй, би өөрийн хувийн дансанд авсан мөнгө байхгүй, тийм яриа болоогүй, би санахгүй байна” гэх зэрэг шалтгаанаар миний мөнгийг эргүүлж өгөхгүй байгаа. Анх 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 3,490,000 төгрөгийг Хаан банкны 00000 Ц.Хонгорзул дансанд “Loan repayment from STAR” гэсэн утгатай шилжүүлж байсан. Тухайн үед “ОБ” ТББ-ын тэргүүн, С хамтлагийн удирдсан багш Д.Б нь өөрийн хувийн фейсбүүк чатаар бичсэн чат нь байдаг юм. С хамтлаг 2016 оны ДАШТ-нд оролцохдоо нэг хүнээс 7 хувийн хүүтэй 7,000,000 төгрөг зээлсэн талаар мэдэж, С хамтлагийн хувьд 3,490,000 төгрөгийг төлж, үлдсэн мөнгийг менежер болон нэг тамирчин нар төлөхөөр тохиролцсон талаар надад хэлсэн. Тэгээд С хамтлагийн өрийг миний бие түр зээлж, хүүтэй мөнгөнөөс салахад нь тусалсан. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С хамтлаг 2017 оны ДАШТ-нд оролцох бүжигт зориулж ая хийлгэх 1,500,000 төгрөгийг Г Д ХХБ-ны дансанд, хувцас чимэглэлд зориулсан шигтгээ авахад 310,000 воныг өөрийн зүгээс мөн зээлсэн. Цаашлаад 2018 оны ДАШТ-нд оролцоход 2 тамирчны зардал бүтэн нэг тамирчны зардлыг дутуу гээд 1,984,824 төгрөгийг өөрийн зүгээс зээлж байсан. Нийт 7,656,824 төгрөг буюу 7,6 сая төгрөг надад С хамтлаг өгөх талаар хэлж байсан удаатай. Тухайн үедээ Д.Б багш чиний мөнгийг өгнө дөө л гэдэг байсан. 2022 оны ДАШТ-нд оролцоход аяны төлбөр, хувцас оёдол, бусад зардалд өөрийн зүгээс гаргасан мөнгийг 2022 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх С хамтлагийн тайлангийн тэнцэлд тусган “ОБ” ТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүн Ү.М-д илгээн шалгуулсан билээ. Тайлангийн танцлийн зөрүү болох 4,274,532 төгрөгөөс өөрийн хийлгэсэн хувцасны өртөгт нийт 510,000 төгрөг хасаад 3,764,532 төгрөгийг С хамтлаг төлөх учиртайг хэлсэн боловч “чи данс барьж байгаад хасах баланстай тайлан хүлээлгэж өгсөн учир өөрөө хариуцлага хүлээнэ, өөрөө төлөх ёстой” гэх зэргээр шалтаглан миний мөнгийг өгөхгүй байгаад гомдолтой байна. Нийт 11,421,359 төгрөг нэхэмжилсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөгийг “hamtlag ayni mongo” гэсэн утгатай шилжүүлсэн байна. Үлдэгдэл 9,921,359 төгрөгөөс хасах юм байгаа бол хасаад тооцоо нийлээд дуусгая гэсэн боловч өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 9,921,359 төгрөгийг “ОБ” ТББ-ын гүйцэтгэх захирал, С хамтлагийн удирдсан багш Д.Баас гаргуулж өгнө үү.
3,490,000 төгрөгийг Д.Б багштай ярилцаад, түүний хэлснийх нь дагуу бүх тайланг нь харж байж шилжүүлсэн. Д.Б багш зөвшөөрөөгүй байхад би С хамтлагийн өмнөөс төлбөр барагдуулахгүй. 7,000,000 төгрөгөөс С хамтлагийн төлөх 3,490,000 төгрөгийг нь би төлсөн. Энэ зээлийг хэн хэнээс зээлж авсныг би мэдэхгүй. Хонгорзул гэдэг хүн зээлдүүлэгч гэж ойлгосон. Би С хамтлагийн менежерээр ажиллаж байсан. 3,764,532 төгрөг хамтлагийн тайланд туссан. Хамтлагийн үйл ажиллагааг “ОБ” ТББ хариуцдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч Д.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт:
Нэхэмжлэгч П.Н нэхэмжлэлдээ хариуцагчаар иргэн Д.Б намайг тодорхойлсон байх атлаа нэхэмжлэл болон нотлох баримтууддаа “ОБ” ТББ-ын үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой мэдээллийг дурдсан байгаа нь хариуцагчаа зөв тодорхойлсон эсэх нь төөрөгдөлд оруулж байна. Д.Б миний бие гэр бүлийн хамтаар 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд АНУ-д амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд манай хамтлагийг Шинэ Монгол сургуулийн бүжгийн багш Н.Энх-Амгалан удирдаж байсан. Энэ үед С хамтлагийн маань тамирчин Ж.О нь П.Ныг гэр бүлийн гишүүн ах нь хэмээн танилцуулсан тухай, мөн дүүгээ дэмжих чин хүсэлтэй гэснээр багийн бүрэлдэхүүнд багтан хамт явсан талаар мэдээлэл өгсөн. 2017 оны ДАШТ-нд С хамтлаг, бусад клубуудтэй хамтран оролцоход Юу би данс захирал Б.Уранжаргал өөрийн багийг бүрдүүлэн удирдлага дор туслахаар П.Н явснаар клубын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн байдаг. Тухайлбал Д.Б миний бие П.Нын нэхэмжлэлдээ дурдсан 7,656,824 төгрөгийг аваагүй бөгөөд “ОБ” ТББ ч аваагүй, үүгээр зогсохгүй дээрх мөнгөний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч П.Нын нэхэмжлэлдээ дурдсан нийт 9,921,359 төгрөгөөс 7,656,824 үнийн дүн бүхий шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2022 оны санхүүгийн зардлыг илгээсэн байдлыг харвал ДАШТ-ний санхүү тооцоо судалгаагүй байдлаас болж тамирчдад өөрийн дансаар авсан мөнгөн тооцооноос өглөг ихтэй, авлага багатай харагдаж байна. Хариуцагчаар иргэн Д.Б намайг тодорхойлсон атлаа зээлийн гэрээ байгуулсан, зээлийн эргэн төлбөр нэхэмжлэхдээ “ОБ” ТББ-ыг дурдсан байгаа нь нэхэмжлэгч хариуцагчаа хэнийг тодорхойлсон нь ойлгомжгүй, төөрөгдөлд оруулж байна. Мөн П.Н “ОБ” ТББ-ын дансыг эзэмшиж байхдаа өөрийн хувийн данс руу шилжүүлсэн мөнгөн дүнгээ надад хэлж байгаагүй авч байсан зардлуудыг ил болгодоггүй, бидэнд Микрософт эксел, зурган байдлаар илгээдэг байсан баримтууд нь нотолгоо болохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Цаг хугацааны хувьд 2017 онд өгсөн мөнгө 3,490,000 төгрөгийг Д.Бд зээлдүүлсэн гэж тайлбарлан шаардаж байгаа. Энэ үед хариуцагч Д.Б С хамтлагт байгаагүй, АНУ-д амьдарч байсан. Нэхэмжлэгч өөрөө н.Номингэрэл гэх хүний хүсэлтээр мөнгө өгсөн бол Д.Баас шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. 2017 оны 2 тамирчны зардал төлсөн гэж байна. Цаг хугацааны хувьд Уранжаргал, Нямжаргал нар удирдах түвшний ажил хийж, Д.Б багшаар 2017 оны ДАШТ-нд явсан. Багш бол зөвхөн бүжиг дэглэж, тамирчдыг бэлддэг. Тамирчны зардал өгсөн бол тэр тамирчдаасаа шаардах хэрэгтэй. Энэ мөнгийг мөн зээлдүүлсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна. Уг шаардлагыг хариуцагч Д.Баас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: нэхэмжлэлийн хавсралтаар мөнгөн шилжүүлгийн болон мессежний фото зургуудыг нотлох баримтаар гаргасан /хх-6-12/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар өөрийн Худалдаа хөгжлийн банк, Хаан банк дахь харилцах дансны хуулгууд /хх-70, 71/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-72-74/, “ОБ” НҮТББ-ын удирдах зөвлөл байгуулах шийдвэр /хх-148/, “ОБ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн тогтоол /хх-149/, “ОБ” НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /хх-150-152/, “ОБ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Бы гарын үсэг бүхий албан бичиг /хх-153/, тамирчдын тодорхойлолт /х-154-156/, Материалын задаргаа гэх хүснэгт бүхий баримт, хурлын тэмдэглэл /хх-157/ зэрэг баримтуудыг гаргасан нь хуульд заасан шаардлага хангасан байна.
4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: хүснэгт бүхий баримт /хх-21/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-22/, ДАШТ-ний тамирчдын өр төлбөрийг барагдуулаагүй байгаа баримт гэх хүснэгт бүхий баримт /хх-23/, гадаад паспортын хуулбар /хх-24/, нислэгийн билетийн хуулбар /хх-25/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт /хх-68-69/-ыг гаргасан нь хуульд заасан шаардлага хангасан байна.
5. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17391 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн мессенжер болон гар утсанд үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-65/, үзлэгийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийж бэхжүүлсэн. /хх-75-96/
Нэхэмжлэгчээс дахин гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18041 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшдэг цахим имэйлд үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-101/, мөн өдрөө имэйлд үзлэг хийж бэхжүүлэв. /хх-102-142/
Зохигдйн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Д.Баас 9,921,359 төгрөг гаргуулахаар шаардсан П.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “2017 оны 1 дүгээр сард С хамтлагийн өмнөөс зээлийн төлбөрт төлсөн 3,490,000 төгрөг, мөн хамтлагийн хоёр тамирчны 2018 оны ДАШТ-ний зардалд төлсөн 1,984,824 төгрөг, мөн хамтлагийн 2022 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарын тайлангийн тэнцлийн зөрүү 4,274,532 төгрөгөөс өөрийн хийлгэсэн хувцасны өртөг 510,000 төгрөгийг хасаад үлдэх 3,764,532 төгрөг, нийт 11,421,359 төгрөг болохоос Д.Бы 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 9,921,359 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, тайлбар татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учир төлбөр төлөх байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь иргэн Д.Бд хамааралгүй, С хамтлаг, ОБ НҮТББ-д менежерээр ажиллах хугацааны зардал бөгөөд 1,500,000 төгрөгийг хамтлагийн ДАШТ-ний ая зохиоход гаргасан зардалд тооцож өгсөн, хувь хүний зүгээс зээлийн гэрээний үүрэгт төлөөгүй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохирсон, хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон, хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй, тогтоосон хугацаа өнгөрсөн бол хэлцэл хийсэн гэж үзэхээр хуульчилсан байна.
5. Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ. Учир нь хуульд зааснаар П.Наас Д.Бд мөнгө зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцоогүй, аман хэлцэл хийгээгүй, нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй байна.
6. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,490,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын өрийг төлж барагдуулсан гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдох боловч хэнээс зээлсэн хэний өрийг төлсөн болох нь тодорхойгүй, хариуцагч Д.Бы бусдаас зээлсэн өр төлбөрийг төлөөгүй, харин “ОБ” НҮТББ-ын удирдан хариуцдаг гэх “С” бүжгийн хамтлагийн өр төлбөрийг төлсөн байх тул Д.Б нь үүргээс чөлөөлөгдсөн этгээд биш байна.
7. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанаар нэхэмжлэгч П.Н нь С бүжгийн хамтлаг, тус хамтлагийн үйл ажиллагааг хариуцдаг бие даасан хуулийн этгээд болох “ОБ” НҮТББ-ын менежерээр ажиллах хугацаанд өөрөөс гарсан зардлыг тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга, иргэн Д.Баас шаардсан байх тул Д.Б нь эдгээр нэхэмжлэлийг бие даан хариуцах этгээд биш байна. Харин эдгээр зардлаа “ОБ” НҮТББ-аас шаардахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 173,692 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баас 9,921,359 төгрөг гаргуулах тухай П.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 173,692 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА