Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

 2026          01           28                                     2026/ШЦТ/60

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Хохирогч  (цахимаар)

Шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****ын *****д холбогдох эрүүгийн 2539008990450 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч *****нь 2025 оны 06 дугаар сарын сүүлч буюу 27-ноос 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн ***** сумын 3 дугаар баг "*****" гэх газарт нутаглах иргэн *****ын гэрийн урд талаар хонь туугаад явж байхдаа тэнд байсан "Лайка" үүлдрийн гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч д 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

 Шүүгдэгч *****шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 06 дугаар сард ***** ахынд хонио харуулж байсан юм. ***** ах хонио ав гэсэн. Тухайн үед би Хэнтий аймгийн ***** суманд уяа морин дээрээ байсан. Уяан дээрээ байсан 2 гөлгөө аваад явсан. Нэг нь хөл нь хугархай, нөгөө нь соотон чихтэй шар гөлөг байсан. Очоод би хоносон. Очиход ***** байгаагүй. Хонийг маань хажуу айлынхаа хонинд нийлүүлээд орхичихсон байсан. Хажуу айл нь надад “***** нийлүүлээд бараг сар боллоо шүү дээ. Чамд ийм орой хэлж байгаа юм уу” гэсэн. Тэгээд ***** эхнэртэйгээ хоёулаа ирсэн. Ирэхэд нь би хонио ялгаж хоночихоод байж байсан. Тэгээд маргааш нь үдээс хойш хонио машинаараа туугаад явсан. Аваачиж өгөх айл маань 1-2км зайтай байсан. Тэр үед гол ус үертэй байсан зүйл байгаагүй. Би жижиг тэргээрээ хонио туугаад явсан. Хонио туугаад явж байхдаа ***** гэдэг айлын гадуур ойрхон 100м зайтай өнгөрсөн. Намайг тэднийхдээ ойрхон очиход 2 соотон чихтэй бор гөлөг хонины өөдөөс хуцаад байсан. Тэгээд хонь ээрээд байхаар нь шилбүүрдээд гэр лүү нь хөөсөн. Би хонио туугаад цаашаа явж байх үед ***** гээд ахын эхнэр *****, ээж нь гаднаа зогсож байсан. Тэднийхээс цааш 200м орчим яваад ***** гэдэг айлынх байгаа. Тэдний хажуугаар хонио туугаад гарахад тэднийх хонио хашчихсан. Хуц, ухна нь гаднаа байсан. Тэднийхээс 100м хүрэхгүй зайтай ***** гээд ах мотоциклтой зогсож байсан. Тэгээд хонио хажуугаар нь туугаад мэнд мэдээд өнгөрөхөд дугуйны бензин дуусчихлаа гэсэн. Тэгээд миний машинд бид 2 суугаад хонио туугаад би тэр хүнийг хүүгийнд нь хүргэж өгөхөөр явсан. Тэгэхэд *****ы гадаа байсан 2 хуц, ухна манай хонь руу давхиж ирээд байсан. Тэгэхээр би хуц, ухнаа авна биз гээд хонио ээрээд зогсож байтал ***** дугуйтайгаа давхиад ирсэн. Тэгээд хуц, ухнаа ав гээд гурвуулаа яриад зогсож байтал миний машины арын дохионы хагархайгаар миний авч явсан гөлөг гарч ирсэн. Юун гөлөг вэ гэхээр нь би хонио ***** ахынхаас аваад явж байна гэж хэлчихээд өөрийнхөө гөлгийг эргүүлж дуудаад шилбүүрээр оосорлож барьж аваад кабиндаа хийгээд явсан. Тэгээд цааш яваад *****ынд хонио аваачиж өгсөн. *****ынд очиход ***** өөрөө байгаагүй. ***** эгч байсан. Тэгэхээр би хонио ***** эгчид хүлээлгэж өгөөд хашчихаад машинаа хашаа гэр хоёрын дунд тавиад гэрт ор засчихаар нь гэрт нь орж амарсан. Тэгэхэд би машинаас буусан гөлгөө тэдний 69 машины дугуйнаас уяж хоносон. Өглөө сэрэхэд ***** ирчихсэн байсан. Тухайн өглөө би эрт *****т уурхайд ажилтай байсан учраас өглөө 4 цаг гэж боссон. Бид 2 хонио тоолж нийлүүлчихээд би 2 гөлгөө аваад ***** луу явсан. Би *****т хашаандаа очоод хөл нь хугархай гөлгөө амбаартаа хийгээд, нөгөө гөлгөө хашаандаа сул тавиад ажилдаа явсан. Одоог хүртэл тэр 2 гөлөг маань хашаанд байгаа. 06 дугаар сарын 04-ний өдөр тийм юм болж өнгөрчихөөд 7 хоногийн дараа надтай холбогдоогүй. 08 дугаар сарын 20-доор ***** над руу залгаад “Та миний гөлгийг аваад явчихсан байна” гэхээр нь “Би юу гэж авах юм бэ? би тийм хүний юм авахаар хүмүүжилтэй хүүхэд биш. Тухайн үед миний авч явсан 2 нохой одоо манай хашаанд байна. Чи ирээд хар” гэж хэлсэн...” гэв. 

 

Хохирогч  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ хүн миний нохойг аваагүй гээд байхаар би хүнийг хий хоосон гүтгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна л даа. Тэр үед тэр хавиар тэгээд явж байсан, ингээд явж байсан гээд яриа гараад байсан болохоор би 8 сард ахтай таараад та миний гөлгийг авсан юм уу. Санаатай, санаандгүй авсан юм уу, эзнийг нь олоод өгчихье эсвэл хүүхдээрээ тоглуулъя гээд ч юм уу аваад явчихсан юм уу, тэгвэл та буцаагаад өгчихөөч хоёулаа нохой, гөлөг дээрээс муудаж сайндаад яах вэ гэсэн байдлаар ахтай хандсан л даа. Миний ингэж яваад байгаа гол зорилго нь энэ гөлөг надад дахиж олдохгүй учраас би гөлгөө л авчих санаатай яваад байгаа юм. Гөлгийг маань 700, 800 мянган төгрөгөөр үнэлчихсэн байдаг, би гөлгөө 2,000,000 төгрөгөөр авсан байдаг, энэ хоёрын хооронд зөрүү байгаад байна л даа...” гэв.

 

Үйл баримтын талаар

Эрүүгийн 2539008990450 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч *****нь 2025 оны 06 дугаар сарын сүүлч буюу 27-ноос 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн ***** сумын 3 дугаар баг "*****" гэх газарт нутаглах иргэн *****ын гэрийн урд талаар хонь туугаад явж байхдаа тэнд байсан "Лайка" үүлдрийн гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч д 700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2),

гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 70-85),

 

Хохирогч гийн “...2025 оны 04 дүгээр сарын эхээр би ***** сумын нутгийн ах ***** ахын хамт ОХУ-аас импортоор орж ирсэн Лайка үүлдрийн 2 нохой олж ирсэн. Тухайн 2 нохойны гөлөгнүүдээс ***** ах 1 эр, 1 эм гөлөг, би 1 эм гөлөг тус бүрийг нь 2,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би тухайн үед хотод ажилтай байсан тул ***** ахад “Дүү нь хотод хаана тэжээх вэ танай гадаа таны хоёр гөлөгтэй ханьтай байж байг” гээд өөрийн гөлгөө үлдээсэн юм. Тэгээд би 2025 оны 05 дугаар сард хөдөө гэртээ гарч ирээд гөлгөө авах гэхээр ганцаараа уйдах байх гэж бодоод авахгүй яваад байсан юм. Тэгээд байж байтал 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хавьцаа ***** ах манай хөдөө гэрт ирээд “Ахын дүү танай гөлөг алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би тухайн гөлгөө ойр хавиар хайгаад ердөө олоогүй. Тэгээд сүүлд нутгийн айлуудаас сураг гаргахад миний гөлөг алга болдог өдөр ***** ахыг эзгүй байх үед нь тэдний гадуур манай нутгийн хүргэн ***** гэх залуу хонио хөөгөөд машинтайгаа явж өнгөрсөн гэж ***** ахын эхнэр ***** эгч надад хэлсэн. Тэгээд цааш сураг тавихад миний гөлөг алга болсон өдөр манай нутгийн *****, ***** гэх хоёр ахыг хамт байж байх үед тухайн ***** гэх залуу ирээд юм яриад сууж байтал машиных нь арын гэрэл нь хагараад багажнаасаа нүх гарчихсан байсан зайгаар нь нэг соотон чихтэй, бор өнгөтэй, сүүл нь цагаригласан гөлөг гараад ирсэн гэж хэлсэн. Тэгээд *****, ***** ах нар *****гаас “Юун гөлөг авч яваа юм бэ” гэж асуухад ***** ахын гадаа байсан гөлгөө авч явж байна гэж хэлсэн байсан. Тухайн үед ***** ахын гадаа ямар ч гөлөг байгаагүй юм. Иймд би миний гөлгийг ***** гэх хүн хулгайлсан гэж үзэж байгаа тул цагдаагийн байгууллагад бичгээр өргөдөл гаргасан....” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),

 

Гэрч Г.*****ын “...Би 2025 оны 06 дугаар сарын сүүлээр орой 17-18 цагийн үед үхрээ хураагаад явж байгаад нутгийн хүн болох *****ы гэрийн гадаа очсон юм. Би очоод *****тай юм яриад байж байтал манай нутгийн дүү ***** гэж залуу хонио туугаад ирсэн юм. Тухайн үед ***** гэх залуу айлаас малаа аваад өөр айлд хүлээлгэж өгөхөөр явж байсан. ***** ирээд ***** бид 3 юм яриад байж байтал *****гийн “Corolla” маркийн тээврийн хэрэгслийн арын гэрлийн нүхээр нь нэг соотон чихтэй, бор өнгийн зүстэй жижиг гөлөг гараад ирсэн. Тэгээд ***** бид 2 гайхаад “Юун гөлөг явж байгаа юм” гэж асуухад “***** ахынхаас гөлгөө аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ би юм ч бодолгүй өнгөрсөн. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа манай нутгийн дүү ***** гөлгөө хулгайд алдчихлаа гээд явж байсан... Тухайн үед *****гийн машины арын гэрлийн шил хагарчихсан байсан юм. Тухайн хагарсан байсан нүхээр нь гарч ирсэн гөлөг соотон чихтэй, бор өнгийн зүстэй, цагариган сүүлтэй гөлөг байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 12-15),

 

Гэрч Г.*****ын "...2025 оны 06 дугаар сард манай нутгийн дүү ***** ***** гэх айлаас малаа аваад манайд авч авчирч тавина гэж ярьсан юм. 2025 оны 06 дугаар сарын сүүлээр ***** хонио хөөгөөд манай гэрт хоночихоод өглөө эрт явсан юм. Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн үед наадмын морьдоо барьчихсан байсан учир өмнөх орой нь шөнө ирэхэд ***** ирчихсэн байсан. Маргааш өглөө нь ч би *****тай зэрэгцээд гарсан. *****г явсан өдрийн орой гэртээ иртэл манай эхнэр *****гийн машин дотор шөнөжин нэг гөлөг гасалж хонолоо гэж хэлж байсан. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа манай нутгийн дүү ***** манай гэрт ирээд үнэтэй авсан гөлгөө хулгайд алдчихлаа гээд явж байсан. Сүүлд бодох нь ээ ***** *****гийн гөлгийг авсан байж магадгүй гэж бодсон... Би тухайн гөлгийг огт хараагүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 18-21),

 

Гэрч Б.*****гийн "...2025 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдийн үеэр манай нөхөр Хэнтий аймгийн ***** суманд байсан юм. Тухайн өдрийн 17 цагийн үед манай нутгийн дүү ***** гэх залуу ганцаараа машинтайгаа хонио хөөгөөд манай гэрийн гадуур их ойрхон өнгөрөөд явсан. Тухайн өдрийн шөнө манай нөхөр ирээд амарсан. Тэгээд өглөө нь манай нөхөр *****гийн гөлөг хаана байгаа юм гэхэд би байгаа л биз гээд тухайн үедээ тоогоогүй. 2025 оны 04 дүгээр сард манай нөхөр 2 гөлөг, манай нутгийн дүү ***** 1 гөлөг их үнэтэй худалдан авч байсан юм. Манайх 2 гөлгөө 4,000,000 төгрөгөөр, ***** 1 гөлгөө 2,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн гөлөгнүүд нь их сайн үүлдрийн л гөлөгнүүд юм гэсэн. Тэгээд тухайн ***** гэх хүнийг манай гэрийн гадуур явахаас өмнө *****гийн гөлөг байсан бөгөөд *****г явсны дараа л байхгүй болсон байсан. Тэгээд би ***** гөлөг чинь алга болсон гэж хэлсэн. Манай гадаа байсан *****гийн гөлөг удаан хугацаагаар алга болж байсан удаа байхгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 24-27),

 

Гэрч Э.*****ы"... Би 2025 оны 06 дугаар сарын сүүлээр орой 18 цагийн үед хонь хяргаад хашаан дотроо байж байтал манай нутгийн ***** гэх залуу үхрээ хурааж яваад хүрээд ирсэн. Тэгээд бид 2 юм яриад байж байтал манай хамаатны дүү ***** “Corolla” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ хонио хөөгөөд яваад бид 2 дээр ирсэн. Ирээд юм яриад сууж байтал *****ын машины ард талын гэрэл нь хагархай байсан нүхээр нь нэг соотон чихтэй, бор өнгийн зүстэй, цагирган сүүлтэй “Лайка” үүлдрийн гөлөг гараад ирсэн. Тухайн гөлгийг нь ямар учиртай гөлөг талаар асуухад “*****гийнд гөлгөө үлдээчихсэн байсан чинь ***** миний гөлгийг нутаг дээрээ үлдээчихсэн байна” гэж хэлж байсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа манай нутгийн ***** гэх дүү манайд ирээд миний “Лайка” үүлдрийн бор гөлөг алга болчихлоо гээд явж байсан. Би бодох нь ээ тухайн үед *****ын машинаас гарч ирсэн гөлөг *****гийн гөлөг байсан гэж бодсон... Би тухайн гөлгийг өмнө нь харж байгаагүй... Тухайн гөлөг нь соотон чихтэй, бор өнгийн зүстэй, цагариган сүүлтэй гөлөг байсан. Би ер нь нохойг хараад ямар үүлдрийн нохой болохыг шууд мэднэ. Тухайн гөлөг бол “Лайка” үүлдрийн гөлөг байсан... Саяхан манай хамаатны дүү ***** манай гэрт ирээд та цагдаад яагаад мэдүүлэг өгсөн юм. Би ийм гөлөг авч явж байсан гээд шал өөр гөлөгний зураг үзүүлээд явсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 35-39)

 

Гэрч Б.*****н "...2025 оны 06 дугаар сарын сүүлээр орой 21 цаг өнгөрч байх үед нөхрийг эзгүй байхад манай нутгийн залуу ***** өөрийн хонио манайхаар харуулах гээд авч ирсэн юм. Тэгээд орой ирээд шууд унтаад л өгсөн. Манай нөхөр ч шөнө ирсэн. Тухайн ***** гэх залууг ирсэн шөнө манай нохой шөнөжин хуцаж хоносон. Мөн нэг гөлөг гаслаад байсан. Манайд огт гөлөг байхгүй учир би *****ыг авч ирсэн байх гэж бодсон. Тэгээд л маргааш өглөө нь намайг босоход ***** босоод явчихсан байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 42-43)

 

Гэрч *****ын "...Би Хэнтий аймгийн ***** сумын Согоот 3 дугаар багийн хөдөө хэсэгт ганцаараа мал маллаж амьдардаг. Би хөдөө мал харж байхдаа нутгийн дүү *****ын хонийг маллаж өгч байсан юм. 2025 оны 06 дугаар сарын сүүлээр ***** манай хөдөө гэрт өөрийн Coгolla маркийн тээврийн хэрэгсэлтэй хонио авах гээд 09 цагийн үед ирсэн. Ирээд хонио ялгаж аваад 15 цагийн үед манай гаднаас хонио машинтайгаа хөөгөөд явсан. Тухайн өдрөөс хойш 7 орчим хоногийн дараа нутгийн дүү ***** манай гэрт ирээд ахаа миний гөлгийг харсан уу гөлгөө алдчихлаа гээд явж байсан... Тухайн үед манай гэр лүү машинтайгаа орж болохгүй голын ус их байсан тул ***** машинаа голын цаана /манай гэрээс 2 км орчим газар/ үлдээчихээд явган ирээд хонио ялгаж авч явсан. Манай гаднаас хонио хөөгөөд явах үед нь би морьтойгоо хонийг нь гол гаргаж өгөөд машиных нь хажуугаар их л явсан. Тэгэхэд бол *****ын машинд огт нохойн гөлөг байгаагүй... ***** манай гаднаас огт гөлөг ачиж авч яваагүй. Би өөрөө 2 нохойтой одоо миний хоёр нохой хөдөө гэртээ байж л байгаа. Харин ***** гэх залуу манайхаас хонио хөөж яваад манай нутгийн *****, ***** нартай таараад юм яриад байж байхад нь машиных нь арын гэрэл нь хагараад нүх гарчихсан байсан зайгаар нь нэг жижиг гөлөг гараад ирсэн чинь тэр хоёр *****аас юун гөлөг талаар асуухад ***** ахынд үлдээсэн байсан гөлгөө аваад явж байна гэж хэлсэн гэсэн. Манай гадаа *****ын гөлөг огт байгаагүй. Тэр гөлөг одоо хонь ялгаж байх үед огт гарч ирээгүй байж тухайн үед гарч ирнэ гэдэг их сонин байгаа юм даа... гэх мэдүүлэг (хх-ийн 46-47)

 

Шүүгдэгч О.*****ын яллагдагчаар өгсөн “...Би Хэнтий аймгийн ***** суманд уяа морьд дээрээ байж байсан. Тэгэхэд манай хонийг харж байсан айл өөрийнхөө малыг хүнд өгөөд өөрөө төв рүү орлоо гээд намайг ирж хонио аваа гэхээр нь би дараа нь хонио өгөх айлтайгаа яриад нөгөө айлаас хонио авах гээд явахдаа өөрийн дөрвөн нүдтэй халтар гөлөг, хар сортой шар гөлөг хоёрыг аваад хонио авахдаа ***** сум руу явсан. Тэгээд хонио ялгаад үдээс хойш 14-с 15 цагийн үед дуусаад дараагийн айл руу хүргэж өгөх гээд машинаараа хойно туугаад Түвшээгийн гадуур явж байсан чинь соотон чихтэй 2 халтар гөлөг хонь руу боргоод байхаар нь би шилбүүрдэж хөөгөөд эргээд хонио туугаад явж байхад эхнэр нь үхрээ хураагаад явж байсан. Би урагшаа хонио туугаад очих айлынхаа наана нутгийн ах *****ын мотоцикл бензингүй болоод зогсож байхаар нь би бууж очоод байж байтал миний хар сортой шар гөлөг машины арын гэрлийн нүхээр гарж ирсэн. Тэгэхээр нь би шар гөлгөө барьж аваад буцаагаад машиндаа хийгээд тэгээд хонио туугаад *****ынд аваачиж өгөөд машинаас буугаад байсан хар сортой шар гөлгөө гадаа уяж орхиод айлд унтаад өглөө сэрээд хонио тоолж хүлээлгэж өгөөд өглөө эрт ***** дүүрэг рүү очоод 2 гөлгөө хашаандаа оруулж тавьчихаад ажилдаа явсан. Би *****гийн гөлгийг авсан тохиолдол байхгүй. Би тэр гөлгийг харж байгаагүй ээ мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 99-100)

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШД-452 дугаартай “...лайка үйлдвэрийн гөлөг зах зээлийн үнэлгээг 700,000.0 /долоон зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 52-55) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүгдэгч *****нь 2025 оны 06 дугаар сарын сүүлч буюу 27-ноос 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн ***** сумын 3 дугаар баг "*****" гэх газарт нутаглах иргэн *****ын гэрийн урд талаар хонь туугаад явж байхдаа тэнд байсан "Лайка" үүлдрийн гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч д 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... Шүүгдэгч О.*****аас нь 700,000 төгрөгийг гаргуулж хохирогч  олгуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч : “...Үнэлгээг л өөрчлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгч О.*****: “...Би гөлгийг аваагүй. 100м хүрээгүй зайнд нэгнээс нь гөлөг аваад нэгнийд нь уяад явж байна гэж юу байх вэ дээ..” гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч О.*****ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч *****нь иргэн н.*****ын гэрийн гаднаас “Лайка” үүлдрийн гөлгийг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш 700,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Шүүгдэгч *****нь бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь иргэн д учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч О.*****ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас гийн эд хөрөнгөд 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

            Шүүгдэгч *****нь учруулсан хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч О.*****ын гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч д олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Нийслэлийн ***** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна..гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогч : “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн  мэдүүлгийг,

 

Шүүгдэгч О.*****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн  мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч О.*****д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*****д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2539008990450 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *****цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.   

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт *****ын *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *****ын *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*****ыг 6 (зургаа) сарын хугацаанд Нийслэлийн ***** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч О.*****д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.*****д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч О.*****ын гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч д олгосугай.

 

6. Эрүүгийн 2539008990450 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч *****цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7.  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.*****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА