| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/03801/И |
| Дугаар | 102/ШШ2023/04415 |
| Огноо | 2023-12-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2023/04415
2023 оны 12 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2023/04415 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******** хаягт оршин суух, Боржигон овогт С Б,
Хариуцагч: Баянгол дүүргийн ********* оршин суух, Д овогт Б О,
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Б.Оаас гэрээний зүйлийн үнэ 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие гадаад улс орноос биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, худалдан борлуулахаар зохих бэлтгэл ажлыг хангах иргэн Б.Отай зарын дагуу холбогдсон. Б.О нь “ХМ” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг бөгөөд тухайн компани нь биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй байсан. Компанийнхаа хувьцааг нийт 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулах замаар компанийн эрхийг шилжүүлэх нөхцөлийг санал болгосон. Улмаар 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээг байгуулан нотариатаар батлуулж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт зохих баримтуудыг хүргүүлснээр холбогдох өөрчлөлт бүртгэлийг хийлгэсэн. Гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. Гэвч Улсын их хурлаас 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 13.16 дахь заалтыг хүчингүй болгосноор тухайн үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй болсон байхад биднийг төөрөгдүүлэн гэрээ хийж компанийн эрхээ шилжүүлсэн байна. Хуулийн холбогдох заалт хүчингүй болсон талаар мэдсэн даруйдаа миний бие энэ талаар “ХМ” ХХК-ийн хувьцааг худалдан борлуулсан Б.От мэдэгдэж уулзахыг хүссэн. Түүний зүгээс тухайн асуудлыг судалж үзээд хариу өгье гэсэн боловч тодорхой хариу өгөөгүй тул Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт 2023 оны 3 дугаар сард хандан зохих лавлагааг хүссэн. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус байгууллагаас албан бичгээр ирүүлсэн хариундаа “...Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу ...Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх чиглэлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. ...тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй бөгөөд хугацаа сунгалт, хаягийн өөрчлөлтийг хийхгүй...” талаар дурдсан байв. Иймд энэхүү хариуг Б.О болон түүний нөхрийн Вайбер дахь хаягаар илгээж, утас руу нь залгасан боловч хариу өгөөгүй. Төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон байхад бидний төөрөгдүүлэн, улмаар компанийнхаа хувьцааг худалдан борлуулсан байх тул Б.Отай байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Мөн С.Бөөс гэрээний зүйлийн үнэ болгон төлсөн 50,000,000 төгрөгийг Б.Оаас буцаан гаргуулж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:
Хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “ХМ” ХХК-ийг худалдан борлуулах зар тавьсан байсан. Үнийн дүнг 50,000,000 төгрөгөөр тавьсан үндэслэл нь биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох зөвшөөрөл үнэ цэнд нөлөөлсөн гэдэг нь харагдаж байна. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тухайн компанийг худалдан борлуулахаар зар тавихдаа компанийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэгч талтай холбогдсон болох нь тогтоогдлоо. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Оийг компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэж, гэрчилгээ олгогдсон ба худалдан борлуулах эрхгүй этгээд үнийн санал гаргасан байна. Энэ бол нэхэмжлэгч талыг төөрөгдөлд оруулсан бас нэг үндэслэл болоод байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гаргасан. Иргэний хуулийн 58.6-д зааснаар төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Бид энэ асуудлыг худалдагч талд мэдэгдсэн. Гэтэл хариу өгөөгүй бөгөөд манай талаас хуульд заасан үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Бид гэрээ байгуулахад тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг мэдээгүй байсан…гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль өөрчлөгдсөний улмаас биднийг төөрөгдөлд оруулсан гэж тайлбарлаж байна. Энэ асуудал нь 2022 онд анх эхэлсэн байсан. Талууд тохиролцож компани худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хуульд нийцүүлж гэрээ байгуулсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Б.О мөн адил жирийн иргэн. Улсын их хурлаас ямар хууль баталж, цуцалж байгаа талаар урьдчилан мэдэх боломжгүй. Энэ бол ард иргэдэд хаалттай мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл энэ гэрээнд хууран мэхлэлт, төөрөгдөлд оруулах асуудал байгаагүй. Хоёрдугаарт: нэхэмжлэгч тал гэрээг хууль зөрчиж байгуулсан учраас хүчин төгөлдөр бусд тооцуулна гээд байгаа. Иргэний хуульд ямар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар тодорхой заасан. Талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бусд тооцуулах гэрээ биш байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 2010 онд батлагдсан, өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.9.1, 15.9.2, 15.9.3 дахь хэсэгт тус тус зааснаар энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу төөрөгдөлд орсон гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь компани худалдаж авсан болохоос тусгай зөвшөөрөл худалдаж аваагүй. Мөн компани худалдах эрхгүй этгээд худалдсан гэж байна. Компани хэний нэр дээр байсан ч худалдан борлуулахдаа ямар ч хуулийн заалт зөрчсөн асуудал байхгүй. Тэгэхээр гэрээ хийх үед эрх бүхий этгээд байсан гэдэг нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Хариуцагч тал ямар нэгэн байдлаар төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй. Иргэн Б.О гэрээг хуульд заасны дагуу байгуулсан. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…гэв.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор: Б.Оийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг /хх-5/, Б.Оийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-6/, С.Б, Э.М нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-7, 71/, “ХМ” ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/, “ХМ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9, 79-80/, Э.Мээс Б.От 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт /хх-10/, Э.Мээс Б.От 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 49,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт /хх-11/, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “ХМ” ХХК-ийн захирал С.Бөд хариу хүргүүлэх тухай 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/640 тоот албан бичиг /хх-12-13/, С.Б, Б.О нарын 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-15/, мөн өдөр талуудын байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/, “ХМ” ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17-18/, Юнител группын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-59/, Э.М, С.Б нарын гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-60-63/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нотлохоор баримт гаргаагүй ч түүний гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19727 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Бийн эхнэр Э.Мийн гар утсанд буюу хариуцагч Б.Отай харилцсан чатад үзлэг хийхээр шийдвэрлэж /хх-66/, захирамжийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үзлэгийг явуулсан байна. /хх-69-78/
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдоос гаргасан тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч тал гэрээний зүйл болох биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй ХМ ХХК-ийн хувьцааг нэхэмжлэгч талд худалдахдаа тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл Улсын их хурлаас Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр буюу гэрээ байгуулахаас 3 хоногийн өмнө хүчингүй болсныг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан атлаа нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн гэрээ хийж худалдсан, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хийх санал тавьсан зэрэг үндэслэлээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “маргаан бүхий гэрээгээр компанийн хувьцааг худалдаж, эрх шилжүүлэх гэрээгээр Б.Оаас С.Бөд ХМ ХХК-ийг шилжүүлсэн. Харин тусгай зөвшөөрөл худалдаагүй. Улсын их хурлаас баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн өөрчлөлтөөр биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгох хэсгийг хүчингүй болгосон ч Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийг шаардана, гэрээ байгуулах үед Б.О тус компанийг төлөөлөх эрхтэй байсан, мөн хариуцагч Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсныг мэдээгүй, мэдэх боломжгүй учир нэхэмжлэгчийг төөрөгдүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч С.Б нь өөрийн эхнэр Э.Мийн 88103944 дугаарын утаснаас хариуцагч Б.Оийн 90683668 дугаарын утас руу анх 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мессеж бичиж холбогдон, хариуцагчийн тавьсан зарын дагуу БИБ буюу биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөл бүхий “ХМ” ХХК-ийг шилжүүлэн авахаар харилцаж эхэлсэн байна.
4.2. Улмаар С.Б, “ХМ” ХХК-ийг төлөөлж Б.О нар 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг гэрээгээр 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2762048 регистртэй “ХМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.О нь өөрийн эзэмшлийн 100 ширхэг буюу 100 хувийн хувьцааг худалдан авагч С.Бөд шилжүүлэх, худалдан авагч нь хувьцааны үнэ 50,000,000 төгрөгийг Хаан банкны 5006445777 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож байгуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.
4.3. Дээрх гэрээний дагуу талууд мөн өдрөө Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, “ХМ” ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувийн эрх үүргээ Б.Оаас С.Бөд шилжүүлэхээр тохиролцон, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж, нотариатаар гэрээг гэрчлүүлсэн байна.
4.4. Худалдан авагч С.Б гэрээний төлбөрийг эхнэр Э.Мийн Хаан банк дахь 5031454124 тоот данснаас худалдагч Б.Оийн Хаан банк дахь 5006445777 тоот данс руу 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 49,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус шилжүүлж төлбөр төлөх үүргээ биелүүлжээ.
4.5. “ХМ” ХХК нь 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдан улсын бүртгэлд бүртгэгдэж, 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэрчилгээг дахин олгосон ба энэ өдөр С.Бийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна.
4.6. Тус компанийн гэрчилгээ дахин олгогдсон 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Оийг гүйцэтгэх захирлаар бүртгэж, энэ өдрийн байдлаар компани Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох /2022.03.25-2027.03.25/ зэрэг үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй байсан байна. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр дахин олгогдсон гэрчилгээгээр “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох /2022.03.25-2027.03.25/” болон Онлайн худалдаа, Зар сурталчилгаа хийх, Гоо сайхан, ариун цэврийн барааны худалдаа, Хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл нэмж бүртгэгджээ.
4.7. “ХМ” ХХК-ийн захирал С.Бийн гаргасан албан бичгийн дагуу Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хариу өгсөн байна. Уг албан бичгээр: “Зөвшөөрлийн тухай хуульд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6 дугаар зүйлд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.16 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай гэж заасны дагуу Биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх чиглэлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, ..дээрх чиглэлээр тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй бөгөөд хугацаа сунгалт, хаягийн өөрчлөлтийг хийхгүй болсон” гэжээ.
5. Зохигчид маргаан бүхий гэрээг бичгээр байгуулсан, гэрээний үнийг харилцан тохиролцсон, гэрээний дагуу хувьцаа болон компанийн эрхийг худалдан авагч талд шилжүүлсэн, гэрээгээр тохирсон төлбөр бүрэн төлөгдсөн зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй.
6. Харин Улсын их хурлаас 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар гэрээний зүйл болох “ХМ” ХХК-ийн биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг худалдагч тал мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байхад худалдан авагч талыг төөрөгдөлд оруулж худалдсан эсэх, гэрээ байгуулах тухай санал тавих үед Б.О тус компанийг төлөөлөх эрхгүй байсан нь С.Бийг төөрөгдүүлэх үндэслэл болсон эсэх талаар өөр өөрийн үндэслэл гаргаж мэтгэлцэв.
7. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 2001 оны хуулийн 15.12 дугаар зүйлийн 15.12.9 дэх хэсэгт зааснаар биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр хуульчилж, 2022 онд батлагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.16-д зааснаар биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгогдсоноор хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Харин Улсын их хурлаас 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлан, энэ өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилж, дээрх “биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл”-ийг зохицуулсан 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.16 дахь заалтыг хүчингүй болгожээ.
8. Талууд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, харилцан тохиролцож байгуулсан, тухайн гэрээний зүйл болох “ХМ” ХХК-ийн эзэмшиж байсан Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар шинээр олгогдох, сунгагдахгүй болсон буюу энэ төрлийн зөвшөөрөл олгох тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосныг гэрээний талууд хэн аль нь мэдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг тусгай зөвшөөрөл гэрээ байгуулагдах үед хүчинтэй байсан учир нэхэмжлэгч С.Бийг ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Тодруулбал: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж, 58.2 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн, эсхүл хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр хуульчилсан байна. Гэтэл нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Оаас биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний зүйл нь “ХМ” ХХК-ийн хувьцаа, гэрээгээр тохирсон хувьцааг шилжүүлэгч тал хүлээлгэн өгсөн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөлд орсон, хариуцагч түүнийг төөрөгдүүлсэн гэх байдал хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул эдгээр үндэслэлээр С.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр С.Б, Б.О нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Б.Оаас 50,000,000 төгрөг гаргуулах тухай С.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 478,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА