Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

 

2026           01           30                                      2026/ШЦТ/62

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан 

Улсын яллагч Н.Амгалан

Хохирогч ****

Хохирогчийн өмгөөлөгч ****(цахимаар)

Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****т холбогдох эрүүгийн 2539000000333 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ****нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 8 дугаар баг **** тосгоны "****" гэх газарт ****ыг тухайн газарт өвс хадлаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дэх заалтад заасан "хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж" гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ө.****: “Анх манай өвөлжөөг хадаж байна гээд манай эхнэр очсон байсан. Намайг очиход хоорондоо хэрэлдэж байсан. Манай эхнэрийг “муу хар гичий минь, ал минь” гэж хэлж байхад нь би очсон. Эхнэрээ өмөөрөөд муудалцсан. Хоёр трактороор хадаж байсан. Би яагаад та нар манай өвөлжөөг хадаад байгаа юм гэхэд дарга нарын тушаал гэж хэлсэн. Танайхыг хадлангийн бүс нутгаа чөлөөл гэсэн гэж хэлсэн...” гэж,

 

Хохирогч ****: “...Бид 2 нэг нутгийн хүмүүс л дээ. Би ****ыг тохитой сайн залуу гэж дотроо дүгнэж явдаг. Энэ маань надтай яг хадлан эхэлсэн өдөр ирж уулзсан. Би юу юугүй айлын өвөлжөө, хаваржаа хадахгүй. Бид нарыг ингээд хад гэж сангийн аж ахуйн дарга хэлсэн гээд хадлан эхэлсэн. Хадлан яг эхлэхэд **** өөрөө ирж уулзахаар нь би “Би танайх руу давж хадахгүй. Яг араа хэлчих, Өвөлжөөний чинь урд тал руу бас хадах байх. Хязгааруудаа хэлчих” гэхэд энэ хүн өөрөө “За” гэчихээд явсан байхгүй юу уг нь. Би хязгаар нь болсон үгүйг, энэ хүний уур хүрсэн үгүйг яах мэдэх вэ. Хэрүүл эхэлсэн хүн нь энэ хүн өөрөө шүү дээ. Бид нар хадлангаас буух гэж байхад машинаараа давхиж ирээд эхнэр нь хэрүүл хийсэн. “Бид нар анхнаасаа ярьсан юм. Бид нар одоо ингээд буулаа” гэхэд эхнэр нь элдвээр хэлсэн. “Муусайн гуйлгачингууд, казакууд” гэж хэлсэн. Та нар баахан өр зээлээ дарах гэж бэлчээр хадлаа гэж хэлсэн. ****тэй ярилцаад хязгаараа хэл, тэр газраас чинь бид нар буцчихна гэж хэлсэн гэдгээ хэлсэн. Тэгээд хэрүүл ч эхэлсэн. Тэгэхээр нь би трактортоо залгасан байсан хутгаа аваад хөдлөөд **** ах дээр очсон. **** ахад бууя гэж хэлээд байж байтал араас ум хумгүй портертой хүрээд ирсэн. Энэ хүн байгаагүй. Огт байгаагүй. Хэрүүл сонссон гэж худлаа. Портертой ирж буунгуутаа л үгийн зөрүүгүй л намайг балбаад эхэлсэн. Би гайхаад, өрөөсөн гал сойлттой, хөдөлж чадахгүй аминдаа зууралдаад, 2, 3 удаа нүүр ам руу цохисон. Ална гэж дайраад, уур уцаар нь хүрэхээрээ айхтар болдог юм билээ. Ална гээд л дайраад байсан. Тэгж тэгж **** ах голоор орж салгасан. Би чинь уг нь хүнийг уучилчихдаг хүн л дээ. За яах вэ уур нь хүрсэн юм байгаа биз гээд машиндаа суугаад хөдлөх гэж байтал машины хаалга онгойлгож байгаад нүүр лүү дахиад цохиж байгаа юм. Тэгэхэд нь миний уур айхтар хүрсэн. Би уг нь тэр үедээ тэгээд больчихъё гэж бодсон юм...” гэж тус тус мэдүүлэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2539000000333 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч ****нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 8 дугаар баг **** тосгоны "****" гэх газарт ****ыг тухайн газарт өвс хадлаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дэх заалтад заасан "хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж" гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2),

****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3),

 

Хохирогч ****ийн: Би 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс тус сумын нутаг ****ны урд талд хадлан хадаж байхад нутгийн малчин **** гэх залуу хүрч ирээд намайг үгийн солио өгөхгүй араас толгойны арын дагз хэсэг рүү 1 удаа цохихоор нь эргэж хараад барьцалдаж авахад миний зүүн шанаа болон баруун нүд, хамар, уруул хэсэг рүү гараараа 4, 5 удаа цохисон. Тэгэхэд манай ах **** намайг салгаж аваад эргээд машиндаа суух гээд явж байхад ар дагз хэсэг рүү нь 1 удаа гараараа цохиж, нуруу хэсэг рүү 3, 4 удаа өшиглөсөн. Тухайн үед миний баруун эгэм хуучин хугаралттай гар сойлттой байсан учраас би **** гэх хүнийг гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй. Машиндаа суугаад хөдлөх гэхэд дахиад хаалга онгойлгоод нүүр хэсэг рүү 1 удаа цохиход нь би хаалгаа хаагаад хөдөлж **** тосгоны эмнэлэгт очиж эмчид үзүүлж тодорхойлолт бичүүлж авсан...." гэх мэдүүлэг (хх-ийн 7-8),

 

Гэрч Х.****ын: Би 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн төрсөн дүү ****ын хамт хадланд гараад хадаж байхад буюу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тухайн газарт нутагладаг **** гэх залуу эхнэрийн хамт хадлан руу маань ирсэн. Тэгээд гэнэт манай дүү ****ын толгойны ар дагз хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь манай дүү яаж байна гээд эргэж хараад барьцалдаад авахаар нь би **** наад хүн чинь хагалгаатай гар нь сойлттой гэхэд тоох ч үгүй манай дүүгийн нүүр толгой хэсэг рүү нь гараараа хэдэн удаа цохиод байхаар нь би салгаад машин руу явж байхад араас нь ирээд дахиад толгойны араас гараараа 1 удаа цохиод, нуруу хэсэг рүү нь 3, 4 удаа өшиглөсөн. Тухайн үед би дүүгээ дагуулаад машинд суулгахад дахиад хаалга онгойлгож ****ын нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд дүү бид хоёр **** тосгоны эмнэлэгт ирж үзүүлж Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...." гэх мэдүүлэг (хх-ийн 15-16),

 

Гэрч ****ын “...Би тухайн өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээсээ гараад явж байхад манай гэрээс зүүн урагш зүгт трактор дугараад байхаар нь машинаа бариад яваад очиход манай гэрээс 300 орчим метр газарт өвс хадаж байхаар нь “Та нар хүний зуслан намаржаа газар битгий хадаад давраад байгаарай” гэж хэлэхэд “Даргын тушаалаар хадаж байна. Манай өвөлжөө хаана байна. Өвөлжөөтэй юутай хээтэй чинь хадна. Бид нар дээрээс тушаалтай” гэж **** гэх хүн надад хэлсэн. Хажууханд нь ****ын ах **** гэдэг хүн байсан. Тэгэхээр нь би “Энэ газрыг хадуулахгүй шүү” гээд **** гэх хүний зүүн мөр хэсэг рүү гараараа хүрэхэд “Хүүе би хагалгаатай хүн шүү” гэсэн. Тэгээд байж байхад манай нөхөр **** өвөлжөөн дээрээсээ хадлан хадаж байгааг хараад ирсэн. “Та нар битгий өвөлжөө хадаад бай. Би та нарт хэлсэн шүү” гэхэд “Танай өвөлжөө хаана байдаг юм” гэхээр нь манай нөхөр **** өөрийн өвөлжөөгөө зааж өгч байсан. Тэгээд ****, **** хоёр хоорондоо барьцалдаж ноцолдохоор нь би ****ыг салгах гээд, **** ах ****ыг салгах гэж ноцолдож байгаад л салсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20),

 

Гэрч ****ын “...Би тухайн үед байгаагүй, ****, Х.**** гэх хүмүүсийг **** сумын 8 дугаар багийн нутаг “Арслангийн хөндий” гэх газарт 1000 га талбайд хадлангийн нөөц бэлтгэх ажлаар ажиллаж байхад **** гэх хүн ирж ****той малын бэлчээр хадлаа гэх зөрчлөөс болж зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭН0725/530 дугаартай “...1. 2. ****ын биед баруун эгэм ясны металл хадаасны сулрал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, дагзны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цээжний баруун урд хэсэгт цус хуралт, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 33-35),

 

Шүүгдэгч Ө.****ын сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өвөлжөөн дээрээ юм хийж байгаад намаржааны гэр лүүгээ харих гэхэд замд хадлан хадаж байгаа хүмүүс байхаар нь яваад очиход **** гэх хүн өвс хадаж байхаар нь “Та бид хоёр тохирсон биз дээ. Та ийшээ хадахгүй гэж хэлсэн биз дээ” гэж яриад байж байхад **** гэх хүн “Танай өвөлжөө хаана байдаг юм. Бид нар дарга нарын тушаалаар явж байгаа. Танай өвөлжөөг модтой нь цуг хад гэсэн” гэж хэлэхээр нь бид хоёр заамдаж аваад бид хоёр хоорондоо ноцолдсон. **** миний баруун гарын дунд хуруу, ядам хурууг давхар барьчихаад тавихгүй байсан. Тухайн үед **** болон манай эхнэр Оюунтуул нар салгах гэхэд миний гарыг тавихгүй базчихаад байсан. Тэгээд миний баруун чихнээс барихаар нь би **** гэх хүний нүүр хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохисон. Тэгээд **** машиндаа суугаад явах гэхэд нь би араас нь очоод зүүн гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа маажсан. Тэгэхэд хамар дээр нь шалбараад хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12),

 

Шүүгдэгч Ө.****ын яллагдагчаар өгсөн “...Хийсэн үйлдэлдээ бол гэмшиж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй байх болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-52),

 

Улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн **** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ДОР0826/045 дугаартай “...1. Хэнтий аймгийн **** сумын иргэн **** нь 2025 оны 09 дүгээр сарын 01-нд бусдад зодуулсан гэх хэргээс шалтгаалан хохирогч **** Овогтой ****-ын сэтгэцэд хор уршиг учраагүй.

2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй...” гэх дүгнэлт болон шүүгдэгч Ө.****ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүгдэгч ****нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 8 дугаар баг **** тосгоны "****" гэх газарт ****ыг тухайн газарт өвс хадлаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дэх заалтад заасан "хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж" гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирлын тухайд хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байгаа. Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Харин сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт гаргуулахаар явсан зардалд 190,000 төгрөгийн баримтыг өнөөдөр хэрэгт гаргаж өгсөн байна. Иймд 190,000 төгрөгийг шүүгдэгч Ө.****аас гаргуулж, хохирогч ****д олгуулах саналтай байна. Хохирогч **** энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч ****“...Шүүгдэгч ****нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан эмнэлгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Хохиролтой холбоотой баримтыг хараахан гаргаж өгөөгүй. Түүнээс бол баримт байгаа гэж байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. **** аймаг руу сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт гаргуулахаар явсан бензиний баримт гаргаж өгсөн гэж ойлгож байна. Үүнийг шүүгдэгчээс гаргаж өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч ****: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ө.****: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч ****маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ****нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ****нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ  хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Ө.****ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч ****нь хохирогч ****ын биед баруун эгэм ясны металл хадаасны сулрал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, дагзны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цээжний баруун урд хэсэгт цус хуралт, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Тэрээр хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ө.****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ө.****ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ****ын биед баруун эгэм ясны металл хадаасны сулрал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, дагзны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цээжний баруун урд хэсэгт цус хуралт, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч **** нь **** аймаг руу сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохоор явсан зардал 195,000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгч, уг хохирлыг нэхэмжилж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ө.****ын гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 195,000 (нэг зуун ерэн таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч ****д олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч **** нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.****аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

 

 Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүхээс Ө.****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ө.****ын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний сэдэл санаа зорилго, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоох саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч ****: “...Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсанаар шүүгдэгч нь яг энэ шалтгаанаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, шүүхээс 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэм буруутай этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зэрэгт оршдог. Шүүгдэгч нь өмнөх үйлдлээ ухамсарласан цээрлэсэн шинж харагдахгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ө.****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргалдаг.

 

   Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

 

Шүүх шүүгдэгч Ө.****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Ө.****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

 Бусад асуудал

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****ын ****т 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.****т оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ө.****ын гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 190,000 (нэг зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч ****д олгосугай.

 

5.Хохирогч **** нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.****аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА