Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/04522

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 07 өдөр                 Дугаар 102/ШШ2023/04522                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Булган ********* хаягт оршин суух, эмэгтэй, А овогт Гн Ц,

Хариуцагч: Баянгол дүүргийн *********** байрлах “ЮИ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М, өмгөөлөгч Э.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Миний бие 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Юнимед эмнэлэгт анх удаа үзүүлж, үр шилжүүлэн суулгах зөвлөгөө авч, үр шилжүүлэн суулгахаар болсон. Хамгийн анх н.Н гэдэг эмчид үзүүлж, дараа нь н.Х эмчид үзүүлж, ингээд н.Х эмчийн заавар зөвлөгөөгөөр бүх шинжилгээ өгч эмчилгээ үйлчилгээгээ авч эхэлсэн. Үр шилжүүлэн суулгахад бэлтгэх 20 төрлийн шинжилгээ хийлгэсэн. Ингээд шинжилгээнийхээ хариунуудыг авч холбогдох бүх эмчид нь үзүүлсний эцэст үр шилжүүлэн суулгахаар болж холбогдох эмчилгээнүүдийг эмчийн зааврын дагуу хийлгэсэн. Ингэхдээ маш олон янзын тариа, эм хэрэглэсэн. Мөн нөхөр маань эмчийн зааврын дагуу шинжилгээнд орсон. Бэлтгэл ажлыг сар гаруй хугацаанд явж байж дуусгаад 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Тус эмнэлэгтээ 3 хоног хэвтсэн. Эмчийн хяналтанд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байсан бөгөөд тус өдөр үр шилжүүлэн суулгах ажиллагаа амжилтгүй боллоо гэж хэлсэн. Учрыг лавлахад “та миомтой байсан байна” гэсэн. Би маш их гомдолтой байна. Намайг анх үзүүлж байх явцад буюу үр шилжүүлэн суулгалтад бэлтгэх ажиллагааны явцад ийм зүйл огт яриагүй. Хэрэв би миомтой байсан бол үүнийг эрт илрүүлж, үр шилжүүлэн суулгах боломжгүй гэдгийг мэдэх боломж байсан. Гэтэл бүх шинжилгээ, үүний дотор эсийн шинжилгээ, ЭХО хийлгээд байхад илрүүлээгүй байж гэнэт бүх юм дууссаны дараа миомтой байна гэж илрүүлж байгаа нь тус эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэж байна. Би энэ эмнэлгээр үйлчлүүлж байх хугацаандаа нөхрийн хамт Булган аймгаас Улаанбаатарт хэд хэдэн удаа ирж очсон ба хотод айлд хоноглож байсан. Маш их зардал гарсан. Би одоо Юнимед эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж сэтгэл санааны болон эдийн засгийн маш их хохиролд ороод байна. Би маш их зориг хүч, сэтгэл санаагаа бэлтгэн байж уг ажиллагааг хийлгэсэн. Гэтэл тус эмнэлэг маш хариуцлагагүй хандаж, мэргэжлийн алдаа гаргалаа гэж бодож байна. Үйлчлүүлэгчээ тус ажилбарыг хийлгэх боломжтой эсэхийг заавал тогтоож байж хийх ёстой байсан гэж үзэж байна. Иймээс тус эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж надад учирсан үйлчилгээний болон бусад зардал болох 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

1.2. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Үр шилжүүлэн суулгахад бэлтгэл ажиллагаа болох эмчийн зөвлөгөөгөөр 20 төрлийн шинжилгээ хийлгээд эмчилгээнд орсон. Шинжилгээний хариугаа авч холбогдох бүх эмчид нь үзүүлсний эцэст үр шилжүүлэн суулгахаар болж, холбогдох эмчилгээнүүдийг эмчийн зааврын дагуу хийлгэсэн. Хэрэв миомтой байсан бол эрт илрүүлж үр шилжүүлэн суулгах боломжгүй гэдгийг мэдэх боломж байсан. Гэтэл бүх шинжилгээ, үүний дотор эсийн шинжилгээ ЭХО хийлгээд байхад илрүүлээгүй байж гэнэт бүх юм дууссаны дараа миомтой байна гэж илрүүлж байгаа нь тус эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэж байна. Г.Ц сэтгэл санааны болон эдийн засгийн маш их хохиролд орсон. Эмчилгээ хийлгэхийн тулд нөхөртэйгөө Булган аймгаас Улаанбаатарт удаа дараа ирж очсон ба айлд хоноглож байсан. Маш их зардал гарсан. Хэрвээ Г.Цт 41 настай хүнд үр тогтолт 7 хувийн магадлалтай байдаг гэдгийг хэлсэн бол шууд татгалзах байсан. Гэтэл хэдэн хувийн баталгаатай байдаг гэдгийг хариуцагч тал хэлээгүй. Тухайн үед боломжгүй гэдгийг хэлсэн бол маш их зардал гаргаж эмчилгээ хийлгүүлэхгүй байсан. Миний үйлчлүүлэгч туршилтын туулай болсон. Нэхэмжлэгчийн туйлын хүсэл хүүхэдтэй болох байсан... гэж тайлбарлав.

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Үр шилжүүлэн суулгах төвөөр үйлчлүүлсэн Х.Б, Г.Ц нар 2019 оны 7 дугаар сарын 31 болон 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд үр шилжүүлэн суулгалтын өмнөх шинжилгээг бүрдүүлсэн. Шинжилгээнд Х.Бийн үрийн шингэний шинжилгээ болон бусад шинжилгээ нь хэвийн, Г.Цт хүүхэд тээхэд эсрэг заалтгүй тул 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сэдээлтийн протоколын дагуу хяналттайгаар өндгөвч сэдээн, хатгалтыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлөвлөсөн. 8 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 45 минутад судас унтуулгын хяналтан дор хэт авиан тусламжтайгаар 10-15 минутын хугацаанд өндгөвчинд үүссэн цэврүүт уутанцарыг хатгаж өндгөн эсийг соруулах ажилбарыг хийсэн. Үр хөврөлийн лабораторид соруулж авсан өндгөн эс агуулсан шингэнээс нийт 15 эсийг ялган авснаас 12 эсэд лабораторийн нөхцөлд нөхрийн эр бэлгийн эстэй үр тогтоож үр хөврөл үүсгэсэн. Үүнээс 10 өндгөн эсэд хэвийн үр тогтоолт явагдаж, хэвийн үр тогтолтын эзлэх хувь 83,3 хувьтай байсан. Лабораторид үр хөврөлийн инкубаторт 5 хоногийн хугацаанд үр тогтсон үр хөврөлийг хянаж 2019 оны 8 сарын 17-нд Г.Цт лабораторид үр тогтоосон үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгах зөвшөөрлийг авч, 2 морулыг хэт авиан хяналтан дор шилжүүлэн суулгасан. Суулгалтын дараа Х.Б, Г.Ц нарт үр хөврөлийг умайн хөндийд суулгасны дараах зөвлөмжийг бичгээр болон амаар өгч эмэгтэйчүүдийн тасагт 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл 3 хоног өвчний түүхийн №303, эмэгтэйчүүдийн эмч Ч.Хулан хяналтанд N97.1 оношоор хэвтэн эмчлүүлж гарсан. Үр хөврөлийг умайн хөндийд шилжүүлэн суулгаснаас хойш 13 хоногт захын судсанд ХГ /хориогонадотропин/ дааврын шинжилгээгээр үр шилжүүлэн суулгах хөтөлбөр амжилтгүй болсон хариуг мэдээлсэн. Үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгасны дараа амжилтгүй болсон тул 2019 оны 8 дугаар сарын 31-нд умайн хөндийн дуран хийхийн өмнө цусны дэлгэрэнгүй шинжилгээ болон цус бүлэгнэлтийн шинжилгээг хийж 2019 оны 9 дүгээр сарын 02-нд умайн хөндийг дурандах ажилбарыг төлөвлөсөн. Умайн хөндийн дуранг судас унтуулгын дор 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 00 минутанд зөвлөгөө өгч эмнэлгээс гаргасан. Нэхэмжлэгчийн санал гомдлоос харахад үр шилжүүлэн суулгах хөтөлбөр эхлэхийн өмнө Х.Б, Г.Ц нарт шаардлагатай бүх шинжилгээг хийж үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдахад эсрэг заалтгүй нь шинжилгээгээр нотлогдсон. Ялангуяа умайд эмгэг голомт болон хавдрын сэжигтэй тохиолдол хэд хэдэн удаагийн хэт авиан оношлогоонд илрээгүй. Үр шилжүүлэн суулгаад амжилтгүй болсны дараа оношлогоо эмчилгээний зорилгоор умайн хөндийг дурандаж цэвэрлэх ажилбарын явцад маш жижиг хэмжээний буюу 5 мм орчим салстын хавдрыг илрүүлж, тухайн мөчид резектоскоп ашиглан хавдрыг авч эмчилгээ хийсэн. Умайн хөндийн салстын маш жижиг хэмжээний хавдрыг хэт авиан шинжилгээ болон компьютер томографийн шинжилгээгээр илрүүлэх боломжгүй юм. Үр шилжүүлэн суулгалтын дараа жирэмслэлтэнд умайн миомын хэмжээ хэрхэн нөлөөлж байгааг үнэлэхийг оролдсон цөөн хэдэн судалгаа байдаг. Г.Цын өндгөвчнөөс хатгаж авсан 15 өндгөн эсээс амьдрах чадвартай 2 ширхэг морула шатны үр хөврөл үүсэж умайн хөндийд шилжүүлэн суулгасан. Шилжүүлэн суулгасан үр хөврөл нь эсийн хөгжлийн хувьд бага зэргийн хоцрогдолтой байсан бөгөөд энэ нь эмэгтэйн наснаас шууд хамааралтай юм. Эмэгтэйн нас 40 ба түүнээс дээш байгаа тохиолдолд үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр жирэмслэх хувь 12%-иас хэтрэхгүй. Умайн хөндийн дурангийн хувьд үр шилжүүлэн суулгаад амжилтгүй болсон, дахин давтан орох хүсэлтэй хүмүүст хийгддэг, умайн хөндийн дуран нь умайн хана болон салстыг 10 дахин томруулж хардаг учраас илрүүлэх, оношлох чадвар өндөр, салстын доор байгаа жижиг хэмжээний хавдруудыг чанд авиан шинжилгээгээр илрүүлэх боломжгүй, нөгөө талаасаа 1 см дотор байгаа хавдрууд нь жирэмслэхэд нөлөөлөхгүй гэдгийг олон улсын маш олон судалгаа харуулсан байдаг. Х.Б, Г.Ц нарт үр шилжүүлэн суулгалт эхлэхээс өмнө болон үр шилжүүлэн суулгах хөтөлбөр дуустал шат дараалсан хяналттай, стандартын дагуу бүх шинжилгээг хийж тухай бүр амаар болон бичгээр мэдээллийг өгч баримтжуулж байсан бөгөөд оношийн алдаа болон хариуцлага алдсан тохиолдол байхгүй хэмээн бидний зүгээс үзэж байна. Үйлчлүүлэгч Х.Б, Г.Ц нар нь үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэх хүсэлт зоригоо бичгээр илэрхийлж зөвшөөрлийн маягтыг уншиж танилцан гарын үсгээр баталгаажуулж, уг ажилбарын төлбөрийг тохирч төлсөн. Үр шилжүүлэн суулгасны дараа жирэмслэлт амжилтгүй болох тохиолдол байдаг тухай тэдэнд мэдээлэл өгсөн. Үүнийг тэд ойлгосон болох нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Лабораторид үр тогтоосон үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгах зөвшөөрлийн маягт №875”-аар нотлогдож байна.

Эмнэлгийн хувьд анхнаасаа үйлчлүүлэгчдээ ойлгуулаад, зөвшөөрлийн хуудсыг бөглүүлээд, журмын дагуу хийлгүүлсэн. 0,5 см хэмжээтэй миома үр тогтоход нөлөөлөхгүй гэж үзэж байна. Үйлчлүүлэгч нь холбогдох бүх бичиг баримтуудад зөвшөөрч гарын үсэг зурж, тайлбарлуулсан байсан. Үр шилжүүлэн суулгах ажилбар хийгдээд 13 дахь хоног дээр тогтоосон. Энэ ажилбар анхнаасаа 100 хувь баталгаатай биш гэдгийг ойлгуулсан байсан. Хавтаст хэргийн 80 дугаар хуудаст авагдсан зөвшөөрлийн маягт дээр үр дүнгүй болох магадлалтай гэсэн шалтгаанууд байдаг. Нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зурсан байсан... гэж тайлбарлав.

2.2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгдсэн. Энэ төрлийн гэрээг бичгээр байгуулахыг шаарддаггүй, хийдэггүй. Хариуцагч нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага. Орчин үеийн технологи ашигласан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ хийгдсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний гэрээгээр тохиролцсон үйлчилгээ нь эрсдэлтэй, үр дүн нь баттай биш гэдгийг үйлчлүүлэгч ойлгож, өөрийн хүсэлтээр хийлгэсэн ба үр дүнд хүрэхээр тодорхой баталгаа гаргаагүй. Нэхэмжлэгч урьдчилж танилцуулсан мэдээлэл, эрсдлийн талаар ойлгож зөвшөөрсний үндсэн дээр төлбөрийг төлсөн. Үр дүнгүй болсон ч олон үе шаттай хэрэгжсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, ажилчдын ажлын хөлс, бусад үйлчилгээний зардал зэрэг нь төлбөрт тооцогддог. Мөн үр дүнгээс үл хамааран төлбөрийг буцаан төлөхгүй тухай урьдчилж анхааруулсныг нэхэмжлэгч хүлээн зөввшөөрсөн. Анх өндгөвчний эсийг нөөцөд хөлдөөж хадгалуулсан бол дахиад хийлгэх боломжтой байсан. Гэхдээ үйлчлүүлэгч өөрөө хөлдөөж хадгалуулахыг хүсэхгүй байсан. Хэрвээ хөлдөөж хадгалуулсан бол гарах зардлын төлбөр ижил гэдгийг ойлгуулж хэлсэн... гэж тайлбарлав.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, ЮИ ХХК, Баянгол мед ХХК нарт үйлчилгээний болон шинжилгээний төлбөр төлсөн баримтууд /хх-5-12/, Энгийн эмийн жор /хх-13-18/, Шинжилгээний хариунууд /хх-19-20/, ЮИ эмнэлгийн Үр шилжүүлэн суулгалтанд бэлтгэх шинжилгээний жагсаалт /хх-21/, Санамж зөвлөгөө /хх-22/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа нотлохоор: компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-27/, компанийн дүрмийн хуулбар /хх 40-42/, Зүрхний ЭХО оношилгооны хуудас /хх-76/, шинжилгээний хариу болон фото зураг /хх-77-79, 82-87, 94-102/, ЮИ ХХК-ийн Үр шилжүүлэн суулгах төвийн Лабораторид үр тогтоосон үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгах зөвшөөрлийн маягтын хуулбар /хх-80/, Нөхөн үржихүйн туслах технологи хэрэглэхийг ойлгож мэдэн, сайн дураараа зөвшөөрсөн зөвшөөрлийн маягтын хуулбар /хх-81/, Умайн дурангийн ажилбарын тэмдэглэлийн хуулбар /хх-88/, Мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудсын хуулбар /хх-89, 92/, Суулгалтын үеийн хэт авиа /хх-93/ зэргийг нотлох баримтаар гаргасан. Харин хавтаст хэргийн 31-71 дүгээр талд авагдсан хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

5. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13100 дугаар захирамжаар шинжээч томилж /хх-124/, шүүхээс томилогдсон шинжээч Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн салбар зөвлөлөөс 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №07 тоот дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн. /хх-133-134/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Г.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхээ “...ЮИ ХХК-тай үр шилжүүлэн суулгах үйлчилгээ авахаар тохиролцон, шаардлагатай шинжилгээнүүдийг өгч, эмчилгээ хийлгэснээр үр шилжүүлэн суулгах боломжтой гэсний дагуу ажилбарыг хийлгэж, төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн боловч амжилтгүй болсон ба шалтгаан нь миний умайд 5 мм миома илэрснийг мэдэгдэж, үүнээс шалтгаалан үр шилжүүлэн суулгах ажилбар амжилтгүй болсон гэх хариу өгсөн. Өмнө нь илрүүлэх боломжтой байхад илрүүлж чадаагүйгээс, мөн 41 настай хүнд үр хөврөл тогтох магадлал бага гэдгийг үйлчлүүлэгчид мэдэгдээгүй учир төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг буцааж гаргуулна” гэж тодорхойлон шаарджээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Үр шилжүүлэн суулгах ажилбарын дараа олон шалтгааны улмаас үр тогтохгүй байх магадлалтай талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, ажилбар хийх зөвшөөрөл авсан. Уг эрсдлийг мэдээд үйлчилгээ авсан. Жижиг хэмжээтэй миомыг томографаар илрүүлэх боломжгүй, мөн зөвшөөрлийн маягтаар төлбөрийг эмчилгээ, шинжилгээнд зарцуулагдах бөгөөд буцаагдахгүй гэдгийг ойлгож зөвшөөрсөн, эмчилгээний явцад уг асуудал үүссэн, дахин оролдлого хийхээр бол шинээр процедур эхлэх ба дахин төлбөр гарна. Үр хөврөлийг хөлдөөгөөгүй, өөрсдөө хөлдөөхгүй гэсэн. Тиймээс төлбөрийг буцаах боломжгүй” гэх үндэслэлээр үгүйсгэн маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Г.Ц нь үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэхээр 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хариуцагч “ЮИ” ХХК-ийн Юнимед эмнэлэгт хандан зөвлөгөө авч, тухайн үйлчилгээг авахаар тохиролцон, хэлцлийг амаар хийж, нэхэмжлэгчээс хариуцагчид үйлчилгээний хөлс 15,000,000 төгрөг төлсөн талаар зохигчид тайлбарлах бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан эмнэлгийн үзлэгийн болон шинжилгээний төлбөрийн баримтуудаар нэхэмжлэгч нийт 7,777,330 төгрөг төлсөн байна.

4.2. Хариуцагч тал үр шилжүүлэн суулгалтын өмнөх шинжилгээнүүдийг авч, бэлтгэл ханган, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өндгөн эсийг соруулах ажилбар хийж, үр тогтсон үр хөврөлийг лабораторид хянаж 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үр тогтоосон үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгах зөвшөөрлийг Г.Цаас авснаар шилжүүлэн суулгасан талаар хариуцагч тал тайлбарлаж, дээрх ажилбаруудын тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар гаргасан байна.

4.3. Нэхэмжлэгч Г.Цаас зөвшөөрөл авсан гэх №875 дугаар хуудаст “Шилжүүлэн суулгасан үр хөврөлийн тоо, чанараас үл хамааран эмчилгээ үр дүнгүй эсвэл олон урагтай жирэмсэн болж болохыг ойлгож байна. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний лабораторийн ажилбарын явцад шаардлага хангаагүй (бүрэн боловсроогүй) өндгөн эс, нөхрийн үлдсэн үрийн шингэн болон амьдрах чадваргүй, чанар муутай үр хөврөлийг зохих журмын дагуу зөвшөөрч байна. Устгах үр хөврөл, өндгөн эсийн тоо: 13, Бид үлдсэн үр хөврөлийг хөлдөөж хадгалуулахыг хүсэхгүй байгаа тул устгахыг зөвшөөрч байна” зэрэг зөвшөөрлийг үйлчлүүлэгч Г.Ц олгож гарын үсэг зурсан бөгөөд уг хуудаст Баянгол эмнэлгийн ахлах үр хөврөлийн эмч Баярцогт гарын үсэг зурсан байна. /хх-80/

4.4. Мөн 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.Ц, түүний нөхөр Х.Б нар IVF-875 дугаартай Нөхөн үржихүйн туслах технологи хэрэглэхийг ойлгож мэдэн, сайн дураараа зөвшөөрсөн зөвшөөрлийн маягтаар тухайн ажилбарыг хийлгэсний дараа гарч болох эрсдэл, жирэмсэн болох магадлагаа зэргийн талаар тайлбарласныг ойлгож, зөвшөөрсөн болохоо баталгаажуулж гарын үсэг зуржээ. /хх-81/

4.5. Суулгалтын дараа Г.Ц эмнэлгийн хяналтанд хэвтэн эмчлүүлж, улмаар дааврын шинжилгээгээр үр шилжүүлэн суулгах ажилбар амжилтгүй болсон хариу гарч, умайн хөндийг цэвэрлэх дурангийн ажилбарын явцад 5 мм хэмжээтэй миома илрүүлсэн байна.

4.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтэд: “...үр шилжүүлэн суулгасан 41-42 насныхан 9,4%, 42-с дээш насны хүмүүсийн 11,3%-ийн амжилттай байна. Дэлхий нийт ахимаг насанд үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн бага байгаа нь нотлогдсон. Юнимед эмнэлгийн Г.Цт үр шилжүүлэн суулгах ажилбар нь тодорхой нарийн удирдамжтай бөгөөд эмчилгээ нь протоколийн дагуу хийгдсэн байна. Үргүйдэлд хүргэдэг олон хүчин зүйл байдаг. Эмчлүүлэгчид умайн салстын доор байрласан 5 мм-ийн хэмжээтэй миомын зангилаа байсан гэжээ. Гэхдээ хэт авиан шинжилгээнд 0,5 см хэмжээтэй хоргүй хавдрын зангилааг оношлох боломж багатай. Г.Цт оношлогдсон умайн салстын доор байрласан 5 мм-ийн хэмжээтэй хоргүй зангилаа нь эмчилгээний үр дүнд нөлөөлөх эрсдэл багатай. Учир нь 0,5 см хэмжээ нь жижиг хэмжээтэй, дөнгөж шинээр үүссэн зангилаа байх магадлалтай. Умайн хоргүй хавдрын зангилаа нь хэдэн мм-ээс хэдэн 10-30 см хүртэл янз бүрийн хэмжээтэй, олон тоогоор үүсдэг онцлогтой. Ийм жижиг зангилаа нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй...” гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчид үр шилжүүлэн суулгах үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцож, төлбөрт нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөг төлсөн, үр шилжүүлэн суулгалт хийгдсэн боловч үр тогтоогүй зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ, эсвэл хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан эсэх талаар болон үр тогтоогүйн улмаас нэхэмжлэгч төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй эсэх, хариуцагч тал хариуцлага алдсаны улмаас үр тогтоогүй эсэх талаар хэн аль нь өөр өөрийн үндэслэл заан маргаж байна.

6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ нь гүйцэтгэгчээс гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, доголдолгүй ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, үүний хариуд захиалагч тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ. Харин хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээхээр хуульчилсан байна.

7. Хариуцагч “ЮИ” ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд нэхэмжлэгч Г.Цт үр шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн байх тул талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, харилцан тохиролцож эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх буюу хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэлээ.

8. Гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгчээс үр шилжүүлэн суулгахад шаардлагатай шинжилгээ, эмчилгээний зардалд нийт 15,000,000 төгрөг төлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч тал мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нэхэмжлэгчид үр шилжүүлэн суулгахад шаардлагатай шинжилгээнүүдийг авч, үзлэг эмчилгээ хийж, үр шилжүүлэн суулгахаас өмнө “Лабораторид тогтоосон үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгах зөвшөөрлийн маягт”, “Нөхөн үржихүйн туслах технологи хэрэглэхийг ойлгож мэдэн, сайн дураараа зөвшөөрсөн зөвшөөрлийн маягт”-аар тус тус үр шилжүүлэн суулгахад гарч болох эрсдэл, эрсдлийн улмаас эмчилгээ үр дүнгүй болж болохыг, жирэмсэн болох хүртэл нэг бус удаа оролдлого хийгдэж болзошгүй, эмчилгээний явцад урьд өмнө мэдэгдээгүй зүйлс болон эрсдэл гарч ирэх, улмаар эмчилгээний арга, эмчилгээний төлөвлөгөө өөрчлөгдөх талаар тус тус сануулж, эмчилгээний үр дүнгээс хамаарахгүйгээр төлбөрийг буцааж олгохгүй талаар тайлбарлан, эмчлүүлэгч нь амьдрах чадвартай үр хөврөлийг хөлдөөж хадгалуулахыг хүсээгүй байна.

9. Үр шилжүүлэн суулгалт амжилттай хийгдсэн боловч үр хөврөл тогтоогүйн улмаас нэхэмжлэгч Г.Ц хариуцагч “ЮИ” ХХК-ийг эмчилгээний явцад хариуцлагагүй хандаж буюу гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүйгээс миом байгаа эсэхийг урьдчилж илрүүлээгүйгээс үр тогтоогүй, мөн 41 настай хүнд үр тогтох магадлал бага байдаг талаар анхааруулаагүй учир төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

10. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Гэвч эмчилгээний явцад нэхэмжлэгчийн умайд миом илрээгүй болох нь шинжилгээ болон ЭХО оношилгоо хийсэн баримтуудаар тогтоогдох бөгөөд 0,5 см хэмжээтэй миом нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч “ЮИ” ХХК нь хүлээсэн үүргээ зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Ц нь эмчилгээний зардалд төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна гэж дүгнэлээ.

11. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЮИ” ХХК-иас 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай Г.Цын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА