Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/04618

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр                  Дугаар 102/ШШ2023/04618                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ******** тоот хаягт оршин суух, эмэгтэй, Ш овогт И Д,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/0000 дугаар шиийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 94,728,311 төгрөгийг гаргуулах, барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хурааж, төлбөр төлөгчийн барьцаа эд хөрөнгөд шинжээч томилж 134,966,902 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Үнэлгээ тогтоосноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч 3 жилийн өмнөх үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг бид зөвшөөрөхгүй. Учир нь урьд үнэлэгдсэн үнэлгээ, өнөөгийн зах зээлийн үнэлгээ хоёрын зөрүү 77,560,000 төгрөг гарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн 3/1-ээс багагүй өөрчлөлт орсон байна. Монгол улсад хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа үнэгүй.мн, барилга.мн сайтын зар мэдээлэл, Үндэсний статистикийн хорооны 2023 оны орон сууцны зах зээлийн үнэ ханшийн өсөлтийн үзүүлэлт зэргээс ажиглалтын аргын дагуу судалгаа хийж үзэхэд орон сууц, хашаа байшин, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онуудаас 52%-иар өссөн болох нь тогтоож байна гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна...гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2020 онд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Гэвч тэр үнэлгээнд гомдол гаргаагүй. Хариуцагчийн хариу тайлбарт энэ үнэлгээнд гомдол гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас дахиж үнэлгээнд гомдол гаргах эрхгүй гэх байдлаар дурдсан байсан. Гэтэл нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан учир боломжтой. Тухайн хөрөнгийн өнөөдрийн зах зээлийн үнэ ханш өсөж 163,560,000 төгрөг болсон байна. Хоёр үнэлгээ байгаа. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлсэн 116,000,000 төгрөгийн үнэлгээний гуравны нэг хувь нь 38,000,000 төгрөг болж байна. Бидний өөрсдийн үнэлүүлсэн үнэлгээний гуравны нэг хувь нь 54,417,333 төгрөг болж байна. Тэгэхээр хуульд заасан өөрчлөлт орсон гэдэг нь тогтоогдож байгаа учраас шийдвэр гүйцэтгэгчид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нь зүйтэй гэж үзэж байна. Хамгийн эхний үнэлгээг Баян модот ХХК 108,153,800 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэл хүргүүлэхдээ 134,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Сэлэнгэ эстимэйт ХХК 116,000,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Баян модот ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосон. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, 2023 онд шийдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хариу өгөөгүй. Ингээд хуульд заасан хугацаа өнгөрсний дараа Улсын ерөнхий гүйцэтгэгчид хандаж, албан ёсны хариу авсны дараа шүүхэд хандсан...гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00000 дугаар захирамжаар И.Д, Д.Ө нараас 94,728,311 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн, төлбөр төлөгч И.Д, Д.Ө нарт сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн боловч төлбөрийг төлөөгүй, түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн ******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч нараас 165,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагчид танилцуулахад үнийн саналыг зөвшөөрөөгүй, харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилж үнэлгээ гаргуулахад 125,920,000 төгрөгөөр үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Гэтэл 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэл гарган 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00001 дугаар шийдвэрээр дээрх үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дээрх барьцаа 3 өрөө орон сууцыг дахин хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нараас 250,000,000 төгрөгөөр үнийн санал гаргасныг төлбөр авагчид танилцуулахад зөвшөөрөөгүй, харилцан тохиролцоогүй тул хуульд заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 134,966,902 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00001 дугаар шийдвэр /хх-4-6/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00000 дугаар магадлал /хх-7-8/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23/1104 тоот албан бичиг /хх-9/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4-147/7614 дугаар мэдэгдэл /хх-10, 27/, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх-12-25/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4-147/8982 дугаар мэдэгдэл /хх-28/, И.Дгийн “Тэнхлэг зууч” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Хөрөнгийн үнэлгээ хийх ажил гүйцэтгэх гэрээ /хх-96-97/, Тэнхлэг зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-98-115/ зэрэг болно.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ГХ2020/00000 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбар /хх-40/, мөн шүүхийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00000 дугаар захирамжийн хуулбар /хх-41-42/, мөн шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 102/ШЗ2020/06891 дугаар захирамжийн хуулбар /хх-43/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02/0483 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хамт /хх-44-45/, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04/20250483 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хамт /хх-46-47/, Д.Ө, И.Д нарын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргасан үнийн санал /хх-48-49/, Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 61/4555 тоот шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-50/, Шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулалтыг түдгэлзүүлэх тухай Улсын бүртгэлд хүргүүлсэн, мөн байгууллагаас хариу ирүүлсэн албан бичгүүд /хх-51-52/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20250483 дугаар тогтоол /хх-53/, Шинжээч томилох тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/518 тоот тогтоол /хх-54/, Шинжээч Баян модот ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хх-55-62/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4-147/38254 тоот, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-147/38178 тоот мэдэгдлүүд /хх-63-65/, И.Д, Д.Ө нараас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж 1 сарын хугацаа олгуулах тухай хүсэлт /хх-66/ зэрэг болно.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх И.Дорсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. И.Д нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 104 тоот дахь 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хамгийн сүүлд буюу 2021 онд хийгдсэн үнэлгээний 3/1-ээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон учир дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэр гүйцэтгэгчид хандахад шийдвэрлээгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч бичгээр хариу өгөөгүй, тиймээс ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, уг хариуг зөвшөөрөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэхийг даалгуулахыг хүсэж байна” гэж тодорхойлсон байна.

4. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: “...үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1. “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, И.Д, Д.Ө нарт холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад, шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00000 дугаар захирамжаар И.Д, Д.Ө нар Хаан банк ХХК-д 94,728,311 төгрөгийг хуваарийн дагуу хувааж төлж барагдуулах, төлбөр төлөх график зөрчигдсөн тохиолдолд Ү-2205009611 дугаартай Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 104 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

5.2. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан ба 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр барьцаа хөрөнгө болох дээрх орон сууцыг Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, мөн хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тогтоол үйлдэж хураан авчээ.

5.3. Хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 240,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч уг үнэлгээг эс зөвшөөрөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, тус шинжээч 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тайлангаар тухайн хөрөнгийг 108,153,800 төгрөгөөр үнэлсэн байна.

5.4. Дээрх үнэлгээг төлбөр төлөгч нарт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж, төлбөр төлөгч нар хөрөнгийг өөрсдөө худалдаж борлуулах нэг сарын хугацаа олгохыг хүсэж, энэ хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дуусахыг мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч нар тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу хянаад шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00001 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/100 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүйд тооцжээ.

5.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгө болох уг орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, төлбөр төлөгч И.Д үнийн санал гаргаж, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилж, шинжээчээр ажилласан “Голден пейж аудит” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар орон сууцны зах зээлийн үнийг 134,966,902 төгрөгөөр тогтоож, уг үнэлгээг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4-147/16637 дугаар албан бичгээр төлбөр төлөгч И.Дд мэдэгдсэн байна.

5.6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Голден пейж аудит” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч И.Д Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/00221 дүгээр шийдвэрээр И.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00578 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

5.7. Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас И.Дд мэдэгдэл хүргүүлж, түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар 101,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, төлбөрт хураагдсан орон сууцны үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон учир 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

5.8. Дээрх мэдэгдлээс хойш буюу 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх алба, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс И.Дд 23/1104 тоот албан бичгээр “хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох тухай” түүний гомдлоор холбогдох шийдвэр гүйцэтлгэх ажиллагааг хянаад, “...албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ажиллагаа хуульд нийцсэн, уг хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн учир гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгчээ.

5.9. Шүүхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр И.Дгийн захиалгаар “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иас уг орон сууцны үнэлгээг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнийг 116,796,400 төгрөгөөр үнэлсэн байна.

5.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И.Д нь хөрөнгийн үнэлгээний “Тэнхлэг зууч” ХХК-тай хөрөнгийн үнэлгээ хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компаниас Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 104 тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний байдлаар зах зээлийн үнэ ханшийг 163,252,000 төгрөгөөр үнэлжээ.

6. Нэхэмжлэгч И.Д нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон орон сууцны үнэлгээг 116,796,400 төгрөг гэж тайлбарласан боловч тухайн үнэлгээ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний өөрийнх нь захиалгаар хийгдсэнийг нотлох баримтаар гаргасан үнэлгээ байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон “Голден пейж аудит” ХХК-ийн дүгнэлтээр уг орон сууцыг 134,966,902 төгрөгөөр үнэлж, энэ үнэлгээг хүчингүй болгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасан байна.

8. Дээрх хуульд заасан зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас гаргасан хүсэлтийг үндэслэн дахин үнэлгээ тогтоолгож болох буюу шийдвэр гүйцэтгэгчийг үүрэгжүүлсэн заалт биш байх тул дахин үнэлгээ хийлгэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгах үндэслэлгүй юм.

9. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3,44.4 дэх заалтууд нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гаргах гомдол хамаарах ба шийдвэр гүйцэтгэгч ямар нэг шийдвэр гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо. Иймд дээрх үндэслэлээр И.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 104 тоот дахь 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан И.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА