Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04741

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 20 өдөр                 Дугаар 102/ШШ2023/04741                             Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ********* байрлах, хуулийн этгээдийн ****** регистртэй “НКЛ” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ****** тоот хаягт оршин суух, ******** регистртэй, Б овогт Б С,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,859,616 /арван гурван сая найман зуун тавин есөн мянга зургаан зуун арван зургаан/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

Б.С нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Субару Импреза Жи4 /Subaru Impreza G4/ маркийн **-** УАК улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 13,300,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр 0000000 тоот зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж авсан. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 591 хоногийн хугацаа хэтэрсэн тул гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 225.1-д заасны дагуу нэг талын санаачлагаар гэрээг цуцалж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 8,633,305.52 төгрөг, үндсэн хүү 4,288,742.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 937,567.80 төгрөг,, нийт 13,859,616 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 2,207,780 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,284,640.72 төгрөг, нийт 4,666,694 төгрөг төлсөн...гэж тайлбарлав.

2. Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлүүд /хх-3, 5/, Зээл хүсэгчийн өргөдөл, анкетын хуулбар /хх-6-7/, Б.Сын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хамт /хх-8/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-9/, Зээлийн болон Фидуцийн гэрээний хуулбар /хх-10-13/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

4. Хариуцагч шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “НКЛ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай зээлийн гэрээ бичгээр байгуулан 13,300,000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Фидуцийн гэрээ байгуулж **-** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Хариуцагч зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир үндсэн зээлийн үлдэгдэл 8,633,305.52 төгрөг, үндсэн хүү 4,288,742.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 937,567.80 төгрөг, нийт 13,859,616 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Б.С 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн болон Фидуцийн гэрээ, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн өргөдөл болон анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Хариуцагч Б.С нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “НКЛ” ХХК-ийн Баянгол салбарт анкет бөглөн зээл хүсэх өргөдөл гаргаснаар талууд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 401000069 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгчээс 13,300,000 төгрөгийг зээлдэгчид сарын 2,9 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор 36 сарын хугацаатай, автоамшин худалдаж авах зориулалтаар зээлдүүлсэн байна.

4.2. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээлд 2,207,780 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,284,640.72 төгрөг, нийт 4,666,694.48 төгрөг төлсөн байна.

4.3. Зээлдүүлэгч “НКЛ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 2 гишүүнтэй, Тээврийн хэрэгслийн түрээсийн үйл ажиллагаа, Санхүүгийн түрээс /лизинг/, Барьцаалан зээлдүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй бөгөөд Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд салбар нэгжтэй хуулийн этгээд байна.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг гаргуулахаар шаардсаныг Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний үүрэг хэмээн тодохойлсон гэж үзэхээр байна.

6. Талууд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Зээлийн гэрээг байгуулсан ба энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийг ойлгохоор хуульчилсан.

7. Гэвч “НКЛ” ХХК нь тээврийн хэрэгслийн түрээсийн, санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь зүйтэй.

8. Хариуцагч Зээлийн гэрээний дагуу нийт авсан 13,300,000 төгрөгийн зээлээс 2,207,780 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,284,460 төгрөг, нийт 4,666,694 төгрөг төлж, үндсэн зээлийн төлбөрөөс 8,633,305.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 4,288,742.8 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас энэ хэмжээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй байна.

9. Харин талууд Зээлийн гэрээнд зээлийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй, нэхэмжлэгч “НКЛ” ХХК нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш тул зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 937,567.80 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

10. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 227,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл 12,922,048 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 221,703 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Саас 12,922,048 /арван хоёр сая есөн зуун хорин хоёр мянга дөчин найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НКЛ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 937,567.80 /есөн зуун гучин долоон мянга таван зуун жаран долоон төгрөг наян мөнгө/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 227,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саас 221,703 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НКЛ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА