| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04042/И |
| Дугаар | 102/ШШ2024/00005 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/00005
2023 оны 12 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2024/00005 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар ******** байрлах, хуулийн этгээдийн ******** регистртэй “АП” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ******* хаягт оршин суух, ******** регистртэй, Н овогт Б У,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,293,309.55 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга гурван зуун есөн төгрөг тавин таван мөнгө/ гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:
“АП” ХХК нь барьцаалан зээлдүүлэх болон санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Б.У нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,650,000 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу АП/21/1-10 тоот Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулан, сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувийн хүүтэй, 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хүрээнд IPhone13 PM гар утас, гэр ахуйн бараа, эд хогшилыг тус тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ бодитоор биелүүлэх санал санаачилга огт гаргахгүй өнөөдрийг хүртэл 3580 хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар нь биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу зээлдүүлэгч “АП” ХХК нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,862,103.89 төгрөг, зээлийн хүү 367,121.23 төгрөг, хүүгийн торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 64,084.43 төгрөг, нийт 3,293,309.55 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэн энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээлээс 987,896 төгрөг, зээлийн хүүд 1,398,103 төгрөг төлсөн. Манай байгууллага барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байгууллага биш юм. Харин ямар нэгэн тусгай зөвшөөрөл авахгүйгээр харьяа дүүрэг хороонд мэдэгдэж, цагдаагийн байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ авдаг ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн гэрээ байгуулах, хүү тооцох, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцох, шаардах эрхтэй. Энэ нь шинээр батлагдсан Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тухай хуульд актив хөрөнгө 10,000,000 төгрөг, түүнээс дээш байвал санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх, 10,000,000 төгрөгөөс доош байвал бүртгүүлэхгүйгээр харьяа дүүрэг, хороонд бүртгүүлээд үйл ажиллагаа эрхэлж болохоор заасан байгаа. Манай байгууллага 10,000,000 төгрөгөөс доош учир харьяа дүүрэгтээ хамаардаг. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа...гэж тайлбарлав.
2. Хариуцагч Б.У нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдлаар: Зээлийн гэрээний хуулбар /хх-5-8/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9/, Б.Уянгын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан зээл авах хүсэлт /хх-10/, зээлийн мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-11/, Зээлийн дансны хуулга /хх-12/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
4. Хариуцагч шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх “АП” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай зээлийн гэрээ бичгээр байгуулж 3,650,000 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагч зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсгүүдэд зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,862,103.89 төгрөг, үндсэн хүү 367,121.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,084.43 төгрөг, нийт 3,293,309.55 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Б.У 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн өргөдөл, зээл олгосон шилжүүлгийн баримт, зээлийн дансны хуулга зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч “АП” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 1 гишүүнтэй, Барьцаалан зээлдүүлэх, Санхүүгийн тайлан баланс гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх, Бизнесийн зөвлөгөө өгөх, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд байна.
4.2. Б.У 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “АП” ХХК-иас 3,650,000 төгрөгийн зээл авах хүсэлт бичгээр гаргаснаар талууд АП/21/1-10 тоот Зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр зээлдүүлэгч “АП” ХХК нь зээлдэгч Б.Уд 3,650,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцох, зээл олголтын шимтгэлд зээлийн дүнгийн 1 хувь тооцох болон бусад нөхцлийг тусган гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулжээ.
4.3. Зээлийн гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлдүүлэгчээс зээлдэгчийн 5040020273 тоот дансанд “Б.Уд зээл олгов” гэх гүйлгээний утгатайгаар 3,650,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Харин зээлийн гэрээний хугацаанд зээлдэгчийн зүгээс үндсэн зээлд 787,896 төгрөг, зээлийн хүүд 1,398,103 төгрөг, нийт 2,186,600 төгрөг төлсөн байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг гаргуулахаар Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд зааснаар шаардаж, “АП” ХХК-ийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасны дагуу харьяа дүүрэгтээ бүртгэгдсэн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд учир нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж тайлбарласан.
6. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдаж, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн бөгөөд талууд энэ хууль батлагдахаас өмнө 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан учир дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй.
7. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт “Банкнаас олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Монголбанк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж тус тус хуульчилсан байна.
8. Хуульд заасан дээрх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулах эрх зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдэд хамаарах ба нэхэмжлэгч “АП” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулах, нэмэгдүүлсэн хүү тооцох, шаардах эрхгүй болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь зүйтэй.
9. Хариуцагч Зээлийн гэрээний дагуу нийт авсан 3,650,000 төгрөгийн зээлээс зээл болон зээлийн хүүд нийт 2,186,600 төгрөг төлж, үндсэн зээлийн төлбөрөөс 2,862,103.89 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 367,121.23 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас энэ хэмжээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй байна.
10. Харин талууд Зээлийн гэрээнд зээлийн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй, нэхэмжлэгч “АП” ХХК нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш тул зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 64,084.43 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
11. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 67,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл 3,229,225 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 66,618 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Уас 3,229,225 /гурван сая хоёр зуун хорин есөн мянга хоёр зуун хорин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АП” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64,084.43 /жаран дөрвөн мянга наян дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 67,928 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уас 66,618 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АП” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА