Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

2026           02           03                                      2026/ШЦТ/68

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****т холбогдох эрүүгийн 2539005280369 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг **** гэх газарт ****ыг "хүүг маань малын хулгай хийсэн хэргээр шоронд хийлгэх гэлээ" гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохих, гараараа нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө гуя хэсэгрүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх газар, цаг хугацаанд хохирогч ****ыг "хүүг маань малын хулгай хийсэн хэргээр шоронд хийлгэх гэлээ" гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохих, гараараа нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч ****: “Би бол Хэнтий аймгийн **** сумын **** гэдэг хүн байна. Би бол архи ууж, тамхи татдаггүй хүн. Мөрөөрөө малаа маллаад явж байсан. Төлөөлөгч надаас мэдүүлэг аваагүй. Тэр **** гэдэг хүн асар их хулгай хийсэн хүн. Ах дүү бид нар бүгдээрээ настай болсон. Би доороосоо 2 дох нь манай дүү хэдэн жилийн өмнө нас барсан. Прокурор миний дүүгийн нэрээр надыг дуудсан байгаа шүү. **** гэж манай дүү байдаг байхгүй юу. Тэр ****ы хүү **** гэдэг нь манай аав ээжийн хутга үнэт эдлэлийг бүгдийг хулгайлж байгаад надад баригдсан байхгүй юу. Мах хөшиглөж байгаад баригдахаар нь би хутгаа авъя гээд тэрэнтэй тийм маргаан үүссэн юм. Энэ  маргааныг хэн дэгдээсэн гэхээр манай хэсгийн төлөөлөгч эгчээс нь мөнгө цаас аваад ийм хэрэг үүсгээд байгаа юмаа. **** гэдэг хүн хүүгийн талд ороод байгаа юмаа. Надаас мэдүүлэг ч аваагүй, байцаалт ч аваагүй. Тэгээд ийм зүйл болоод байгаа...” гэж,

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2539005280369 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг **** гэх газарт ****ыг "хүүг маань малын хулгай хийсэн хэргээр шоронд хийлгэх гэлээ" гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохих, гараараа нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө гуя хэсэгрүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх газар, цаг хугацаанд хохирогч ****ыг "хүүг маань малын хулгай хийсэн хэргээр шоронд хийлгэх гэлээ" гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохих, гараараа нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн баруун чамархай хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

****, **** нарын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 6)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7)

Хохирогч нарын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 95, 96)

 

Хохирогч ****ы “...Би мэдүүлэг өгөхгүй татгалзаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18)

 

Хохирогч ****ын “...Тухайн өдөр би **** сумын **** 2 дугаар багийн нутаг **** гэх газарт ээж ****ы хамт үхрийн бэлчээр дээрээ үхрээ туугаад бид хоёр малын хоёр захад хол явж байхад манай нагац ах **** мотоциклтой ирээд “Чи яагаад манай үхэр бэлчдэг бэлчээр дээр үхрээ бэлчээгээд байгаа юм бэ?” гээд уурлаад миний өөдөөс “Та нар ер нь миний хүүг малын хулгай хийсэн гэж ****ыг шоронд хийлгэх гэлээ” гээд намайг хэл амаар доромжлоод “Би танайхныг бүгдийг чинь буудаж ална шүү” гэхээр нь би “Та юу яриад байгаа юм бэ? Цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэж хэлэхэд нагац ах **** барьж явсан үхрийн урдаа суран оосортой 1 метр 50 см урттай хус модоор миний толгойн арын шилэн хүзүү хэсэгт 3 удаа цохиж, дараа нь хөлөөрөө миний баруун гуя руу 2 удаа өшиглөж нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж, дараа нь барьж явсан малын хус модон шилбүүрээрээ миний толгой хэсэгт мөн цохиход миний толгой хагарсан бололтой цус гарч байсан. Тухайн үед нагац ах **** нь мотоциклоосоо буугаад миний биед халдсан. Тухайн үед би нагац ****ын урдаас янз бүрийн биеэ хамгаалах үйлдэл хийгээгүй, цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд нагац ах **** надаас салж яваад малын баруун захад явж байсан ээж **** дээр очоод намайг зодсон хугархай модоор ээжийн толгойд цохиж байхад нь би очиж салгахад манай ээжийн толгой нь хагарсан байсан. Тэгээд сумын төв рүү цагдаад мэдэгдэж эмнэлэгт ирж үзүүлэхэд минийх бага хэмжээтэй хагарсан байсан. Ээж **** толгойдоо 3 оёдол тавиулсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18),

 

Иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч **** нь 52,500 /тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү... Хохирогч **** нь 103,750 /нэг зуун гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28, 33-34),

 

Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ****ыг замд явж байхад нь би урдуур нь мотоциклтой орж зогсоод “Чи хутга гаргаад өг. Чи тэр хутга хаана байна” гэхэд “Хутга чинь байхгүй ээ. Зэвтэй төмөр чинь хаягдсан” гэж хэлсэн. Тэгээд бид 2 муудалцаад би барьж явсан богинохон бургасан шилбүүрээр ****ыг 2-3 удаа ороолгоход **** эгч цохигдсон байсан. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-71),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 323 дугаартай “...1. ****ын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 45-46),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 324 дугаартай “...1. ****ы биед толгойн баруун чамархай хэсгийн хуйханд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. 4. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүдээс толгойн баруун чамархайн хэсгийн хуйханд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 55-57) болон шүүгдэгч ****ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Н.Амгалан: “...Хэрэгт авагдсан хохирогч ****ын мэдүүлэг, шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч нарын дүгнэлт, тухайн үед эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн баримт зэрэг хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч **** нь 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ****, **** нарыг хүүг нь малын хулгай хийж шоронд хийсэн гэх шалтгаанаар ****, **** нарын толгойн тус газар нь өөрийн барьж явсан модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байгаа тул ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч ****, **** нарын биед хөнгөн хохирол учирсан хэдий ч тухайн хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байгаа учраас шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэхээр байна. Харин энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ****д 103.750 төгрөг, хохирогч ****од 52.500 төгрөгийн зардал гарсан байгаа учраас уг мөнгийг шүүгдэгч ****оос гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...Ер нь бол тэр цагдаа муу ажиллаж байна. Миний хувьд шүүхэд ирэхээр асуудал болоогүй. Тэр **** ажлаа хийдэггүй хүн. Энэнээс болж л би энд ирж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ  хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч ****ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч **** нь хохирогч ****ы биед толгойн баруун чамархайн хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Л.****ын биед толгойн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Тэрээр хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ****ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ****ы биед толгойн баруун чамархайн хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Л.****ын биед толгойн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл тус тус тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч нар нь шүүгдэгч ****оос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Харин хохирогч **** нь биедээ хөнгөн гэмтэл авч улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 103,750 төгрөгийг, хохирогч **** нь биедээ хөнгөн гэмтэл авч улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 52,500 төгрөгийг тус тус зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ****н мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч ****оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 156,250 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

 

 Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүхээс шүүгдэгч ****ыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Шүүгдэгч ****т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа насны байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 1.300.000 торгох ял оногдуулах саналтай байна. Уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. 5 дахь заалтад зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй зэргийг тусгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргалдаг.

 

   Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

 

Шүүх шүүгдэгч ****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

 Бусад асуудал

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ө.Шижирбаатар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ****оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 156,250 (нэг зуун тавин зургаан мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА