| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/04782/И |
| Дугаар | 102/ШШ2024/00388 |
| Огноо | 2024-01-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/00388
2024 оны 01 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2024/00388 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан банк цамхагт байрлах “Хаан банк” ХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ******** тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х овогт Ц А,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,570,660 /арван сая таван зуун далан мянга зургаан зуун жаран/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, О.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З, А.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гйн хамт гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Ц.А нь “Хаан банк” ХК-ийн Баянгол Их хүрээ тооцооны төвтэй 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ/50262018091003 тоот зээлийн гэрээ байгуулж, нийт 3,700,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь тус зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалинг барьцаалуулсан. Мөн зээлдэгч нь дахин 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/50262018092003 тоот зээлийн гэрээ байгуулж 1,989,800 төгрөгийн хэрэглээний зээл авч, зээлийн барьцаанд шинээр авч байгаа бараа барьцаалуулсан. Зээлдэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар ЗГ/50262018091003 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 166,987 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүнд 237,634 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,929 төгрөг, нийт 406,550 төгрөг төлсөн байна. Харин ЗГ/50262018092003 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 196,396 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүнд 174,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,317 төгрөг, нийт 372,313 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,533,013 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,208,848 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 291,049 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,793,404 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,587,578 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 142,366 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 10,570,660 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зээлдэгч 2019 оны 3 дугаар сар хүртэл хэвийн байдлаар зээлээ төлж байсан. Үүнээс хойш Ковид-19 гарч, 2-3 жилийн турш зээлийн төлөлтийг хойшлуулсан. Засгийн газар Ковид-19-өөс улбаатай хүнд нөхцөл байдлыг харгалзан банкуудыг зээлийн төлөлт шаардахгүй байхыг даалгасан. Үүнээс хойш харилцагч нартай удаа дараа холбогдсон, би өөрөө зээлийг хариуцаж ажилладаг ажилтан тул уулзаж байсан. Хугацаа хэтэрч 3 жил гаруй болсон, үүний 2 жилийн турш Ковид-19 өвчний идэвхтэй тархалт явж, нэхэж шаардах боломж байгаагүй. Мөн тухайн үед хариуцагч гадаад явж байсан. Зээлийн гэрээг сунгаж, төлөлтийг хойшлуулах хүсэлтийг гаргаж хойшлуулсан зүйл байхгүй. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн болон 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээг зээлдэгч байгуулахад Хаан банк ХК-ийн зүгээс Ц.Ат гэрээний эрх үүрэг, хариуцлагыг тайлбарлаж, гарын үсгийг зуруулсан. Зээлийн гэрээний 7.1, 2.1.6-д зээлийн гэрээний үүргийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгчээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэдгийг тайлбарлаж, гэрээ байгуулах болсон тул өдрийн хүү биш нийт үнийн дүнгээс хүүг тооцож гаргасан байгаа. Хариу тайлбартаа гарын үсэг зөрж байна гэсэн байна. Анкет, бараа материал хүлээж авсан баримт бөгөөд зээлийн гэрээнүүдэд гарын үсэг, нэрээ нэгэн адил Ц.А гэж бичиж, гарын үсгийг зурсан байдаг. Үүнийг нэхэмжлэгч тал мэдэж, худлаа ярьж байна гэж үзэж байна...гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З, А.М нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ/5026201891003 дугаартай зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн хугацааг 24 сар, зээлийн хүүг жилийн 19,2 хувь байхаар тооцож хийсэн. Гэтэл дээрх гэрээ нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байхад нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш энэхүү гэрээ хэдэн жилийн хугацаагаар, хэдэн хувийн хүүгээр цаашид үргэлжлэн явах талаар ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ/50260188092003 дугаартай гэрээний хугацааг 24 сараар, зээлийн хүүг гэрээний 2.1.4-т зааснаар тохирсон бөгөөд дээрх гэрээ 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон байдаг. Хаан банкнаас гаргаж өгч байгаа 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ өдөр миний бие Хаан банк дээр очоогүй, уг гэрээнд гарын үсэг зураагүй, зурсан гэх гарын үсэг нь миний гарын үсэг биш. Хаан банк мөнгө хүүлэх, харилцагч бидний эрх ашгийг илтэд хохироож энэ олон жил шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа алдаж, олон жил зээлийн хүүг хуримтлуулж эдийн засгийн дарамт үүсгэж байгаад гомдолтой байна. Хаан банк нь дээрх хоёр зээлийн асуудал дээр ямар нэгэн ажиллагаа хийлгүй 2023 оны 9 дүгээр сар хүрсэн бөгөөд Ц.Алтцогчийг хууран мэхлэх замаар “зээлийн дүнг тэгшлэх шаардлагатай байна, яг одоо 50,000 төгрөг дансанд байршуул” гэсний дагуу шилжүүлсэн. Энэ нь банк ямар нэгэн зээл төлүүлэх ажиллагаа хийлгүй Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа алдсан байсныг өмгөөлөгчөөс зөвлөгөө авснаар ойлгож авсан. Өнгөрсөн хугацаанд зээл төлөөгүй шалтгаан нь зээлийн гэрээний хугацаа дууссан гэж бодож явсан. Миний гэр бүлийн хүн Турк улсад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж, цогцосыг Монгол улсад авчрах асуудал үүсэн өр төлбөрт орж, одоогоор бусдад өгөх өрийн дарамтаас гараагүй маш хүнд байдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ЗГ/50262018091003 дугаартай гэрээний үндсэн зээл 3,533,013 төгрөгийг 2020 ооны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээг нэхэмжлэгч өөрөө байгуулсан. 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг өөрөө байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд тэр нь үнэн байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болно. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг авлаа. Учир нь тус хэргийн цаана нэг хүний амьдрал байгаа, гарын үсгээ зурсан эсэхийг тодорхойлох зорилгоор шинжээч томилуулж болох байсан гэхдээ нэхэмжлэгч талын тайлбартай маргахгүйгээр шийдвэрлүүлэхээр болсон. 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Зээлээ төлөөрэй гэж биш Зээлийн төлөлтийн үнийн дүнг тэгшитгээрэй гэж эдийн засагч гар утсаар холбогдсоны дагуу гэрээ тус бүрт 50,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож төлсөн...гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, нотариатын төлбөр төлсөн баримт /хх-6-7/, “Хаан банк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-9-11/, Зээлийн болон Барьцааны гэрээнүүд /хх-12-21/, зээл хүсэх хүсэлтүүд /хх-22-23/, зээл хүсэгчийн анкет /хх-24/, Ц.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/, Бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт /хх-26/, зээлийн мөнгийг Ц.Ат шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-27/, зээлийн бүртгэлийн карт /хх-28-29/, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-30-31/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл /хх-38/-ийг баримтаар гаргасан бөгөөд шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Хаан банк” ХК нь хариуцагч Ц.Аоос Цалингийн болон Хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт 10,555,660 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 10,570,660 /арван сая таван зуун далан мянга зургаан зуун жаран/ төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ: “хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагчийн хөдлөх эд хөрөнгө болон ирээдүйд олох цалинг барьцаалж зээл олгосон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй учир зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон нотариатын зардлыг шаардах эрхтэй. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж тайлбарлан нэхэмжилж байна.
4. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн гэрээний хугацаа дуусах 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх зээлийн хүүгийн төлбөр төлөхийг зөвшөөрч, үлдсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргаж, татгалзлын үндэслэлээ: “зээлийн гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сард дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үндэслэлгүйгээр хүү тооцсон, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хэрэглээний зээлийн гэрээг байгуулаагүй учир төлбөр төлөх үндэслэлгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зээлдэгчийг хуурч мэхлэн 50,000 төгрөг төлүүлж уг хугацааг тасалдуулсан, зээлдүүлэгч гэрээг цуцлах, зээлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан гэж бодож байсан, мөн гэр бүлийн хүн нас барсны улмаас зээлийг төлөөгүй” гэж тайлбарласан.
5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Ц.А нь “Хаан банк” ХК-д хандан 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “сургалтын төлбөр төлөх, гэртээ засвар хийх” зориулалтаар 4,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг зээлдүүлэгч “Хаан банк” ХК хүлээн авч, талууд харилцан тохиролцсоноор 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/50262018091003 дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээ зэргийг бичгээр байгуулан, барьцааны гэрээгээр барьцааны гэрээгээр Ц.Аийн 24 сарын ирээдүйд орж ирэх цалинг 188,000 төгрөгөөр үнэлсэн гэрийн эд хогшлын хамт барьцаалан, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
5.2. Гэрээгээр “Хаан банк” ХК нь Ц.Ат 3,700,000 төгрөгийг “зээлжих эрхтэй цалингийн зээл”-ийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5077318575 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлэх, зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох, зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг банкинд төлөх зэрэг үүрэг хүлээж, зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй зэрэг болон бусад нөхцөлийг тусгажээ.
5.3. Зээлдүүлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлдэгчийн Хаан банк дахь 5077318575 тоот дансанд 3,700,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Харин зээлдэгч нь уг гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд үндсэн зээл 3,700,000 төгрөгөөс 166,987 төгрөг, зээлийн хүүгийн тооцогдсон төлбөр 3,446,483 төгрөгөөс 237,634 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн тооцогдсон төлбөр 292,987 төгрөгөөс 1,928 төгрөг тус тус төлсөн байна.
5.4. Ц.Аийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан “гэр бүлийн хэрэгцээнд зурагт, тоглоом, пейч авах” зориулалтаар 1,989,800 төгрөгийн зээл авах хүсэлтийг “Хаан банк” ХК хүлээн авч, талууд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/50262018092003 дугаар зэлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээг тус тус байгуулан, барьцааны гэрээгээр Ц.Аийн шинээр авч байгаа барааг 1,989,800 төгрөгөөр үнэлж барьцаалан, зээлийн болон барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулжээ.
5.5. ЗГ/50262018092003 дугаар зээлийн гэрээгээр “Хаан банк” ХК-иас Ц.Ат хэрэглээний зээлийн зориулалтаар 1,989,800 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн Хаан банк дахь 5077318575 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлэх, зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох, зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг банкинд төлөх зэрэг үүрэг хүлээж, зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй зэрэг болон бусад нөхцөлийг тусгаж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
5.6. Зээлдүүлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн зээлдэгчийн Хаан банк дахь 5077318575 тоот дансанд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,989,800 төгрөгийг шилжүүлэн олгож, тухайн өдөр зээлдэгч Ц.А нь хэрэглээний цахилгаан хэрэгсэл, тоглоом зэрэг зээлийн хүсэлтэд дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, акт үйлджээ. /хх-26/
5.7. ЗГ/50262018092003 дугаар зээлийн гэрээний дагуу зээлдэгч тал 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 1,989,800 төгрөгөөс 4 удаагийн төлөлтөөр 196,396 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 1,762,179 төгрөгөөс 4 удаагийн төлөлтөөр 174,599 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143,683 төгрөг тооцогдсоноос 3 удаагийн төлөлтөөр 1,317 төгрөг, нийт 372,313 төгрөг төлсөн байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд зээлдүүлэгч “Хаан банк” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
7. Хариуцагч тал 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг Ц.Аийн гарын үсэг биш гэж тайлбарласан боловч тухайн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ц.Аийн зээлийн болон барьцааны гэрээ, бараа материал хүлээн авсан акт зэрэгт зурагдсан гарын үсгүүд ижил байна гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй учир хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэв.
8. Зээлдэгч Ц.А 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд үндсэн зээл 3,700,000 төгрөгөөс 2 удаагийн төлөлтөөр 166,987 төгрөг /2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 116,987 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг/, зээлийн хүүгийн тооцогдсон төлбөр 3,446,483 төгрөгөөс 3 удаагийн төлөлтөөр 237,634 төгрөг /2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 72,013 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 49,750 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 115,871 төгрөг/, нэмэгдүүлсэн хүүгийн тооцогдсон төлбөр 292,987 төгрөгөөс 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,928 төгрөг тус тус төлжээ.
9. Харин 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хэрэглээний зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,989,800 төгрөгөөс 4 удаагийн төлөлтөөр 196,396 төгрөг /2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 60,179 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр 50,590 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 35,627 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг/, зээлийн хуримтлагдсан хүү 1,762,179 төгрөгөөс 4 удаагийн төлөлтөөр 174,599 төгрөг /2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 782 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр 40,039 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 50,752 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 83,027 төгрөг/, нэмэгдүүлсэн хүү 143,683 төгрөг тооцогдсоноос 3 удаагийн төлөлтөөр 1,317 төгрөг /2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 13 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 158 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1,146 төгрөг/ тус тус төлсөн байна.
10. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч талыг зээл буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээний хугацаа дуусаж гэрээ дуусгавар болсон байхад илүү хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан, зээлдэгчийг төөрөгдөлд оруулж, хууран мэхлэснээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан гэх үндэслэл заан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.
11. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд зээлдүүлэгч “Хаан банк” ХК зээлийн гэрээний зөрчил бий болоход гэрээг цуцалж, төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь дээрх хуульд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн үүрэг гүйцэтгэгч нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
12. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, энэ хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.
13. Маргаан бүхий зээлийн гэрээнүүд 2018 оны 9 дүгээр сарын 10, 20-ны өдрүүдээс тус бүр 24 сарын хугацаатай байгуулагдсан ба эдгээр хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 10, 20-ны өдрүүдэд дуусаж, энэ хугацаанаас эхлэн хуульд зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тооцвол 2023 оны 9 дүгээр сарын 10, 20-ны өдрүүдэд дуусахаар байна.
14. Хариуцагч Ц.А зээлийн гэрээний дагуу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрээ тус бүрийн үндсэн зээлийн үүрэгт 50,000 төгрөг төлсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу энэ өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох тул нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй.
15. Дээрх төлбөрийг төлүүлэхдээ зээлдүүлэгч тал зээлдэгчтэй холбогдон “зээлийн дүнг тэгшлэх шаардлагатай” гэж төөрөгдөлд оруулсан гэж хариуцагч тал тайлбарлах боловч энэ хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн эдийн засагчтай холбогдсон болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, эдгээр тайлбарт дурдсан үндэслэлүүд нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй учир хариуцагч талын энэ тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
16. Нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү болон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг шаардсан. Хариуцагч тал эдгээр нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
17. Талуудын байгуулсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох” зээлийн гэрээ байна.
18. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ. Талууд зээлийн гэрээний 2.1.4, 2.1.6, 7.1 дэх хэсгүүдэд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээлдэгч гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар гэрээнд заасан байх тул хариуцагч Ц.А нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.
19. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Хаан банк” ХК нь хариуцагч Ц.Аоос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт нийт 10,555,660 төгрөгийг шаардах эрхтэй байна.
20. Нэхэмжлэгч тал дараагийн нэхэмжлэлээр нэмэлт зардал буюу нотариатын зардалд 15,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь төлбөрийн баримтаар тогтоогдсон ба уг шаардлага Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
21. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Аоос 184,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Аоос 10,570,660 /арван сая таван зуун далан мянга зургаан зуун жаран/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Аоос 184,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА