Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

 

 2026          02          04                                          2026/ШЦТ/71

 

 

                               

             

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг

Иргэдийн төлөөлөгч *****

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *****

Шүүгдэгчийн өмгөөлөгч *****

Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****гийн *****т холбогдох эрүүгийн 2439000000426 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ***** нь Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг, *****ийн зүүн талын хашаанд байрлах монгол гэрт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *****тэй “Улаанбаатар хот явна” гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчин зүсэгдсэн гэмтэл учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч *****: “...Би талийгаач *****тэй нэг гэрт ороод хамтран амьдардаггүй тусдаа байдаг байсан. Цуг байхдаа надад гар хүрч намайг зоддог байсан. Тэгээд би гэр рүүгээ явахаар араас уучлалт гуйгаад ирдэг байсан. Тэр үед бид хоёр ***** суманд байсан юм. Тэгэхэд ээжийн бие муу байна хоёулаа Хэнтий аймаг руу явчхаад ирье гэсэн.  Миний хувьд Хэнтий аймагт өмнө нь ирж байгаагүй ерөөсөө мэдэхгүй. Тэгээд ээжийнд нь дагаж ирсэн. Анх ирж байхад зэлүүд хөдөө газар байдаг юм байна гэж харж байсан. Очсон өдрөөсөө хойш намайг 2 өдөр зодсон. Зодохдоо намайг модон орны толгойд толгойг савуулж цохисон. Орны хөндий рүү толгойг маань харуулаад үсдэж 2 хоног намайг маш хэцүү байдалтай байлгаж зодсон. Гар утсаар ч яриулаагүй. Ямар ч тусламж гуйх боломжгүй байсан. *****ийг архи уугаад тасарсан хойно нь утсаа аваад ах руугаа залгаад “***** намайг зодож нүдээд би яахаа мэдэхгүй байна, надад туслаад цагдаа дуудаад, унаа дуудаад өгөөч” гэж ярьсан. Гэтэл ***** гэнэт босож ирээд  “...чи муу сая хэнтэй утсаар яриад байгаа юм бэ” гээд утсыг маань аваад гал руу хийгээд шатаасан. Тэгээд над руу дайраад үсдэж газраар чирээд, хоолой боогоод өшиглөөд цохиж нүдсэн. Тэгээд над руу аймар дайраад өшиглөөд зодоод эхэлсэн. Тэгээд би ширээн дээр байсан гарт таарсан хутгыг аваад “...чи муу цаашаа бай надад битгий хүр” гээд гараа савчиж байсан. Тэгээд л нэг харахад талийгаач орон дээр суугаад хойшоо унаад өгсөн. Тэр үед би үнэхээр тийм зүйл боллоо гэж бодоогүй. Харахад биед нь хүрсэн байсан. Талийгаач босохгүй байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудъя л гэж бодсон. Яаж залгадгийг нь мэдэхгүй байсан болохоор би талийгаачийн утсаар ээж рүү нь нь залгаж эмнэлэг, цагдаа руу яаж залгадаг вэ гэж асуухад *****, 7056103 гэж залгадаг гэж хэлсэн. Тэгээд би дуудлага эхлээд цагдаа ирээд дараа нь эмнэлэг ирсэн...” гэж мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар

 

Эрүүгийн 2439000000426 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч ***** нь Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг, *****ийн зүүн талын хашаанд байрлах монгол гэрт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *****тэй “Улаанбаатар хот явна” гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчин зүсэгдсэн гэмтэл учруулж алсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1),

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 53-55, 45-52),

            Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 60-61, 56-59),

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 68-70, 62-67),

            Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 163-164),

            Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 71),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 217),

           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай хүү ***** Хэнтий аймгийн ***** сумаас гэртээ найз охин ***** гэх хүний хамт ирсэн юм. *****ийг ирсний дараахан 20-30 минутын дараа байх би *****т хувийн ажил гараад явсан юм. Тэгээд ***** суманд очоод 2-3 хоноод байж байхад манай хүү ***** нас барсан талаар манай хүү надад хэлсэн юм. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулахгүй...” гэжээ. (1-р хх-ийн 81-82, 85),

 

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагийн үед *****ийн дүү ***** намайг үхрийн гэдэс ажиллаад өг гээд намайг дуудсан юм. Тэгээд би нөхрийн хамт гэрт нь яваад очтол ***** болон ах нь *****, хамтран амьдардаг гэх эмэгтэй, бас манай танил ***** гэх хүмүүс тухайн гэрт байсан. Нөхөр бид хоёрыг очиход *****, ***** болон *****ийн хамтран амьдардаг гэх эмэгтэй нар пиво уугаад сууж байсан. Тэгээд нөхөр бид хоёрыг гэрт нь ороод сууж байтал ***** манай нөхрийг нэг юманд явчихаад ир гэсэн юм. Тэгээд манай хүн *****гийн дүүгийн хүүхэд буюу *****ыг дагуулаад явсан. Тэгээд манай нөхөр 0.75 литрийн Хараа архи авчраад ***** манай нөхөр ***** хамтран амьдрагчийн хамт тэр дөрвүүлээ уусан. Тэр архийг ууж байхдаа надад архи хийж өгөхөөр нь би уугаагүй. Авчирсан архийг нь уугаад би ч гэдсээ арилгаж дуусаад гэдсийг ***** чанаад бид нар идээд байж байтал 11 цагийн үед ***** гэх эмэгтэй ***** гэх эрэгтэйн хамт тухайн айлд ирсэн. Тэгээд тэр айлд сууж байгаад ***** болон хамтран амьдрагч эмэгтэй нарыг ***** манай гэрээр очооч гээд аваад явсан. Тэгээд би, *****, *****, манай нөхөр ***** бид нар гэрт нь үлдсэн. Тэгээд бид нар тэр айлд байж байтал 13 цаг өнгөрч байхад ***** хамтран амьдрагч гэх эмэгтэйн хамт буцаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ ***** тэр хоёр хоёулаа нэлээн согтуу ирсэн. Тэр хоёрыг *****, ***** хоёр хүргэж ирсэн. Тэгээд тэр хоёр гэртээ ирэхээр нь нөхөр *****, ***** бид хоёр гэрээс нь зөрөөд гарсан. Нөхөр бид хоёр гэрлүүгээ явах гээд, *****, ***** Дулааны 1 дүгээр эгнээнд байх эгчийндээ очно гээд явсан. Гэрт ***** ***** болон хамтран амьдрагч гэх эмэгтэй нар үлдсэн...” гэжээ. (1-р хх-ийн 88-89),

 

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн орой 18 минутын үед ***** өөрийн ***** гэх дугаараас миний гар утас руу залгаад “Би Хэнтий аймагт байна. Би *****д өчигдөр зодуулаад, өнөөдөр зодуулаад ийм орчинд байна. Та надад Хэнтийгээс Улаанбаатар хот руу явах унаа олоод өг” гэсэн. Тэгээд би фэйсбүүк хаягаасаа “*****” гэх зарын групп хаяг руу ороод унаа хайж байгаад ***** гэсэн дугаарыг олоод залгахад эрэгтэй хүн авсан. Би тухайн хүнд хандан “Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу нэг хүн аваад ирээч” гээд *****ийн ***** гэх дугаарыг өгөөд энэ дугаар луу залгаад наад хүнээ очоод аваарай гэсэн. Тэгж хэлээд удаагүй байтал нөгөө таксины дугаар над руу удалгүй залгаад “таны өгсөн дугаар холбогдохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***** гэх хүний дугаарыг тухайн таксины жолоочид өгсөн юм. Тэгсэн удалгүй таксины жолооч над руу дахин залгаад “энэ дугаар дээр ***** гэх хүн байхгүй гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би 18 цаг 32 минутанд Хэнтий аймгийн цагдаагийн газрын ***** дугаар луу залгаад ***** гэх хүний дугаарыг өгөөд “Манай дүү энэ хүнтэй хамт Хэнтий аймагт байгаа. Хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Утасны эзэн утсаа авахгүй байна” гэж хэлсэн юм. Тэгсэн Хэнтий аймгийн жижүүрийн цагдаа энэ дуудлагыг маань хүлээн аваад мөн ***** гэх дугаарыг өгөөд энэ дугаар луу одоо залгаад нөгөө хүнийхээ дугаарыг өгчих гэсэн. Тэгээд би уг дугаар луу залгаад дээрх үйл явдлыг утасны дугаартай нь хэлж өгөөд “***** гэх хүнийг олоод ***** луу залгаад хотын унаанд суулгаад өгчих” гэсэн. Цагдаад мэдэгдчихээд байж байтал 19 цаг өнгөрж байхад ***** дугааapaac над руу залгаад болсон үйл явдлын талаар хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 92-93),

 

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би 24 цагийн жижүүрийн ээлжтэй байсан юм. 20 цагийн үед манай цагдаагийн байгууллагын жижүүрийн утаснаас над руу “Энэ хүнтэй холбогдчих. Энэ хүний дүү аймгийн төв дээр айлд байгаа юм байна. Нөгөө айлынх нь хүн явуулахгүй байгаа юм байна” гээд ***** дугаарыг өгөөд энэ дугаар луу ярь гэсэн. Тэгээд би уг дугаар луу ярьтал “Манай дүү Хэнтий аймагт айлд байгаа, яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр айлаасаа Улаанбаатар хот руу явах унаанд суух гэсэн нөгөө хүн нь явуулахгүй байна. Чи тэр айлаас нь очиж аваад Улаанбаатарын унаанд суулгаад өгөөч” гээд надад *****, ***** гэх дугаарыг өгсөн. Тэгээд би дээрх дугаарын нэг рүү нь эхлээд залгахад уг дугаар нь холбогдохгүй байсан. Нөгөө рүү нь залгахад эмэгтэй хүн уг гар утсыг авахаар нь “Амрыг эрье. Би цагдаагаас ярьж байна” гээд юу болсон, хаана байгаа талаар асуухад “Би энэ хүнийг хутгалчихлаа. Энэ хүн унтаад сэрэхгүй байна” гэхээр нь би хаягийг нь тодруулж асуутал “Нарийн гол гэх газар байна” гэхээр нь би зүүн урагшаа яваад тэр хавиар хайгаад олдохгүй байхаар нь хаягийг нь дахин тодруулж асуугаад ойр хавьд чинь ямар хаяг байна уу гэхэд баруун талд маань мал эмнэлэг байна гэсэн. Тэгээд *****ийн тэнд очоод *****ийн хойгуур нь тойроод *****ийн зүүн талд байх хашаа руу очтол урт хар өнгийн куртиктэй, шаргал өнгийн үстэй эмэгтэй хашааны хаалганыхаа гадаа уйлаад зогсож байсан. Уг хашаа нь зүүн талдаа хаалгатай дотроо ганц монгол гэртэй хашаа байсан. Би хашааны гадаа очоод уг эмэгтэйтэй уулзаад юу болсон талаар асуухад “Гэрт байгаа” гэхээр нь гэр лүү ортол гэрийн баруун орон дээр толгой хэсэг нь баруун урагш харсан бие нь дээшээ харсан эрэгтэй хүн цээжний зүүн дээд хэсэгтээ шархтай нас барсан байдалтай хэвтэж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 96-97),

 

Гэрч Д.***** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ээжийн эгч Хэнтий аймгийн ***** сумын 5 дугаар баг Дулааны 1-3 тоотод амьдардаг ба эгчийн бие тааруу байгаа гэхээр нь би өнөөдөр 14 цаг 30 минутын үед эгчийн гэр лүү явсан юм. Намайг явахад манай ах, хамтран амьдрагч *****ийн хамт гэрт үлдсэн юм. Тэгээд би ээжийн эгчийнд байж байхад орой 19 цагийн үед манай дүүгийн утсаар ахын хамтран амьдрагч эмэгтэй над руу залгаад “Танай гэрийн хаяг юу билээ. Би хот явах такси дуудах гэсэн юм” гэж залгасан. Тэгээд би “*****ийн зүүн талын хашаа, тодорхой хаяггүй” гэж хэлсэн. Тэрнээс хойш 19 цаг 30 минутын үед манай ах над руу өөрийн утаснаас залгаад “Ахын дүү ирэх юм уу?” гэж асуусан. Мөн манай хамтран амьдрагчид болон өөр ямар ч хүнд дахиж гэрийнхээ хаягийг битгий хэлээрэй. Манай хамтран амьдрагч ***** явах гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би “Заа” гэж хэлээд тэрнээс хойш ахтайгаа яриагүй...” гэжээ. (1-р хх-ийн 99-101),

 

Шүүгдэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө ***** бид хоёр гэрт нь 2.5 литрийн 2 том пиво уугаад байж байтал шөнө 02 цагийн үед миний утсанд чат ирсэн чинь ***** уг асуудлаас болж намайг хардаж намайг үсдэж байгаад миний толгойны ар хэсгээр модон орны толгой мөргүүлээд орны хөндий рүү миний толгой хэсгээр шидэж унагасан. Мөн намайг орон дээр хэвтүүлж байгаад миний толгойг доошоо унжуулж байгаад намайг боосон. Тэгтэл *****ийн дүү ***** болон ***** нар “***** ах аа болиоч ээ” гэсэн чинь больсон. Тэгээд тухайн өдөр бид хоёр амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө ***** бид хоёр ***** сум руу явах байсан юм. Тэгтэл ***** гэнэт явахаа болиод 10 цагийн үед дэлгүүр орж нэг том 2.5 литрийн пиво авчирсан юм. Тэгээд тэрийг уух гээд байж байтал таньдаг 3 хүн нь ирээд бид нар бөөндөө уг пивыг уусан ба ирсэн танихгүй нэг ах ирэхдээ нэг том пиво авчирсан ба пивонуудаа ууж дуусаад тэр ах дэлгүүр орж дахин нэг шил 0.75 литрийн Хараа архи авчирсан. Тэгээд бид нар уг архийг ууж дуусаад 15 цаг өнгөрч байхад хамаатны гэх айлд нь очиж үргэлжлүүлж архи уусан. Би тэр хүмүүсийн нэрийг сайн мэдэхгүй байна. Хэнтий аймгийг сайн мэдэхгүй болохоор гэрийг нь зааж мэдэхгүй байна. Бид нарыг тэр айлд очиход тухайн айлд хоёр жоохон хүүхэд нэг өвөө байсан. Бид нарын очсон *****ийн хамаатны гэх айлын эзэн толгой барьдаг хүн гэсэн. Миний толгойг бариулах гэж тухайн айлд бид нар очсон. Бид нар тэр айлд очоод 0.75 литрийн Хараа архи дахин нэг шилийг уусан. Тэгээд ***** бид хоёр 17 цагийн үед нөгөө цуг явсан хоёр хүнээрээ гэртээ буулгуулсан. Гэртээ яг орж ирээд байж байхад *****ийн *****т хамт амьдардаг гэх дүү нь нөхөр хүүхдийн хамт ирсэн. Тэр хоёр гэрт нь ирээд гэрээр нь орчихоод гараад явчихсан. Тэгээд ***** бид хоёр хоёулаа гэртээ үлдээд бид хоёр нэлээн согтсон байсан тул унтацгаасан. Би орой 18 цаг өнгөрч байхад сэрээд хот явахаар шийдээд хот явах таксины дугаар “*****” дээрээс хайсан. Тэгээд такси олчихоод нөгөө таксиндаа хаягаа зааж өгөх гэхэд би тухайн газрын хаягийг мэдэхгүй байсан юм. Тухайн үед ***** гэрт байсан ба *****оос гэрийн хаягийг асуухад *****ийн зүүн талын хашаа гэж хэлсэн. ***** надад гэрийн хаягаа хэлээд байж байтал Энхтуяа гаднаас гэрт орж ирээд *****ыг аваад айлд хонохоор явсан. Тэгээд би уг хаягийг таксины жолоочид утсаар яриад хэлээд байж байтал ***** сэрээд “Чи хэнтэй яриад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “Би хот явлаа” гэж хэлтэл ***** намайг явуулахгүй гээд миний гар утсыг булааж аваад галд хийгээд шатаагаад миний баруун хацар луу нэг удаа, зүүн хацар луу нэг удаа тус тус алгадсан. Би “Ёооё” гэж хэлээд *****ээс холдоод орон дээр суутал ***** миний араас ирээд миний хоолойг боогоод орон дээр намайг дараад унагаасан. Би тухайн үед боолгосон байсан болохоор орилж хашгирч чадахгүй байсан. Би *****ийн гарыг нь гараараа цохиод цээж рүү нь түлхэж байгаад босоод *****ээс айсан. ***** өмнө нь надад хүн амины хэргээр шоронд олон жил явж байсан гэж хэлж байсан болохоор нь улам айгаад шүүгээн дээр ил байсан хутга аваад эргэж хартал ***** зодох гээд над руу зуухны урдуур алхаад ирэхээр нь би баруун гартаа байсан хутгаараа зуухны урд *****ийн цээжин хэсэг рүү хутгатай гараа савсан. Тэгтэл *****ийн бие нь сонин болоод орон дээр суусан. Би тухайн үед ийм зүйл болсон талаар мэдээгүй. *****ийг “Яагаад маяглаад байгаа юм бэ?” гээд ойрттол цээжнээс нь цус гараад арагшаа унасан. Тэгэхээр нь очоод цээжнээс нь гарч байгаа цусыг гараараа дараад цус нь тогтохгүй байхаар нь цус болсон гараа *****ийн хэвлий хэсэгт арчаад *****ийн гар утсыг аваад ээж рүү нь болон цагдаа, эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн. Цагдаа манай гэрийг олохгүй байсан ба би цагдаатай гар утсаар яриад гэрийнх нь гадаа зогсож байгаад цагдаад гэрийг нь зааж өгсөн...” гэжээ. (1-р хх-ийн 104-107),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай “...1.2.Талийгаачийн цогцост цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж зүрхний баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөr булчинд төгссөн хутгалагдсан шарх, үнхэлцэгт 300 гр бүлэн, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4, 5 дугаар хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхний баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчинд төгссөн хутгалагдсан шарх, үнхэлцэгт 300 гр бүлэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Духанд зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ буюу 24 цагийн дотор үүссэн гэмтэл байна. Эдгээр гэмтлүүдээс цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж зүрхний баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчинд төгссөн хутгалагдсан шарх, үнхэлцэгт 300 гр бүлэн гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. 3.Үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Цусанд спиртийн зүйл илрээгүй, ходоодны шингэнд 5.6 промилли спиртийн зүйл илэрсэн. Согтолтын хүнд зэрэг. 5.Цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчин зүсэгдэж үнхэлцэгт цусан хураа үүсч зүрх чихэлдэж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 127-131, 135-141),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутга дээрээс гарын мөр илрээгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг гарын мөрийн “4,7” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “1,2,3,5,6,8,9,10” гэж дугаарласан 8 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн “4,7” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй гарын дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 154-156, 157-159),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай “...1.***** нь тэмбүүгийн халдваргүй эмчлэгдсэн. Дох, Заг хүйтэн, Трихомониаз илрээгүй. 2.Эр бэлгийн эс илэрсэн...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 112-113),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай “...1.*****ийн биед баруун хацар, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүү баруун мөр, цээж, баруун зүүн бугалга, нуруу, хэвлий, баруун гуянд цус хуралт баруун шанаа, хүзүү, цээж, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт 2 хацар толгойн дагз, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүдээс баруун шанаа, хүзүү цээжинд зулгаралт, баруун хацар, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун мөр, цээж, баруун зүүн бугалганд цус хуралт, 2 хацар толгойн дагз зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шинэ буюу 24 цагийн дотор үүсгэгдсэн гэмтлүүд байна. Зүүн шанаа, нуруу, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун сарвуу зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь хуучин буюу 48-72 цагийн өмнө үүсгэгдсэн гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 120-122), эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн гар утас 1 ширхэг болон шүүгдэгч *****ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “...Шүүгдэгч ***** нь Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг, *****ийн зүүн талын хашаанд байрлах монгол гэрт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *****тэй "Улаанбаатар хот явна" гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****, гэрч ***** нарын мэдүүлгүүд, шүүх шинжилгээний хэлтсийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Хэрэг болох үед аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж байгаа нь дараах байдлаар няцаагдаж байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд тулгарсан довтолгоо буюу гарцаагүй байдал дээр нөхцөл байдалд *****ийн үйлдэл хэрэгт байдаггүй. Тулгарсан амь нас бусдын эрүүл мэндийн эсрэг гарцаагүй байдалд тухайн хутгийг авах өөрийгөө хамгаалах нөхцөл байдал энэ хэрэгт үүсээгүй гэж үзэж байна. Учир нь тухайн гэрээс гарах амь хохирогчийн тухайн үйлдлээс зайлах, бултах, зугтаах ийм нөхцөл байдал байсан байна. Гэрч *****гийн мэдүүлэгт дурдахдаа ...өөрийнхөө үйлдлийг бүрэн ухаарч мэдэж байсан, яриа агууламжаар илэрхийлж байгаа байдлаар *****ийн үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэдэг нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүйгээр хуульчилсан. *****ийн мэдүүлгээс үзэхэд тухайн зодсон үйлдлийг нэгэнт төгссөн энэ нөхцөл байдлыг ярьж байгаа. Шүүгдэгчийн ярьж байгаа шиг дахиад зодох гээд дахиад үргэлжлүүлээд ирсэн гэж шүүгдэгч л мэдүүлж байгаа, бусад байдлаар тогтоогдоогүй. Тухайн мэдүүлгийг үнэлэх боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаас нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч *****ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Амь хохирогчийн хувийн байдлын талаар өмнө нь шорон оронгоор олон жил явсан гэдэг агуулгаар ярьж байгаа нь хэргийн бодит байдал болон шударга ёс, хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Нэгэнт тухайн нөхцөл байдлын улмаас шүүгдэгчийг зодож цохисон ийм асуудал байгаа. Гэвч энэ нь бусдыг алах гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн хохирогчийн буруутай хууль бус үйлдлийн улмаас гэдэг энэ агуулгаараа дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гарсан. Энэ талаар хохирол төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул бусдад төлөх төлбөртэй гэж тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *****: “...Шүүгдэгч ***** нь *****тэй Улаанбаатар хот руу явна гэж маргалдсаны улмаас хүнийг санаатайгаар алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Дээрх үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байх тул шүүгдэгч *****ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, сэтгэл санааны хохиролд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан учраас ээжийнх нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон олгохоор хуульчилсан байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 118,800,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *****: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн байр суурь бол тухайн амь хохирогч *****ийн хууль бус довтолгоо болон үйлдлийн улмаас аргагүй хамгаалалт хийж амь насыг нь хохироосон гэдэг байр сууринаас өмгөөллөө явуулж байгаа. Улсын яллагчийн зүгээс дүгнэлт хийхдээ тухайн хууль зүйн үр дагавар буюу амь нас хохирсон гэдэг үр дагаварт хууль зүйн дүгнэлт хийгээд байна гэж харж байна. Тухайн хэргийн обьектив, субьектив шинжийг алгасаад үр дагаварт нь дүгнэлт хийнэ гэдэг нь үндэслэлгүй юм. Яагаад гэхээр хууль зүйн үр дагавар нь юу вэ гэхээр энэ хэргийн улмаас нэг хүний амь нас хохирчихсон байна. Гэхдээ хохирсон  үйлдэл нь обьектив, субьектив шинжээрээ аргагүй хамгаалалтаар нас барсан юм уу, эсвэл санаатай алах гэмт хэрэг үйлдсэн юм уу, болгоомжгүй байдлаар хүнийг алсан юм уу гарцаагүй байдлаас алчихсан юм уу, хүнд гэмт учирчихсан юм уу гэдэг нөхцөл байдалд бид хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Үр дагавар дээр л дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж яриад байна. Гэтэл обьектив, субьектив шинж дээр хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хууль зүйн үр дагаварт нь хийгээд байгаа асуудал нь үндэслэлгүй байгаа юм. Хоёр дахь үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтын уялдаа, холбоо харилцаа, бие биенийгээ нөхөж нотолж байгаа нөхцөл байдал дээр дүгнэлт хийх ёстой. Тухайн нөхцөл байдалд энэ хоёр хүн хоёулаа л байсан. Өөр гадны ямар ч хүн байгаагүй. *****ийг энэ хүн хангалттай их хүчирхийлдэг байсан, нөхцөл байдал хүнд байсан, биед нь илэрсэн ул мөр дотор талд нь байдаг. Гэтэл мөрдөн байцаалтаар цугларсан хүний биед хийсэн үзлэгээр энэ хүний хоолойгоо боолгосон, хоолойны баруун хэсэгт нь зулгаралт гэмтэл няцрал үүссэн гэж гарч байна. Толгойгоор нь орны толгой хүчтэй мөргүүлсэн учраас дагзанд нь битүү хаван үүссэн байна. Хоёр хацарт нь хаван үүссэн байна. Мөн хэвлий хэсэг рүү маань хөлөөрөө дэвссэн, намайг газраар чирсэн гээд өвдөг тохойд нь зулгаралт үүссэн байж байна. Бүх нөхцөл байдал тогтоогдсон байна. Гэтэл прокурор хүний биед учирсан 22 тооны гэмтэл дээр хууль зүйн дүгнэлт ерөөсөө хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр би 2 хоног зодуулсан юм, 3 дахь хоног дээр нь намайг зодох гээд ирэхээр нь би хутга бариад ойртох юм бол дүрнэ гээд тухайн үед гараа савчих үед ийм зүйл болсон юм гэдэг. Тэр хоёр хоногийн хугацаанд шинжээчийн дүгнэлтээр  24 цагт үүссэн гэмтэл ч байна. 24 цагт үүсээгүй ч гэмтэл байна гээд дүгнэлт гарчихсан байгаа. Яагаад энэ дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийхгүй байгаа юм бэ. Гэрч *****гийн мэдүүлэгт “..ирсэн чинь айсан сандарсан уйлсан шинжтэй байсан, надад хэлэхдээ намайг зодоод байсан, намайг утсаар яриулахгүй явуулахгүй байсан, тэгэхээр нь би хутгалчихсан юм” гэдэг. ***** гэх цагдаагийн алба хаагчийн хувьд хэрэг болох үед очоогүй алба хаагч. Анх *****ийн ах цагдаагийн газрын 102 тоот утсанд дуудлага өгөх гээд удаа дараа 102 дугаарын утсанд залгаад наана чинь ийм юм болоод байна. Миний дүү хүчирхийлэлд өртсөн байна гээд удаа дараа ярихад 102 нь 8803-дугаартай ***** гэдэг хүн рүү яриа энэ цагдаа  наад газартай чинь ойрхон явж байгаа гэдэг энэ дугаарыг өгөөд энэ хүн рүү 3 удаа залгаж байж очиход нь ийм юм болчихсон байсан. *****ийн ах цагдаагийн газарт 18 цаг 32 минутад хандсан байдаг. 30,40 минут өнгөртөл цагдаагийн байгууллага ерөөсөө хөдлөөгүй. 5-хан минутын өмнө очсон бол өнөөдөр хүний амь нас хохирохгүй байсан. ***** энэ ширээний ард суухгүй байх байсан. Энэ дээр л прокурор хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ***** нь аюултай нөхцөл байдалд байсан гэдэг нь хангалттай нотлогдсон байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэн нэгнээс тусламж авах ёстой гэдэг юм уу, зайлчих боломжтой байсан юм уу гэдэг асуудал дээр дүгнэлт хийхгүй, тухайн үед л амьд насанд нь аюултай, эрүү мэндэд нь аюултай үйлдэл хийсэн тохиолдолд үүнийг аргагүй хамгаалалтад тооцно гэсэн энэ хуулийн дагуу хангалттай нотлогдож тогтоогдсон баримт байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *****: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгч ***** нь Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг, *****ийн зүүн талын хашаанд байрлах монгол гэрт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *****тэй “Улаанбаатар хот явна” гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, цээжний нэвтэрсэн шархны улмаас үнхэлцэг хальс, зүрхийг нэвтэлж баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчин зүсэгдсэн гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогдсон.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *****ийн гэм буруутай үйлдлийн улмаас буюу ухамсарлаж байгаа аюулаа санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг аюулыг хүсч үйлдсэн гэдгийг нотолж байна.

 

Мөн амь хохирогч ***** нь “...цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж зүрхний баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчинд төгссөн хутгалагдсан шарх, үнхэлцэгт 300 гр бүлэн...” гэмтлийн улмаас амь насаа алдсан байх тул шүүгдэгч ***** үйлдэлдээ санаатай хандсан байна.

 

Шүүгдэгч *****ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед боолгосон байсан болохоор орилж хашгирч чадахгүй байсан. Би *****ийн гарыг нь гараараа цохиод цээж рүү нь түлхэж байгаад босоод *****ээс айсан. ***** өмнө нь надад хүн амины хэргээр шоронд олон жил явж байсан гэж хэлж байсан болохоор нь улам айгаад шүүгээн дээр ил байсан хутга аваад эргэж хартал ***** зодох гээд над руу зуухны урдуур алхаад ирэхээр нь би баруун гартаа байсан хутгаараа зуухны урд *****ийн цээжин хэсэг рүү хутгатай гараа савсан. Тэгтэл *****ийн бие нь сонин болоод орон дээр суусан...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ***** нь сэтгэцийн ердийн ухамсарт байдлаас гарч, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болж, сэтгэцийн түр зуурын сааталд орсны улмаас *****ийг алсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ***** нь Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг, *****ийн зүүн талын хашаанд байрлах монгол гэрт 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *****тэй “Улаанбаатар хот явна” гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, “цээжинд өвчүүний их биеийн зүүн талын 4,5-р хавиргатай бэхлэгдэх хэсэг болон зүрхний үнхэлцгийн хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж зүрхний баруун ховдлоос зүүн ховдол руу чиглэсэн зүрхний зүүн ховдлын хөхлөг булчинд төгссөн хутгалагдсан шарх, үнхэлцэгт 300 гр бүлэн...” гэмтэл учруулж алсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч *****ийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Иргэдийн төлөөлөгч ***** нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *****ийг “...Гэм буруутай гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *****ийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****, түүний өмгөөлөгч ***** нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сэтгэцэд учирсан хохиролд  118,800,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

 

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

 

Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч *****ийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, шүүх гэм буруутайд тооцсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу арилгана” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй.

Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байх тул шүүх шүүгдэгч *****ээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****т олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *****ээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “...Шүүхээс шүүгдэгч *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул *****т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. *****ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хор уршиг, учруулсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 8 сарын хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүйг дурдуулах саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас нь хасуулж тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *****: “...Шүүхээс шүүгдэгч *****ийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хохирол төлбөр төлөөгүй, хохирол хор уршиг арилаагүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хэмжээнд эрүүгийн хариуцлага оногдуулах байх...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *****: “...Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх 8 нөхцөл байдлын аль нь тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Өмнө нь 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас буюу амь хохирогч *****ийг 2 өдөр зодсон хүчирхийлэл үйлдсэн бие махбодын шаналал үүсгэсэн зэрэг нөхцөл байдлаа гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна. Хоёрт хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулна гэж заасан байгаа. Хувийн байдлын хувьд ***** урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал байгаа. Гурав *****ийн хувьд өөрийнхөө гэм буруутай үйлдэл дээр маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж  байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж өгөөч...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *****: “...Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу ***** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч *****ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 296 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй,

баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***** овогт *****гийн *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****гийн *****ийг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  5.6  дугаар  зүйлийн  4  дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийн цагдан хоригдсон 296 (хоёр зуун ерэн зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 (ерэн есөн сая) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****т олгосугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн гар утас 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА

 

 

                                              ШҮҮГЧИД                                А.МӨНХСАЙХАН

 

 

                                                                                               А.ЭНХБААТАР