Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/00389

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 18 өдөр                 Дугаар 102/ШШ2024/00389                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ********* хаягт байрлах “ОК ББСБ” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ******* хаягт оршин суух, Б овогт Ж Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 39,554,784.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ж.Б нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ-202212-524 дугаартай зээлийн гэрээгээр сарын 3,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин авах зориулалт бүхий 35,000,000 төгрөгийн зээл авахаар гэрээ байгуулсан. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх ФГ-202212-524 дугаартай гэрээ байгуулан Лексус ИС250-ИксИ30 маркийн цагаан өнгийн **-** УБО улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монгол улсад орж ирсэн суудлын автомашиныг барьцаа хөрөнгөд бүртгүүлсэн. Зээлдэгчтэй 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ-202208-428-01 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаа өгсөн боловч одоо болтол зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Хариуцагч Ж.Бын удаа дараа зээлийн эргэн төлөлтийн график зөрчсөн үйлдэл нь тус зээлийн гэрээг цуцлах үндэслэл болж байгаа тул ББСБ нь учирсан хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй. Хариуцсан ажилтан сар бүр утсан харилцааны хэрэгслээр зээлийн эргэн төлөлт хийх талаар сануулдаг боловч сар бүрийн график төлөлтөө удаа дараа зөрчсөн. Иймд хариуцагч Ж.Баас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн үндсэн зээл 33,152,074.61 төгрөг, үндсэн хүү 6,347,759.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,950.42 төгрөг, нийт 39,554,784.45 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ФГ-202212-524 гэрээний дагуу барьцаалсан автомашинаар хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэсэн байна. Зээлийн гэрээний 10.2.1-т зааснаар үндсэн төлбөр, хүү хугацаандаа төлөгдөөгүй бол зээлийн гэрээг цуцална. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцалсан гэж ойлгож болно. Автомашинаар дангаар нь үүргийн гүйцэтгэл хангуулаад 39,554,784.45 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн төлөгдөж дуусахгүй учраас зээлийн төлбөр болон барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн гэрийн хаягаар очиход байнга эзэнгүй байдаг. Утсаар ярьж мэдэгдсэн. Автомашины тухайд манайд мэдэгдэлгүй бусдад зарж борлуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хариуцагч манайхаас тухайн автомашиныг хайж олж өгнө үү Баянголын цагдаад гэсэн албан тоот авсан. Үүргийн гүйцэтгэл хангуулахаар энэ машины үнэлгээ өндөр байвал энэ асуудлыг шийдээд өгье гэхээр одоо болтол олж чадахгүй байгаа...гэв.

2. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, тайлбартаа: “ОК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Бд холбогдох автомашин барьцаалсан, **-** УБО улсын дугаартай Лексус-ИС250-ИксИ30 маркийн цагаан өнгөтэй автомашиныг 35,000,000 төгрөгийн зээлэнд тавьсан билээ. Үндсэн зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй боловч уг машиныг үүргийн гүйцэтгэлээр нь хангуулж зээлийг дуусгах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Иймд манайх шүүх хуралд оролцохгүй байх болно...гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-7/, зээлийн гэрээ /хх-8-11/, Фидуцийн гэрээ /хх-12-14/, Судалгааны тэмдэглэл /хх-15/, зээлдэгчийн хүсэлт /хх-16/, Зээлийн өргөдөл, харилцагчийн мэдээлэл /хх-17-19/, Ж.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-21-22/, Хуулийн этгээдийн гэрчилгээ болон Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-23-24/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-25/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-26/-ээс өөр аливаа баримт гаргаагүй болно.

5. Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч “ОК ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Бд холбогдуулан, түүнтэй байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 39,554,784.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу шаардана гэж тодорхойлсон.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн зүйл болох **-** УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийн гэрээг дуусгавар болгохыг хүссэн бөгөөд нэхэмжлэлийн бусад шаардлагад тусгайлан тайлбар гаргаагүй байна.

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан бичмэл баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч “ОК ББСБ” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, “зээлийн үйл ажиллагаа, төлбөрийн баталгаа гаргах, итгэлцлийн үйл ажиллагаа, факторингийн үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх” зэрэг үйл ажиллагааны чиглэл бүртгүүлэн, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна.

4.2. Зээлдүүлэгч “ОК ББСБ” ХХК нь зээлдэгч Ж.Бын гаргасан өргөдлийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-202212-524 дугаар Зээлийн гэрээгээр Ж.Бд 35,000,000 төгрөгийг сарын 3.20 хувийн хүүтэй, зээлийн нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувиар тооцох нөхцөлтэйгөөр шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг зээл олгосноос хойш 36 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.

4.3. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр талууд ФГ-202212-524 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулан, үүрэг хүлээгч Ж.Б нь 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад орж ирсэн **-** УБО улсын дугаартай Лексус ИС250-ИксИ30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 47,000,000 төгрөгөөр үнэлэн зээлдүүлэгч “ОК ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

4.4. Зээлдэгч нь гэрээний дагуу 36 сарын хугацаанд сар бүр 1,651,330.78 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 3 удаагийн төлөлтөөр 1,847,925 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 удаагийн төлөлтөөр 3,200,926 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 удаагийн төлөлтөөр 2,479 төгрөг тус тус төлж, үндсэн зээлээс 33,152,074.61 төгрөг, зээлийн хүүд 6,347,759.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 54,950.42 төгрөг, нийт 39,554,784.45 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

7. Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зээлдэгч гэрээний дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээл хүүгийн тооцооллоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч “ОК ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Бтай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаанаас өмнө цуцлах эрх үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

8. Зээлдэгч Ж.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч “ОК ББСБ” ХХК нь гэрээг цуцлах нэхэмжлэлийг шүүхэд гаргах хүртэл хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 33,152,074.61 төгрөг, зээлийн хүү 6,347,759.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,950.42 төгрөг, нийт 39,554,784.45 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

9. Талуудын байгуулсан Фидуцийн гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

10. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцалж, тийнхүү цуцлах хүртэл хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардахын зэрэгцээ Фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тээврийн хэрэгслээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

11. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан байна.

12. Гэвч зээлийн гэрээний үндсэн үүрэг болох мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардах эрхийг фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хамт нэгэн зэрэг шаардах боломжгүй учир нэхэмжлэлийн уг шаардлагыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцээгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 425,213 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 355,013 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОК ББСБ” ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Баас зээлийн гэрээний үүрэгт 39,554,784.45 /гучин есөн сая таван зуун тавин дөрвөн мянга долоон зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОК ББСБ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцээгүй тул нэхэмжлэгч “ОК ББСБ” ХХК-ийн гаргасан, фидуцийн зүйл болох **-** УБО улсын дугаартай Лексус ИС250-ИксИ30 маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 425,213 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 355,013 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОК ББСБ” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА