Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/969

 

 

 

 

     2021           11            16                                       2021/ДШМ/969

 

О.Шт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар  даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч О.Шын өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 961 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч О.Шын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлоор О.Шт холбогдох эрүүгийн 1806071591899 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гончигдорж овогт О.Ш, 1999 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт, ...... тоотод оршин суух бүртгэлтэй,                       

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны арчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 12 жилийн хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдэлж байгаа,

   1. Шүүгдэгч О.Ш нь үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр 110 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Д.Эрдэнэ-Очирын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч Dell брэндийн i3 процессортой, 4gb рамтай, 500 gb хардтай нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 270.000 төгрөгийн учруулсан,

2. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны 40 тоотод оршин суух хохирогч Н.Ариунболдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн финлянд архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 296.000 төгрөгийн учруулсан,

3. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сандэй” худалдааны төвийн 4 дүгээр давхар, 4007 тоот павилоноос иргэн Ч.Энхмэндийн эзэмшлийн гар цүнхнээс түрийвчтэй эд зүйлс болон бэлэн 363.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 601.460 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-2-61 тоотод оршин суух Р.Батгарьдын гэрт хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-03 тоотод оршин суух хохирогч Г.Цэцэгбалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 275.200 төгрөгийн учруулсан,

6. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 29 дүгээр байрны 902 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Р.Мядагмаагийн эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/6-25 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны байранд нь хууль бусаар нэвтэрч хохирогч Х.Баярхүүгийн эзэмшлийн их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирогч учруулсан,

8. 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5 дугаар гудамжны 156 тоотод байрлах иргэн Д.Баатарын өвлийн орон сууцны цонхыг отверкаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гартааман хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гончигдорж овогтой О.Шыг “үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О.Шт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Шт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар О.Шт оногдуулсан 12 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Шын цагдан хоригдсон 394 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Шаас нийт 6.667.660 төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэ-Очирт 270.000 төгрөг, хохирогч Н.Ариунболдод 296.000 төгрөг, хохирогч Ч.Энхмэндэд 601.460 төгрөг, хохирогч Р.Батгарьдад 1.700.000 төгрөг, хохирогч Г.Цэцэгбалд 275.200 төгрөг, хохирогч Р.Мядагмаад 585.000 төгрөг, хохирогч Х.Баярхүүд 250.000 төгрөг, хохирогч Д.Баатарт 2.690.000 төгрөгийг тус тус гаргуулж олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.Шт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Шын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. ...” гэж заасан. Бүлгийн ялын дээд хэмжээ 12 жил байхад түүнээс хэтрүүлж оногдуулсанд гомдол гаргасан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “...Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ.  Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно. ...” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

             Шүүгдэгч О.Шын өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Шын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч О.Шын хувьд өөр дүүрэгт хэргүүд нь шалгагдаж байгаа. Одоо шийдвэрлэгдэж байгаа хэргийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч яллагдагчаар татах тухай асуудал яригдана гэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй хэргүүд байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргүүд байгаа. Шүүгдэгч О.Шаас мөрдөгч нар ирж мэдүүлэг авсан мөртлөө яллагдагчаар татаагүй хэргүүд нь байгаа. Одоо хоригдож байгаа 409 дүгээр хорих ангид мөрдөгч нар очиж уулзаж гэрчээр мэдүүлэг авсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Шт өөр хэргүүд байгааг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн шүүгдэгчийн хоригдож байгаа хорих ангийн дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон. Тухайн бүлгийн ялын дээд хэмжээ 12 жил байхад түүнээс дээш 5 сар 10 хоногоор хэтрүүлж оногдуулсан гэдэг дээр санал нийлж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг хэрэглэх боломжгүй байгаа. Шүүгдэгч О.Шын нийт эдлэх ялыг 12 жилээр дээд хугацааг тогтоож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байна. Шүүгдэгч О.Ш холбогдох хэргүүд өөр дүүргүүд байгаа гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдол гаргасан. Хэргүүдийг нь нэмж нэгтгүүлэхээр өмнө нь энэ хэрэг шүүхээс 1, 2 удаа буцсан. Энэ хугацаанд Нийслэлийн бүх дүүрэг, аймгуудаас албан тоотоор асуухад “...манай дүүрэгт О.Шт холбогдох хэрэг байхгүй. ...” гэсэн албан тоотуудыг ирүүлж байсан. Энэ хэрэг шалгагдаж эхэлж байхад Дундговь аймагт нэг хэрэг байгаа гэж ярьж байсан. Бүх дүүрэг, аймгуудаас хэргийг нь нэгтгэж дуусчихсан. Прокурорын зүгээс шүүгдэгч О.Шын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсний үүднээс Нийслэлийн бүх дүүргүүдээс шүүгдэгч О.Шт холбогдох хэргүүдийг нэгтгүүлсэн. Одоо бол Нийслэлийн дүүрэг, аймгуудад шалгагдсан хэрэг байхгүй байгаа. Хэрэг нь байсан бол энэ хугацаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хавтас хэргийн материалтай танилцсан, шүүгдэгчээс мэдүүлэг авсан баримтуудаа анхан шатны шүүхийн шатанд гаргаж өгөх боломжтой байсан. Иймд шүүгдэгч О.Шт холбогдох хэргүүд байхгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, 110 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Д.Эрдэнэ-Очирын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч Dell брэндийн i3 процессортой, 4gb рамтай, 500 gb хардтай нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 270.000 төгрөгийн учруулсан болох нь:

             хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирын “...2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг өнгөрч байхад би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” 110-9 тоот гэрээсээ гарсан ба гэртээ 2 хүүхдээ үлдээгээд гарсан. 15 цаг 27 минутанд манай хүү Соёмбо над руу залгаж “таныг компьютер аваад ир гээд нэг хүн ирээд компьютер аваад явсан” гэхэд би гэртээ хүрч ирэхэд манай гэрт байсан Dell маркийн inspiron загварын i3 үзүүлэлттэй зөөврийн компьютер алдагдсан байсан. Би хүү Соёмботой ярилцахад байрны гадна тоглож байхад нь танихгүй унадаг дугуйтай хүн ирээд “ах нь эм уух гэсэн юм, гэрээсээ халуун ус гаргаад өг” гэж хэлээд гэрт нь дагаж орж ирээд гал тогоонд ус хийж өгч байхад нь зочны өрөөнд байсан компьютерыг нь авсан байсан. Манай хүү тэр залууг үүдэнд хүлээж бай гэж хэлсэн боловч ус хийж өгөх гээд гал тогоонд байхад нь гэрт орж ирсэн гэж хэлсэн. ...” /1хх 19-20/,

насанд хүрээгүй гэрч Э.Соёмбын “...Байрныхаа гадна орцны үүдэнд тоглож байхад унадаг дугуй унасан хар гитарын цүнх үүрсэн цагаан малгайтай улаан куртиктэй, шаргал пүүзтэй, шаргал нүдний шилтэй, хүзүүндээ шаргал гинж зүүсэн ах ирээд бид нарын хажууд хэсэг сууж байгаад надаас “ахдаа хүйтэн ус гаргаад өг” гээд надад жижиг аяга шиг хуванцар сав өгөхөөр нь би гэртээ орж тэр саванд нь хүйтэн ус гаргаж өгчихөөд сууж байтал тэр ах дахин надаас “халуун ус гаргаад өгөөч, ах нь эм уух гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрч дүүгийн хамтаар гурвуулаа орж тэр ахыг “1 давхарт хүлээж байгаарай” гээд дүүтэйгээ гэртээ ус авахаар орж гал тогооны өрөөнд ундааны саванд ус буцалгагчнаас халуун ус тосоод хийчихээд гарах гэтэл тэр ах манай гэрийн унтлагын өрөөнд ороод ирчихсэн цонхоор хараад “танай найзууд гадаа дугуй унаад байна шдээ” гэхээр нь би уурлаад “та гар” гэхэд уучлаарай “ах нь санамсаргүй орчихлоо” гээд дүү бид гурав гэрээс гарсан. Тэр ах гадаа гараад дугуйгаа унаад яваад өгсөн...Би дүүтэйгээ гэртээ орчихоод хаалгаа хаасан, харин манай хаалга хаагдсан ч түгжигддэггүй учир манайд орж ирсэн байсан....Нөүтбүүкийг би зочны өрөөнд газарт зурагтны өмнө тавиад тоглож байсан. Ус гуйсан ахад ус өгч гаргачихаад гадаа жаахан тоглож байгаад гэртээ буцаж орж ирээд алга болсныг мэдсэн. ...” /1хх 34/,

шүүгдэгч О.Шын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Миний хийсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хохирлын мөнгийг бүрэн барагдуулах болно. ...” /1хх 65-66/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Dell брэндийн i3 процессортой, 4gb рамтай, 500 gb хардтай нөтбүүкийн зах зээлийн үнэлгээгээр эд зүйлийн үнэлгээ нь 270.000 төгрөг” /1хх43-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 02/498 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр, харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь О.Шын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна.” /1хх 32-35/ гэх дүгнэлтүүд, 

            2. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны 40 тоотод оршин суух хохирогч Н.Ариунболдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн финлянд архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 296.000 төгрөгийн учруулсан болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ариунболдын “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 74 дүгээр байрны гадаа манай хүүхэд Эгшиглэн тоглоомын талбай дээр тоглож байхад нь үл таних хүн ирээд манай хүүхдэд “ахдаа гэрээсээ ус аваад өгөөч, ах нь 2000 төгрөг өгье” гэж хэлээд манай хүүхэдтэй хамт ороод ус уугаад гарахдаа том өрөөний стикэн дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга, 1 шил архи хулгайлж аваад гарсан байсан. ...2 ширхэг дунд гарын мөнгөн аяга байсан. 1 ширхэг мөнгөн аяга нь бол хуучин цагийн мөнгөн аяга байсан, 1 ширхэг мөнгөн аяга нь бол орчин цагийн мөнгөн аяга байсан. Финлянд нэртэй 1 литрийн шилтэй архи байсан. ...” /1хх 82-83/,

шүүгдэгч О.Шын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна.” /1хх 97-98/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “...2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн финлянд архийг нийт 296.000 төгрөгөөр үнэлсэн. ....” /1хх 88-89/ гэх дүгнэлт,          

            3. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сандэй” худалдааны төвийн 4 дүгээр давхар, 4007 тоот павилоноос иргэн Ч.Энхмэндийн эзэмшлийн гар цүнхнээс түрийвчтэй эд зүйлс болон бэлэн 363.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 601.460 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Энхмэндийн “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчимд “Сандэй” худалдааны төвд байрлах 4007 дугаартай павилоноо эзэнгүй орхиод хажууд байрлах эгчийнхээ лангуунд очин 10 орчим минут юм ярьж байгаад буцаад өөрийн лангуундаа иртэл миний павилонд байрлах тавиур дотор наагуур нь хувцас өрж тавьж нуусан байсан цүнх ил наана гарч ирсэн байсан. Иймд би цүнхээ шалгаж үзэхэд цүнхэн дотор байсан хөр өнгийн загасны арьсан хэтэвч алдагдсан байсан...түрийвч дотор 363.000 төгрөг, 50 доллар, 50 вонн, иргэний үнэмлэх, “Голомт” банкны зэс карт, анар чулуун түлхүүрний оосор байсан. Түрийвч нь Тайландын хар саарал өнгийн сувдан түрийвч байсан. ...” /1хх 119-122/,

            шүүгдэгч О.Шын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хохирлын мөнгийг бүрэн барагдуулах болно. ...” /1хх 143-145/ гэх мэдүүлгүүд,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “...50 доллар, 50 вон, анар чулуун түлхүүрний оосор, иргэний үнэмлэх, “Голомт” банкны зэс карт болон эмэгтэй хүний сувдан түрийвчийг нийт 238.460 төгрөгөөр үнэлсэн. ...” /1хх 131-135/ гэх дүгнэлт,

4. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-2-61 тоотод оршин суух Р.Батгарьдын гэрт хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Батгарьдын “...Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа 18 цагийн үед гараад 19 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд 21 цагийн үед унтах гэж байгаад өрөө рүүгээ орох үед гэрийн шүүгээнд байдаг мөнгөн аяганууд байхгүйг мэдсэн. Тэгээд юу болсон талаар гэрийнхнээс асуухад манай хүү Б.Майклыг гэртээ ганцаараа байх үед нэг үл таних хүн орж ирээд гарсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Манай гэрээс их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, жижиг хэмжээтэй 4 ширхэг мөнгөн аяга байсан...хуримын бэлэг болгон өгсөн эд зүйлс болохоор 1 жижиг мөнгөн аяган дээр “хайрт хүү Майклдаа” гэсэн бичигтэй, 2 их гарын мөнгөн аяган дээр “Хуримын бэлэг 2012 он” гэсэн бичигтэй, 1 жижиг мөнгөн аяган дээр нь “Архангай аймаг” гэсэн бичигтэй байсан. ...” /1хх 217-218/,

            шүүгдэгч О.Шын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн буруугаа маш сайн ойлгож байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. ... Хохирлын мөнгийг бүрэн барагдуулах болно.” /1хх 193-195/ гэх мэдүүлгүүд,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 3, 4 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 3 дугаартай гарын мөр нь Одончимэг овогтой Шын баруун гарын долоовор хуруутай, 4 дугаартай гарын мөр нь Одончимэг овогтой Шын баруун гарын дунд хуруутай тохирч байна. ...” /1хх 173-179/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “...Их гарын 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 7 ширхэг мөнгөн аяга, бага гарын 4 ширхэг мөнгөн аягануудыг нийт 1.700.000 төгрөгөөр үнэлсэн” /1хх 181-182/ гэх дүгнэлтүүд,

5. Шүүгдэгч О.Шын нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-03 тоотод оршин суух хохирогч Г.Цэцэгбалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 275.200 төгрөгийн учруулсан болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгбалын “...Өнөөдөр 12-13 цагийн хооронд юманд явах болоод өөрийн зээ хүү У.Хосбаярын сургууль дээр нь очиж гэрийн түлхүүр өгөөд “байж байгаарай” гэж хэлээд явсан. Ингээд 15 цагийн орчим гэртээ ирэхэд гэр цоожтой байсан. Би гадуур хүүгээ хайж яваад байрны гадна таарсан. Хүүхдээ аваад гэртээ орж ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад 16 цаг өнгөрч байхад дүүг нь авахаар гарсан. Тэгэхдээ би хүүхдээ цоожлоод гарсан. Цэцэрлэгээс дүүг нь авчихаад эргээд ирсэн. Тэгэж байгаад стейкний дотор тавьсан бөгжөө зүүх гээд хайтал байхгүй байсан. Хүүгээс асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд сүүлд нь “нэг ах ус аваадахъя гэж орж ирээд наад савыг чинь онгойлгож үзсэн” гэж ярьсан. ...” /1хх 208-210/,

насанд хүрээгүй гэрч У.Хосбаярын “...Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хичээлээ тараад найзтайгаа тоглоод байж байсан. Тэгээд манай найз сургууль ороод гэрийн түлхүүр аваад бид хоёр харьж байхад тэр ах “ус хийгээд өг” гэхээр нь “та сургуулиас ороод авчих” гэсэн чинь усны шинжилгээ өгнө гээд сонин юм яриад байсан. Тэгээд бид хоёртой цуг дагаад явж байгаад манай гэр рүү дагаад ороод ирсэн. Би хаалганы цаана байж бай гэтэл манай хаалгыг гаднаас нь онгойлгоод ороод ирсэн. Ус хийж өгтөл “дээрээс нь давс хийгээд өг” гээд байхаар нь би усан дээр нь давс нэмж өгсөн. Тэгээд усаа угаад би хаалгаа түгжээд араас нь гарсан. Гараад хартал дугуй унаад яваад өгсөн...Би тэр хүнтэй сургуулийн хажууд байдаг миний дэлгүүрийн урд таарсан. ...” /1хх 216-217/,

Шүүгдэгч О.Шын яллагдагчаар өгсөн: “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” сургуулийн баруун талд байдаг байрны урд 8-9 насны орчим эрэгтэй хүүхэд гэрийн түлхүүр бариад явж байхаар нь Төгөлдөр гялс тэр хүүхэд очооч гээд би тэр хүүхэд дээр очоод “чи ахдаа гэрээсээ буцалсан ус гаргаад өгөөч ах нь 2000 төгрөг өгье гэхэд тэр хүүхэд зөвшөөрөөд Төгөлдөр гадаа дугуйгаа хараад би тэр хүүхдийг дагаад гэрт нь орсон. Тэгээд тэр хүүхэд ус буцалгаад байж байх хооронд унтлагын өрөөнд нь ороод тавиур дээр нь байсан 2 ширхэг монетон бөгжийг нь хулгайлаад буцалсан усаа ундааны саванд хийгээд аваад гараад явсан.” /1хх 230-231/ гэх мэдүүлгүүд,    

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...2 ширхэг монетон бөгжийг 275.200 төгрөгөөр үнэлсэн.” /1хх 220-221/ гэх дүгнэлт,

             6. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжил” хотхоны 29 дүгээр байр, 902 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Р.Мядагмаагийн эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

             хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Мядагмаагийн “...2018 оны 12 дугаар сарын дундуур намайг хороон дээрээ ахмад настай хүмүүсийг чийрэгжүүлэлтийн зааланд дасгал хийлгээд гэрт нь манай зээ охин Б.Мөнхжин гэртээ үлдсэн. Тэгээд зааландаа сууж байхад гаднаас Б.Мөнхжин орж ирээд “эмээ таны нөтбүүкийг 20-25 орчим насны ах манай гэрт орж ирээд автомашинаа цонхоор харчихаад гаръя” гэхээр нь би хаалга тайлаад тэр ахыг оруулсан. Би тэр ахыг том өрөөнд оруулаад ус уумаар санагдаад байхаар нь гал тогоондоо орж ус уучихаад эргээд том өрөөндөө ороход нөгөө ах “за би харчихлаа, ахын дүү баярлалаа” гэж хэлээд надтай зөрөөд гэрээс гарсан. Тэгээд би ширээ рүүгээ харахад таны нөүтбүүк байхгүй байсан, тэгэхээр нь араас нь дагаж гараад хартал тэр ах байхгүй болохоор нь таньд ирж хэлж байна гэж хэлсэн. ...” /2хх 7-8/,

            насанд хүрээгүй гэрч Б.Мөнхжингийн “...2018 оны 12 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Хөгжил” хотхоны 29 дүгээр байрны 2 дугаар орцны 902 тоотод гэртээ ганцаараа байж байхад 20-25 орчим насны бор царайтай, халимаг үстэй ах хаалга тогшоод “ах нь цонхоор чинь өөрийнхөө автомашинаа харъя” гэж хэлэхээр нь “тэг тэг” гэж хэлээд гэртээ оруулсан. Тэр үед нөгөө ах том өрөө рүү орохоор нь миний ам цангаад гал тогоо руу ороод ус уучихаад том өрөө рүү ороход нөгөө ах өрөөнд зогсож байснаа “ах нь болчихлоо гарлаа” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд би том өрөөний ширээн дээр байсан эмээгийн Самсунг загварын нөүтбүүк байхгүй байхаар нь араас нь гараад харсан байхгүй байсан. ...” /1хх 246/ гэх мэдүүлгүүд,

                “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “...Самсунг брэндийн нөүтбүүкийг 585.000 төгрөгөөр үнэлсэн.” /2хх 10-12/ гэх дүгнэлт,

7. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/6-25 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны байранд нь хууль бусаар нэвтэрч хохирогч Х.Баярхүүгийн эзэмшлийн их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирогч учруулсан болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Баярхүүгийн  “...Би 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ ирээд өөрийнхөө мөнгөн аяганд хоол унд идэх гэтэл мөнгөн аяга байхгүй байхаар нь хайхад дунд хүү Бат-Идэр нь “намайг гадаа тоглож байх үед үл таних эрэгтэй халуун ус гаргаж өгөөч” гэж гуйгаад 1000 төгрөг өгье гээд манай гэрт орж ирээд ус хийлгэж авсан бөгөөд тухайн эрэгтэйг “үүдэнд хүлээж бай” гэж хэлэхэд “үгүй хамт орьё” гээд манай гэрт орж ирж ус аваад дээрээс нь давс нэмж хийгээд өгөөч гээд хийлгэж аваад гарсан байсан. Үүнээс хойш таны аяга алга болсон гэж хүү Бат-Идэр нь надад хэлсэн....Их гарын хуучны тагштай, аяганы ёроолд арслангийн дүрс сийлбэр хийсэн их гарын мөнгөн аяга байсан. ...” /Зхх 54,

насанд хүрээгүй гэрч Б.Бат-Идэрийн “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагаас 17:30 минутын хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/6- 25-р байрны гадна гэр рүүгээ орж явахад 18-22 орчим насны 170 орчим см өндөртэй, цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, солонгорсон нарны нүдний шилтэй, хар савхин нэг талдаа үүрдэг цүнхтэй, хар бараан царайтай этгээд “ахын дүү энэ хавиар халуун ус олчих газар байна уу, ах нь химийн шалгалтнаасаа хоцрох гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “ахаа наанаа байж бай” гэж хэлээд халуун ус Хужирт цэвэр усны 500 граммын саванд хийж өгөөд явуулсан. Намайг гэрээ онгойлгоод ус өгөх хооронд надаа ус авсан хүн “ахын дүү хурдлаарай” гэж хэлээд гэрт ороод ирсэн. Тэгээд манай гэрээс усаа аваад гарсан. Мөн “давс байна уу” гэхээр нь гал тогооноосоо давс авч өгсөн. Энэ хооронд манай аавын мөнгө аяга хулгайд алдагдсан байсан. Аавын мөнгөн аяга гал тогооны ширээн дээр байсан. ...” /Зхх 52/,

Шүүгдэгч О.Шын яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна....Гал тогооны ширээн дээр их гарын мөнгөн аяга байсан, түүнийг авсан. ...том их гарын мөнгөн аяга байсан, хуучин эдэлж хэрэглэдаг юм шиг байналээ. ...би ганцаараа явсан. ...” /Зхх 54/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “...Их гарын мөнгөн аягыг 250.000 төгрөгөөр үнэлсэн.” /Зхх 59-60/ гэх дүгнэлт,

            8. Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5 дугаар гудамжны 156 тоотод байрлах иргэн Д.Баатарын өвлийн орон сууцны цонхыг отверкаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гартааман хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:           

хохирогч, иргэний нэхэмжпэгч Д.Баатарын “...2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10 цагийн орчим манай эхнэр Дашдондог “Сонгино”-ын амралтанд хоногоор явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн юм. Өөрийн садан төрлийн хүн Батсүрэн, Бодь нар манайд ирэхээр нь бид 3 нэг шил архи хувааж уучихаад өдөр 14 цагийн орчим Батсүрэн, Бодь нарын хамт гараад гудамжны үзүүрт байх дэлгүүрээс 1 шил архи аваад гудамжинд уусан. Уг архиа ууж дуусгаад садангийн хүн болох Нисэхэд амьдардаг Бодийн гэрт очоод тэдний гэрт амарчихсан. Манайх хот руу нүүх гээд гэрийн эд хогшилоо хураагаад тавьсан байсан. Орой Бодийн гэрт унтаж байхад манай хамаатан Напилмаа Бодийн эхнэр Урнаа руу залгаад “гэрт нь хулгайч орсон байна, хашааны хаалга онгорхой гэр доторх эмх цэгцгүй байна” гэж хэлсэн...Эд зүйлээ үзтэл авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, миний цагаан алаг гартааман хөөрөг байхгүй байсан. ...” /4хх 33/ гэх мэдүүлэг,      

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “...Цагаан өнгийн гартааман хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэргийг 2.690.000 төгрөгөөр үнэлсэн.” /4хх-53-54/ гэх дүгнэлт зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Шыг “үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О.Шт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар өмнөх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийт 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 5 сар 10 хоногийн хорих ялыг нэмж, шүүгдэгч О.Шын нийт биечлэн эдлэх ялыг 12 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ гэж заасан бөгөөд прокуророос шүүгдэгч О.Шт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Шын өмгөөлөгч Б.Тэнгис “...Анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 хэсэгт заасан заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй. ...” гэж заажээ.

Шүүгдэгч О.Ш нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан байх тул О.Шыг дахин Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүгдэгч О.Шын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлуудад өмнөх шийтгэх тогтоолоор буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан. Энэ хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлаж энэ зүйл хэсэгт ерөнхий ангид заасан нөхцөл байдлуудын хүрээнд ялыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж шийдвэрлэхдээ өөр төрлийн ялуудыг хэрхэн хэрэглэх талаарх нарийвчилсан зохицуулалтыг баримтлах учиртай.

 Харин шүүгдэгч О.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1, 2 дахь заалтуудыг баримтласаныг буруутгах үндэслэлгүй бөгөөд ерөнхий агуулгын хувьд 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” мөн зүйлийн 4 дэх хэсэгт “нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж заасан  буюу хорих ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээний дотор нийт ялуудыг нэмж нэгтгэсэн байх тул өмгөөлөгч Б.Тэнгисийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Ш нь 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 74 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 961 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Шын өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Ш нь 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 74 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                   М.АЛДАР

           

                                   ШҮҮГЧ                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ