Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 126/ШШ2023/0175

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б-ийн гаргасан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Э-т холбогдуулан гаргасан Холбогдогч Р.Ч-д шийтгэл оногдуулсан 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0262710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Э нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах АНУ нэртэй дэлгүүрийн барилга шатсан гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дагуу иргэн Р.Ч-д 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгасан материалд цугларсан нотлох баримтуудтай танилцахад:

Эрх бүхий албан тушаалтан Н.Э нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0262710 дугаартай шийтгэлийн хуудсаар Р.Ч-ыг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан байна.

Гэтэл дээрх шийдвэрийн үндэслэл болгосон хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хэргийн материалд байхгүй, харин Р.Ч-д шийтгэл оногдуулснаас хойш буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Р.Ч, Т.М нараас гэрчийн мэдүүлэг авсан байх боловч мэдүүлгийн тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны үйлдсэн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хариу мэдэгдэх хуудас, Зөрчлийг хянан шалгасан материалтай танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг эрх зүйн хэлбэрүүдийг үйлдсэн байх боловч тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан болон холбогдогч нарын гарын үсэг зурагдаагүй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан, үндэслэл журмын дагуу зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулалгүйгээр иргэн Р.Ч-д шийтгэл оногдуулж, түүний эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд яг хэний ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гал гарч, хэнд ямар хэмжээний хохирол учирсан болохыг шалгаж, нотлох баримтаар тогтоогоогүй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Э-ийн холбогдогч Р.Ч-д шийтгэл оногдуулсан 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0262710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Э нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах АНУ нэртэй дэлгүүрийн барилга шатсан гэхзөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Р.Чд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд хандан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Э-ийн 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0262710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлтбичсэнийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Э-ийн 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0262710 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль бус бөгөөд түүнийг хүчингүй болгохыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б-ийн Холбогдогч Р.Ч-д шийтгэл оногдуулсан 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0262710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Э бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ