Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/00461

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр                 Дугаар 102/ШШ2024/00461                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: БаяГТүрх дүүргийн ******** хаягт оршин суух, Ш овогт Н Э,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ******** хаягт байрлах “НЗ” ХХК,

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний улмаас учирсан хохиролд 2,000,000,000 /хоёр тэрбум/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Иргэн Н.Э би “НЗ” ломбардаар 10 жил үйлчлүүлж байна. Энэ хугацаанд тус ломбард нь нийт 3 удаа харилцагч миний эд зүйлийг надаас асуухгүйгээр, надад мэдэгдэхгүйгээр зарж борлуулсанд гомдолтой байна. Би эхний хоёр удаа тус ломбардад алдсан нэг хос монетон ээмэг, 1ширхэг монетон ээмгийг тус тус алдахдаа ямар ч гомдол санал гаргаагүй. 3 дахь удаа буюу эртний 2 ширхэг мөнгөн аягандаа санаа зовниж байнга очиж “зарж болохгүй шүү” гэж тус ломбардны ахлахад хэлдэг байсан. Ахлах нь ч намайг таньдаг болсон. Гэтэл хамгийн сүүлд тус ломбарданд байсан манай 5 үе дамжсан, бидний 2 ширхэг эртний мөнгөн аягыг зарсан учраас тус ломбардны захиралтай утсаар ярьж “үр хүүхдүүд бидэнд өвгөд дээдсээс минь уламжлагдан дамжиж, өвлөгдөж ирсэн, мөнгөөр үнэлж болохгүй “соёлын бодит биет өв” болох эд зүйлийг зарж болохгүй гэж хэлсээр байхад зарлаа” гэж ярьсан. Миний ээжийн талын өндөр өвөөнүүд Ховд аймгийн Дарви сумын нутагт удам угсаа залгамжилж ирсэн тайжууд байсан ба одоо ч үр хүүхдүүд бид нар сүүлийн “ГТийн овоо”-г тахисаар байна. ГТийн өөрөө эдэлж хэрэглэж байсан үр хүүхдүүд бидэнд уламжлагдан дамжиж ирсэн эртний 2 ширхэг мөнгөн аягыг “НЗ” ХХК нь зарж борлуулан биднийг хохироосон. Би тус ломбарднаас авсан мөнгөө хүүгийн хамт буцааж төлсөн байхад миний 2 ширхэг мөнгөн аягыг надад буцааж өгөхгүйгээр, надад аяганы оронд 40,000,000 төгрөг өгөхөд нь би барьцаа болгож авсан. Түүнээс биш аяганы үнэ гэж харилцан тохиролцож аваагүй, гарын үсэг зураагүй. 2 мөнгөн аяганы 1 аягыг 1,000,000,000 төгрөгөөр үнэлээд, 2 мөнгөн аягаа 2,000,000,000 төгрөгөөр үнэлж, уг мөнгийг хариуцагч “НЗ” ХХК-иас гаргуулахаар шаардаж байна.  

Монгол улсад саяхныг хүртэл хугацаанд ломбардны үйл ажиллагааг зохицуулсан хууль байгаагүй. Ийм хууль байгаагүй учир миний нэхэмжлэлд дурдсан хохирлууд явагдсан гэж бодож байна. Би өөрийн барьцаанд тавьсан эд зүйлийн үнийг нэхэж байгаа. Манай гэрээс хариуцагчийн ломбард маш ойрхон байдаг учир ажилдаа явах замдаа орж хэлдэг байсан. 2 ширхэг мөнгөн аягаа 2,000,000,000 төгрөгөөр үнэлдэгийн учир нь би өөрөө 3 хүүхэдтэй. Хүний удам угсааны юм гэдэг бол удам дамжигдан явдаг учраас би хоёр мөнгөн аягаа хоёр хүүдээ нэг нэгээр нь өвлүүлнэ гэсэн удмын бодол надад байсан. Миний үр хүүхдэдээ дамжуулж өгөх соёлын бодит биет өвийг минь ломбард байхгүй болгосон. Би өөрөө энэ хэмжээгээр үнэлж байгаа. Хоёр мөнгөн аягыг нэг ширхэг гэж бичсэн байсныг хэлж засуулсан. Авсан 120,000 төгрөг дээрээ маргахгүй. Надад мөнгөн аягануудыг зарлаа гэж утсаар нэг ч удаа мэдэгдээгүй. Тухайн үедээ төл гэж байсан. Хэдэн удаа тэгэж хэлснийг нь би тоолоогүй. Сарын 7 хувийн хүүтэй мөнгө, хүү алдангиа бүгдийг нь төлсөн. Хоёр мөнгөн аягыг соёлын өвийн бүртгэлд бүртгүүлсэн зүйл одоо бол байхгүй. Би удам судрынхаа хүрээнд улсын архивт хүсэлтээ гаргасан байгаа. Би нэхэмжлэл гаргахдаа баримтууд хавсаргаж өгсөн. Зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нь үнэн. Үйл баримтуудыг он сараар нь уялдуулж өгөөч гэж хүсэж байна. Хохирсондоо маш их гомдолтой байна...гэв.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

            Н.Э нь манай компанийн БаяГТүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол “Дүүхээ” дэлгүүрийн байранд орших ХААЯ салбар дээр 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ирж өөрийн эзэмшлийн гэх хоёр ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьж зээл авах хүсэлт гаргасны дагуу тухайн салбараас 76844 дугаар Барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 120,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл Н.Э нь гэрээний үүргийг зөрчиж, барьцааг буцаан авах хугацааг 160 хоногоор буюу 5 сар хэтрүүлсэн боловч 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 47,460 төгрөг төлж, нэг удаа сунгалт хийлгэснээс хойш дахин 170 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Гэрээ болон “Барьцаат зээлийн үйлчилгээний журам”-ын 6 дугаар зүйлд “зээлийн гэрээний хугацаа дууссаныг зээлдэгчийн тэмдэглүүлсэн гар утас руу мессежээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Эт төлбөрөө төлж, эд зүйлээ буцаан авахыг шаардаж 3 удаа мессежээр мэдэгдэл хүргүүлсний зэрэгцээ олон удаа утсаар ярьж мэдэгдсэн. Н.Э нь дээрх шаардлагад хариу өгөөгүй ба төлбөр төлөх үүргээ ч биелүүлээгүй тул 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэний үнэмлэх дээрх хаягаар мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн боловч мөн л хүлээн авч хариу өгөөгүй. Компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг барьцаа тавигчийн эрх ашгийн үүднээс хангалттай авсны эцэст Барьцаат зээлийн үйлчилгээний журмын 9 дүгээр зүйл, Хугацаа хэтэрсэн эд зүйлсийг борлуулах журмын 1 дүгээр зүйлийн .1, 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэн шийдвэр гаргаж, шийдвэр гарснаас хойш 3 сарын дараа 2016 оны 7 дугаар сарын 29-нд алт, мөнгө байнга худалдаж авдаг хүнд 150,000 төгрөгөөр 2 ширхэг мөнгөн аягыг худалдан борлуулсан байна. Н.Эт хангалттай боломж олгож 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 76844 тоот гэрээг сунгаснаас хойш нийт 247 хоног хүлээсэн. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг хуулиар тогтоосон. Нэхэмжлэгч нь зээлийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцааны эд зүйлээ зээлдэгчид шилжүүлэхээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй, хохирол шаардах эрхгүй гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуульд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар зохицуулж өгсөн. Нэхэмжлэгч гэрээнээс үүдсэн хохирол шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг нотолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Нэхэмжлэгч гэрээнээс үүдэлтэй хохирол шаардаж байгаа гэж хэлсэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Энэ хугацааг хэтрүүлсэн учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Бид хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан учир ямар нэгэн байдлаар төлбөр мөнгөний асуудал байхгүй. Хэрэгт авагдсан үйл баримтаар тухайн эд хөрөнгийг 2,000,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй холбоотой баримт авагдаагүй. Бодит хохирол гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч манай байгууллагад холбогдуулан 19-20 удаа эрх бүхий байгууллагад хандсан. Гэхдээ тэр нь иргэний шүүх биш, харин цагдаа, Авлигатай тэмцэх газар зэрэг бусад байгууллагад хандаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 75 дугаар зүйл нь шууд иргэний шүүхэд хандах ойлголт байгаа. Энэ эрхээ хэрэглэж чадаагүй нь хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгох үндэслэлд хамаарч байгаа. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд шаардах эрх байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Мэтгэлцээний явцад асуухад өөрийнх нь соёлын биет өв гэж тодорхойлоод байгаа хоёр мөнгөн аяга ямар угшилтай, хэдий үеийн, ямар хийцтэй, ямар соёлын биет өв гэдгийг бүртгүүлж баталгаажуулаагүй. Нэхэмжлэгч өөрөө л соёлын биет өв гэж тайлбарлаж байгаа. Мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлж байж биет өв гэж яриад байгаа хоёр аяга нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдож, шүүх шийдэх нөхцөл байдалд хүрнэ. Хоёр хүүхдэдээ өвлүүлж өгөх гэж байсан учраас 2,000,000,000 төгрөгөөр үнэлж байгаа гэдэг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна...гэв.

3. Нэхэмжлэгч шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Шүүх, сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн хуулбар /хх-2/, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Н.Эыг яллагдагчаар татах тогтоолын хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, Н.Эаас 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт “НЗ ломбарданд гомдол гаргах тухай” гомдлын хяналтын картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2017 оны 7/155 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 1/1810 дугаар Хариу мэдэгдэх хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13/, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 06/715, 06/861, 06/13499 дугаар албан бичгүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14-15, 18/, Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 4/958 дугаар Хариу мэдэгдэх хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/, Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 1/266 дугаар Хариу мэдэгдэх хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19/, Н.Эын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан Ил захидал /хх-43/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

- Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан барьцаат зээлийн гэрээ /хх-5/, цахим захидал буюу мессежний фото зураг /хх-6/, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 03/8939 тоот албан бичгийн хуулбар /хх-8/, Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах албаны 2017 оны 11/6-8642 дугаар албан бичгийн хуулбар /хх-11/, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудсын хуулбар /хх-12/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 41 тоот Хариу мэдэгдэх хуудсын хуулбар /хх-17/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 15847 дугаар Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /хх-20-21/, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын 2009 оны ТГ/1534 тоот Өргөдөл шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-38/, Улсын ерөнхий прокурорын газрын 2010 оны 1/251 тоот Гомдлын хариуны хуулбар /хх-39/, Шинэчлэлийн засгийн газар “11 11 төв” баримтын хуулбар /хх-40/, Н.Эыг Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн, мөн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тус тус тогтоолуудын хуулбар /хх-41-42/, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны ХЭГ/1857 дугаар Хүсэлт уламжлах тухай албан бичгийн хуулбар /хх-44/, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны Гомдол шилжүүлэх тухай 4/467 тоот албан бичгийн хуулбар /хх-45/, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 06/9499 дүгээр албан бичгийн хуулбар /хх-46/, Монгол улсын Дээд шүүхийн тамгын газрын 2020 оны 5/1850 дугаар Лавлагаа гаргах тухай албан бичгийн хуулбар /хх-47/ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байна.

            4. Хариуцагч тал шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

            - “НЗ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-25/, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Барьцаат зээлийн үйлчилгээний журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-55/, Хаан банкны орлогын мэдүүлгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-56/, Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-57/, Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-58/, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “гаралт”-ыг зарсан тооцооны бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-59-60/, Зарагдсан зээлийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-61/, програмаас үйлчлүүлэгчид мессеж очсон бүртгэл /хх-89/, Шуудангийн гардуулалтын картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-91/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “барьцаат зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр, хүү, алдангийн хамт төлж барагдуулсан байхад хариуцагч тал барьцаанд тавьсан хоёр ширхэг мөнгөн аягыг барьцаалуулагчид мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан, өв уламжлагдаж ирсэн хөрөнгийг мэдэгдэлгүйгээр худалдсан учир гэрээний улмаас учирсан хохиролд 2,000,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хуульд зааснаар эрх зөрчигдсөн болохоо мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох учир энэ хугацаа дуусаагүй. Тиймээс гэрээнээс үүдэлтэй хохирол гаргуулахаар шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: “нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг буцааж төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас барьцааны зүйл болох 2 ширхэг мөнгөн аягыг худалдан борлуулсан, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн, бичгээр мэдэгдэх ажиллагааг түүний иргэний үнэмлэхийн хаягаар хүргүүлсэн ч буцаж ирсэн, барьцааны зүйлийг худалдан борлуулах болсныг мэдсэн болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдсон. Иргэний хуульд заасны дагуу уг гэрээний үүрэгтэй холбоотой иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барьцаанд тавьсан 2 ширхэг мөнгөн аяга нь соёлын бодит биет өв болох нь баримтаар тогтоогдоогүй, мөн 2,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь нотлогдохгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэж тайлбарлаж байна.

            4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан бичмэл баримтууд болон зохигчдын гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1. Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 0078644 тоот Барьцаат зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Н.Э нь өөрийн эзэмшлийн 2 ширхэг 825 сорьцтой мөнгөн аяга /эртний, тагш-үндсэн, ёроол-задгай цулгуй, бүслүүр цулгуй, нилдээ харласан, мандаа-нарийн цулгуй, сэв-зурагдсан, нилээд сэвтэй, цохигдсон, өнгө-харласан, хэмжээ-дунд гарын/-ыг барьцаалан 120,000 төгрөгийг хариуцагч “НЗ” ХХК-иас нэг сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. /хх-7, 57/

            4.2. Зээлдэгч нь гэрээний дагуу нэг сарын хугацаанд үндсэн зээл 120,000 төгрөг, зээлийн хүү 8,400 төгрөг, нийт 128,400 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна. Гэвч зээлийг тохирсон хугацаанд төлөөгүй байх бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн хүү 47,460 төгрөгийг зээлдэгч төлж, талууд гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэг сарын хугацаагаар сунгаж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

            4.3. Зээлийн гэрээний дагуу төлбөр барагдуулах, төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2 ширхэг мөнгөн аягыг худалдан борлуулах тухай 0513 тоот мэдэгдлийг “НЗ” ХХК-иас 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар Н.Эын гэх БаяГТүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 2 дугаар гудамж 50 тоот хаягт явуулахад “заасан хаягт ийм хүн байхгүй” гэж 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр буцаагдсан байна. /хх-58/

            4.4. Улмаар зээлдүүлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны зүйл болох 2 ширхэг мөнгөн аягыг 150,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна. /хх-59-61/

            4.5. Зээлдүүлэгч “НЗ” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Э.Энэрэл гэх иргэний 5064743311 дугаар дансанд 40,000,000 төгрөгийг “Эт НЗаас 78644 нөхөн төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. /хх-56/

            4.6. Нэхэмжлэгч Н.Эыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдэгдэж, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр түүнийг сэтгэцийн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн байна. /хх-2-3/

            4.7. Н.Э нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт “НЗ” ломбардын үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаж, уг гомдолд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хариу өгсөн байна. Энд: “НЗ” ХХК-ийн ерөнхий менежер Доржханд, Хэлтсийн дарга Энхмаа нартай холбогдож гомдлыг тодруулахад Н.Эын гомдлыг барагдуулж зөрүү мөнгийг буцааж өгсөн байна. Гомдлыг бүрэн барагдуулаагүй гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад гомдлоо дахин тавьж болно” гэж хариу өгчээ. /хх-9/

            4.8. Нэхэмжлэгчийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан гомдолд тус байгууллагаас 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хариу өгч, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул давхардуулан хяналт шалгалт хийх шаардлагагүй гэжээ. /хх-10/

            4.9. Мөн нэхэмжлэгч нь Монгол улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудад 2017 оны 12 дугаар сар, 2020, 2022 онуудад тус тус гомдол гаргаж тухайн байгууллагуудаас түүний гомдлуудад хариу өгч байсан байна. /хх-13-16, 18-19/

            5. Зохигчид талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу 2 ширхэг мөнгөн аяга барьцаалагдсан, гэрээгээр 120,000 төгрөгийг сарын хугацаатай, сард 7 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож, зээлдэгч Н.Э 120,000 төгрөгийг зээлж авсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

            6. Харин тухайн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг зээлдүүлэгчид төлсөн эсэх, барьцаалсан 2 ширхэг мөнгөн аягыг хариуцагч “НЗ” ХХК нэхэмжлэгч Н.Эт мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан эсэх, зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх, нэхэмжлэгчид 2,000,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан эсэх, барьцаалсан 2 ширхэг мөнгөн аяга нь соёлын бодит биет өв мөн эсэх, нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар өөр өөрсдийн үндэслэл заан маргаж мэтгэлцлээ.

            7. Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь тухайн гэрээ байгуулагдах үед үйлчилж байсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5 дахь хэсэгт тус тус нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зохигч талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулан байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

            8. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан байна.

            9. Талууд гэрээний хугацааг сунгасан 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлдэгч Н.Э гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдүүлэгч “НЗ” ХХК-д төлсөн гэж тайлбарлах боловч зээлийн төлбөр төлсөн тухай төлбөрийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэн, зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Хариуцагч “НЗ” ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Эт барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах тухай мэдэгдлийг түүнд утсаар удаа дараа мэдэгдэж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, түүнчлэн хөрөнгийг борлуулах талаар мэдэгдлийг Н.Эын барьцаат зээлийн гэрээнд тэмдэглүүлсэн хаягаар 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн байх боловч “тухайн хаягт ийм хүн байхгүй” гэх шалтгааны улмаас мэдэгдэл 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр буцаагджээ.

            11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж хуульчилсан.

            12. Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч “НЗ” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар буюу барьцаалсан зүйлийг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсны улмаас өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн 2 ширхэг мөнгөн аягаа алдсанаар хохирол учирсан гэж тайлбарлаж буй нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол шаардаж байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            13. Учир нь Иргэний хуулийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, мөн хуулийн 224.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүргэ гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

            14. Нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбараас: хэрэв хариуцагч тал Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулах талаар бичгээр мэдэгдсэн бол тухайн мөнгөн аягануудыг бусдад худалдуулахгүй байх боломжтой байсан. Энэ үүрэг биелэгдээгүйн улмаас хуульд заасны дагуу тухайн барьцааны зүйлийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах /Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэг/, өөрөө дуудлага худалдаанд оролцож худалдан авах /Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.3 дахь хэсэг/ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх агуулгатайгаар тайлбарласан.

            15. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус зааснаар талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь талууд гэрээний хугацааг сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоологдоно. Учир нь энэ өдөр барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусах бөгөөд уг хугацааг дахин сунгаагүй байна. Хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолвол 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн хугацаа тооцогдож дуусахаар байна.

            16. Нэхэмжлэгчийн зүгээс эрх зөрчсөнд тухай мэдсэн цагаас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тооцогдоно гэж тайлбарласан ба түүний тайлбар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хамаарахаар байна. Нэхэмжлэгч барьцааны зүйлийг бусдад худалдан борлуулсан тухай мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж үзвэл 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “нөхөн олговор” гэх утгаар хариуцагчаас шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг хүлээн авсан хугацаагаар тооцоход 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байна.

            17. Нэхэмжлэгч энэ үеэс эхлэн цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудад хариуцагч байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаж байсан нь хэрэгт байгаа нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

            18. Гэвч ийнхүү гомдол гаргасныг Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон болон тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, шүүхэд нэхэмжлэл гаргасан, талууд эвлэрсэн зэрэг хуульд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна. Иймд маргаан бүхий барьцаат зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж шүүх дүгнэв.

            19. Түүнчлэн, нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох 2 ширхэг мөнгөн аягыг “Соёлын бодит биет өв” гэж тайлбарласан боловч эрх бүхий байгууллагад бүртгэгдээгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн аяганууд 2,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул эдгээр үндэслэлээр шүүх Н.Эын “НЗ” ХХК-д холбогдуулан гаргасан 2,000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

20. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,157,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул “НЗ” ХХК-иас 2,000,000,000 /хоёр тэрбум/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 10,157,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА