| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/05266/И |
| Дугаар | 102/ШШ2024/00692 |
| Огноо | 2024-02-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/00692
2024 оны 02 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2024/00692 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ****** хаягт оршин суух, Б овогт Г Н,
Хариуцагч: Баянгол дүүргийн ******* тоот хаягт оршин суух, О овогт Л С,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Л.С, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Т /ШТҮД: /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагууд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Нэхэмжлэлийн шаардлага /2023-10-19/-д: Миний бие 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нөхөр П.М, нөхрийн ажлын хүн Д.Бгийн хамтаар www.unegui.mn хаягт байршсан зараас иргэн Л.Сын байршуулсан “Приус 30 автомашин зарна” гэсэн зарын дагуу холбогдон машины талаар асуугаад, түүний хэлсэн хаягаар очиж үзсэн. Машиныг үзээд ярилцаж байхад “машины хувьд ямар ч асуудалгүй, сая нэг ченж үзээд явсан, нүүрсэн яндантайгаа юм байна гэж хэлсэн, мануус ямар тэрийг хараад мэдэх биш” гэх мэтчилэн ярьж байх үед эхнэр нь жоохон хүүхэдтэй гээд гэртээ орсон, машиныг ойрхон зогсоол дотор унаж үзээд авахаар тохиролцсон. Авто оношилгооны газарт оношлуулахаар явах гэхэд Л.С “манай машин ямар ч асуудалгүй, түрүүн үзсэн ченж бараг авна гээд явсан, 1 босоо нь дуугараад сольсон, өөр солих юм байхгүй, эхнэрийн нэр дээр байдаг, эхнэр нэг сартай нялх хүүхэдтэй болохоор явдал суудалгүй ойрхон Уран ган дотор авто тээврийн нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлгээ хийчихье” гээд итгэл үнэмшил төрүүлэхүйц зүйлс ярьсанд нь итгэж тухайн өдрөө машины нэрийг шилжүүлж аваад үнэ 18,000,000 төгрөгийг Хаан банкны 00000 тоот Л.Сын данс руу шилжүүлсэн. Эхнэр нь нялх хүүхдээ аваад хамт явж байсан учир санаа зовоод тэр үедээ хурдан түргэн наймаа хийсэн. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн оройдоо уг машины хянах самбарын чекүүд нь ассан тул эргэж холбогдоход утас нь холбогдохгүй байсан. Ингээд маргааш өглөө нь холбогдож ярихад машин зарсан иргэн “чи өөрөө эвдэлсэн юм биш үү, машин авч үзээгүй юм уу, шинэ машин авчихсан юм шиг, арын аккумляторын утсыг салгаад буцаагаад залгахаар зүгээр болчихно” гэж үл ойшоосон янзтай харьцсан. Энэ өдрөө би Баянзүрх дүүрэгт байрлах Батхүлэг авто засварт машинаа оношлуулахад батарей нурсан, солих шаардлагатай, яндан мэдрэгч нь заахгүй байна гэсэн хариулт өгсөн. Энэ тухай Л.Ст утсаар хэлэхэд огт хүлээж аваагүй. Иймд хариуцагчаас Приус-30 автомашины батарейны зах зээлийн үнэ ханш болох 1,850,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна...гэжээ.
1.2. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага /2024-01-10/-д: Хариуцагчаас худалдан авсан автомашины хөдөлгүүр нь доголдолтой байсан бөгөөд худалдан авах үед миний зүгээс доголдлыг мэдэх боломжгүй байсан. Харин худалдагч доголдлыг нуусан буюу автомашины хянах самбар дээрх төв компьютераас ирдэг мэдээллийг хүчээр унтрааж зарсан гэж үзэхээр байна. Учир нь автомашиныг худалдан авсны маргааш нь хосолмол хөдөлгүүртэй автомашины зай хураагуур нурсан, мөн нүүрсэн яндангүй, батарей нурсан, автомашин удаан явсны улмаас бензин хөдөлгүүрт нөлөөлж, улмаар бензин хөдөлгүүрийг солих шаардлага үүссэн тул миний бие санхүүгийн боломжоо харан байж 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр “Батхүлэг авто сервис” ХХК-иас 1,650,000 төгрөгөөр хөдөлгүүр авч, сольж тавиулсан. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг үндэслэн хөдөлгүүрийн доголдлыг арилгахад гаргасан зардал болох 1,650,000 төгрөг, нүүрсэн яндангийн үнэ 1,100,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагчаас нийт 4,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна...гэжээ.
1.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа: Мөнгөө тэр дор нь шилжүүлээд гэр лүүгээ буцаад явж байхад машины хянах самбарт гэрэл ассан. Маргааш нь өглөө босоход олон гэрэл ассан байсан. Тэр даруйд нь хариуцагчид хэлэхэд “өөрөө сольсон юм бишүү, зүв зүгээр машин худалдаж авчихаад” гээд хүлээж аваагүй. 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш гадаа эрс хүйтэрч, улмаар машины сэвчээ дугараад байхаар нь айгаад Амгалан авто засвар дээр очиход “бээрсэн байна, батарейг солиулах шаардлагатай” гэсэн. Батарейг нь салгаад дахиад холбоход гэрэл нь унтардаг. Батхүлэг засвар дээр мотор солиулсан. Нүүрсэн яндангүй автомашиныг хөдөлгөөнд орохыг нь хориглож байгаа юм билээ. Энэ машин зүгээр байсан бол би өөртөө болон өрөөлд түвэг удахыг хүсэхгүй. Тиймээс доголдлыг арилгахад гаргасан зардлаа гаргуулахаар шаардаж байгаа...гэв.
2. Хариуцагч Л.С шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар /2023-11-02/-т: Миний бие өөрийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн **-** УБТ улсын дугаартай автомашиныг зарахаар үнэгүй.мн зар тавьсан бөгөөд зарын дагуу Г.Н гэх хүн хоёр эрэгтэйн хамт ирээд бараг 2 цаг гаруй машиныг шалгаж үзсэн. Тэр үед машиныг шалгуулж үзэж авмаар байна гэхэд шалгуулж болно гэхэд өөрсдөө “за за болилоо” гээд, Г.Н нь 18,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, автомашиныг түүний нэр дээр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлж өгсөн. Автомашин худалдаж авсны маргааш “машины хянах самбар дээр маш олон гэрэл асчихлаа, приус оношилгоон дээр очиход батарей муу гэж байна” гэхээр нь би худалдаж авахад батарейг нь шалгуулахад зүгээр гэж байсан тухай хэлсэн. Би уг автомашиныг анх худалдаж авахдаа батарейг шалгуулахад зүгээр гэж байсан. Мөн машиныг хэрэглэх үед ямар нэгэн гэрэл, хянах самбар дээр гарч байгаагүй, тухайн үед машиныг оношлуулж шалгуулаад аваарай гэхэд өөрсдөө шалгуулаагүй худалдан авсан атлаа машины батарейн үнэнд 1,850,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
2.2. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбар /2024-01-18/-т: Г.Нгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно...гэжээ.
2.3. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Машин зарсан нь үнэн. Гол нь миний машин асуудалгүй байсан. Би өөрөө техникийн мэдлэгтэй хүн. Зарахад ямар нэгэн асуудал, доголдол байгаагүй. Үзэж хараад авсан. 2-3 цаг гэрийн гадаа ирээд үзэж авсан. Өөрсдөө Батхүлэг гэдэг засварын газар таньдаг, үзүүлнэ гээд аваад явсан. Нүүрсэн яндан гэдгийн хувьд энэ хүмүүсээс өмнө хүмүүс ирж үзэхдээ нүүрсэн яндан байгаа юм байна гэж хэлсэн. Энэ нь яндан биш, яндан дотор байдаг шүүлтүүрийг хэлдэг юм гэсэн. Би бол хараагүй. Тэрийг хэн ч гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Хэрвээ тийм асуудалтай байсан бол би зарах шаардлага байхгүй. Би олон жил машин зарж байна. Анх удаа ийм асуудалтай тулгарч байна. Маргааш нь орой над руу залгасан. Батарейн түвшиний ампер буурсан байна гэсэн.
Өмгөөлөгч: Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа батарейны зах зээлийн үнэ гэж шаардсан. 2023 оны 10 дугаар сарын 16-ны орой хариуцагч руу залгасан гэдгээ нотлоогүй. Автомашиныг худалдаж авахаар ирэхдээ өөрийн нөхөр болон машин мэддэг гээд өөр нэг хүний хамт ирээд шалгаж байгаад авсан. Тиймээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна. Санхүүгийн боломжоо харж байгаад мотор авсан гэдэг. Нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Нотлох баримтаар гаргасан баримтууд шаардлага хангахгүй байна. Зарлагын баримт шаардлага хангахгүй байна. Цахим баримт болох смарт кар аппликейшний мэдээллээр нэхэмжлэгч автомашиныг худалдаж авснаас хойш замын хөдөлгөөнд оролцож явахдаа хэд хэдэн удаа зөрчил гаргаж нийт 120,000 төгрөгөөр торгуульсан байна. Иймд ямар нэгэн доголдолгүй машин унаж явсан байна. Иргэний хуулийн 256 дугаар зүйлд зааснаар автомашины гол эд анги болох мотор доголдолгүй байсан. Гэрээг хүйтний улирал эхэлж байх үед хийсэн. Жолооч машинаа оношилгоонд оруулах ёстой. Тос маслыг солих ёстой. Үйлчилгээ хийж, эвдрэл гэмтэлгүй авч явах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Л.Ст холбогдуулан, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан автомашины доголдлыг арилгуулах, доголдол арилгахад гаргасан зардал буюу батарейны зах зээлийн ханш 1,850,000 төгрөг, хөдөлгүүрийн доголдлыг арилгахад гарсан зардал 1,650,000 төгрөг, нүүрсэн яндангийн үнэ 1,100,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь биет байдлын доголдолтой, хөдөлгүүр болон батарей солих шаардлагатай, нурсан батарейтай машин өгсөн болохыг гэрээ байгуулан шилжүүлж авсан өдрөө засварын газарт үзүүлснээр мэдсэн. Тиймээс батарейны зах зээлийн үнэ 1,850,000 төгрөг шаардана. Мөн худалдагч тал нүүрсэн яндантай гэж хэлсэн боловч бодитоор байгаагүй учир нүүрсэн яндангийн үнэ 1,100,000 төгрөг, хөдөлгүүр солиулахад гарсан зардал 1,650,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөгийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу шаардана” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “Биет байдлын болон эрхийн долголдолгүй тээврийн хэрэгсэл шилжүүлсэн. Нэхэмжлэгч доголдолтой гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй, хүмүүстэй ирж шалгаад авсан учир Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхгүй, худалдаж авснаас хойш замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь тухайн тээврийн хэрэгсэлд торгууль бичигдсэн нээлттэй аппликейшний мэдээллээр нотлогдоно” гэж тайлбарлан маргав.
5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан нэхэмжлэгчийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зарлагын баримт, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Талууд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр харилцан тохиролцож, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулж, zvw300296809 арлын дугаартай Тоёота приус-30 маркийн **-** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.
5.2. Худалдан авагч Г.Н нь гэрээ байгуулсан өдөр 18,000,000 төгрөгийг Л.Ст дансаар шилжүүлж, мөн өдрөө тээврийн хэрэгслийг Г.Нгийн нэр рүү шилжүүлжээ.
5.3. Батхүлэг сервис гэх байгууллагаас 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын баримтаар мотор 1,500,000 төгрөг, тос 104,000 төгрөг, антивриз 30,000 төгрөг, маслын шүүр 15,000 төгрөг, нийт 1,649,000 төгрөгийн зарлагын баримт үйлдэж, эд хариуцагч гарын үсэг зуран, “Хат хүлэг” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарсныг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.
5.4. Нэхэмжлэгч талаас фото зураг /хх-7, 23-27/, хариуцагч талаас фото зураг /хх-36-37/ зэргийг баримтаар гаргасан боловч эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.
6. Зохигчид тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан болон тус гэрээгээр тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон болохыг, мөн тухайн гэрээ хийгдэхээс өмнө нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хариуцагчийн зүгээс “өмнө ирж үзсэн хоёр хүн нүүрсэн яндантай гэж хэлсэн” зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
7. Харин талууд гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл биет байдлын доголдолтой байсан эсэх, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.
8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
9. Талууд гэрээг аман хэлбэрээр байгуулж, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байна.
10. Худалдан авагч Г.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, худалдагч Л.Ст гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн, мөн өдөр худалдагч тал нь тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Г.Нгийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.
11. Талууд гэрээгээр автомашины чанарын талаар тусгайлан нарийвчилж тохиролцоогүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” хэмээн заасны дагуу гэрээний зүйл болох автомашин нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байснаар биет байдлын доголдолгүй болох юм.
12. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг хэлэх бөгөөд маргаан бүхий гэрээний зүйл болох Приус-30 маркийн автомашин нь өөрөө хөдөлгөгч тээврийн хэрэгсэл учраас хөдөлгүүр болон батарей ажиллагаагүйн улмаас асахгүй, хөдлөхгүй байгаа тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл болно.
13. Нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийн “батарей нурсан, хөдөлгүүрийг солих шаардлагатай болсон, нүүрсэн яндан байгаагүй” зэрэг үндэслэлээр хариуцагчийг биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж тайлбарлан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардсан.
14. Гэвч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тээврийн хэрэгслийн батарейны зах зээлийн үнэ 1,850,000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй, хөдөлгүүр солиулах зайлшгүй шаардлагатай болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч тал “Зарлагын баримт”-ыг нотлох баримтаар гаргасан боловч уг баримт нь маргаан бүхий тээврийн хэрэгсэлд хамааралтай болох нь тухайн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 105,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Л.Саас 4,600,000 төгрөг гаргуулах тухай Г.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 105,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА