Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/00895

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр                      Дугаар 102/ШШ2024/00895                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар ********* байранд байрлах, хуулийн этгээдийн **** регистртэй “МБМ” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ****** байранд байрлах, хуулийн этгээдийн ***** регистртэй “БХ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,428,800 /гучин дөрвөн сая дөрвөн зуун хорин найман мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б,

Гэрч: Г.У нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. “МБМ” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:

            1.1. Манай компани “БХ” ХХК /хуучин оноосон нэр нь БК ХХК/-тай МБМ2018Б/094 тоот “Цемент худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, тус гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сард 1 тонн нь 160,000 төгрөгийн 347.45 тонн хэмжээтэй 55,592,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлсэн. Харин “БХ” ХХК нь гэрээний үүргээс 31,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 24,592,000 төгрөгийг төлөөгүй. Манай компани төлбөрийг төлж барагдуулах талаар албан тоот хүргүүлж, төлбөр төлөхийг шаардсан ч үр дүнд хүрээгүй. Хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/239 тоот албан тоотоор дахин шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Тус компани төлбөр төлөөгүй байх хугацаанд компанийн оноосон нэрийг өөрчлөн “БХ” ХХК болгосон. Иймд цементийн төлбөрийн үлдэгдэл 24,592,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны бодогдсон алданги 9,836,800 төгрөг, нийт 34,428,800 төгрөгийг шаардаж байна.

1.2. Бид 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн үед манай гүйцэтгэх удирдлага болох Их британийн мэргэжилтэн Монгол улсад байхгүй, ажлаас чөлөөлөгдсөн байсан учир эрх олгогдоогүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. 2023 оны 8 дугаар сарын 31-нд албан ёсоор гүйцэтгэх удирдлага томилогдсоны дараа 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан шаардлагыг хариуцагчийн албан ёсны үйл ажиллагаа явуулж буй хаягаар хүргүүлсэн байдаг. Төлбөрийн асуудлыг борлуулалтын ажилтан Г.У хариуцан ажиллаж, тухайн үеийн “БХ” ХХК-ийн захирал Д.Ганзоригтой очиж уулзсан байдаг. Хэд хэдэн удаа уулзахад захирал Д.Ганзориг нь төлбөрийг төлж барагдуулахаа ойлгож байгаа, төлнө гэдэг боловч бодитоор төлөөгүй. Нэхэмжлэлийн үндсэн төлбөрийн авлагатай хариуцагч тал маргаагүй. Харин хөөн хэлэлцэх хугацаатай холбон маргаж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарснаас тооцож байна. Гэтэл манайх хуулийн “...бусад хэлбэрээр зөвшөөрсөн” гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа “БХ” ХХК-ийн захирлаас манай компанийн ажилтантай 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр харилцсан төлбөрийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий мессежээр тасалдсан гэж үзэж байгаа. Ийнхүү тасалдсан учир Иргэний хуулийн 79.7-д зааснаар хугацааг дахин шинээр тоолох ба энэ хугацаа дуусаагүй байгаа. Гэрчийн мэдүүлэг, гэрчийн харилцаж байсан мессеж “тооцоогоо дуусга л даа” гэж шаардсан, хариуд нь “одоо асуудалгүй” гэсэн нь одоо төлбөр төлнө гэсэн агуулгаар хүлээж авч байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. “БХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбар татгалзлаа дэмжиж гаргасан тайлбартаа:

2.1. Монгол улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул “МБМ” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна.

2.2. Гэрээний дагуу цемент аваад 2018 онд 2 удаа тооцоо нийлсэн байдаг. Энэ тооцоо нийлсэн актаар 24,592,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан. 2019 онд “МБМ” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаад, шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Шүүгчийн захирамж гарч, хуульд заасан гомдол гаргах хугацааг оруулан тооцвол 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь хуульд заасан 3 жилийн хугацаанд дахин шүүхэд хандах эрхтэй байсан. Энэ хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөрийн өглөгтэй гэдгийг мэдэж байгаа. Одоо тухайн үед байсан Д.Ганзориг гэдэг хүн энэ компанид байхгүй. Мөн гэрээнд талуудын гүйцэтгэх удирдлага заавал гарын үсэг зурах ёстой. Хэрвээ өөр хүн гарын үсэг зурсан бол тухайн хүнд эрх олгосон итгэмжлэл байх ёстой. Гэвч гэрээнд хариуцагч талыг төлөөлөн Д.Г гарын үсэг зураагүй, мөн тухайн гэрээг байгуулсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл авагдаагүй байна. Нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирал шинээр томилогдоод маргааш нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Мессежээр нотолж байна гэж байгаа боловч энд 24,592,000 төгрөгийг төлнө гэж зөвшөөрсөн зүйл байхгүй байгаа учир энэ нотолгоо болохгүй. Шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нэг ч баримт байхгүй байна. Өөрсдийнх нь хариуцлагагүй байдал шүү дээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар /хх-4, 6-10/, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Цемент худалдах, худалдан авах” гэрээний хуулбар /хх-11-17/, Тооцоо нийлсэн актын хуулбар /хх-18/, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Тооцоо нийлсэн актын хуулбар /хх-19/, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/239 тоот “Төлбөр барагдуулах тухай” албан бичгийн хуулбар /хх-22/, “Монгол шуудан” ХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18/20 тоот тодорхойлолт /хх-43-44/, Г.Уын цалин хөлс нэмэгдүүлэх тухай “Монцемент билдинги материалс” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 161 тоот тушаалын эх хувь /хх-48/, Г.Уыг ажил, албан тушаалд туршилтын хугацаатай томилох тухай “МБМ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 079 тоот тушаалын эх хувь /хх-49/;

4. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-24/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15363 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн эх хувь /хх-35-36/;

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

5.1. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02210 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааанд Г.Уыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, гэрчийг 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцуулсан. /хх-46/

            Гэрч Г.Уаас: “...Миний үндсэн ажлын байрны чиг үүрэг нь борлуулалт хийнэ, борлуулалтаас үүссэн авлагыг өөрөө барагдуулдаг. Би 2019 онд нэхэмжлэгч байгууллагад ажилд орсон. Үүнээс хойш 2020-2022 онуудад, тухайн үед “БК” ХХК байсан, энэ байгууллагын захирал Д.Ганзориг ахтай 4-5 удаа уулзаж байсан. Уулзах бүрт төлбөрийг барагдуулна гэж хэлдэг байсан. Төлбөрийг барагдуулахдаа өөр бусад зүйлээр барагдуулъя гэж байсан ч тэр нь манай компанийн стандартын цемент гарахад нийцэхгүй байсан учраас боломжгүй гэсэн хариу өгч байсан. Сүүлд Д.Ганзориг захиралтай уулзахад Төрийн банкнаас зээл авч байна, үйлдвэрээ барьж байгаа учир мөнгийг чинь удахгүй өгнө, цаашдаа хамтраад ажиллана гэж хэлж байсан. Төлбөрийн баримтыг баталгаажуулах хэрэгтэй байна гэхэд мессеж бичиж байсан...” гэж тайлбарлав.

            5.2. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 03625 дугаар захирамжаар гэрч Г.Уын гар утасны мессежид үзлэг хийхээр шийдвэрлэн /хх-51/, захирамжийн дагуу 2024 онй 2 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн журмаар үзлэг хийх ажиллагаа явуулж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх-53-59/

           

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “МБМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч “МБМ” ХХК нь хариуцагч “БХ” ХХК-д холбогдуулан, Цемент худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 24,592,000 төгрөг, алданги 9,836,800 төгрөг, нийт 34,428,800 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

            3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон цементийг хариуцагч хүлээж авсан боловч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, төлбөрийн үлдэгдлийн талаар 2 удаа тооцоо нийлсэн акт үйлдсэн, хариуцагч тал төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хариуцагч байгууллагын захиралтай нэхэмжлэгчийн ажилтан биечлэн уулзаж, мөн мессежээр харилцан шаардаж байсан. Мессежээр сүүлд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шаардсан нь гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн мессеж зэргээр тогтоогдох тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, тиймээс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж тодорхойлсон.

            4. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: “төлбөрийн үлдэгдлийн талаар маргахгүй боловч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Гэрчийн мэдүүлэг нь Д.Г гэх иргэнтэй харилцсан мессеж байх тул нотолгооны ач холбогдолгүй. БХ ХХК-д Д.Г гэх хүн байхгүй. Харилцсан гэх мессежид 24,592,000 төгрөгийг төлөх талаар илэрхийлээгүй, нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээх хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлан маргаж байна.

            5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            5.1. “МБМ” ХХК нь “БК” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 55,592,000 төгрөгийн үнэ бүхий 347.45 тонн цементийг нийлүүлж, худалдан авагч нь төлбөр 31,000,000 төгрөгийг худалдагч талд төлсөн байна.

            5.2. Дээрх гэрээний дагуу худалдан авагч тал 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 24,592,000 төгрөг, алданги 9,836,800 төгрөг, нийт 34,592,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг талууд харилцан тооцоо нийлж “Тооцоо нийлсэн акт” хоёр удаа үйлдсэн байна.

            5.3. Улмаар нэхэмжлэгчээс талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбогдуулан “БК” ХХК-иас 34,428,000 төгрөг гаргуулахаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

            5.4. Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлаар Гош овогтой ЖП К 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, дахин 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлаар L овогтой J-г тус тус гүйцэтгэх захирлаар томилсон байна. Дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид тухайн нэхэмжлэлийг гаргасан төлөөлөгчид итгэмжлэл олгосон С.Э нь “МБМ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж дүгнэсэн бөгөөд тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Э гүйцэтгэх захирлаар томилсон талаар бүртгэгдээгүй байна.

            5.5. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш нэхэмжлэгч байгууллагын борлуулалтын ажилтан Г.У нь “БК” ХХК-ийн захирал Д.Гтой уулзах, мессеж бичих зэргээр харилцаж байсан талаар шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн ба түүний эзэмшдэг 95175005 дугаарын гар утсанд шүүхийн журмаар үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн.

            5.6. Үзлэгийн тэмдэглэлээр гэрчийн зүгээс “ах тооцоогоо дуусга л даа, тооцооны акт дээр гарын үсэг зуруулах гэсэн юм” гэх зэргээр захидал илгээж, хариуд нь “манайх өчигдөр үйлдвэрээ ажиллуулж эхэллээ, одоо асуудалгүй, маргааш уулзая” гэх зэргээр хариу захидал илгээж байсан байна.

            5.7. Худалдан авагч “БК” ХХК нь “БХ” ХХК болсон талаар талууд тайлбарлах бөгөөд “БК” ХХК-ийн захирал Д.Г байсан талаар зохигчид маргаагүй.

            5.8. Нэхэмжлэгч тал 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3/239 дугаартай 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай “БХ” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг “МШ” ХК-ийн шуудангаар хүргүүлж, 34,428,000 төгрөгийг төлж барагдуулахыг шаардсан байна.

            6. Талууд цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нийт 55,592,000 төгрөгийн цемент нийлүүлсэн, нийлүүлсэн цементийн төлбөрөөс худалдан авагч тал 31,000,000 төгрөг төлж 24,592,000 төгрөг төлөөгүй, төлбөрийн үлдэгдэл 24,592,000 төгрөг бөгөөд энэ үлдэгдэл болон алдангийн талаар 2018, 2019 онуудад тооцоо нийлсэн талаар маргаагүй. Харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, уг хугацаа 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс тасалдсан эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

            7. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Уг гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэрээний дагуу цемент нийлүүлэх үүргийг нэхэмжлэгч тал бүрэн биелүүлсэн, харин төлбөр төлөх үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлээгүй байна.

            8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор гэрээнд заасан. 

            9. Гэрээний хугацаа дууссанаас хойш талууд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдлийг харилцан тооцож, тооцоо нийлсэн ба худалдагч тал шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

            10. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.3-т “Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно” гэж зааснаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож, мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамж гарсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дахин шинээр тоологджээ.

            11. Ийнхүү гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны тасалдал 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусаж, мөн өдрөөс эхлэн дахин шинээр хугацааг тоолвол 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хугацаа тооцогдох ба нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.

            12. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тасалдсан гэж тайлбарласан, мөн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал томилогдохгүй удааширсны улмаас 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр томилогдсон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй, гүйцэтгэх захирал томилогдоогүй удааширсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

            13. Гэрч Г.Уын мэдүүлэг болон түүний “БК” ХХК-ийн захирал Д.Гтой харилцсан мессежээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх тухайд: Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан байна.

            14. Үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Гэрч Г.У нь нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээд буюу борлуулалтын ажилтан мөн болох нь түүнийг ажилд томилсон тушаалаар нотлогдож байх бөгөөд тэрээр “БК” ХХК-ийн захирал Д.Ганзоригтой уулзахад төлбөрийг төлж барагдуулах талаар амаар мэдэгдэж хүлээн зөвшөөрдөг байсан гэж мэдүүлсэн, түүний утаснаас Д.Ганзоригийн гэрээнд бичигдсэн гар утас руу төлбөрийг шаардаж мессеж бичиж, харилцаж байсан байна.

            15. Иймд шүүх гэрчийн мэдүүлэг, мессеж зэргийг үндэслэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан “...бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тасалдсан гэж дүгнэв.

            16. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тооцоо нийлсэн акт, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон ба Г гэх хүн “БХ” ХХК-ийн удирдлага биш боловч “БК” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд байсан болох нь шүүгчийн захирамж, гэрээ, акт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 24,592,000 төгрөгийг шаардах эрхтэй.

            17. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 8.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МБМ” ХХК нь хариуцагч “БХ” ХХК-иас алданги шаардах эрхтэй ба алдангийн хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцсон байх тул энэ хэмжээгээр буюу алданги 9,836,800 төгрөгийг мөн шаардах эрхтэй байна.

            18. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 330,095 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330,095 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БХ” ХХК-иас 34,428,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МБМ” ХХК-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 330,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330,095 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.САРАНТУЯА